| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/02140/и |
| Дугаар | 210/МА2026/00407 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00407
2026 02 25 210/МА2026/00407
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10355 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “*******” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь 2017.02.15-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны ******* байр, ******* тоот хаягт байршилтай ******* м.кв талбай бүхий орон сууцыг 139,940,000 төгрөгөөр захиалж худалдах, худалдах гэрээний дагуу үүргээ 100 хувь биелүүлсэн. Орон сууцандаа 2017.02.15-ны өдрөөс орж, гэр бүлээрээ амьдарч байгаа.
1.2. “*******” ХХК-ийн эзэмшигчдийн хооронд үүссэн маргааны улмаас орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна гэсэн гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ...*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. ******* дүүргийн ******* хороо, ******* хотхоны *******-р байрны ******* давхар *******тоот, ******* м.кв орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргах асуудлаар компанийн зүгээс шаардпагтай бүхий л арга хэмжээг авч, холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн албанд хүргүүлэн хамтран ажиллах болно гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
3.1. ...2023.06.20-ны өдөр ******* цогцолбор барилгын төсөл хэрэгжүүлэх гэрээнд 2014.03.05-ны өдрийн орон сууц зуучлан борлуулах гэрээний дагуу зөвхөн “*******” ХХК борлуулах эрхтэй. “*******” ХХК орон сууц борлуулах эрхгүй. Тиймээс хөрөнгө оруулагч компанитай газрын гэрчилгээ гарсны дараа бидэнд орон сууц өгнө гэх гэрээ байгаа ч энэ үүргээ хэрэгжүүлэхгүй байж хүмүүст бэлэн мөнгөөр борлуулсан мэтээр өмчлөх эрх үүсгэх, давуу байдал, ашигтай байдал бий болгож байгаа учраас эхлээд манай компанийн газрыг ашигласан асуудлаа шийднэ үү, түүний дараагаар бусад асуудлаа шийдвэл яасан юм, ямар ч байр борлуулах эрхгүй атлаа давуу байдал ашиглаж байр барилгуудаа борлуулж байгаад гомдолтой байна. Өмчлөх эрхгүй хууль бус газарт барилга барьсан. Тус газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасны дагуу хаасан тогтоолыг бидэнд мэдэгдээгүй. Бид сая мэдээд хүсэлт гаргасан. Эрх зүйн зөрчилтэй учраас улсын комисс ажиллах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандсан байх ёстой. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргах боломжгүй. Улсын комисс ажиллаж байж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарна. Манай асуудлыг шийдсэний дараа улсын комисс ажиллах боломжтой. Иймд өмчлөл тогтоох боломжгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 927,850 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж, тухайн нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө бичгээр илэрхийлсэн.
5.2. Шүүхийн шийдвэрт дурдсан гуравдагч этгээд гэх “*******” ХХК-ийг ямар үндэслэлээр гуравдагч этгээдээр татсан нь ойлгомжгүй. “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компанийн хууль ёсны хувьцаа эзэмшигч, /итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд/ хууль ёсны гүйцэтгэх захирлын гарын үсэг, тамга тэмдэгтэй итгэмжлэлийг шүүгч шаардсаар байхад захирамжийн биелэлтийг хангаагүй. Иймд “*******” ХХК гуравдагч этгээдээр хууль ёсны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
5.3. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж буруу тодорхойлсон. Нэг талаас ******* гэрээ байгуулах санал гаргаж, нөгөө талаас ******* хотхоны захиргаа буюу “*******” ХХК хүлээн зөвшөөрсөн. Талууд гэрээ зөрчсөн талаар маргасан үйл баримт тогтоогдоогүй байхад гэрээний харилцаа үүсээгүй гэж шүүх дүгнэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч болон гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХХК хүлээн зөвшөөрч маргаагүй, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “*******” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримт бүрэн, бодитой тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
4. Зохигчид нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаагүй ч орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авах боломжгүй шалтгааныг барилга байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаагүй хэмээн хэргийн оролцогчид тайлбарлаж байна.
Энэ тохиолдолд барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан эсэх, хэрэв комисс ажиллаагүй бол ийнхүү ажиллаагүй шалтгааныг тодруулах, барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тодруулах нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах тухай маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзлээ.
Талуудын маргааны үйл баримтыг бодитой тогтооход ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай дээрх нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх зохигчдоос тодруулах, түүнчлэн зохигчид нэхэмжлэлийн шаардлага ба татгалзлын үндэслэлээ нотлох талуудын чиг үүргийн хүрээнд шүүхэд тайлбарлах, гарган өгөх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
5. Анхан шатны шүүх энэ талаар зохигчоос тодруулах, чиглүүлэх ажиллагаа хийгээгүй, хэргийн оролцогч дээр дурдсан үйл баримтын талаар баримт гаргаж, мэтгэлцээгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүйгээс гадна давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10355 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 957,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Г.НЯМСҮРЭН