| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2017/0295/З |
| Дугаар | 444 |
| Огноо | 2017-06-07 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 444
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Л-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Авлигатай тэмцэх газарт холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “...Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М З.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мөнхчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар дүгнэлтэд “харин нэр дэвшигч Б.Л дээрх зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын хүрээнд заагдсан чиг үүрэг, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан нөхцөл байдал үүсэж байгаа тул...” гэж үзсэн байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” хэлнэ гэж заасан байна.
Тэгэхээр дээрх тодорхойлолтод дурдсан үйл баримт нь ашиг сонирхлын зөрчил мөн эсэхийг дахин тодруулах шаардлагатай байна.
Мөн хуулийн 3.1.1-д ““нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэж олон нийтийн итгэлийг”, 3.1.2-т ““Хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” хэлнэ гэж заасан бол 3.1.5-д ““хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг” хэлнэ гэж тус тус тодорхойлсон байна.
Эндээс үзвэл Б.Л миний биед дээр дурдсан нийтийн ашиг сонирхол нь хувийн ашиг сонирхолтой зөрчилдөх ямар нэгэн үйл баримт байхгүй юм.
Дүгнэлтэд дурдсан “Ч.У, Т.У, Ч.Ч, Б.Г М.Г М.М нарыг хууль бусаар томилсон” гэсэн нь надтай хамаарал бүхий этгээдүүд биш юм.
Мөн Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/91 дүгээр захирамжаар Б.Л д 2 сарын хугацаанд сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах, мөн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус оногдуулсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т хамааралгүй юм.
Учир нь миний бие өнгөрсөн хугацаанд Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллахдаа өөрөө болон надтай хамаарал бүхий этгээдтэй эдийн болон эдийн бус ашиг сонирхолд автаж байгаагүй, мөн миний албан үүрэгт надтай хамаарал бүхий ямар нэгэн этгээд нөлөөлж, түүнтэй холбоотой хууль тогтоомж зөрчсөн үйлдэл байхгүй болно.
Түүнчлэн нэр дэвшсэн байгаа Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны үндсэн зорилт нь ямар нэгэн төсөв захиран зарцуулах чиг үүрэггүй тул ашиг сонирхлын зөрчил үүснэ гэх үндэслэлгүй байна.
Иймд Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар дүгнэлтэд дурдсан үйл баримтууд нь иргэн миний төрийн албанд ажиллах эрхийг хууль зүйн үндэслэлгүйгээр зөрчиж байх тул хянан үзэж, дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч Авлигатай тэмцэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтайван шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э, Н.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Архангай аймгийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилохоор нэр дэвшүүлсэн иргэн Б.Л гийн “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”, ажлын байрны тодорхойлолт, төрийн албан хаагчийн анкетийг 03/2187 дугаар албан бичгээр ирүүлснийг хүлээн авч, зохих журмын дагуу хянан үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдсон. Үүнд
Тус газарт 2015 онд тухайн үед Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Л д холбогдуулан иргэн Ч.У-ээс гомдол ирүүлсэн.
Гомдлын дагуу асуудлыг хянан шалгаад уг шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулж, хариуцлага тооцуулахаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.М Засаг дарга Д.Б нарт 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр хүргүүлсэн бөгөөд шалгалтын мөрөөр холбогдох албан тушаалтан нарт арга хэмжээ авсан тухай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Мөн Үндэсний аудитын газрын харьяа Архангай аймгийн аудитын газраас тухайн үед аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Л г “...Төрийн хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл удаа дараа гаргаж байгаа...” тул хариуцлага тооцуулах албан шаардлагыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар сануулах, Шилэн дансны хууль тогтоомжийг давтан зөрчсөний учир хариуцлага оногдуулах тухай албан шаардлагыг үндэслэн аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/91 дүгээр захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаанд 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулсан.
Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламжийн 2015-2016 оны төлөвлөлт, гүйцэтгэлийн байдалд аудит хийж, энэ үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
Мөн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго хэсэгт “...Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж, зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрд хяналт шинжилгээ хийж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны үр дүн зардал, үр нөлөөллийг бодитойгоор тогтоох, гүйцэтгэлийн хүрсэн үр дүнг баталгаажуулах, амжилтыг ахиулах, удирдлагыг цаг үеэ олсон мэдээллээр хангах” гэж тодорхойлсон байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 322 дугаар тогтоолоор батлагдсан “захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний нийтлэг журам”-ын 4 дэх хэсгийн 4.1-д “хяналт-шинжилгээ, үнэлгээний зорилгын хүрээнд... холбогдох эрх зүйн актын хэрэгжилт, тэдгээрийн дунд болон урт хугацааны зорилт нь төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр нөлөөг тооцох”, 4.2-т “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага нь эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төлөвлөлт, гүйцэтгэл, дунд болон урт хугацааны үр дүн, үр нөлөөг сайжруулах” зорилтыг хэрэгжүүлнэ гэж заажээ.
Хяналт шалгалтын явцад дээрх нөхцөл байдал буюу тухайн үед Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг удаа дараа зөрчиж байсан, томилогдохоор нэр дэвшиж байгаа ажлын байр нь түүнийг Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацааны төсвийн хөрөнгийн зарцуулалт, зардал, үр нөлөөнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүрэгтэй болох нь тогтоогдсон тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа тухай томилох эрх бүхий этгээдэд хуулийн дагуу мэдэгдсэн болно.
Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсэж болох дараах үйл ажиллагааг явуулахыг...”, 21.1.1-д “урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах”-ыг тус тус хориглоно гэж заасан.
Иргэн Б.Л Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 2012 онд томилогдож, 2016 онд чөлөөлөгдсөн тухайгаа Төрийн албан хаагчийн анкетэд бичсэн байх бөгөөд тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөс өнөөдрийг хүртэл хугацаанд 1 жилийн хугацаа өнгөрсөн гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл Б.Л гийн тухайд албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалтыг тогтоосон хуулийн заалт зөрчигдөж байгаа болно.
Мөн Б.Л нь нэр дэвшсэн тухайн тушаалд томилогдоогүйн төлөө шүүхэд маргаан үүсгэж, уг албан тушаалд томилогдохоор эрмэлзэж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдлыг үүсгэж байна.
Иргэн Б.Л гийн хувьд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаас өөр бусад албан тушаалд нэр дэвших, томилогдох эрх нь нээлттэй байгаа болно.
Иймд дээр дурдсан баримтуудад үндэслэн иргэн Б.Л гээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Б.Л гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/38 дугаар захирамжаар Б.Л г тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн томилж, мөн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн б/111 дүгээр захирамжаар Б.Л г аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргаар томилохоор болсон гэх үндэслэлээр Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн байна.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 03/2187 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд нэр дэвшиж буй Б.Л гийн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахаар Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хүргүүлжээ.
Авлигатай тэмцэх газар дээрх албан бичгийн хариуг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгээр “...тус газраас шалгасан шалгалтын дүнг үндэслэн Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт явуулсан 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дүгээр албан бичигт “...Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасныг зөрчиж, Ч.У, Т.У, Ч.Ч, Б.Г, М.Г, М.М нарыг хууль бусаар томилсон, Монгол Улсын Сангийн сайд, дотоод аудитын хорооны даргын хүргүүлсэн албан шаардлага, Үндэсний аудитын газрын харьяа Архангай аймаг дахь аудитын газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1/1, ******* дугаартай албан шаардлага, аймгийн Санхүү, аудитын албаны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаар албан бичиг, 17/01/04 дүгээр улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсанаар Төсвийн тухай хууль, Шилэн дансны тухай хуулийг удаа дараа зөрчсөн учир Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Б/91 дүгээр захирамжаар Б.Л д “2 сарын хугацаанд сарын үндсэн цалинг 10 хувиар бууруулах, мөн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар сануулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна. Харин нэр дэвшигч Б.Л дээрх зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд, ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын хүрээнд заагдсан чиг үүрэг, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “ашиг сонирхлын зөрчилтэй” гэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа тул мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг хэрэгжүүлж ажиллахад анхаарна уу” хэмээн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн байна.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Л нь Ч.У Т.У, Ч.Ч, Б.Г М.М нарыг томилоогүй болох нь Авлигтай тэмцэх газрын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* , Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай албан бичгүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд Б.Л нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж Ч.У нарын нэр бүхий иргэдийг хууль бусаар томилсон гэж үзэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Б.Л нь Архангай аймгийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа М.Г-г ажилд томилсон үйлдэл нь Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсоноор хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар биелүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэрхэн бий болгож байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн Үндэсний аудитын газрын харьяа Архангай аймгийн аудитын газар 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14/42 ҮАГ-******* , 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04/3 *******-СТА дугаартай албан шаардлагуудыг Архангай аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх бөгөөд уг шаардлагуудыг үндэслэн Архангай аймгийн Засаг дарга Б.Л д 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр б/15 , 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн б/91 дүгээр захирамжуудаар сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш нэг жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заасны дагуу Б.Л г тухайн үед сахилгын шийтгэлгүй гэж үзнэ.
Мөн Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/01/04 дүгээр дүгнэлтээр “...Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар нь төрийн жинхэнэ албан хаагчид олгох мөнгөн тэтгэмжийн төлөвлөлт, зарцуулалтын талаар Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартын шаардлагыг хангаж ажиллаагүй...” хэмээн дүгнэснийг Б.Л эс хүлээн зөвшөөрч Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.2, 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/01/04 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгожээ.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай /цаашид Хуулийн гэх/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ““нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т “ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” тус тус ойлгохоор заасан.
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ”, 23.7-д “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол түүнийг тухайн албанд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан томилохоос татгалзах үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэр дэвшигч томилогдохыг хүссэн албан тушаалдаа томилогдсон тохиолдолд түүний хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх эсэх, албан үүргээ тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж дүгнэх эрхийг хуулиар Авлигатай тэмцэх газарт олгосон байхад хариуцагч уг нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Б.Л дээрх зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд, ажлын байрны тодорхойлолтын үндсэн зорилтын хүрээнд заагдсан чиг үүрэг, дотоод аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдлыг үүсгэж байна хэмээн дүгнэсэн нь дээрх хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, З.Э нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...нэхэмжлэгч томилогдохыг хүсэж байгаа албан тушаалдаа 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа. Манай байгууллагаас гаргасан маргаан бүхий акт нь Б.Л г Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилж болохгүй гэж бичээгүй бөгөөд уг албан бичигт дурдсан зүйлсийг анхаарах хэрэгтэй гэдэг санааг агуулж байгаа юм. Түүнээс манай албан бичиг нь ямар нэгэн албан тушаалтны томилох эрхэд халдсан зүйл байхгүй...” хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч энэхүү тайлбар нь хариуцагчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичигтэй агуулгын хувьд зөрчилдөж байна.
Хариуцагч “...нэхэмжлэгч өмнө Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд одоо ажиллахыг хүсч байгаа албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын чиг үүрэгт хамаарах гэрээ, төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ хийх гэж заасны дагуу өмнө ажиллаж байсан албан тушаалд хамаарах гэрээ, төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээг хийх гэж байгаа нь ашиг сонирхлын зөрчлийг үүсгэж байна. Түүнчлэн Хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан хуулийн заалтыг зөрчиж байна...” хэмээн маргажээ.
Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод “...Засаг дарга, Засаг даргын тамгын газрын чиг үүрэгт хамаарах гэрээ, төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх” гэж заасан байх боловч өмнө аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүн уг албан тушаалд томилогдсоноор хувийн ашиг сонирхол нь нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш шударгаар биелүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдож байгааг хариуцагч баримтаар нотлож чадахгүй байх бөгөөд хариуцагчийн уг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2-т зааснаар захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт, гэрээ батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэж, тайлбар, санал авах ажиллагааг явуулах талаар зохицуулсан бөгөөд хариуцагч уг хуулийн заалтыг зөрчсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...уг албан бичгийг гаргахдаа Б.Л д мэдэгдсэн зүйл байхгүй...” хэмээх тайлбараар тогтоогдож байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Л гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т заасныг баримтлан Б.Л гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Л гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА