| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/07623/и |
| Дугаар | 210/Ма2026/00298 |
| Огноо | 2026-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 210/Ма2026/00298
2026 02 02 210/МА2026/00298
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Д.Хулан, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08399 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 182,240,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1 Нэхэмжлэгч нь А.*******тай 2021 оноос танилын харилцаатай болсон. ******* захад үсчин ажиллуулдаг, хариуцагч ******* лангуу ажиллуулдаг. Нэхэмжлэгч үсчин хийхийн хажуугаар хоногийн 12 хувийн хүүтэй өдрийн зээл гаргаж мөнгө олдог. Үүнийг хариуцагч мэдээд надад “миний мөнгийг өдрийн зээлээр гаргаж өг” гэж гуйсан. Уг гуйлтын дагуу би хариуцагчийн мөнгийг зээлээр гаргаж эхэлсэн. Нэхэмжлэгч Хас банкны данснаас 146,880,000 төгрөг, Төрийн банкны данснаас 2024.01.05-2024.11.03-ны өдрийн хугацаанд 49,360,500 төгрөг, нийт 196,240,500 төгрөгийг хариуцагч руу зээл гэж шилжүүлсэн. Үүнээс хариуцагч нь Төрийн банкны данс руу нийт 14,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Дээрхээс тооцвол 182,240,500 төгрөгийн авлагатай. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 182,360,500 төгрөг гэж буруу тооцоолж бичсэн тул 182,240,500 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж байна.
1.2. . . . Хариуцагч руу шилжүүлсэн 182,240,500 төгрөг нь хүүгүй, тусламж байдлаар зээлсэн мөнгө. Мөнгийн эргэлдүүлж, хариуцаж байсан учраас ийм хэмжээний мөнгийг *******д итгэж шилжүүлж зээлсэн. Бусад шилжсэн мөнгө нь нэхэмжилж буй зээлийн гэрээний харилцаатай хамаагүй бөгөөд хамтран ажилласан буюу бизнесийн харилцаатай хамааралтай мөнгө юм гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, түүний үндэслэлийн агуулга:
2.1. Хариуцагч нь *******ийг 7-8 жилийн өмнөөс мэднэ, энэ хугацаанд бид найзалж, нөхөрлөж ирсэн. Гэхдээ хэзээ ч нэхэмжлэгчтэй хамтран бизнес эрхлээгүй, нэхэмжлэгчид өөрийн мөнгөө өгч эргэлдүүлж байгаагүй. Нэхэмжлэгчээс нэг ч төгрөг зээлж, авч байгаагүй. Эсрэгээрээ ******* надаас 12 хувийн хүүтэй мөнгө зээлж авдаг байсан. Төрийн банкны данснаас 2024.01.05-ны өдрөөс 2024.11.03-ны өдрийн хугацаанд 44,360,500 төгрөг, Хас банкны данснаас 2024.07.22-ны өдрөөс 2024.11.08-ны өдрийн хугацаанд 146,880,000 төгрөг, нийт 196,240,500 төгрөгийг тус тус над руу шилжүүлсэн талаар болон би нэхэмжлэгч рүү 14,000,000 төгрөг буцаан шилжүүлсэн үйл баримтын талаар маргахгүй. Гэхдээ дээрх мөнгөн гүйлгээний хувьд ******* нь надаас хүүтэй мөнгө зээлж буцаан шилжүүлсэн харилцаа болохоос нэхэмжлэгч надад мөнгө зээлсэн үйл баримт байхгүй.
2.2. Нэхэмжлэгч нь “...Хас банк болон Төрийн банкны дансаар зээлийн мөнгөө шилжүүлсэн’’ гэж ярьсан нь үндэслэлгүй. Бид дээрх хоёр банкнаас гадна Хаан банк болон Богд банкны дансаар харилцаж байсан бөгөөд энэ нь банкны хуулгаар нотлогдоно. Дээрх дөрвөн банкны хуулгууд, гүйлгээнүүдээс шүүвэл нэхэмжлэгчээс над руу 2024.01.01-ний өдрөөс 2024.11.30-ны өдрийг хүртэл нийт 722,153,100 төгрөг шилжүүлсэн. Харин надаас нэхэмжлэгч рүү буцаагаад 824,752,800 шилжүүлсэн бөгөөд зөрүү нь 102,599,700 төгрөг. 2024.09.30-ны өдрөөс 2024.11.18-ны өдрийг хүртэл 102,700,000 төгрөг авсан бөгөөд үүнээс 40,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн зөрүү нь 62,700,000 төгрөг. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч надад авлагатай болох нь баримтаар нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******аас 182,240,500 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,069,753 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх миний гаргаж өгсөн банкны баримтуудыг нягтлан тунгааж, нэг мөр, гүйцэт шалгаж, үнэн зөв дүгнэлт гаргаагүй, талуудын дансны хуулгыг нэг бүрчлэн судалж үзээгүй. Буцааж шилжүүлсэн гэж буруу дүгнэсэн. Үүний дараа дансаа дахин нэг бүрчлэн тулгахад *******ын 2 банкны данснаас өөрийн 3 өөр банкны данснаас 2023 болон 2024 оны 12 дугаар сар хүртэл нийт Хаан банкны ******* данснаасаа *******ын ******* дансанд 2 жилийн хуулгаар нийт 773,784,600 төгрөг шилжүүлсэн. Мөн өөрийн хаан банк дахь ******* данснаасаа 2024 онд 147,860,000 төгрөг шилжүүлсэн. Төрийн банкны ******* данснаасаа 2024 онд 49,260,000 төгрөг, *******ын Хаан банк болон Хас банкны данс руу нийт 970,904,600 төгрөг шилжүүлэн өгсөн байна. Үүнээс ******* нь миний Хаан банкны данс руу 2 жилийн хугацаанд 899,886,100 төгрөг буцааж өгсөн. Миний Төрийн банкны ******* дансанд 14,000,000 төгрөг буцаан хийсэн. Эдгээр мөнгөний зөрүү болох 57,018,500 төгрөгийг над руу буцаан шилжүүлээгүй. Энэ мөнгөнд ямар ч хүү ороогүй. Миний хувьд 182,360,000 төгрөгөөс үнэн бодит тооцоолсноор хариуцагчаас 57,018,500 төгрөг нэхэмжилж байна. Иймд хэргийн дагуу хүлээн авч нягтлан үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч анх иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зөвхөн 2024 оны тооцоогоор өөрийн Хас банк болон Төрийн банкнаас хариуцагч *******ын Хаан банк болон Хас банкны данс руу шилжүүлсэн мөнгө болох 182,240,500 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй. Харин нэхэмжлэгч нь “би бусдад хүүтэй мөнгө зээлж ашиг олох гэсэн юм, чи надад 12 хувийн хүүтэй мөнгө зээлээч” гэж хариуцагчаас мөнгө авч байсан. Нэхэмжлэлд дурдсанчлан талууд зөвхөн нэхэмжлэгчийн Хас банк болон Төрийн банкны дансаар харилцаагүй. Хариуцагч өөрийн Хаан банк болон Хас банканд эзэмшиж буй дансаар нэхэмжлэгчийн Хаан банк, Хас банк, Богд банк, Төрийн банк гэх 4 банкны данстай харилцаж байсан бөгөөд тухайн 4 банкны дансаар харилцаж байсан дансны хуулга, түүнтэй холбогдох тооцоо хийсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч *******ын 2024 онд нэхэмжлэгч *******ийн дээрх 4 банкны данс руу хийсэн гүйлгээг тооцож үзэхэд 824,752,800 төгрөг шилжүүлсэн байдаг. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу 722,153,100 төгрөгийг буцаан шилжүүлсэн байдаг. Тэгэхээр хариуцагчийн шилжүүлсэн мөнгө 102,599,700 төгрөгөөр илүү болж байгаа бөгөөд энэ нь хариуцагчийн 2024 онд Хаан банкны дансаар шилжүүлж байсан гүйлгээний мөнгөн дүн юм. Талуудын зөвхөн Хас банкны дансаар шилжүүлэг хийсэн мөнгөн дүнгийн хувьд нэхэмжлэгч нь 102,700,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн байдаг. Харин хариуцагч нь 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу буцаан шилжүүлсэн байдаг. Үүний зөрүү нь 62,700,000 төгрөг бөгөөд дээр дурдсан хариуцагчийн илүү төлсөн 102,599,700 төгрөгөөс 62,700,000 төгрөгийг хасахад нэхэмжлэгч 39,000,000 гаруй төгрөгийг хариуцагчид өгөх ёстой болдог. Анхан шатны шүүх тухайн баримтыг үндэслэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.
5.2. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргахдаа 2023 оны буюу анхан шатны шүүх хуралдааны үед огт яригдаагүй баримтын талаар ярьж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгасан байна. Хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс мөнгө авах ёстой учир энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан байсан. Үүний дагуу цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ талаарх асуудлыг шалгаж байсан боловч энэ нь иргэний эрх зүйн харилцааны шинжтэй маргаан байна, гэмт хэргийн шинжгүй байна гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Тиймээс хариуцагчийн эрүүгийн хэрэгт оролцож байгаа өмгөөлөгч нар прокурорын шат шатны байгууллагуудад гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлын хариу албан ёсоор эцэслэн гараагүй байсан учир манай талаас иргэний хэрэгт холбогдох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж амжаагүй. Нэхэмжлэгч талын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 182,240,500 төгрөг гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “өөрийн Хас банк, Төрийн банкны дансаар зээлдүүлсэн мөнгөө буцаан гаргуулна, бусад дансаар хийсэн гүйлгээ нь хамтран бизнес хийсэн өөр харилцаа” гэснийг хариуцагч “…нэхэмжлэгчтэй түүний Хас банк, Төрийн банк, Хаан банк, Богд банкны дансаар харилцахдаа мөнгө зээлээгүй, харин зээлдүүлсэн, авах авлагатай, бусад байдлаар бизнесийн харилцаа байгаагүй…” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэргийн үйл баримтын талаар зохих дүгнэлтийг хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.
4. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож, талууд энэ талаар маргаагүй.
4.1. Нэхэмжлэгч өөрийн Хас банкны данснаас 2024.07.22-ны өдрөөс 2024.11.05-ны өдрийг хүртэл хугацаанд 146,880,000 төгрөг, Төрийн банкны данснаас 2024.01.05-ны өдрөөс 2024.11.03-ны өдрийг хүртэл хугацаанд 49,360,500 төгрөг, нийт 196,240,500 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Үүнээс хариуцагч 14,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба зөрүү 182,240,500 төгрөг байна. /1-р хх-5-45, 2-р хх-105/
4.2. Хариуцагч өөрийн Хаан банкны данснаас нэхэмжлэгчийн Хас банк, Төрийн банк, Хаан банк, Богд банкны дансанд 2024.01.01-ний өдрөөс 2024.11.30-ны өдрийг хүртэл хугацаанд 824,752,800 төгрөг шилжүүлсэн бол нэхэмжлэгч 722,153,100 төгрөгийг буцаан шилжүүлж, зөрүү 102,599,700 төгрөг байна. /1-р хх-53-184, 2-р хх-107/
4.3. Талууд ийнхүү харилцан мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утгад өөрсдийн нэрийг бичих, эсвэл “бараа”, “буцаах бараа”, “хоол хүнс” зэргээр тэмдэглэжээ. /1-р хх-5-45, 53-184/
5. Зохигчдын тайлбараас талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн үйл баримтад маргаагүй, харин уг харилцаанд хэн нь зээлдүүлэгч, хэн нь зээлдэгч болох талаар ялгаатай байр суурьтай байна.
5.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...миний 12 хувийн хүүтэй өдрийн зээл гаргаж мөнгө олдгийг хариуцагч мэдээд надад “миний мөнгийг өдрийн зээлээр гаргаад өг” гэж гуйсны дагуу би мөнгийг зээлээр гаргаж эхэлсэн ...” гэж тодорхойлсон, хариуцагчийн “...мөнгөн гүйлгээ нь ******* надаас мөнгө хүүтэй зээлээд буцаан шилжүүлсэн болохоос нэхэмжлэгч надад мөнгө зээлээд байгаа зүйл огт байхгүй” гэх татгалзлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгчийн эрх зүйн байдалтай оролцжээ.
5.2. Нэхэмжлэгч нь зээлдүүлэгчид төлбөл зохих төлбөрөөс илүү мөнгийг төлсөн хэмээн шаардаж буй нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн шаардах эрхэд хамаарна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.
6.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнө мөнгөн төлбөрийн үүрэггүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа тохиолдолд нэхэмжлэгч эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримтыг няцаасан байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, хариуцагч *******аас нэхэмжлэгч ******* рүү 2024.01.01-ний өдрөөс 2024.11.30-ны өдрийг хүртэл хугацаанд шилжүүлсэн мөнгөн дүн нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн дүнгээс илүү байгааг баримтаар нотолж байгаа нөхцөлд нэхэмжлэгч хариуцагчаас шилжүүлсэн мөнгө “...хамтран бизнес хийсэн өөр харилцаанд хамааралтай” гэх тайлбараа нотлох замаар хариуцагчийн татгалзлыг үгүйсгэнэ.
6.2. Иймээс нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******ыг 182,240,500 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нотлох үүргийн зарчимд нийцүүлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээнэ.
7. Зохигчид 2023 онд харилцан мөнгө шилжүүлсэн талаарх дансны хуулга болон баримтыг шүүхэд гаргаагүй, энэ талаар мэтгэлцээгүй тул нэхэмжлэгчийн “......дансаа дахин нэг бүрчлэн тулгахад 2023 болон 2024 оны мөнгөний зөрүү 57,018,500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 192/ШШ2025/08399 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,074,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Д.ХУЛАН
Г.НЯМСҮРЭН