| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 305/2025/01042/И |
| Дугаар | 215/МА2026/00012 |
| Огноо | 2026-03-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 215/МА2026/00012
Ю.Б-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын *** дугаар багт оршин суух С овгийн Ю.Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн ********* сумын *** дүгээр багт оршин суух Б.Ч,
Говь-Алтай аймгийн ********* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэх тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Ю овогтой Б нь Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуульд 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Б/18 дугаар захирлын тушаалаар нягтлан бодогчийн ажилд томилогдон ажилласан. Ажиллаж байх хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Би 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ажлын байран дээр бусдад зодуулж, дарамтлуулсаны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон тул 2024 оны 10 дугаар сарын 28-нд сургуулийн захиргаанд 1 жилийн хугацаатай чөлөө авах өргөдлийг бичгээр илэрхийлж, сургуулийн захирал Ц.Г нь тус өргөдөлтэй танилцаж, өргөдөл дээр цохолт хийж, өөрийнхөө ажлыг хүлээлцүүлж өгсөн.
Сургуулийн захирал нь чөлөө олгосон шийдвэрийг гаргачихна гэхээр нь би албан ёсоор өргөдлөө гаргаж, ажлаа хүлээлгэж өгчихөөд яаралтай эмчилгээнд явах шаардлагатай байсан тул явсан. Миний хувьд чөлөө авсан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж ойлгон эрүүл мэндийн байдал сайжирсан тул чөлөөний хугацаа дуусахаас өмнө 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр буцаад ажилдаа орохыг хүсэж сургуулийн захиргаанд өргөдөл гаргасан. Тус өргөдлийг сургуулийн захиргаа хүлээн аваад 30 хоногийн хугацаагаар сунган хариуг шийдвэрлэж өгнө гэсэн боловч эргээд ямар нэгэн хариу өгөөгүй учир дахин 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа эргэн орох тухай өргөдөл гаргасан боловч хариу өгөхгүй байхаар нь 10 дугаар сарын 22-нд би бичиг хэргийн ажилтан М-тай утсаар яриад бичлэг хийж авсан. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өөрийн биеэр очиж захиралтай уулзахад бичиг хэргийн ажилтан Б.М-аас хариу ав гэсэн. Тус өдрөө бичиг хэргийн ажилтантай уулзахад надад 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар Ю.Б-ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлаж, ажлаас чөлөөлөх тухай агуулга бүхий тушаалыг танилцуулж гардуулж өгсөн.
Гэтэл миний хувьд эмчилгээ хийлгэх шаардлагаар 1 жилийн хугацаатай чөлөө хүссэн байхад ажлаас бүр мөсөн халсан тушаал гаргасныг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бичиг хэргийн ажилтан Б.М-аас мэдсэн. Мөн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаал гаргасан нь үнэн эсэхийг шалгахаар шилэн дансыг үзэхэд тус тушаал орсон байсан түүнийг надад гардуулж өгсөн тушаалтай харьцуулж үзэхэд 2 өөр агуулагатай, бичвэрийн зөрүүтэй тушаалууд байсан. Ерөнхийдөө 2 өөр тушаал байсан. Шилэн данс дээр өөрийн өргөдлийг үндэслэж ажлаас чөлөөлж байна, бичиг хэргийн ажилтан М-аас тушаал авахад ийм, ийм сахилгын шийтгэл гэсэн утгатай хоёр өөр тушаал гаргаж өгсөн. 2 тушаал нь 2 өөр хувилбартай байсан.
Тэгээд аль нь зөв гэдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан би шилэн дансных нь зөв юм болов уу. Ажилтан миний хувьд 1 жилийн чөлөө авах тухай өргөдлийг ажил олгогчид албан ёсоор бичгээр гаргаж, ажил хүлээлцүүлсэн боловч намайг эмчилгээнд явсаны дараа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хоёр өөр байдлаар гаргаж, тус ажлаас чөлөөлсөн шийдвэр тушаал гаргасан талаараа надад танилцуулахгүйгээр 1 жилийн дараа танилцуулж, миний Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Иймд Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай, 2 өөр агуулга бүхий тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү.
Хариуцагч талаас эхний ээлжид хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар тайлбарлаж байна. Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 83.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсвэл цахим хэлбэрээр гаргаж ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгөх үүрэгтэй гээд дурдчихсан байгаа юм. Хэрэв ажилтан тухайн шийдвэр хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно гэж байгаа. Сая ажил олгогч талаас хүлээлгэж өгсөн мэтээр тайлбарыг бол хэлдэг. 2024 оны 10 дугаар сарын 31-ний огноотой тушаалыг 10 дугаар сарын 29-нд хүлээлгэж өгсөн гэдэг асуудлыг гэрчээр нотлуулах гэж орж ирдэг.
Гэрчээр нотлуулна гэдэг нь тухайн гэрчийн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт өөрөө зөрчилдөөнтэй ийм нөхцөл байдал гаргаж байгаа. Тэгэхээр энэ гэрчийн мэдүүлгийг өнөөдөр шууд нотлох баримт гэж үзэх үндэслэл бол байхгүй. Ингээд үзэхээр ажил олгогч өөрөө Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажлаас чөлөөлсөн гэдэг тушаалыг гардуулж өгсөн үйл баримтаа тэргүүн ээлжид нотлох үүрэгтэй, ажилтан нотлох биш ажил олгогч нотлох үүрэгтэй. Шийдвэрийг гэрийн хаягаар шуудангаар хүргүүлсэн тохиолдол ерөөсөө байхгүй. Энэ тушаалыг 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээж авсан болох нь тушаалаа гардуулж өгөв гээд эсрэгээрээ бичиг хэргийн ажилтан тушаал дээр өөрийнхөө бичвэртэй гарын үсэгтэй гардуулж өгсөн талаар бичдэг. Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуульд тухайн тушаалыг гардаж авснаас хойш дээд шатны байгууллага буюу Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй л гэсэн юм яриад байна л даа. Манай аймаг дээр комисс байхгүй, байхгүй тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд хандах зохицуулалттай. Гардуулсан гэдэг үйл баримтаа өнөөдөр ямар тушаал, хэзээ, ямар зөрчил гаргасан юм, ямар тушаал үйлдэж байгаа энэ үйл баримтаа бичгээр гардуулсан болон нотолсон нөхцөл байдал 1 дүгээрт байхгүй байна. Дараагийн дугаарт тушаалын хууль зүйн үндэслэл рүү орохоос өөр аргагүй. 2 агуулга бүхий тушаал гаргасан. Яагаад 2 тушаал гаргаснаа тайлбарлаж хэлэхгүй байгаа.
Монгол Улсын Боловсролын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.3.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9 гэсэн ганцхан заалтыг барьсан. 78.1.9 дэх заалт нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгоно гэсэн заалтыг бариад дотоод журмын тэдийн тэд гээд баримталчихсан байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалж 78.1.9-өөр ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд 80 дугаар зүйлийг заавал баримтлах ёстой. Хууль хэрэглээний хувьд 80 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээний харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгох үндэслэлүүд гэж байгаа. Гэтэл тушаалыг нь харахаар 80 дугаар зүйлийн олон үндэслэлээс аль нь байгаа юм. Сахилгын ноцтой зөрчил гаргаад байгаа юм уу, давтан зөрчил гаргаад байгаа юм уу? Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа юм, ямар үндэслэлээр энэ хүний хөдөлмөрлөх эрхийг халдах, зөрчих үндэслэл болоод байгаа юм гэдэг үйл баримт нь тодорхой болгох ёстой. Үндэслэлийг нь харахаар нягтлан бодогч Б нь эд хөрөнгийн тооллогын хангалтгүй зохион байгуулж, багш ажилчдын цалинг буруу тооцоолж, дутсан, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллага тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зөрчлүүд гаргасан тул гээд энэ үг хэллэг нэг бүрчлэн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 тоот сахилгын шийтгэл оногдуулсан тушаал дээр байгаа. Түрүүн тайлбарлахдаа наадах дээр чинь хуулийн заалтаа оруулахдаа аудитын хязгаарлалттай дүгнэлтээс оруулсан гэж байгаа.
Тийм дүгнэлт ерөөсөө байхгүй шүү дээ. Аудитын хязгаарлалттай дүгнэлтийг баримтлаад гэсэн зүйл заалт энэ тушаал дээр чинь юу ч байхгүй. Тэгэхээр 80.1.4 дэх хэсгийг барьсан мэтээр тайлбар хэлээд шүүхэд нотлох баримт бүрдүүлэх гэж араас нь хөөцөлдөөд байдаг. 9 хоног тасалсан гэдгээр тушаалынхаа мэдэгдэх хуудсыг хүргүүлчихсэн юм шиг өөрөө захирал нь гарын үсэг зураад нөхөөд хийчихсэн. Тушаалынх нь үндэслэл болохоор ажлын хариуцлагагүй, санхүүгийн ямар нэгэн байдлаар алдаа дутагдал үүрэг биелүүлээгүй гэдэг ийм агуулгатай юм шиг мөртлөө ажил тасалсан гээд энэ ажил тасалсан дээр тайлбар хэлэхгүй гээд байх юм. Нэг зөрчилд хөдөлмөрийн сахилгын шийтгэл давхардуулж оногдуулахгүй гээд байдаг, 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б/16 тоот тушаалын агуулга 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн нэг тушаалын Б/33 тушаалын нэг тушаалынх нь агуулга дээр яг тэр нэг өгүүлбэр байгаа юм. Сүүлдээ чөлөө олгосон тушаал гаргаагүй нь өнөөдөр ажилтны буруу мэтээр тайлбарлаж байна. Тухайн цаг хугацаанд ер нь даргатайгаа ч үл ойлголцол үүсгэсэн. Дарга нь хууль бус зүйлийг нягтлан бодогчоос шаардсан байна, тэр санхүүжилт, мөнгийг нь өг гэхэд энэ хүн өгөхгүй гэсэн. Үүний хооронд сүүлдээ гуравдагч этгээдтэй зодоон болоод хэрүүл маргаан болсон. Энэ хүн нэг жилийн чөлөө өгөөч ээ гэсэн болохоос биш намайг ажлаас чөлөөлж өгөөч ээ гэсэн өргөдөл өгөөгүй, байхгүй. Тэр чөлөөг яагаад шийдээгүй юм гэвэл ажил олгогч доор нь цохолт хийгээд би шийдэж өгнө өө, за явж бай гэсэн байна шүү дээ.
Тэгвэл яагаад 2025 оны 04 дүгээр сарын 01-нд ажилдаа орно гээд өргөдөл өгөөд байхад яагаад 30 хоногоор сунгаад байгаа юм. Хэрвээ 04 сар, 09 сард ажлаас чөлөөлчихсөн бол уучлаарай, чамайг ажлаас чөлөөлсөн, өөр хүн томилчихсон шүү дээ гэдэг асуудал хэлээд явуулчих бүрэн боломжтой байсан. Нөгөө гаргаж ирж байгаа аудитынх нь дүгнэлт, огноонуудыг нь харахаар дандаа 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө гаргаад байсан зөрчилтэй холбоотой баримтууд байгаа. 2024 оны 02 сард арга хэмжээ ав гээд Боловсролын газраас нь бичиг тоот ирүүлээд 15-ны дотор арга хэмжээ ав гэж ирүүлэхээр тэрнийх нь дагуу л арга хэмжээ авчихсан. Тэр сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрчихсөн, ерөөсөө гомдол гаргаагүй. Тиймээ, би тухайн үед бол сахилгын зөрчил гаргасан байна гээд хүлээн зөвшөөрөөд 3 сарын хугацаагаар 20%-ийн цалингаа хасуулаад явчихсан. Гэтэл дахиад л тэр зөрчил дээр нь миний эрхийн асуудал гээд ажлаас чөлөөлөхгүй бол болохгүй нь гэсэн ийм ашиг сонирхлын зөрчил яваад байдаг. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 79.1, 80 дугаар зүйлийг баримтлаагүй байна. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй, дээрээс нь ажил олгогчид тушаалаа хүлээлгэж өгсөн үйл баримтыг ажил олгогч тэргүүн ээлжид нотлох үүрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдохгүй байгаа учраас хуульд заасан үндэслэл, журмаар хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн Б-ын эрхийг сэргээж, 2024 оны 10 дугаар сарын 31-ний Б/33 дугаартай 2 төрлийн тушаалыг хоёуланг нь хүчингүйд тооцож ажилд нь эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэсэн дүгнэлтээ дэмжиж байна гэжээ.
3. Хариуцагч талын татгалзал, тайлбар: Нягтлан бодогч Ю.Б-ыг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх” Б/33 дугаар тушаалыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан. Б нь 2024 онд эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулсан, багш ажилчдын цалин буруу бодож, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн өөрөө би ажлаа өгмөөр хийж чадахгүй байна гээд өөрийн хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Иймд Ю.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Б-ын хувьд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа уг маргаан бүхий тушаалыг би мэдээгүй байсан, ажлаас чөлөөлснийг мэдээгүй гэдэг зүйл яриад байгаа. Гэхдээ өөрийнх нь тайлбар дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байгаа. 1 дүгээрт Бын хувьд сургуулийн нягтлан байсан. Нягтлан хүн өнөөдөр жилийн чөлөө авахад яадаг юм, чөлөө авсан тушаал гардаг. Тэгвэл Б өнөөдрийн байдлаар гардаж аваагүй, тушаал гараагүй гэдгийг дээд сургууль төгссөн, нягтлан хийж байсан хүний хувьд мэдэж байгаа. Тушаал гарч байж энэ хүн чөлөө авах ёстой. Түүнээс биш ажил хүлээлцэж өгөх, өргөдөл өгсөн тохиолдолд 30 хоногийн дотор шийдвэр гаргаад гаргахгүй тохиолдолд ажлаа хаяад явж болдог. Тэгээд энэ хүн эрүүл мэндийн шалтгаантай гэдэг зүйлийг нэхэмжлэл дээр дурдсан байгаа юм.
Зодуулсан гэж байгаа. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ хэрэг дотор Б гэдэг хүн эрүүл мэндээ ийм байдлаар зодуулаад гээд цагдаа, прокурор, шүүхийн шийдвэр гарсан зүйл байхгүй. Зодуулсан л гээд байгаа юм. Хаана ямар эмнэлэгт, хаана очиж эмчилгээ хийлгэчихэв. Энэ зүйл байхгүй. Чөлөө авсан тушаал гаргуулахын тулд ажилтан ажил олгогч хоёр тохиролцоод ажил олгогч зөвшөөрсөн тохиолдолд тушаал гаргана шүү дээ. Түүнээс зөвшөөрөөгүй тохиолдолд Б-ын хувьд ажлаа жилээр орхиод явж болохгүй. Өөрөө жил яваад ирсэн, тушаал гараагүй гэдэг дээр маргаан байхгүй байна. Б-ын хувьд эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй, нийгмийн даатгал зогсчихсон байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрөө нягтлан хийж байсан хүн мэдэх байх. Ажлаас чөлөө авсан бол байгууллагаас эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлөгдөх ёстой. Эмнэлэгт үзүүлсэн бол даатгал төлөгдөөгүй байна гээд үзүүлэх боломж байхгүй. 2 дугаарт нь Б төрийн үйлчилгээний албан тушаалтан учраас Хөдөлмөрийн тухай хууль мөрдөгдөнө. Тушаалыг танилцуулсан гэх гэрчийн мэдүүлэг, ажил хүлээлцүүлж өгч байгаа нөхцөл байдлаас шалтгаалаад Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсвэл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс сум, дүүргийн Хөдөлмөрийн маргаан зохицуулах 3 талт хороонд 10 хоногийн дотор гомдол гаргана гэж заасан. Уг комисс болон 3 талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор иргэний шүүхэд хандахаар зохицуулсан. Энэ хугацаа өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл мэдээд танилцагдсанаас хойш жилийн хугацаа өнгөрсөн байна. Ингээд жилийн дараа иргэний шүүхэд хандаад явсан, хугацаа хэтэрсэн байна.
Хэрэгт авагдсан баримтаар Б-т хүндэтгэн үзэх шалтгаан, гал ус, үер усны ч юм уу, бэртэж гэмтээд явж чадахгүй, бичиж чадахгүй байдалд орсон гэдэг нөхцөл байдлууд бол байхгүй байгаа. 1 дэх үндэслэл нь хугацаа хэтэрчихсэн байна. 2 дахь үндэслэл нь энэ тушаал дээр заагдсан Б-ын хөдөлмөрийн гэрээ авагдсан, хөдөлмөрийн ноцтой зөрчил гэдэг ойлголтод 2 удаа тасалсан ойлголт хамаарна гээд Хөдөлмөрийн гэрээний 5 дээр заагаад өгчихсөн байгаа. Ирцийн бүртгэл хэрэгт авагдсан. Ирцийн бүртгэлээр 8-9 хоног ажлаа таслаад явсан. Энэ нь ноцтой зөрчилд тооцохоор шууд ажил олгогчийн эрх хэмжээний асуудал байгаа. 3 дахь үндэслэл нь мөн тухайн сургууль Төрийн Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт 2 жил дараалан авсан баримтыг хүргүүлсэн.
Төрийн Аудитын хязгаарлалттай дүгнэлт авсантай холбогдуулаад Төрийн Аудитын тухай хуулиараа хөдөлмөрийн харилцаа үйлчилдэггүй. Энд Төрийн аудитын тухай хууль өөрөө үйлчилж явдаг. Хариуцлага хүлээлгэх үндэслэл буюу Төрийн аудитын тухай хуулийн 42.1 дээр энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь мэдүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах үндэслэл болно мөн Төрийн аудитын тухай хуулийн 42.4 дээр энэ хуулийн 42.1 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ноогдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй гээд заагаад өгчихсөн. Төрийн аудитын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу хугацаа буюу илрүүлсэн хугацаа, мэдсэн хугацаа өнгөрсөн эсэхээс үл хамааран Төрийн аудитын тухай хуулиараа хариуцлага хүлээлгэхээр байгаа. Энэ нь 3 дахь үндэслэл нь болж байгаа юм. Ийм учраас Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэдэг хүсэлтийг гаргаж байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2. дахь хэсэгт заасныг баримтлан С овгийн Ю.Б-ын Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар С овгийн Ю.Б-ын ажилгүй байсан 199 хоногийн хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 23,165,192 төгрөгийг Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Ю.Б-т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар Ю.Б-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуульд үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70,200 төгрөг, ажилгүй байсан хугацааны олговор 23,165,192 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 273,776 төгрөг, нийт 343,976 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ******** сумын Ерөнхий боловсролын сургуулиас гаргуулан улсын орлогод оруулж, ..... шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь нэхэмжпэгч Ю.Б-ыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд Ю.Б ажлаа хүлээлгэж өгөх үедээ ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан байдаг. Тушаалтай танилцсан болох нь бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж өгсөн. Мөн сургуулийн архив бичиг хэргийн ажилтныг шүүх хуралд гэрчээр асуулгасан бөгөөд тушаалыг танилцуулсан гэдгийг гэрчилдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй байсан бөгөөд 154.8-д зааснаар маргаан таслах комисс, гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах ёстой байсан.
Ю.Б-т хугацаандаа гомдол гаргах боломжгүй байсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй, тийм зүйлийг хэрэгт хавсаргаагүй. Гомдлоо гаргаагүй. Нэхэмжлэгч Ю.Б ажлаас чөлөө авах хүсэлтээ өгдөг боловч үүнийг ажилтан дангаар шийддэггүй зөвхөн ажил олгогч зөвшөөрсөн тохиолдолд тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар олгоно. Чөлөө олгосон ажил олгогчийн тушаал гараагүй байхад ажлын байраа орхих, нэг хоног ч таслах боломжгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байхаар хуульчилж өгсөн бөгөөд үүнд хамаарахгүй байна. Чөлөө олгосон тушаал гараагүйг мэдэж байсан бөгөөд чөлөө олгосон тушаалыг гардаж авч танилцах ёстой байсан. Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд 2 хоног үндэслэлгүй тасалсан бол хөдөлмөрийн ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөхөөр байгаа. Ю.Б нь сургуулийн нягтлан байсан учир чөлөө олгосон тушаал гараагүй тохиолдолд ажлаа хаяж явж болохгүй гэдгийг мэдэж байсан. Харин ажлаас чөлөөлсөн тушаалыг мэдээд ажлын байраа орхиж явсан. Захирал шийднэ гэж хэлсэн гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт тэр тухай нэг ч нотлох баримт авагдаагүй байдаг.
Ажлаас жилийн чөлөө авах хүсэлтэндээ хүнд зодуулсан гэдэг боловч хэнд, хэрхэн яаж зодуулсан, ямар гэмтэл учирсан эсэх, цагдаа, прокурор, шүүхээр яаж шийдэгдсэн эсэх нь тодорхойгүй, чөлөө хүссэн өргөдөлд хавсаргагдаагүй. Нотлох баримт байхгүй. Хавтаст хэрэгт урьд өмнө нэг удаа сахилгын шийтгэл авсан тушаал хүчин төгөлдөр байдаг. 3 жил дараалан төрийн аудитын байгууллага дүгнэлт өгөхөөс татгалзсан бөгөөд дүгнэлт өгөхөөс татгалзсан шалтгаан нь нэхэмжлэгч Ю.Бын буруугаас болсон. Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно, 42.4-т энэ хуулийн 42.1, 42.2-т заасны дагуу тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, албан тушаалаас чөлөөлөхөд бусад хуульд заасан үндэслэл, журам үйлчлэхгүй гэж тус тус заажээ. Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
7. Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаар тушаалыг хүчингүй болгож, Нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойшхи шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийлгүүлэхээр шаарджээ.
8. Хариуцагч нь “...нягтлан бодогч Ю.Б-ыг “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж ажлаас чөлөөлөх” 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрйин Б/33 дугаар тушаалыг гаргасан. Б нь 2024 онд эд хөрөнгийн тооллогыг хангалтгүй зохион байгуулсан, багш ажилчдын цалин буруу бодож, санхүүгийн тайланг эрх бүхий байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлээгүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан. Мөн өөрөө би ажлаа өгмөөр хийж чадахгүй байна гээд өөрийн хүсэлтээ өгөөд ажлаас гарсан. Иймд Ю.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү...” гэж татгалзжээ.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О эс зөвшөөрч гомдол гаргажээ.
10. Нэхэмжпэгч Ю.Б-ыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ажил олгогч ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч нь ажлаа хүлээлгэж өгөх үедээ ажлаас чөлөөлсөн тушаалтай танилцсан болох нь бүртгэлийн дэвтэрт тэмдэглэгдсэн баримт болон тус сургуулийн архив бичиг хэргийн ажилтныг шүүх хуралд гэрчээр асуулгасан нотлох баримтаар ажлаас чөлөөлсөн тушаалыг ажилтанд танилцуулсан болох нь тогтоогдож байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж зааж өгсөн.
12. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу гомдол гаргах эрхтэй гэж заасан
Мөн Хөдөлмөрийн хуулийн 154.8-д зааснаар маргаан таслах комисс, гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхийг хуульчилсан .
13. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 305/ШШ2026/00074 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,576 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, хариуцагчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Ц.ОЮУН-ЭРДЭНЭ