Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 134

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир, 

Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн 

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Гд холбогдох эрүүгийн 1930002730165 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Бумбатын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Д.Г. 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 15.9 килограмм хаягдал зэсийг 00-64 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт руу хүнсний ногоо авахаар явсан юм. Бичигт боомтоор гарах гэж байхдаа гаалийн байцаагчид баригдаж цагдаагийн байгууллагад шилжсэн. Би нийт 15.9 кг зэс авч явсан гэв.

 Иргэний нэхэмжлэгч А.С мөрдөн байцаалтад өгсөн: ...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын байгаль хамгаалагч ажилтай юм. Сүхбаатар аймаг дахь Бичигт боомт дахь улсын хилээр Монгол улсын олон улсын их хурлын тогтоолд заасны дагуу хориглосон бараа болох 15.9 кг зэсийг 00-64 ДОР улсын дугаартай истана маркийн авто машинд нууж 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргаж байгаад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа асуудалд миний бие сум орон нутгаа төлөөлж иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Миний бие орон нутгаас тогтоосон үнийн дүнгээр хохирлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ний 6 дугаар хуудас/ 

Гэрч З.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би бичигт боомтын гаалийн улсын байцаагч ажилтай бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ажил үүргийн дагуу хяналт шалгалт хийж байх үед 00-64 ДОР улсын дугаартай Истана маркийн авто машинд жолооч Д.Г нь 15.9 кг улсын хилээр гаргахыг хориглосон зүйл болох зэсийг машины арын түлхүүр хийх багажны хайрцаганд хийсэн байсан. Үүнийг илрүүлж цагдаагийн байгууллагад эд мөрийн баримтын хамт хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /ххийн 7-р х /

 Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 10-ны үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Нанж овогтой Гантулга гэх хүнээс Истана маркийн 00-64 ДОР улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 3 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч мал мөнгө болгож 1 500 000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн 1 500 000 төгрөгийг нь боломжтой болсон үедээ өгч уг тээврийн хэрэгслийг албан ёсоор өөрийн нэр дээр шилжүүлэх байсан. Би уг тээврийн хэрэгслээ хүргэн дүү болох Ганхүүгээр жолоодуулан Сүхбаатар аймгийн Бичигт боомтоос хүнсний ногоо ачиж Дорнод аймгийн төв дээр авчирч худалдаж борлуулж байсан юм ... гэх мэдүүлэг /хх-ийн 11 х / 

Бараа хүлээлцэх акт /хх-ийн 22/

 Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 04,21/ 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын ам бүл оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 27/

 Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 30-31, 32/ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/ 

“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Улсын их хурлын тогтоол, хавсралт /хх-ийн 24-25/

 Шүүгдэгч Д.Г ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Бичигт боомтоор 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа болох 15.9 килограмм хаягдал зэсийг 00-64 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Ггийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Х.С, гэрч З.Б, Ц.Э нарын мэдүүлэг, “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар Улсын их хурлын тогтоол, түүний хавсралт, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Д.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Д.Г нь дээрх гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал тэрээр хууль,1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Улсын их хурлын тогтоолын хавсралтад заасан улсын хилээр гаргахыг хориглосон бараа болох зэсийг гадаад улсад зарж борлуулах ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, цуглуулан 00-64 ДОР улсын дугаартай Истана маркийн тээврийн хэрэгсэлд нууж Монгол улсын хилээр нэвтрүүлсэн байна. 

Иймд шүүгдэгч Д.Гг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1-д заасан Хууль, Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, Гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

Шүүгдэгч Д.Ггийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсын яллагчийн санал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Д.Г нь дээрх 15.9 кг зэсийг өөрийн мөнгөөр бусдаас худалдан авсан болох нь түүний “ ...би уг зэсийг Дорнод аймгийн Хэрлэн сумын түүхий эд борлуулах төв дээрээс 1 кг-ийг нь 4000 төгрөгөөр худалдаж авсан ...” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг орон нутагт хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд зэсний үнийг орон нутгийн ханшаар тооцож, орон нутгийн санд оруулж өгнө үү гэсэн иргэний нэхэмжлэгч Х.Сын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлзэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар 1 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж заасан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг хорих ялгүй учир түүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Истана маркийн тээврийн хэрэгслийг хураах үндэслэл тогтоогдохгүй байна гэв. 

Шүүх өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн гаргасан дээрх саналыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан... гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Ггийн хувьд эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхдээ техник ашигласан нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

 Харин шүүгдэгч Д.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Н.Гын эзэмшлийн 00-64 ДОР улсын дугаартай, “Истана” маркийн машин нь шүүгдэгчийн эзэмшлийн машин биш болох нь шүүгдэгч Д.Г, гэрч Энхбаяр нарын мэдүүлэг, 01698779 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож байх тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ 3 000 000 төгрөгийг шүүгдэгч Ганхүүгээс гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15.9 кг зэсийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн бичиг баримт байхгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, 00-64 ДОР улсын дугаартай истана маркийн машиныг хууль ёсны эзэмшигч Н.Гад буцаан олгохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Д.Гг Хууль Монгол Улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ггийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Х.Сын 15.9 кг зэсний үнийг орон нутгийн ханшаар тооцож, орон нутгийн санд оруулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Д.Ггийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-64 ДОР улсын дугаартай Истана маркийн машины үнэ 3 000 000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 15.9 кг зэсийг хурааж улсын орлого болгосугай.

 6. Н.Гын эзэмшлийн 00-64 ДОР улсын дугаартай истана маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 5/26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Н.Гад буцаан олгосугай.

 7. Энэ хэрэгт шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.СУГАР