Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 175

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир                                                                                                                     

Улсын яллагч Э.Хосбаяр 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1930003730216 дугаартай хэргийг 2019 оны 09 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн харьяат, 1980 оны 05 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 7 эхнэр, хүүхдүүдийнхээ хамт Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнж гудамжны ...тоотод оршин суух, улсаас авсан гавъяа, шагнал,  ял шийтгэлгүй, Б.Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч   Б.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар  багийн нутаг дэвсгэрт Дөрвөлжийн ...тоот хашаанд өөрийн эзэмшлийн Митцубиши ЭЛ-200 маркийн 22-27 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.14 Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Цийг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019.09.01-ний өдөр Дэнжид байх өөрийн хашаанаас хамаатных руу явсан. Сургуулийн сурагчдын нээлт болох гэж байсан учраас хамаатныдаа очоод цай уучхаад гэр рүүгээ харих гээд явах гэж байхад эхнэр маань “00”-ын харалдаа охинтойгоо байсан. Энэ хооронд нь би машинаа эргүүлье гэж бодоод асаасан. Тухайн үед машинаа хойшоо харуулаад тавьсан байсан. Тиймээс ухрах үйлдэл хийсэн. Миний машины цонхнууд хаалттай байсан. Би толиндоо харахад юу ч харагдахгүй байхаар нь хөдлөхөд дугуйнд нэг зүйл тээглэсэн. Тэгэхээр нь би юу байдаг билээ гэж бодоод машинаасаа буугаад харахад охин маань байсан. Тэр үед эхнэр гүйж ирээд охиныг авсан. Би тухайн үед юугаа ч мэдэхгүй, сандарсан. Тэгээд эмнэлэг охиноо аваад явсан. 

Би машинд суухдаа харахад охин маань ээжтэйгээ хамт байсан. Харин машиндаа суугаад толиндоо харахад юу ч харагдаагүй. Энэ гэмт хэргийг үйлдсэнээ зөвшөөрч байгаа.  Харамсаж байна. Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй...гэв.

 

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нөхөр, хүүхэдтэйгээ гэрээсээ гараад манай нөхөр Бын үеэл эгч болох Цгийн гэрт цай уухаа очсон юм. 10 цагийн үед байх хүүхдүүдийн хичээлийн нээлт болох гээд бид гурав гарсан. Нөхөр маань машиндаа сууж, тэр айлын хашаанд 2 галуу байхаар нь охин маань сонирхоод би охиноо аваад очиж үзүүлсэн юм. Тэгээд охиноо үлдээчихээд би бие засах гээд явж байгаад машин дуугарахаар нь эргээд хартал охин маань машины доогуур орчихсон байсан. Би маш их сандраад охиноо тэвэрч аваад машинд суугаад эмнэлэг явсан. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Намайг очиход талийгаачийн толгой, чих нь их хэмжээний цустай ухаангүй хэвтэж байсан. Эмнэлэг дээр очиход эмч нар талийгаачийг нас барчихсан байна гэж хэлсэн. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, тайван, дөлгөөн, уурлаж бухимддаггүй, хүүхдүүддээ хайртай, эгэл жирийн л малчин байгаа юм. Болсон  явдлын хувьд, хөдөө машин асахаар талийгаач аавыгаа дагадаг байсан. Тэгээд тэр өдөр машин асахаар нь л гүйгээд очсон байх. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Надад маш их харамсалтай байна.” ... гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 хуудас/,

 

- Гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр би гэртээ аав Г, ээж Ц, охин С, төрсөн эгч Нийн хамт байж байтал 09 цаг 15 минутын үед Б ах эхнэр Гантуяа, хүүхдийн хамтаар хар өнгийн бага оврын ачааны давхар кабинтай машинтай ирсэн юм. Тэр хэд манайд удаагүй 10 цагийн үед сургууль руу явцгаана  гэж яриад гарцгаасан бөгөөд удалгүй машины сигнал дуугарах шиг болохоор нь гараад хартал Гантуяа нь хүүхдээ барьчихсан нэлэнхүйдээ цус болчихсон байдалтай харагдсан. Харин Б ах нилээн сандарсан байдалтай, эхнэрээ харсангүй гэж хэлж байсан. Тухайн үед хүүхдийн биеийн байдал хүнд харагдсан. Тэгээд тэр хэд эмнэлэг рүү явцгаасан юм. Би яг тэр ослыг хараагүй. Сигнал дуугарахаар нь гэрээсээ гарч харсан юм... гэх мэдүүлэг / хх-19 хуудас/,

 

- Гэрч С.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 09 цаг 20 минутын үед миний ээж Чимэдийн дүү болох Бямбадоржийн хүүхэд Б нь эхнэр хүүхэдтэйгээ ирсэн юм. Тэд цай унд уучихаад хүүхдүүд рүүгээ явъя гээд гарсан. Удалгүй машины сигнал дуугараад би гэрээс гартал ээж нь болох Гантуяа нь хүүхдээ тэвэрсэн уйлаад зогсож байсан. Аав болох Б хажууд нь “Хүүхдээ дайрчихлаа одоо яана аа “ гээд зогсож байсан. Тэгээд Б, Гантуяа хоёр хүүхдээ аваад машинтайгаа эмнэлэг явсан. Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр болох Батхуяг, охин Болор-Эрдэнэ, Нэ нар байсан. Толгойноос нь их цус гарсан байсан. Би сайн анзаарч хараагүй... гэх мэдүүлэг / хх-ийн 20 хуудас /

 

- Гэрч Ц.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 09 цаг 15 минутын үед манай эхнэрийн хамаатан болох Б гэх залуу эхнэр хүүхдийн хамт жижиг давхар кабинтай хар машинтай ирсэн юм. Тэгээд манайд удалгүй байж байгаад тэр 3 сургууль руу явна гээд 10 цаг өнгөрөөгөөд гарсан. Удалгүй гадаа машины сигнал дуугарах шиг болсон ба манай эхнэр Ц гарсан, дараа нь би гэрээс гарч харахад Бын хүүхэд нь нэлэнхүйдээ цус болчихсон, аав нь сандарсан байдалтай харагдсан. Тэд яаралтай эмнэлэг явцгаасан. Би гэртээ үлдсэн. Би яг тэр ослыг хараагүй гэртээ байсан. Б эрүүл байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 21 хуудас /,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 56 дугаартай: Б.Ций цогцост гавлын дух, зүүн зулай, баруун чамархай, ясны цөмөрч шахагдсан хугарал, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн зулай, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, толгойн зүүн чамархай зулайн дагзны хэсгийн хуйхан доор болон ясны хальсанд цус хуралт,  нүүрний зүүн хэсэг, зүүн гарын тохой, шуу, сарвуунд болон баруун хөлийн өвдөгний дотор хэсэг, шилбэний доод хэсгийн олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Б.Ц нь гавлын дух, зүүн зулай, баруун чамархай, ясны цөмөрч шахагдсан хугарал, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн зулай, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорхцус харвалтын улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Б.Ций гэмтлийн байдлаас үзэхэд амь нас аврагдах боломжгүй байна. Б.Ций биед үхэлд хүргэх архаг хууч өвчин үгүй байна”  гэх дүгнэлт/хх- 26-28/.

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн Техникийн шинжээчийн 15  дугаартай: 1. Митцубиши ЭЛ-200 маркийн 22-27 СҮЭ улсын дугаартай автомашины жолооч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.14 Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудын тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 23/, 

 

- Хэргийн учралын газарт  үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 3-4,7-9/

 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05 /

 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл  /хх-ийн 06-09/

 

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 10-13/

 

- 2201000266 дугаартай Б.Ций төрсний гэрчилгээ /хх-ийн 50/

 

- 226783 дугаартай Б.Ций нас барсны гэрчилгээ /хх-ийн 45/

 

- 02066948 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 58/

 

- Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 57/,

 

- Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Жолооч Б.Бын лавлагаа, мэдээлэл /хх-ийн 56/

 

- Хэв загвар, дээж авсан тэмдэглэл.2019.09.01./хх- 24/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 102 дугаартай: Б.Баас авсан цусанд спиртийн агуулга илрээгүй...гэх дүгнэлт/хх- 30/.

 

         - Сүхбаатар  аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 06/172 дугаартай тодорхойлолт /хх-ийн 55/  

 

- 645556 дугаартай Б.Б, М.Г нарын гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 47/

 

- Б.Нямжаргалын  0217775 Төрсний гэрчилгээ/хх-ийн 47/  

 

- Б.Отгонбаатарын 0000847551 дугаартай Төрсний гэрчилгээ/хх-ийн 48/ , 

 

- Б.Сэржмядаг 0000847551 дугаартай Төрсний гэрчилгээ/хх-ийн 48/ , 

 

- Б.Нямцэцэгийн 0007930, дугаартай Төрсний гэрчилгээ/хх-ийн 49/,  

 

- Г.Наянтай 146 бүртгэлийн дугаартай Төрсний гэрчилгээ/хх-ийн 49/  

 

         - Б.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 хуудас/,

 

- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ/хх- 51-52/ зэрэг баримтууд болно.

 

 

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Дөрвөлжийн ...тоот хашаанд өөрийн эзэмшлийн Митцубиши ЭЛ-200 загварын 22-27 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “ Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчины байдлыгбиеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана ”, 10.14 “ Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй “ гэсэн заалтуудыг  тус тус зөрчсөний улмаас 1 нас 3 сартай Б.Цийг дайрч амь насыг нь хохироосон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдож, тогтоогдсон байна. Үүнд:

- шүүгдэгч Б.Б, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г, гэрч Б.Бэ, С.Ц, Ц.Б  нарын мэдүүлэгүүд,

- Хэрэг учралын газарт  үзлэг хийсэн “ Уг хэрэг учрал болсон гэх газар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлжийн ...тоот улаан хүрэн өнгийн урагш харсан хаалгатай хашаа “ гэх тэмдэглэл, 

- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,  

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

- шинжээчийн 56 дугаартай “Б.Ций цогцост гавлын дух, зүүн зулай, баруун чамархай, ясны цөмөрч шахагдсан хугарал, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн зулай, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорхцус харвалт, толгойн зүүн чамархай зулайн дагзны хэсгийн хуйхан доор болон ясны хальсанд цус хуралт,  нүүрний зүүн хэсэг, зүүн гарын тохой, шуу, сарвуунд болон баруун хөлийн өвдөгний дотор хэсэг, шилбэний доод хэсгийн олон тооны зулгаралт, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Б.Ц нь гавлын дух, зүүн зулай, баруун чамархай, ясны цөмөрч шахагдсан хугарал, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины зүүн зулай, бага тархины зөөлөн бүрхүүлийн доорхцус харвалтын улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Б.Ций гэмтлийн байдлаас үзэхэд амь нас аврагдах боломжгүй байна”  гэх дүгнэлт, 

- шинжээчийн 102 дугаартай ” Б.Баас авсан цусанд спиртийн агуулга илрээгүй...гэх дүгнэлт, 

- Техникийн шинжээчийн 15 дугаартай: 1. Митцубиши ЭЛ-200 маркийн 22-27 СҮЭ улсын дугаартай автомашины жолооч Б.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана, мөн дүрмийн 10.14 Бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтуудын тус тус зөрчсөн байх үндэслэлтэй дүгнэлт, 

- Б.Ций 226783 дугаартай нас барсны гэрчилгээ, 

- 02066948 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хамаарна.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, Б.Б нь машин жолоодож ухрах хөдөлгөн хийхдээ тухайн хашаан дахь болон машины ойр орчины байдлыг биеэр нягтлан шалгалгүй зөвхөн толиндоо харж, машины хажууд ирсэн бага насны хүүхдийг анзааралгүйгээр машинаа хөдөлгөн хүүхэд дайрсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

Тэрээр хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангах, бусдад саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрөх зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дээрх зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын амь нас хохирсон байна. 

 

Мөн тухайн хэрэг үйлдэгдэхэд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ггийн бага насны хүүхдийг дагуулж явахдаа хараа, хяналтгүй орхисон буруутай үйлдэл нөлөөлжээ. 

Тодруулбал, шүүгдэгч Б.Быг машинд суух үед тэрээр охин Б.Ций хамт байж, бие засахаар явахдаа охиноо ганцаар үлдээсний улмаас охин нь машин руу очиж дайрагдсан нь түүний “ Нөхөр маань машиндаа сууж, тэр айлын хашаанд 2 галуу байхаар нь охин маань сонирхоод би охиноо аваад очиж үзүүлсэн. Тэгээд охиноо үлдээчихээд би бие засах гээд явж байгаад машин дуугарахаар нь эргээд хартал охин маань машины доогуур орчихсон байсан. Хөдөө машин асахаар талийгаач аавыгаа дагадаг байсан. Тэгээд тэр өдөр машин асахаар нь л гүйгээд очсон байх ” гэх, шүүгдэгч Б.Бын “ Би машинд суухдаа харахад охин маань ээжтэйгээ хамт байсан. Харин машиндаа суугаад толиндоо харахад юу ч харагдаагүй ” гэх мэдүүлгүүдээр нотлогдоно. 

Шүүгдэгч Б.Бын зам тээврийн осол гаргаж, бусын амь насыг хохироосон дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироох“ гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл, гомдол гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.  

Б.Б нь эхнэр М.Ггийн бага насны охиноо хараа, хяналтгүй түр орхисны улмаас хүүхэд машин руу ирж дайрагдсан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа тухайн гэмт хэргийг үйлджээ. 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэр бүлдээ 6-16  насны 5 хүүхэдтэй, түүнчлэн уг хэргийн улмаас амь нас хохирогч нь түүний бага хүүхэд байсан зэрэг тухайн хэргийн онцгой нөхцөл байдлыг харгалзан үзвэл түүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “  Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар түүнд шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

    

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б.Быг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Бд шүүхээс тэнссэн дээрх хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.Бд шүүхийн шатанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Г  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН