Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1137

 

 

Т.Батсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02708 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т.Батсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ориент инвест ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үүрийнтуяа, Б.Баясгалан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Батсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дуүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/3 дугаар байрны 901 тоот орон сууц, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө, 2/3 байр 1 тоот орон сууцыг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан. Төлбөр төлөгч Т.Батсайханаас үнийн санал авалгүйгээр нэг талыг барьж үнэлгээ тогтоон албадан дуудлага худалдаанд оруулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Төлбөр төлөгч Т.Батсайханаас үнийн саналыг авалгүй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2/3 дугаар байрны 1 тоот 4 өрөө орон сууцыг 550 000 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдааны үнийг 385 000 000 төгрөгөөр тогтоосон, мөн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүүнжавын гудамж, 25/3 дугаар байрны 901 тоот 2 өрөө орон сууцыг 85 784 500 төгрөгөөр үнэлж 60 049 150 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүүнжавын гудамжны 25/3 дугаар байрны 901 тоот орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 190/02 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 190/06 тоот тогтоолоор хураан авсан. Мөн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө 2/3 дугаар байрны 1 тоот орон сууцыг 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 190/03 тоот эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 190/05 тоот тогтоолоор хураан авсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч Т.Батсайхан болон өмчлөгч Б.Туяа нарт үнийн санал ирүүлэхийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3/18882, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/21704, 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 3/27974 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн боловч дурдсан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тул Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилон үнэлэгдсэн үнэлгээг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 3/42396, 3/42395 тоот мэдэгдлээр тус тус мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай Т.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Т.Батсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх талаар нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Мөн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралд шинжээч томилуулж хөрөнгийн үнэлгээг тогтоолгох, гэрч асуулгах хүсэлт гаргасныг хэрэгсэхгүй болгосон. Өмнөх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байхад  2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101/Ш32016/11508 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, үндэслэлээ "төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгч хүлээн авахаас татгалзсан үндэслээр шинжээч томилох шаардлагагүй" гэж үндэслэлгүй, ойлгомжгүй  дүгнэжээ. Ахлах шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилохоос татгалзан эсэхээс үл хамааран шүүх шинжээч томилох эрх хэмжээтэй гэж үзэж байна. Мөн Хөрөнгийн үнэлгээ хийсэн үнэлгээчин Ж.Уртнасанг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Шүүх хуралдаан 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13:30 цагт товлогдсон ба энэ тухай шүүхээс 03 дугаар сарын 25-ны өдрийн 18 цагийн үед надад мэдэгдсэн. Гэтэл тухайн өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Ц.Бямбасүрэнгийн нэхэмжлэлтэй, ИНЕГ-т холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан тул анхан шатны хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг нотлох баримтыг хамтаар шүүхэд хүргүүлсэн. Ийнхүү нотлох баримтаа хавсаргаж хүсэлт гаргасан байхад үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч шүүх хүлээн авахаас татгалзсан. Уг захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь хэсэгт "гомдол гаргах эрхтэй" тухай заасан байна. Гомдол гаргах эрхтэй байхад захирамжид гомдол гаргах эсэхийг тодруулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвзрлзх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн. Шүүх хуралдааны явцад хариуцагчаас шинээр гаргаж өгсөн баримттай нэхэмжлэгчийг танилцуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөнөөс  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Т.Батсайхан нь хариуцагч Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохдоо үүрэг гүйцэтгэгч, өмчлөгчийнх нь хувьд өөрөөс нь санал аваагүй тул үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулсан гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 4710 дугаар захирамжаар хариуцагч Т.Батсайханаас нэхэмжлэгч “Ориент инвест” банк бус санхүүгийн байгууллагад 488 878 095 төгрөгийг гаргуулан олгох, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ./ х.х-ийн 46 дугаар хуудас/

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг ноцтой зөрчсөнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна. Тухайлвал хэргийн 131 дүгээр талд нэхэмжлэгч албадан дуудлага худалдааны мэдэгдлийг өөрт нь хүргүүлээгүй, эрх зөрчсөн үндэслэлээр дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, улсын тэмдэгтийн хураамжаа төлсөн байхад шүүх 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/Ш32016/12608 дугаар захирамжаар шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн нэхэмжлэл гэж үзэж хүлээн авахаас татгалзжээ. Нэгэнт иргэний хэрэг үүсч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх эрхтэй юм.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг захирамжид нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байхад гомдол гаргах эрхийг хангахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой хязгаарлажээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөр шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр хуралдааны товыг хавсаргаж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн байхад анхан шатны шүүхээс “…Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан болж өнгөрсөн” гэсэн үндэслэл дурдаж түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчжээ. Мөн шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан 7 хуудас нотлох баримттай танилцах боломжоор нэхэмжлэгчийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан эрхийг зөрчсөн, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар тэгш мэтгэлцэх эрхээр хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх зөрчлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн зөрчилд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2016/02708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхагвасүрэнгийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                                                    Ш.ОЮУНХАНД