| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 183/2024/01262/И |
| Дугаар | 210/МА2026/00749 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00749
********-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Хулан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01052 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ********-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
гэм хорын хохиролд 105,694,997 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дээд давхраас буюу хариуцагчийн үйл ажиллагаа явуулдаг газраас ус алдан манай дэлгүүрийн агуулах руу нэвтэрч их хэмжээний хохирол учруулсан. Хариуцагч талтай холбогдоход хохирлыг төлж барагдуулна гэж байсан боловч өнөөг хүртэл хохироосоор байна. Мөн ус алдахад СӨХ-ны зүгээс манай агуулахын хаалгыг эвдэн орсон ба бидэнтэй холбоо барих ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Хариуцагчид эвдэрсэн, хэрэглэгдэхгүй болсон хувцас бараа материал, тоног төхөөрөмжийн талаар мэдэгдэж, анхааруулсан боловч үр дүн гараагүй.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар устаж, эвдэрсэн бараа материалын тооцоог үзэхэд 105,694,997 төгрөгийн хохирол учирсан тул үүнийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Маргаан бүхий үйл баримт 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр болсон гэдэг боловч гэрчийн мэдүүлэг дээр ус алдсан үйл явдал нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр болсон байдаг. Манай компанийн үйл ажиллагаа эрхэлдэг талбайн шал хананаас ус алдаж доош нэвтэрсэн зүйл байдаггүй. Энэ нь нийтийн буюу дундын өмчлөлийн шугамаас ус алдсан асуудал юм.
Харин бид нар энэ талаар контор болон СӨХ-нд удаа дараа мэдэгдэж ус алдаад байна, ус бөглөрөөд байгаа, энэ шугамыг янзалж өгөөч гэж мэдээлэл, дуудлага өгсөн нь гэрчийн мэдүүлгүүдээр нотлогддог. Бид хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас, эсвэл буруу үйл ажиллагаанаас болоод доошоо ус алдаад нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулсан зүйл байхгүй. Мөн 105,000,000 төгрөгийн бараа материал байсан гэж тайлбарладаг боловч баримтаар нотлоогүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч ********-ийн гэм хорын хохиролд 105,694,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 686,425 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хурлын товыг нэхэмжлэгчийн төлөөлөгч *******д мэдэгдээгүй, хариуцагчийн төлөөлөгч нарын хүсэлтээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэнэ гэж заасан байдаг ба шүүхээс нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдсэн, мэдэгдэх хуудас явуулсан, товыг мэдэгдэж гарын үсэг зуруулсан баримт байдаггүй.
Шүүхээс 7 удаа шүүх хуралдаан товлоход нэхэмжлэгч талаас 1 удаа шүүх хуралдаанд оролцож байсан, бусад хуралдаанд шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтүүдийг өгч байсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчид хариуцагч талаас хэрэгт шинээр нотлох баримт ирүүлсэн талаар шүүх мэдэгдээгүй, гэрч асуулгах талаар ч мэдэгдээгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцах, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх, шүүхээс гэрч асуулгах, эрх зүйн туслалцаа авах, шинжээч томилуулах зэрэг хэргийн оролцогчийн хуульд заасан эрхээр хангаагүй, зөвхөн нэг талын цуглуулсан баримтаар, нэг талд үйлчилж хууль зөрчин зохигчдын эрхийг тэгш хангаагүйд гомдолтой байна.
4.2. Нэхэмжлэлийг шүүх 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн, анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч талын хүсэлтээр л шүүх хуралдаан хойшлоод шүүн таслах ажиллагаанд нэхэмжлэгч тал өөрөө санаатайгаар саад учруулаад байсан мэтээр дүгнэж, нэг талыг хэт барьж шүүхийн шийдвэр гаргасан. Гэтэл 2025 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт орж шүүхүүд нэгдэж, нүүж, шүүгч солигдон ачаалал нэмэгдсэнээр шүүн таслах ажиллагаа удааширч, хуралдаанууд товлогдохгүй удсан тохиолдол байсан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн байдаг ба тэр баримттай ч нэхэмжлэгчийн төлөөлөгч танилцаагүй, хэргийн материалтай танилцуулсан баримт байхгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж, 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд явагдсан бөгөөд энэ хугацаанд шүүх хуралдааныг 6 удаа зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулсан.
Шүүхээс тов мэдэгдэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасан журмын дагуу утас, мессеж зэрэг хэлбэрээр тухай бүр хүргүүлж, баримтжуулсан тул процессын зөрчил гаргаагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******-д холбогдуулан гэм хорын хохиролд 105,694,997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэм хор учруулаагүй гэж эс зөвшөөрч маргасан.
3. 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ******* цогцолборын В1 давхарт байрлах ********-ийн агуулахын дээд талаас ус алдсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид учирсан гэж үзэж буй гэм хорын хохиролд өөрийн буруугүй болохыг нотлох үүрэгтэй.
Энэ үүргийнхээ хүрээнд хариуцагч нь гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргаж, ******* СӨХ-ны дарга *******, ******* ХХК-ийн инженерийн албаны дарга ******** нараас гэрчийн мэдүүлэг авхуулсан.
Тухайн барилгын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг Сууц өмчлөгчдийн холбооны болон халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгалын үйл ажиллагааг хариуцдаг байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудын гэрчээр өгсөн мэдүүлгээр ********-ийн агуулахын дээд хэсгээс ус алдсан гэх шугам сүлжээ нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хамааралгүй болох нь тогтоогдсон байна.
Дээрх нөхцөлд нэхэмжлэгч нь уг үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар няцаах үүргийг хүлээх боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй байна.
3.1. Анхан шатны шүүх ус алдсан шугам хоолой нь хариуцагчийн дангаар өмчлөх эд хөрөнгөд хамаарахгүй, нэхэмжлэгч уг шугам хоолойг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад хамаарах болохыг баримтаар нотолж чадаагүй, нэхэмжлэгчид учирсан гэх хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан баримтыг үнэлжээ.
3.2. Иймд шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
4.1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс хойш 2024 оны 07 дугаар сарын 03, 10 дугаар сарын 17, 24, 2025 оны 11 дүгээр сарын 28, 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, 2024 оны 07 дугаар сарын 18-ны шүүх хуралдааныг зохигчийн хүсэлтээр тус тус хойшлуулжээ.
2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 9011-2747 дугаарын утсаар мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт заасан шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлэх журмыг зөрчөөгүй.
Энд дурдсан утсаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны товыг хүлээн авч, хүсэлт гаргаж байсан болно.
Иймд шүүх нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт нийцсэн тул шүүх хуралдааныг товыг зохих ёсоор мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
4.2. 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрчээр *******, ********, ******** нараас мэдүүлэг авах талаар шүүхээс мэдэгдсэний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээс асуух асуултыг цахимаар ирүүлсэн, уг ирүүлсэн асуултыг гэрчээс асуусан.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр ********-ийн агуулахад 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах эсэх нь хэргийн оролцогчийн эрхийн асуудал юм.
Иймээс гэрч асуух, үзлэг хийх ажиллагаанд тухай бүр нэхэмжлэгч оролцох эрхээр хангагдаж байсан, түүний хэргийн материалтай танилцах эрхийг шүүхээс хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
5. Шүүхээс иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байгааг дурдвал зохино.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/01052 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 686,425 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Т.БАДРАХ