| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/01008/и |
| Дугаар | 210/МА2026/00393 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00393
2026 02 13 210/МА2026/00393
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: "*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний төлбөрт 44,412,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1.“*******” ХХК нь “******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” барилгын ******* давхрын ******* тоот оффисын талбайг түрээслэхээр 2023 оны 08 сарын 12-ны өдөр “Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулсан. Хариуцагч компани нь 2023 оны 08 сарын 13-ны өдөр тухайн оффист албан ёсоор нүүн орж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэрээ байгуулсан өдрөө эхний сарын төлбөрөө өгнө, харин барьцааны төлбөрөө 2023 оны 10 сард багтаан төлнө гэсэн бөгөөд түрээслэх хүсэлт гаргасан тул гэрээнд гараар нэмэлт оруулан бичиж гарын үсэг зурж оффисын түлхүүр, машины зогсоолын талбайг хүлээлгэн өгсөн. Гэтэл гэрээ байгуулсан өдрөө түрээсийн төлбөрөө төлөөгүй.
1.2. Нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал гадаад улсад зорчиж байх хооронд түүнд мэдэгдэлгүйгээр нүүж оффисын түлхүүрийг ******* компанийн ажилтанд өгснийг сүүлд нь мэдсэн. Оффисоос гарахдаа бидэнд мэдэгдээгүй, оффисын талбайг албан ёсоор хүлээлгэн өгөөгүй, холбоо бариагүй, утсаа авдаггүй. Хамгийн сүүлд 2023 оны 11 сарын 07-ны өдөр залгаад авахгүй болохоор нь мессеж бичихэд “Өдрийн мэнд хуралтай байна. Дуусгаад залгая” гэсэн хариу мессеж бичсэн боловч залгаагүй, дахиж холбогдоогүй.
1.3. Түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг байх бөгөөд хэрэв төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор харилцсан тохиролцсон. Түрээсийн гэрээний 6.4-т “Түрээслэгч тал нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалбал гэрээг цуцлах тухайгаа Түрээслүүлэгч талд 30 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй”, 6.5-д “Түрээсийн гэрээг түрээслэгч тал хугацаанаас нь өмнө цуцалбал, эсвэл түрээслэгчийн буруугаас болон түрээслэгч энэхүү гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдвал гэрээний үлдсэн хугацааны төлбөрийн 25 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг ...төлнө. Уг төлбөрийн дүнд энэхүү гэрээний 2.2-д заасан барьцааны мөнгийг оруулж тооцох ба нийт төлөх дүн нь 2.2-д заасан барьцааны мөнгөнөөс багагүй байна” гэж заасан бөгөөд түрээслэгч төлбөрөө төлөлгүй алга болсон учраас түрээсийн гэрээ цуцлагдсан тул гэрээний дагуу үлдсэн хугацаа болох 2023 оны 09 сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 сарын 15-ны өдөр хүртэлх 11 сарын төлбөр 114,950,000 төгрөг, үүний 25 хувьтай тэнцэх торгууль 28,737,500 төгрөгийг хариуцагч компаниас гаргуулах нь үндэслэлтэй.
1.4. Талбайн 1 capын түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль 28,737,500 төгрөг, нийт 44,412,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. “*******” ХХК нь “*******” ХХК-тай 2023 оны 08 сарын 12-ны өдөр ******* тоот “Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ”-г байгуулсан. Тус оффисын талбайд 2023 оны 08 сарын 12-ний өдрөөс 2023 оны 08 сарын 17-ны өдөр хүртэл байрлаж байгаад нүүж, өөр газар оффисын талбай түрээслэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ.” гэж заасан шаардлагыг хангаагүй буюу уг түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Түүнчлэн мөн хуулийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заасны дагуу уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл. Түрээсийн талбайг 5 өдөр ашигласан байхад нэхэмжлэгч компани нь 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, гэрээ цуцалсны торгууль болох 28,737,500 төгрөг, нийт 44,412,500 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-иас 1 сарын түрээсийн төлбөр 10,450,000 төгрөг, алданги 5,225,000 төгрөг, торгууль 2,612,500 төгрөг, нийт 18,287,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,125,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 380,013 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас “*******” ХХК-аас 249,387 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогчийн эрх үүргийг, 25.1.3-т “шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан. Миний бие 2025 оны 11 сарын 18-ны өдөр хурал хойшлуулах 2 хүсэлт гаргасан. Миний бие Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд *******ын нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан бөгөөд 11 сарын 12-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэн 11 сарын 18-ны өдрийн 16:00 цагаас шүүх хуралдаан товлогдсон. “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралтай *******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааны тов давхардсан тул шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтыг хавсарган шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлт гаргасан.
4.2. Мөн миний бие өмгөөлөл, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг гаргасан хэдий ч ямар хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх нь тодорхойгүй хэмээн намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаа ирээгүй тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасан үндэслэн миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны тов давхацсан нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзсэн талаараа хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг шүүхийн шийдвэр болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй. 11 сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгийг ч үзэхэд хурлын тов давхацсан хүсэлтийг шийдэхгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааны тов давхацсан хүсэлтийг гаргаад биечлэн оролцох боломжоор хангах хүсэлтийг яг ямар учир шалтгаанаар, ямар үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж Иргэний хуулийн 100.3-т зааснаар хүлээж аваагүй вэ гэдгийг тайлбарлаагүй. Шүүхийн дээрх үйлдэл нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.4-т заасан мэтгэлцэх, шүүх хуралдаанд биечлэн оролцох тэгш боломжоор хангаагүйгээс гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлөл хууль зүйн туслалцаа авах боломжоор хангалгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасанд гомдолтой байна.
4.3. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд, анхан шатны шүүхээс 2023 оны 08 сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан №******* тоот "Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ”-г Иргэний хуулийн 287 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж үзжээ. Харин талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлж буй түрээсийн гэрээ. Гэрээний 1.1-т гэрээний зорилгыг тусгасан ба гэрээний зүйл болох талбайг оффисын зориулалтаар түрээслүүлэх буюу аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар түрээслүүлж буй түрээсийн гэрээ.
Гэтэл эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд түрээслүүлж буй оффисын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь гараагүй гэдгийг хариуцагч мэдэж байсан гэжээ. Бидний зүгээс гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй гэдгийг мэдээгүй, дээр дурдсанчлан шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангаагүйгээс үүдэн энэ зэргийн тайлбар хэлэх боломж олголгүй нэг талын тайлбар татгалзлыг үнэлж шүүхийн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
Гэрээ байгуулах үед үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан эсэхээс үл хамааран түрээсийн гэрээ байгуулсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаж байж талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр хэлцэл болно. Нэгэнт “Оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ” нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцлээр 25 хувийн төлбөр, алданги, нэг сарын түрээсийн төлбөрийн нэхэмжлэгч талд төлөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар бид тус оффисын талбайг нийт 5 хоног ашигласан тул 5 хоног ашигласан төлбөрийг л төлөх үүрэгтэй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал “Бидний эзгүйд хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч авах эрхээр хангаагүй” гэх агуулгаар тайлбарладаг. Хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаатай холбоотойгоор хэрэг хэзээ үүссэн, ямар процесс явагдсан талаар товч тайлбар хэлье. 2024 онд иргэний хэрэг үүсэхдээ талуудын хооронд нотлох баримт бүрдүүлж хурал хийхдээ итгэмжлэл нь шаардлага хангаагүй байна гэж хэргийг хэрэгсэхгүй болгож буцаасан. 2025 онд хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотой нэхэмжлэгчийн зүгээс гаргасан алдааг залруулж 2025 оны 01 дүгээр сард дахин нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг үүсгэснээс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд хоёр тал болон зохиогчдыг шүүх хуралдаанд бэлтгэх, өмгөөлөгчтэй оролцох, нотлох баримт бүрдүүлэх хангалтай хугацаа байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч тал өөрийнхөө эрхийг хамгаалахаар нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс энэ хугацаанд ямар ч ажиллагаанд оролцдоггүй байсан. Өмгөөлөгч оролцуулах, хэргийн материал танилцуулах байдлаар өөрийнхөө эрхийг хамгаалах талаар ажиллагаа хийгээгүй атлаа 2025 оны 11 дүгээр сард шүүх хуралдаан зарлахад анх удаа хэрэг үүссэнийг мэдсэн юм шиг “би өмгөөлөгч оролцуулах хэрэгтэй байна, миний шүүх хурал давхцаж байна” гэж шалтаг, шалтгаан хэлсэн нь хэргийг удаашруулах зорилготой байсан нь ойлгомжтой.
5.2. Хариуцагч “түрээсийн гэрээ байсныг буруу зүйлчилсэн” гэх агуулгаар давж заалдах гомдлоо тайлбарладаг. Түрээсийн гэрээ нь Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар болоод хуулийн агуулгын хувьд гол шинж нь тухайн түрээсэлсэн эд хөрөнгийн ашигтай чанарыг гаргаад, ашиг олох бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Талуудын хоосон оффисын талбай түрээслүүлсэн. Тухайн оффисын талбайд өөрийнхөө бизнесийг явуулдаг. “Ашигтай чанар” тухайн байрнаас биш, хуулийн фирмийн үйл ажиллагаа юм. Тийм учраас хуулийн фирм байраа солиод хаана ч очсон “ашигтай байдал гаргах” гэдэгт ямар ч ялгаа байхгүй учраас талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний үндсэн шинжийг агуулаагүй. Эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь зөв.
5.3. “Тухайн байрны гэрчилгээ гараагүй гэдгийг мэдээгүй” гэх агуулгаар тайлбарладаг. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаад талуудын хэн аль нь гарын үсэг зурж үйл ажиллагаанд нэгдэж байхдаа ямар үр дагавар үүсэх талаар мэдэж байсан. Гэрчилгээг нотариатаар батлуулахгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй байна гэдэг. Тухайн үед уг байрны гэрчилгээ гараагүй гэдэг нь тодорхой бөгөөд энэ нь түрээсийн харилцаа биш эд хөрөнгө хөлслөх харилцаа гэдгийг талууд мэдэж байсан. Иргэний хуулийн 290 дүгээр зүйлийн 290.6, 290.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу доголдлыг мэдсээр байж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан нөхцөлд гомдол гаргах эрхээ алдана.
5.4. Хариуцагч, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хэлэлцээгүй гэж тайлбарладаг. Хариуцагч хүсэлт гаргасан шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн гаргасан хүсэлтийг хэлэлцсэн. Бид нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргасан. Хариуцагч хариу тайлбараа 2025 оны 02 сарын 21-ний өдөр ирүүлсэн. Тухайн тайлбарт татгалзлаа хангалттай тайлбарласан. Шүүхэд иргэний хэрэг үүссэнээс хойш 2 жилийн хугацаанд хангалттай нотлох баримт гаргах боломжтой. Хариуцагч энэ хугацаанд эрх үүргээ хэрэгжүүлээгүй. Нэмэлт нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой. Иймд шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 44,412,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоогдсон байна.
3.1. “*******” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2023 оны 08 сарын 12-ны өдөр ******* дугаартай оффис, үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “*******” ХХК нь ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” барилгын ******* давхрын ******* тоотод байрлах ******* м.кв оффисын талбайг сарын 10,450,000 төгрөгөөр түрээслэх, түрээсийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-7-11 дүгээр тал/
3.2. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд 2024 оны 10 сарын 23-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээг авчээ. /хх-16/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн алдаа гаргасныг залруулна.
4.1. Түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээгээр бусдын эзэмшил, ашиглалтад эд хөрөнгө шилжүүлдэг адил шинжтэй боловч түрээсийн гэрээгээр түрээслэгч гэрээний зүйлийг аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилготой байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслөгч нь гэрээний зүйлийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашигладаг шинжээрээ ялгагддаг.
Ажлын байрны зориулалттай талбайг өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа гэж үзнэ.
4.2. Тус хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх ба энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулжээ.
Талуудын хооронд түрээсийн гэрээг байгуулсан 2023 оны 08 сарын 12-ны өдрийн байдлаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлага тавигдахгүй, гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 гэж заасныг мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулна.
5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.
5.1. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан журмаар талуудын харилцсан чатад үзлэг хийж, баримтжуулсан атлаа уг баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй алдаа гаргаснаар түрээсийн гэрээний хугацааг буруу тооцсон алдаа гаргажээ.
Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч түрээсийн зүйлийг 2023 оны 08 сарын 12-ны өдрөөс 2023 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл ашигласан болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ашигласан 5 хоногийн хугацаанд ногдох төлбөрийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар шаардах эрхтэй. /хх-39-43/
5.2. Хариуцагч “*******” ХХК-аас 1,741,666 /10,450,000/30хоног*5 хоног/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосон өөрчлөлт оруулна.
6. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болж, харин гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзсанд буруутай нөгөө талаас гэрээний үүрэг бус, хохирол шаардах эрх үүсэхийг Иргэний хуулийн 222.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тодотгон заасан байдаг.
6.1. Талуудын гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэл хангуулах арга болох алданги шаардах эрхгүй.
6.2. Түүнчлэн анхан шатны шүүх талуудын гэрээний 6.5-д “Түрээсийн гэрээг түрээслэгч тал хугацаанаас нь өмнө цуцалбал, эсвэл түрээслэгчийн буруугаас болон түрээслэгч энэхүү гэрээний дагуу үүргээ биелүүлээгүйгээс болж гэрээ цуцлагдвал гэрээний үлдсэн хугацааны төлбөрийн 25 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийг төлнө...” гэснийг үүргийн гүйцэтгэлийн хангах аргын нэг торгууль гэж үзсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.5-д заасантай нийцээгүй.
Талуудын тохиролцоо нь гэрээг дуусгавар болгосны улмаас гарах үр дагаврын асуудлыг шийдвэрлэсэн шинжтэй байх учир Иргэний хуулийн 222, 227 дугаар зүйлд заасан хугацаа хэтрүүлснээс үүдэх хохирол болон гэрээний зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрхэд хамаарна.
Хариуцагч нь гэрээний 6.4-т зааснаар гэрээг цуцлах тухайгаа мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй боловч ийнхүү үүрэг зөрчсөний улмаас хохирол учирсан болохоо нэхэмжлэгч нотлоогүй тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 02 сарын 13-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоноос хойш өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой байсан бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй.
7.2. Түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн хуулиар олгогдсон эрх хэмжээ гэж үзнэ.
8. Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг “*******” ХХК гэж бичсэн техник шинжтэй алдаа гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаанд хамаарахгүй болохыг дурдав.
9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан хариуцагч “Өмгөөллийн барристер кастос” ХХК-аас 1,741,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,670,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 191/ШШ2025/10051 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 1,741,666 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 42,670,834 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтын “249,387” гэснийг “42,817” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч “*******” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,387 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Г.НЯМСҮРЭН