Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 215/МА2026/00011

 


Б.Ү-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай


 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 305/ШШ2026/00059 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ***** баг *** - *** тоотод оршин суух А овгийн Б.Ү-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймаг дахь **********-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б.Ү нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн Захирлын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар сэтгэл зүйчээр туршилтын хугацаагаар ажиллаж эхэлсэн. Гэтэл 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн сургуулийн Захирлын Б/28 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар болон хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан цаашид ажиллуулах боломжгүй гэж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш туршилтын хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр туршилтын хугацаа нь дуусч байгаа. Гэвч сунгалгүйгээр үргэлжлүүлэн 1 жил гаруй ажиллуулсан. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.2 буюу ажилтан мэргэжлийн түвшин ур чадвар, мэргэжлийн туршлагын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэдэг үндэслэлүүдээр ажлаас халсан. Хоёрдугаарт: 80.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд заавал сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй байдаг. Гэтэл энэ мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Цаашлаад хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч байгаа гэсэн боловч туршилтын хугацаа буюу 3 сарын хугацаа дууссан. Гэвч энэ нь аль аль талаасаа цуцлах талаар ямар нэгэн санал гаралгүйгээр 1 жил 1 сарын хугацаанд ажилласан байгаа учраас бүрэн жинхлэгдээд ажилласантай дүйцэхээр хугацаа өнгөрсөн байна. Мөн 80.1.2-т заасан ажлын гүйцэтгэл тэнцэхгүй болсон талаар ямар нэгэн магадлах комиссын шийдвэр гараагүй. Зөвлөлийн хурлын шийдвэр гэсэн нэртэй тэмдэглэл хавтаст хэрэгт хавсаргаснаас өөр комиссын шийдвэр гараагүй болох нь хавтаст хэргээс харагдаж байгаа. Үүрэг даалгавар өгч байсан тодорхой үр дүнд хүрээгүй гэж байна. Ямар үр дүнд хүрэх ёстой байсан юм бэ, тэрийг хэрхэн үнэлсэн юм бэ, үүрэг даалгаврыг яаж өгсөн юм бэ гэдэг баримт байхгүй. Сэтгэл зүйчийн ажилдаа тэнцэж байна уу, тэнцэхгүй байна уу гэдэг нь яамнаас, бүр боловсролын газраас дүгнэгдэх ёстой асуудал байгаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гараагүй. Байхгүй орон тоон дээр ажиллуулсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт аваад ажиллуулсан орон тоо, хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд тухайн хуулиар зохицуулагдах харилцаа байгаа. Иймээс Б.Ү-ыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн Сэтгэл зүйчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг Боловсрол Шинжлэх ухааны яамны харъяа Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулиас гаргуулж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг холбогдох хуулиудад заасан хэмжээний шимтгэл төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн татгалзал, тайлбар: Тус ******** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг батлах тухай” тушаалаар батлагдсан орон тооны жишгийг баримтлан бүтэц орон тоог бүрдүүлэн ажилладаг. Энэ бүтэц орон тоонд сэтгэл зүйчийн гэсэн орон тоо байдаггүй болно. Манай сургууль нь дандаа өсвөр үеийн хүүхдүүд суралцдаг тул нийгмийн ажилтнаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг өгөх нарийн ур чадвар мэргэжилтэй хүн зайлшгүй хэрэгтэй болдог. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.24-д “Нарийн ур чадвар, мэргэжил шаардсан ажилд сургууль гэрээгээр түр хугацаагаар ажилтан авч ажиллуулж болно гэж заасны дагуу сэтгэл зүйчийг туршилтын хугацаагаар авч ажиллуулахаар захирлын зөвлөлөөр шийдвэрлэсэн. /Боловсролын ерөнхий газраас зөвшөөрсөн болно/ Үүний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.Ү-ыг туршилтын хугацаагаар ажиллуулахаар томилож туршилтын 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.” гэж заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс дахин анх байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээг сунгагдсанд тооцсон. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар нийгмийн ажилтан Б.Т нь жирэмсний болон амаржсаны амралт авсан. Тус сургууль өсвөр үеийн хүүхдүүд байдаг болохоор нийгмийн ажилтан зайлшгүй шаардлагатай болсон. Нийгмийн ажилтны түр орон тоонд ажилтан олдохгүй байсан мөн сэтгэл зүйч Б.Ү-ын туршилтын хугацаа дуусах дөхөж байсан тул захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар нийгмийн ажилтан Б.Т-ыг ажилдаа орох хүртэлх хугацаагаар туршилтын хугацаагаар сэтгэл зүйч хийж байгаа Б.Ү-ыг нийгмийн ажилтны ажил үүргийг хавсран гүйцэтгүүлэх шийдвэр гарсан. Хүний нөөцийн ажилтан нь хууль эрх зүйн мэдлэг дутмагаас алдаа гаргаж сэтгэл зүйчээс чөлөөлөөгүй шууд нийгмийн ажилтны ажил үүргийг орох хүртэлх хугацаагаар нь хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасан болно. Нийгмийн ажилтан Б.Т нь 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажилдаа орсон. Иймд сургалтын албаны сургалт арга зүйн зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр туршилтаар ажиллаж байсан Б.Ү-ын ажилласан хугацааныхаа ажлын тайланг тавиулж, цаашид гэрээг сунгаж ажиллах боломжтой эсэх талаар хуралдсан. Энэ хурлаар бичиг баримт боловсруулах нь хангалтгүй, тайланд тусгагдсан ажлууд хангалтгүй хийгдсэн цаашид ажиллуулах боломжгүй гэж дүгнэлт гаргасан. Үүний дагуу өөрт нь тухай үед хурал дээр цаашид ажиллуулах боломжгүй болохыг мэдэгдэж захиралд танилцуулсан. Мөн захирлын зүгээс ажлаа чанаргүй гүйцэтгэж байгаа талаар сонсох ажиллагааг хийж өөрт нь мэдэгдэж 1 сарын хугацааг өгсөн болно. 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүний нөөцийн ажилтан Б.Ү-д ажлаас чөлөөлөх тушаалын төслийг танилцуулж сонсох ажиллагаа явуулсан. Сэтгэл зүйч Б.Ү нь ажиллах хугацаандаа төлөвлөгөөний дагуу ажлууд бүрэн хийгээгүй, шинээр ажил санаачилж зохион байгуулаагүй мөн багш, ажилтан хүүхдүүдэд сэтгэл зүйн зөвлөгөөг тусгайлан өгөөгүй ажлын хариуцлагагүй байдал гаргасан. Б.Ү нь ажил хүлээлцэхдээ ажиллах хугацааныхаа бүх файлаа устгаж, цаасан баримтаа авч явсан байсан. Ажлын хэсэг шаардлага тавихад буцааж авчирч өгсөн цаасан бичиг баримт болон файл нь хийсэн ажил нь бус чанарын шаардлага хангахгүй бичиг баримтууд байсан. Энэ нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай 48 дугаар зүйлийн “48.2.6. архив, албан хэрэг хөтлөлтийн баримттай дүрэм, журам, стандартыг зөрчиж, баримтыг устгах, үрэгдүүлэх, гэмтээх” хууль дүрмийг зөрчсөн нь 50 дугаар зүйл. Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага “50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”, “50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй учир манай байгууллагын зүгээс нэхэмжлэл үүсгэхээр бэлдэж байгаа болно. Үүнээс харахад Б.Ү нь баримт бичгээ устгаж байгаа нь ажилдаа хэрхэн ханддаг, төрийн албаны ёс зүйг зөрчиж, ажилдаа хайнга хандаж байсны илрэл юм. Б.Ү-ыг өөрийг нь бас оролцуулах боломж байдаггүй юу гэж шүүхээс асуумаар байна. Яагаад ингэж асууж байгаа вэ гэхээр энэ хүүхдэд би удаа дараа өөрийн биеэр дуудаж оруулж ирж анхааруулж хэлсэн. Яагаад хэлээд байна вэ гэхээр цааш нь тэр хүүхдийг халахаас илүүтэйгээр ур чадвартай болчихоосой, бас дөнгөж залуу боловсон хүчин байгаа учраас ажиллаад яваасай гэдэг сэтгэлээр хандсан. Гэвч тухайн хүүхэд маань хийсэн үйл ажиллагаагаа аваад ирээч гэхэд нэг ч зүйлийг авч ирдэггүй. Заавар зөвлөгөө өгөөд байхад байдаггүй. Гэх мэт удаа дараагийн ийм алдаанууд байгаа. Ганцаарчилсан байдлаар бүгдийг нь сануулсан. Сарын өмнө мэдэгдэх хуудас өгсөн өөрт нь биеэр ч сануулсан. Ерөнхийдөө би өөрөө толгой мэдэн авсан. Хавтаст хэрэгт хавсаргагдсан манай бүтэц орон тооны сайдын тушаал байгаа. Тэр дээр сэтгэл зүйчийн орон тоо байхгүй. Гэхдээ манай сургуульд ирж байгаа хүүхдүүдийн нийт масс нь өөрөө сэтгэл зүйн зөвлөгөө авахаас зайлшгүй шаардлагатай массууд байдаг. Хүүхэд хамгааллын багаараа ажиллахад сэтгэл зүйч зайлшгүй хэрэгтэй гэдэг зүйлийн үндсэн дээр бид нар сэтгэл зүйчийг авах шийдвэрийг гаргаж, цалингийн санг нь зохицуулъя гэсээр байж зохицуулаад бусдын авч байгаа юмнаас хүртэл хасаж байж сэтгэл зүйчийг ажиллуулж байгаа. Яагаад энийг ажиллуулж байна вэ гэхээр ирээдүй болсон хүүхдүүдийнхээ аюулгүй байдал, эв түнжинтэй байх, цаашлаад энэ хорвоо дээр амьдрах эрхээ эдлэх эдгээр хүчин зүйлүүд дээр сэтгэл зүйч ажиллахаар зайлшгүй шаардлага байсан учраас авсан байгаа. Гэвч хүүхдүүд дээр ч өөрчлөлт гарсангүй, багш нар дээр ч өөрчлөлт гарсангүй. Сэтгэл зүйч гэдгийг түүний өмнө би 3 сар гэрээлж өөр сэтгэл зүйч ажиллуулж үзсэн. Би өрөөнийхөө хаалгыг онгорхой орхиж гарч чаддаггүй байсан. Яагаад гэвэл хүүхдүүд онгорхой орхих л юм бол ороод юм хум уудлаад сэндийчээд сандайлаад хаячихдаг. Тэдгээр хүүхдүүдээ камерын тусламжтайгаар тогтоогоод сэтгэл зүйч ажиллуулсан. Би өрөөгөө онгорхой хаяад явахад сэтгэл зүйч ямар хэрэгтэй юм бэ гэдгийг өөрөө мэдэрсэн учраас сэтгэл зүйчийг авъя гэсээр байж авсан юм. Гэвч нөгөө үр дүн гаргах ёстой хүн маань нэг ч үр дүн гаргаагүй. Энэ бол хүүхдүүдтэй холбоотой болохоос Б.Ү бид хоёрын хооронд юм бол яах вэ? Тухайн хүн маань ч өөрөө Эрдэнэ сумд ажилд орсон байгаа юм байна. Ажлаас гарсныхаа дараахан хүүхдийн байгууллагад нийгмийн ажилтнаар орсон байсан. Бас боломжийн өөрийнхөө хийж чадах ажил руугаа орсон. Сэтгэл зүйн ажлаа хийж чадахгүй гэдэг нь тогтоогдсон. Заавал тэр комисс ажиллуулаад юм уу, надад тэгж комисс ажиллуулах төсөв ч байхгүй. Манай сургууль тэр битгий хэл байхгүй орон тоог байлгаж ажиллуулж байгаа учраас толгой мэдэн авсан учраас чадах хүнийг нь авна гэж дараагийнхаа хүнийг туршилтын хугацаагаар ажиллуулж байгаа. Боловсролын салбарт 3 сараар туршилтын хугацаагаар ажиллуулаад болчихдоггүй. Манай дээр бүгд жилийн хугацаатайгаар ажилладаг. Багш нар маань ч гэсэн жилийн хугацаатай ажилладаг, жил ажиллаад үр дүн гарахгүй бол тухайн хүмүүсийг чөлөөлдөг. Хүүхдүүдтэй ажиллахад 3 сарын хугацаа уг нь нэлээдгүй хангалттай хугацаа сэтгэл зүйчийн хувьд бол байдаг юм байна лээ. Гэхдээ тухайн хүн маань бүтэн жил гаруй тэгээд өөрт нь би итгэл үзүүлээд нэмж нийгмийн ажилтан декреттэй хүний оронд хүн авах байсан бол авалгүйгээр би чамд ажил хавсарган гүйцэтгүүлээд явъя, цалин мөнгөнд чинь ч хэрэгтэй. Чи нялх бага хүүхэдтэй юм байна лээ гэж байгаад ажиллуулаад итгэл хүлээлгэж үзсэн. Даанч итгэл даагаагүй уг нь өөрийг нь байж байвал нүүр нүүрээ хараад би чамайг тийм тийм цаг хугацаанд өрөөндөө дуудаад миний дүү ингээд өгөөч, чи тэгээд өгөөч гэдгийг хэлсэн гэдгийг өөрөөр нь батлуулмаар байна. Би байхгүй хүнийг гүтгэж байгаа юм шиг юм яриад зогсож баймааргүй байна. Өмгөөлөгч хэргийн материалтай сайн танилцаагүй байна. Сургалтын албаны зөвлөлийн хийсэн ажиллагаатай танилцаад үзээрэй. Хамт олны хурлаар ороогүй. Сургалт арга зүйн зөвлөлөөс өөр шийдвэрлэх арга зам байхгүй. Яамнаас боловсролын газраас ирэх хүмүүст өгөх мөнгө байхгүй. Харин ч тэр хүнд цалин өгөөд ажиллуулж байсан гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан А овгийн Б.Ү-ын Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, ..... шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 305/ШШ2026/00059 дугаар шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн аваад давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэх хэсгийн 9 дүгээрт хуулийн дээрх зохицуулалт болон ажил олгогч ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулж байгаа нөхцөл байдлаас үзэхэд туршилтын хугацаа нэг удаа сунгагдсан буюу 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүртэл сунгагдсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн мөртлөө 11 дүгээрт нэхэмжлэгч Б.Ү нь туршилтын хугацаанд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй тул ажил олгогч түүнтэй байгуулсан туршилтаар ажиллах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна гэж туршилтаар ажиллах хугацааны талаар зөрүүтэй дүгнэлтийг хийсэн байна. Өөрөөр хэлбэл үндэслэх хэсгийн 9 дугаарт бичсэнээр 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр туршилтын хугацаа дуусахаар дүгнэсэн мөртлөө 11 дугаарт 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл туршилтын хугацаа үргэлжилсэн мэтээр дүгнэлт хийж Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно. Мөн хуулийн 64.2-т туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэх заалтыг зөрчиж 1 жил 1 сарын хугацаанд ажилласан байхад энэ хугацааг туршилтаар ажиллах хөдөлмөрийн гэрээ үргэлжилж байсан гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх дээд хугацааг 6 сар байхаар хуульчилсан бөгөөд цуцлах санал гаргаагүй бол байнгын хөдөлмөрийн харилцаа үүссэн өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс миний туршилтын гэрээний хугацааг сунгах эсхүл цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл өгөлгүйгээр 6 сар өнгөрсөн бөгөөд жирэмсэний амралттай байсан нийгмийн ажилтан Б.Т-ын ажлыг хавсран гүйцэтгүүлсэн байдаг. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзсэн нь ойлгомжгүй. Хөдөлмөрийн гэрээ дүгнээгүй, ямар үр дүнд хүрэх талаар төлөвлөгөө, үүрэг даалгавар огт өгөөгүй атлаа хийсвэрээр мэргэжил арга зүй, ур чадвар тэнцэхгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Шинээр анх ажилд орж байгаа ажилтныг сургаж дадлагажуулах талаар сургуулийн зүгээс ямар арга хэмжээ авсан нь тодорхойгүй атлаа ажил хийж чадахгүй байгаа гэдэг дүгнэлтийг хийж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мөн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт зааснаар ажилтныг ажлаас чөлөөлөх бол 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар 30-с доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүргээ ажил олгогч биелүүлэлгүй хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 305/ШШ2026/00059 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч Б.Ү нь хариуцагч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн Боловсролын сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаарджээ.
8. Хариуцагч Говь-Алтай аймаг дахь ******** нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг батлах тухай” тушаалаар батлагдсан орон тооны жишгийг баримтлан бүтэц орон тоог бүрдүүлэн ажилладаг. Энэ бүтэц орон тоонд сэтгэл зүйч гэсэн орон тоо байдаггүй болно. Манай сургууль нь дандаа өсвөр үеийн хүүхдүүд суралцдаг тул нийгмийн ажилтнаас гадна сэтгэл зүйн үйлчилгээг өгөх нарийн ур чадвар мэргэжилтэй хүн зайлшгүй хэрэгтэй болдог. “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.24-д “Нарийн ур чадвар, мэргэжил шаардсан ажилд сургууль гэрээгээр түр хугацаагаар ажилтан авч ажиллуулж болно гэж заасны дагуу сэтгэл зүйчийг туршилтын хугацаагаар авч ажиллуулахаар захирлын зөвлөлөөр шийдвэрлэсэн. /Боловсролын ерөнхий газраас зөвшөөрсөн болно/ Үүний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.Ү-ыг туршилтын хугацаагаар ажиллуулж байсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
 9. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан А овгийн Б.Ү-ын Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ү нь туршилтын хугацаанд тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй тул ажил олгогч түүнтэй байгуулсан туршилтаар ажиллах хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөрчөөгүй байна. 
11.Ажил олгогч  нь тус байгууллагад сэтгэлзүйчийн орон тоо байхгүй боловч  өсвөр үеийн хүүхдүүд суралцдаг сэтгэл зүйн үйлчилгээг өгөх нарийн ур чадвар мэргэжилтэй хүний зайлшгүй хэрэгцээ шаардлагыг үндэслэн түр хугацаагаар ажилтныг ажилд авсан үйл баримттай зохигчид маргаагүй байна.
12. Нэхэмжлэгч Б.Ү нь Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуульд 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/28 дугаар  тушаалаар сэтгэл зүйчээр туршилтын хугацаагаар ажиллаж талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна. 
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 50.1.2.туршилтын хугацаагаар ажиллуулах гэж зааснаар хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаагаар байгуулж ажиллуулах тохиолдолд хугацаатай байгуулах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн  64.2-т “Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно.” гэж заасан.
Туршилтаар ажиллуулна гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-т “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.” гэж зааснаас үзэхэд ажил олгогч ажилтныг сорих, турших, мэдлэг чадварыг таньж мэдэх агуулга зорилготой байсан байна гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Туршилтын хугацаа гэдэг нь ажилтан тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг ажил үүргээ гүйцэтгэх хугацаандаа ажил олгогчид батлан харуулж шаардлага хангах эсэхийг шалгах зорилгоор, тодорхой хугацаагаар ажилтнаар ажил үүргийг гүйцэтгүүлэх тухай ойлголт юм. 
14. Мөн ажил олгогч Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Б.Ү-ыг нийгмийн ажилтан Б.Т-ын хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн ажилтны албан үүргийг хавсран гүйцэтгүүлж байсан энэ нь
Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ...ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно.” гэж,
56.2-т “Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно.” гэж заасаныг зөрчөөгүй байна . 
15. Анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтуудыг зөв үнэлж хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 305/ШШ2026/00059 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                  ШҮҮГЧИД                            Д.БАЙГАЛМАА

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ