Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ХШТ/94

 

Э.Т, М.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батцэрэн, Н.Батзориг, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг, хохирогч Г.М, хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадрах, хохирогч “...” банкны хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох, иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбилэг, хохирогч М.З-ын өмгөөлөгч Б.Борхүү, нарийн бичгийн дарга М.Шолпан нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 535 дугаар магадлал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар магадлалтай, Э.Т, М.С нарт холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогтой Э-ийн Т;

2.Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд 2020 оны 07 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 30 хоног хорих ял эдлүүлэхээр тогтоосон, Ц овогтой М-ын С.

Шүүгдэгч Э.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

шүүгдэгч М.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шүүхийн тогтоолоор шүүгдэгч Э.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 535 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.С-ыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн “Хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М.С-ыг 3 жил хорих ялаар шийтгэж, уг ял дээр 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил 30 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 03 жил 05 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, М.Сүрэнжавын цагдан хоригдсон 44 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.С-аас 179,056,115 төгрөг гаргуулж “...” ХК-д, 7,906,740 төгрөг гаргуулж “...” банк бус санхүүгийн байгууллагад тус тус олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар магадлалаар Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор М.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлж,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-т оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 630 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жил хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 04 сар 04 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 03 жил 04 сар 04 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж,

шүүгдэгч М.С-ын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяа хяналтын шатны шүүхэд бичсэн дүгнэлтдээ ... 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2305023640594 дугаартай мөрдөн байцаалтын хэрэг, 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгах 01 дугаартай хэрэг, Э.Т нарт холбогдох эрүүгийн 1905008520463 дугаартай шүүхийн шийтгэх тогтоол бүхий хэргийг тус тус хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1905008520463 дугаартай шүүгдэгч Э.Т, М.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Э.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр 2022/ШТ/24 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.С-т холбогдох хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 04 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 05 сар 04 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэн, 137 дугаартай шийтгэх тогтоол гаргасан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “3 жил 5 сар 4 хоног” гэснийг “3 жил 4 сар 4 хоног” гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Гэтэл иргэн Б.Н-аас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Цагдаагийн байгууллагад “... Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “...” байранд захиалга өгч Э.З, Ц.Ө, Б.Н миний бие бид гурав үл таних Э.Т гэгчид 130,000,000 сая төгрөг өгч залилуулсан эрүүгийн 1905008520463 дугаартай хэргийн шүүн таслах ажиллагааны явцад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Т-ыг нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.З-тай тааралдаж “би Энэтхэг улсын иргэн болсон, тэнд 6 сар амьдарч байгаад ирлээ” гэж хэлсэн байна. Иймд Э.Т нь нас барсан гэх хуурамч баримт бичиг бүрдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас санаатай зайлсхийж хууль шүүхийн байгууллага, хохирогч нарыг төөрөгдөлд оруулсан асуудлыг хуулийн дагуу шалгаж өгнө үү” гэх утгатай гомдол гаргасны дагуу 230502364 дугаартай хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгахад Э-ийн Т нь нас бараагүй буюу хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Гэрч Д овогтой Т-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш холбоо барьсан ... дугаарын утсаар өнөөдрийг хүртэл Э.Т-тай ярьсан. Ярьсан шалтгаан нь хүүхдүүдийн хэрэглээний мөнгө гэж хааяа 100,000-200,000 төгрөг гэх мэтээр мөнгө өгч байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-24 дүгээр тал/

-Гэрч Б овогтой М-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2/145 дугаартай албан бичиг манай Нийслэлийн Улсын бүртгэлийн газарт ирүүлсэн. Үүнийг манай газрын Г.А даргаас хэлтсийн дарга Ц.Ж-д шилжүүлээд надад энэ бичиг хуваарилагдаж ирсэн. Тухайн албан бичгийг Иргэний улсын бүртгэлийн системд шалгаж үзэхэд иргэн Э.Т /РД:.../-ийн нас барсан бүртгэл хийгдэж баталгаажсан байсан. Уг бүртгэлийг үндэслэн тухайн иргэнийг нас барсан лавлагааг албан бичигт заагдсан хугацаанд гаргаж бичиг хэргийн ажилтандаа шилжүүлсэн. Манай байгууллагын бичиг хэрэг хариу албан бичгийг гаргаж дарга Г.А-аар баталгаажуулан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдсэн. Би улсын бүртгэгч биш тул бүртгэл хийх эрх байхгүй бөгөөд харин бүртгэгдсэн мэдээллийг харах эрх байдаг” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 28 дугаар тал/

-Гэрч В овогтой М-ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...Дээрх нас барсны бүртгэлийг миний бие хийсэн байна. Би 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн АМ7 маягтыг үндэслэн Э.Т-ыг нас барсан болохыг улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгэсэн. Нас барсан хүний аав Я.Э /РД:.../ охиныхоо бүртгэлийг хийлгэе гэж ирэхэд бүрдүүлэх бичиг баримт бүрэн байсан. Би бичиг баримтыг шалгахдаа эмчийн нэр, гарын үсэг, тамга, тэмдэг бүрэн эсэхийг шалгаж авсан бөгөөд АМ7 маягт дээр бичигдэж байгаа овог, нэр, регистрийн дугаар зөв эсэхийг шалгахад зөрчилгүй байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 31-32 дугаар тал/

-Нийслэл дэх Улсын бүртгэлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/123 дугаартай албан бичиг, /Э.Т-ыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан лавлагааг хүргүүлсэн/, /хх-ийн 49 дүгээр тал/

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 65 дугаартай “...Э овогтой Т /РД:ТК88072801/ нь ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй.” гэх албан бичиг, /хх-ийн 115 дугаар тал/

-Гэрч Б овогтой Б-ын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “...Манай ББСБ-аас 2018 оны 06 дугаар сарын 29-нд Түвшинжаргал өөрийн нэр дээр өмчлөлийн бүртгэлтэй БГД-н байрлах 3 өрөө орон сууцыг барьцаалж 330,000,000 төгрөгийн зээл авч зээлээ төлөхгүй байснаас үүсэж байрны гэрчилгээг хуурамчаар үйлдэж бусдад зарах гэж байгаад баригдаж, шүүхээр орж шүүх хурал хойшилж байгаад шүүхийн шатанд нас барсан гэх шалтгаанаар уг хэрэг 2022 оны 02 дугаар сард хэрэгсэхгүй болж байсан. Гэтэл 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн орчим Гэсэр сүмийн уулзварт зүүнээс баруун гар тийш зам хөндлөн гарах гээд гэрлэн дохион дээр зогсож байхад би Т-тай тааралдаж араас дагаж явсаар байгаад ...-ийн ... дугаар хороо, ... дүгээр байрны орцонд орохыг харсан. Байр луу орохоосоо өмнө тус байрны хажуугийн эмийн сангаас тосон клизм авсан байсан. Тэр хүн бол Т мөн гэдэгт би итгэлтэй байна. Мөн 2023 оны 5 дугаар сард З, Т-тай таарсан гэсэн, дараа нь Ө-тай утсаар холбогдоход Ө нь ярианы бичлэг хийж авсан байдаг” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 70-71 дүгээр тал/

-Гэрч Ц овогтой Ө-ын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...2022 оны 6 дугаар сар байсан санагдаж байна, Э.Т-ыг нас барсан гэж тодорхойлолт ирээд түүнд холбогдох хэргийг шүүх байгууллага хаасан бөгөөд би түүнийг нас барсан юм байна гэж бодсон. 2023 оны хавар хохирогч З миний дугаарт залгаад надад хандаж, Э.Т нас бараагүй байна, би сая Баянгол дүүргийн нутаг дэвсгэр модны 2 орчим таарсан орой түүнтэй уулзахаар болсон гэж хэлсэн. Би гайхаад маргааш нь З руу залгаж асуухад Э.Т-ын ... дугаарыг надад өгсөн би уг дугаарт залгахад Т-ын хоолой мөн байсан бөгөөд мөнгө хэзээ өгөх талаар асуух үед мөнгийг чинь өгнө, ер нь та нар О-ээс мөнгөө гаргуулж авсан нь дээр дээ гэж хариулсан. Мөн 2023 оны 9 дүгээр сард Түвшинжаргалын дугаарт залгахад өмнөх ярьсан зүйлээ л ярьж байсан. 2023 оны 11 дүгээр сард залгахад орох ярианы эрх нь хаагдсан холбогдож болохгүй байсан. Байгаа газрыг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 74-75 дугаар тал/

-Гэрч Т.Ү-ийн “...Би “...” нэртэй эмийн санг ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... давхарт 2018 оноос хойш үйл ажиллагааг явуулж байна. Зурган дээрх эмэгтэйг би олон удаа харж байсан. Нэрийг нь мэдэхгүй, манайхаас байнга орж ирээд 1 ширхгээр тосон клизм авдаг юм. Миний мэдэхийн 2 жилийн өмнөөс орж ирж үйлчлүүлдэг болсон. Тэр эмэгтэй манай дүү С-той юм ярьж байхдаа “би лам нөхөртэй байсан юм. Одоо нөхрөөсөө салсан” гэж ярьж байсан. Би сайн мэдэхгүй, энэ хавьд амьдардаг юм байх гэж би боддог...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 151-152 дугаар тал/

-Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 15ж2/252 дугаартай, “Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 48 дугаар байрны 56 тоотод хаягт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг, /хх-ийн 112 дугаар тал/

-Баянгол дүүргийн эрүүл мэндийн газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай, “И овогтой С гэх эмч ажиллаж байгаагүй” гэх албан бичиг, /хх-ийн 108 дугаар тал/

-Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04а/555 дугаартай, “2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Э овогтой Т /ТК88072801/ гэх хүний цогцост задлан шинжилгээ хийгээгүй” гэх албан бичиг, /хх-ийн 110 дугаар тал/

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 909 дугаартай “...Нийслэлийн улсын бүртгэлийн архивт нас барсны бүртгэлийн 0861-1030, 1-267, эхэлсэн 2022.01.01, дууссан 2022.12.31 гэсэн хаягтай хавтаст баримтын 198 гэж дугаарласан хуудсанд байх 986 гэсэн дугаартай 2022 оны 2 дугаар сарын 11-ний огноотой Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ гэсэн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Уг баримтын нөхөх хэсгүүдэд байх бичвэрүүд, баруун доод хэсэгт байх үл уншигдах бүтэцтэй гарын үсгийг хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр гараар бичиж, зурсан байна. Дээрх баримтыг хуулбарлан олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэж, тэмдгийн дардсуудыг энгийн хэрэглээний хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 139-146 дугаар тал/

-Гэрч Т.Ү-оор Э овогтой Т-ыг таньж олуулсан ажиллагааны тэмдэглэл, /хх-ийн 161-167 дугаар тал/

-Гэрч Б.Д-ий “...Би Т-ын гэрийн хаягийг одоо сайн санахгүй байна. Гэрийн хаягаар нь очиж уулзахад тийм хүн байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би хохирогч М-аас асуухад Т гэдэг манай захирлын хуучин найз охин гэж хэлэхээр нь би захирал гэх хүнийг нь тодруулахад Т гэж хэлсэн. Мөн надад зураг үзүүлээд энэ хүн намайг цохисон, нэрийг нь Т гэдэг юм гээд фейсбүүкийнх нь зураг гэж байсан. Хохирогчийн өгсөн утсаар Т гэх хүнийг дуудаж гэрчээр мэдүүлэг авсан. Тэр иргэн мэдүүлэхдээ “би Э овогтой Т гэх хүнтэй үерхэж байгаад салсан юм, гэтэл тухайн өдөр намайг манай ажилтантай хардаж манай худалдагчийн биед халдсан байсан...” гэсэн мэдүүлэг, /Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн зөрчлийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Дөлгөөн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авах шийдвэрийн хуудас хэвлэсэн/,/хх-ийн 168-169 дүгээр тал/

-Гэрч Ж.Т-аас хохирогч н.М-тай чатаар мэдээлэл солилцсон зурвасууд, /хх-ийн 172-174 дүгээр тал/

-Цагдаагийн Ерөнхий газрын харьяа Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11/2-2995 дугаартай “Танай 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 30е2-2/2567 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэр, хаяг тодорхойгүй иргэний гэх гарын хээний дардсыг Falcon системд харьцуулалт хийхэд Э овогтой Т “ТК88072801”-ын гарын хээний дардас байх боломжтой байна” гэх албан бичиг, /өөрийгөө Э.А гэх хүний зүүн гарын 3, баруун гарын 4 хурууны гарын хээг харьцуулсан/, /хх-ийн 193-195 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шинээр илэрсэн нөхцөл байдал гэж дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон дээрх үйл баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай тогтоол, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 535 дугаартай магадлал, мөн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт бичив” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Прокурорын бичсэн дүгнэлтийг бүрэн дэмжиж оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д “гэрч, шинжээчийн санаатай гаргасан худал мэдүүлэг, дүгнэлт, орчуулагч, хэлмэрчийн санаатай худал орчуулга, хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон” гэсэн үндэслэл нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийг сэргээн шалгах үндэслэл болдог билээ. Эрүүгийн 1905008520463 дугаартай шүүгдэгч Э.Т, М.С нарт холбогдох хэрэгт Э.Т нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлэн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн нас барсны гэрчилгээг гаргуулан авсан бөгөөд уг лавлагааг үндэслэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Э.Т-д холбогдох хэргийг нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Прокуророос 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах тухай” хэрэг үүсгэх тогтоол гарган, хэрэг бүртгэлтийн 230502364 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Э.Т нь хуурамч бичиг баримт үйлдэж эрх бүхий байгууллагаас нас барсны гэрчилгээг гаргуулан авсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай тогтоол, 2023 оны 137 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 535 дугаартай магадлал, мөн 2023 оны 418 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, Э.Т, М.С нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэргийг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж дүгнэж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч М.С-ын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг хэлсэн саналдаа “Прокурорын бичсэн дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч С.Гантогтох хэлсэн саналдаа “Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бадрах хэлсэн саналдаа “Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч “...” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Ууганбилэг хэлсэн саналдаа “Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогч Г.М хэлсэн саналдаа “Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

Тус шүүх хуралдаанд хохирогч М.З-ын өмгөөлөгч Б.Борхүү хэлсэн саналдаа “Би анх гомдлыг гаргасан. Прокурорын гаргасан дүгнэлтийг дэмжиж байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Батзаяагийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Э.Т, М.С нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 2.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн 1905008520463 дугаартай шүүгдэгч Э.Т, М.С нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх явцад тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Э.Т-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.С-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 5 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, М.С-ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 4 сар 4 хоногийн хугацаагаар тогтоожээ.

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааны 422 дугаартай тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан гомдлыг үндэслэн М.С-т холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгах тусгай журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр бүлэгт хуульчлан заасан бөгөөд шүүхийн шийдвэр гаргах үед мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш илэрч тогтоогдсон, эсхүл хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн явдал нь хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэлд хамаарна.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд урьд гарсан хуулийн хүчин төгөлдөр шийтгэх буюу цагаатгах тогтоол, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг сэргээж шалгадаг болно.

3.Шүүгдэгч Э.Т нь 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө нас барсан гэх хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар эрх бүхий байгууллагаас нас барсны гэрчилгээ гаргуулан авсан, улмаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “шүүгдэгч нас барсан” үндэслэлээр холбогдох хэргээ хэрэгсэхгүй болгуулсан болох нь прокурорын дүгнэлтэд дурдсан шинжээчийн дүгнэлт болон нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогджээ.

Энэхүү шинээр илэрсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хуурамч нотлох баримт, тэмдэглэл, баримт бичгийг үндэслэж шийдвэр гарсан нь тогтоогдсон” үндэслэлд хамаарч байх тул шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай прокурорын бичсэн дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Иймд Э.Т, М.С нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож, хэргийг харьяалах Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх зүйтэй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 24 дүгээр шүүхийн тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 535 дугаар магадлал, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 137 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 418 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2.Э.Т, М.С нарт холбогдох 1905008520463 дугаартай эрүүгийн хэргийг харьяалах Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй.

3.Хэргийг шүүхэд очтол Э.Т, М.С нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                    ШҮҮГЧ                                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Н.БАТЗОРИГ

                                                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                                  Б.ЦОГТ