Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 87

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                      

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч В.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Бод холбогдох эрүүгийн 1930000740103 дугаартай хавтаст хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Дархан-Уул  аймгийн Шарын гол  суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч мэргэжилтэй,  ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 16 дугаар хороо ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. В.Б.    

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч В.Б нь Сүхбаатар аймгийн  Түмэнцогт сумын  2 дугаар “Шар хад” гэх газар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өглөөний 08 цагийн орчимд  өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 68-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан  гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч В.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн үүрийн 2 цагийн үед Улаанбаатар хотоос гараад явж байхад гэнэт замын шон гарч ирэхээр нь дарахад автомашин жолоодлогогүй болсон. Замын машин зогсоогоод жолоочтой нь хамтарч машинаас хүмүүсээ гарган авсан. Одоо нэг нь машинаа унаад явж байгаа. Нэг нь гэмтэл авсан гэв.

 

Хохирогч Ч.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 03-ны орой Улаанбаатар хотоос Дорнод аймагт сар шинэ гаргах гээд гарсан юм. Явахдаа өөрийн төрсөн ах Гийг аваад нөхөр Б бид 3 манай өөрийн эзэмшлийн приус20 маркийн 68-18 УБД улсын дугаартай автомашинтай явсан. Тэгээд Б машинаа бариад ах Г урд талын суудалд суугаад би арын суудалд суугаад унтаж явтал Түмэнцогт сумаас баруун тийш машин онхолдож Түмэнцогт сумын эмнэлэгт хүргэгдэн очсон байсан. Тэгээд тэндээсээ Дорнод аймаг руу явчихсан. Надад хүзүүний хугарал, гэмтэл, хуйхны цус хуралт гэмтэл үүссэн. Би арын суудалд суугаад бүсээ зүүгээгүй  байсан. жолооч архи уугаагүй эрүүл байсан. надад нэхэмжлэх зүйл байхгүй”  ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

 

Хохирогч Ч.Гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би хүргэн Б, дүү Г нарын хамт Дорнод аймагт сар шинэ гаргах ажилтай хүргэн Бын эзэмшлийн приус-20 маркийн 68-18 УБД улсын дугаартай машинтай явсан. Тэгээд өглөө 07.00 цагийн орчимд байх унтаад явж байсан. Юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Түмэнцогт сумын эмнэлэгт ирчихсэн байсан. Тэндээсээ шууд Дорнод аймаг руу явсан. Энэ ослоос болж миний баруун өвдөгний доогуур хугаралтай, шагайн хугаралтай, зүүн хөл дунд чөмөгний хугаралтай,цээж 5.6.7.8-р хавирга хугарсан байна надад нэхэмжлэх зүйл байхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Гэрч Б.Сгийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 09 цаг 40 минутын үед Түмэнцогт сумын Эрүүл мэндийн төв дээрх ажил дээр байж байхад гаднаас хүн зам тээврийн осолд орчихлоо, гадна машинд хоёр хүн маань байгаа гэхээр нь гарч дамнуурга дээр Ч.Г, Ч.Г нарыг дамнуургаар зөөж эмнэлэгт оруулж эмчилгээ хийж эхэлсэн. Жолооч В.Бын биеийн байдал нь маш их айж сандарсан байдалтай, даралт ихэссэн, зүрх дэлссэн, ил харагдах шарх сорвигүй байсан. Харин Ч.Гийн биеийн байдал нь хүндэвтэр, хэсэг газрын үзлэгээр баруун хөлийн шагай бяцарсан, уг газартаа 15 см орчим шархтай, шархнаас цус гарсан байдалтай, баруун шилбэний дээд хэсэгт хугаралтай, зүүн хөл дунд чөмгөөр хавантай, тэмтрэлтээр эмзэглэлтэй, амин үзүүлэлт хэвийн байсан, эрүүний доор зүсэгдсэн, уруул дотор талдаа язарсан шархтай байсан. Ч.Гийг биеийн байдал нь хүндэвтэр арьс салт цайвар цонхигордуу, мөчдийн үзүүр хүйтэн, амин үзүүлэлт хэвийн, хэсэг газрын үзлэгээр толгойн дээд хэсэгт хуйханд 15-20 см язарсан шархтай, баруун гарын долоовор хуруунд 2-3 см зүсэгдсэн шархтай, цээжний зүүн тал, зүүн тохой орчим шалбарсан шархтай байсан бөгөөд яаралтай зохих эмчилгээг эдгээр хүмүүст хийж Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв рүү утсаар мэдэгдэж гэмтлийн нарийн мэргэжлийн эмч дуудсан. Жолооч В.Б нь эрүүл архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Б нь өөрөө ярихдаа “машинаа жолоодож явахдаа нойр хүрч байгаад зам тээврийн осол гаргасан” гэж надад ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, 

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 97 дугаартай: “1.Ч.Гийн биед цээжний хөндийн дарагдал, зүүн 5,6,7,8-р хавирганы хугарал, арьсан доорх хий хуралт, баруун шилбэ ясны далд хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, баруун шагайны ил хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийн нь удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 53/, 

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 96 дугаартай: “1.Ч.Гийн  биед хүзүүний С1, С5, С6-р нугалмын их биеийн хугарал, толгойн оройн хуйх доорхи цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. 3.С1, С5, С6-р нугалмын их биеийн хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт, хуйхан доорхи цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 33/, 

 

Техникийн шинжээчийн 21 дугаартай: 1.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Приус-20 маркийн 68-18 УБД улсын дугаартай автомашины  жолооч В.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”  мөн дүрмийн 3.4-т “ Жолооч дараах үүргийн хүлээнэ. б/ Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх  гэсэн   заалтуудын тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 60/, 

 

Хэргийн газрын  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-08 /

Ашид билгүүн ХХК-ны автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 63/

         В.Бын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 78/

         В.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч В.Б нь Сүхбаатар аймгийн  Түмэнцогт сумын  2 дугаар “Шар хад” гэх газар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өглөөний 08 цагийн орчимд  өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 68-18 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж, зорчигч Ч.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулан болох нь шүүгдэгч В.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Г, Ч.Г, гэрч Б.С нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 96, 97  дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 21 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч В.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тул В.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хүнд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч В.Бт ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин хуулийн  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч В.Бын  үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

         

Иймд шүүгдэгч В.Бын хувийн байдал,  шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогч Ч.Г, Ч.Г нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан шүүгдэгч В.Бт ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Г, Ч.Г нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч В.Быг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч В.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч В.Бт мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар В.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч В.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ч.Г, Ч.Г нар  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР