| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2019/0161/э |
| Дугаар | 162 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 162
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Цд холбогдох эрүүгийн 1930002950188 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн Дэлгэрхаан гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. С.Ц.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн нутаг сумын төвд өөрийн эзэмшлийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг согтуурсан үедээ жолоодон явахдаа 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”, 3.4-т жолооч дараахь үүрэг хүлээнэ. в/ “Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаадах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 15.8-д зааснаар “ Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ц.Мын жолоодож явсан Портер маркийн 80-66 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж мотоциклын арын суудалд зорчиж явсан иргэн Н.Зын эрүүл мэндэд “ тархи доргилт баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хөндлөн хугарал ” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч С.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019.06.29-ний өдөр Н.Зыг сундлаад Уулбаян сумаар адууны эрэлд явж байгаад оройн 20 цагийн орчимд Уулбаян сумын төвд Ганбаатар ахынд очсон. Тэнд очоод хоол, цай идэж уучихаад хөдлөх гэж байхад Ганбаа ах 0,5 литрийн ерөөл нэртэй архи гаргаж өгсөн. Тэр архийг нь хувааж уучихаад гудамжаар нь баруун зүг рүүгээ явж байхад гудамжны төгсгөлд гэнэт цагаан өнгийн Бонго маркийн автомашин гараад ирсэн. Тэр машиныг хараад мотоциклоо зогсоох гэсэн боловч, зогсоож чадалгүй мөргөсөн. Н.Зын баруун хөлний шилбэ хугарсан. Надад мотоцикль жолоодох “ А ” ангилалын үнэмлэх байхгүй. 0,5 литрийн шилтэй архийг хоёулаа хувааж уусан. Тухайн үед 30 орчим километр цагийн хурдтай явж байсан.
Гудамжны төгсгөлд ирж байхад гэнэт хашааны цаанаас гарч ирсэн.
Би тоормос гишгэсэн боловч зогсож амжаагүй. Бонго маркийн автомашины урдаас нь мөргөсөн. Ц.Мын автомашины гуперын үнэ болох 200.000 төгрөгийг төлсөн, Н.Зын эмчилгээний зардалд 1.0000.00 төгрөг, мөн эм тариа авч өгсөн. Одоо хөл дээрээ явж байгаа. Хохирогч нараас одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй.Миний буруу,хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
- Хохирогч Н.Зын мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Түвшинширээ сумаас 15 цагийн орчимд Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг С.Ц жолоодоод би ард нь сундлаад Уулбаян суманд ирсэн. Сумын төвд Ганбаагийнд ирээд хоол цай идчихээд С.Ц бид 2 нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи задлаад тэр архинаас 2, 2 хундага уугаад 20 цагийн орчимд унаж ирсэн мотоциклоо С.Ц жолоодоод би ард нь сундлаад гэрээс нь гараад гудамжаар зүүнээс баруун тийш явж байсан юм. Гэтэл гудамжны төгсгөлд баруун гар талаас цагаан өнгийн Бонго маркийн 80-66 УНИ улсын дугаартай ачааны машин гэнэт гараад ирсэн. Тэр машины урд талаас очиж мөргөж, би хажуу тийшээ шидэгдэж унасан. Тэгээд босох гэтэл баруун хөл шилбээрээ хугарсан босож чадахгүй байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
- Хохирогч Н.Зын цагдаагийн газарт гаргасан: 06 сарын 29-ний 20 цагийн үед С.Цтай мотоциклийн ард сундалж явах үедээ Н.З миний бие авто осолд орж баруун хөл хугарсан, С.Цаар хохирлыг бүрэн гаргуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх хүсэлт.2019.07.16. /хх-ийн 48/
- Хохирогч Ц.Мын мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд Уулбаян сумын төвд Дэнжийн байранд баруун хойт зүгээс зүүн урагш чиглээд гудамжаар орох гээд 80-66 УНИ улсын дугаартай Портер маркийн машинтай явж байтал миний зүүн гар талаас гудамжаар улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой сундлаатай 2 хүн хурд ихтэй гарч ирсэн. Тэгээд би машинаа зогсоох гээд тормос гишгээд зогсоож амжаагүй байтал урд талаар орж ирээд машины урд хэсгээр мөргөж унасан. Тэр хоёр залуу тухайн үед согтуу байх шиг байсан. Ард талд нь сууж явсан залуугийн баруун хөл нь хугарсан. Намайг тухайн үед цагдаад битгий хэл эндээ учраа олцгооё гээд байхаар нь би цагдаа дуудсан. Миний машины урд талын гупер хагарсан, ослоос авсан гэмтэл байхгүй. Би хагарсан гуперээ Улаанбаатар хотоос 200.000 төгрөгөөр худалдаж аваад мишандаа хийсэн. Буруутай хүнээс 200 000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
- Хохирогч Ц.Мын цагдаагийн газарт гаргасан: Ц.М минтй бие тээврийн хэрэгсэл жолоодож яваад мотоциклтой хүнтэй мөргөлдөж авар омол гаргасан тул гомдолгүй. Миний хохирол болох 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн... гэх тайлбар.2019.07.20./хх-ийн 49/,
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 352 дугаартай: Н.Зын биед “ тархи доргилт баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хөндлөн хугарал” бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 29-30/,
- Хүний их эмч Ц.Дайчинбатын тодорхойлолт /хх-ийн 28/,
- Техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай: Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд Портер маркийн 80-66 УНИ улсын дугаартай автомашины жолооч Ц.М нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Даюун маркийн мотоциклийн жолооч С.Ц 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараахь үүрэг хүлээнэ. в/ “Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаадах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ”, мөн дүрмийн 15.8-д зааснаар “ Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт /хх-ийн 18/,
- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн шүүх хиймийн шинжилгээний 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай: С.Цы цуснаас 1.4 промилл спиртийн агууллага илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн
- Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7 /
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03/
- Сүхбаатар аймгийн Уулбаян суман дахь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34/
- Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 179 дугаартай тодорхойлолт /хх-ийн 43/
- С.Цы Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч С.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар баг сумын төв, Дэнжийн 4-ийн 1-13 тоот хашааны гудамжинд тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ Даюун маркийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “ Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”, 3.4 “ Жолооч дараахь үүрэг хүлээнэ. в/ Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаадах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ”, 15.8 “ Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ц.Мын жолоодож явсан Портер маркийн 80-66 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж мотоциклын арын суудалд зорчиж явсан иргэн Н.Зын эрүүл мэндэд “ тархи доргилт баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хөндлөн хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Цы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Н.З, Ц.М нарын мэдүүлэгүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний их эмч Ц.Дайчинбатын тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 352, шүүх химийн шинжилгээний 86, Техникийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч С.Ц нь Уулбаян сумын төвд айлд согтууруулах ундаа хэрэглэсэн дараа, мөн мотоцикль жолоодох эрхгүй атлаа мотоцикль жолоодож гудамаар явахдаа баруун гар талаас ирж яваа иргэн Ц.Мын жолоодож явсан 80-66 УНИ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй явж мөргөсний улмаас зорчигч Н.Зын биед хүндэвтэр гэмтэл учирсан, Ц.Мын машины гупер эвдэрсэн үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ Б бид 2 хоорондоо юм яриад явж байсан бөгөөд мотоцикл гэнэт шарваад осолд орсон. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй тухайн үед км заагч ажиллахгүй байсан. Зам жаахан цастай байсан. Хамгаалах малгайг Б бид 2 огт өмсөөгүй байсан ” гэх,
хохирогч Н.Зын “Уулбаян Сумын төвд Ганбаагийнд ирээд хоол цай идчихээд С.Ц бид 2 нэг шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи задлаад тэр архинаас 2, 2 хундага уугаад 20 цагийн орчимд унаж ирсэн мотоциклоо С.Ц жолоодоод би ард нь сундлаад гэрээс нь гараад гудамжаар зүүнээс баруун тийш явж байсан. Гэтэл гудамжны төгсгөлд баруун гар талаас цагаан өнгийн Бонго маркийн 80-66 УНИ улсын дугаартай ачааны машин гэнэт гараад ирсэн. Тэр машины урд талаас очиж мөргөж, би хажуу тийшээ шидэгдэж унасан. Тэгээд босох гэтэл баруун хөл шилбээрээ хугарсан босож чадахгүй байсан...гэх,
Ц.Мын “ 2019 оны 06 дугаар сарын 29-ний орой 20 цагийн орчимд Уулбаян сумын төвд Дэнжийн байранд баруун хойт зүгээс зүүн урагш чиглээд гудамжаар орох гээд 80-66 УНИ улсын дугаартай Портер маркийн машинтай явж байтал миний зүүн гар талаас гудамжаар улаан өнгийн улсын дугааргүй Даюун маркийн мотоциклтой сундлаатай 2 хүн хурд ихтэй гарч ирсэн. Тэгээд би машинаа зогсоох гээд тормос гишгээд зогсоож амжаагүй байтал урд талаар орж ирээд машины урд хэсгээр мөргөж унасан. Ард талд нь сууж явсан залуугийн баруун хөл нь хугарсан. Миний машины урд талын гупер хагарсан “ гэх мэдүүлгүүд,
Техникийн шинжээчийн 46 дугаартай ” Портер маркийн 80-66 УНИ улсын дугаартай автомашины жолооч Ц.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Даюун маркийн мотоциклийн жолооч С.Ц Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийн хориглоно. а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ”, мөн дүрмийн 3.4-т жолооч дараахь үүрэг хүлээнэ. в/ “Мотоцикл мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаадах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх ”, мөн дүрмийн 15.8-д зааснаар “ Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт,
шүүх химийн шинжилгээний 86 дугаартай “ С.Цы цуснаас 1.4 промилл спиртийн агууллага илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна “ гэх дүгнэлт,
шинжээчийн 352 дугаартай ” Н.Зын биед тархи доргилт баруун шилбэний шаант болон тахилзуур ясны зөрөөтэй хөндлөн хугарал” бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүгдэгч С.Цы тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ мотоцикль жолоодож зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэг гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах /-т зааснаар тодорхойлогдох ба энэ гэмт хэргийг согтуурсан үедээ, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдэх зэрэг нь уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 -т заасан гэмт хэргийн шинжид хамаарна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Тэрээр тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй байх, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох зэрэг Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд дүрмийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүйгээс осол гаргаж, үүний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Зын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, түүнд учирсан эмчлүүсэний ор хоног, хагалгааны болон эмийн төлбөрт 1.000.000 төгрөг, хохирогч Ц.Мын машины урд гуперын 200.000 төгрөгийг шүүгдэгч С.Ц тус тус нөхөн төлсөн болох нь хохирогч Н.Зын цагдаагийн газарт гаргасан ” С.Цтай мотоциклийн ард сундалж явах үедээ Н.З миний бие авто осолд орж баруун хөл хугарсан, С.Ц хохирлыг бүрэн гаргуулсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй “гэх, хохирогч Ц.Мын “ миний бие тээврийн хэрэгсэл жолоодож яваад мотоциклтой хүнтэй мөргөлдөж аваар гаргасан.Миний хохирол болох 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул гомдолгүй “ гэх тайлбаруудаар нотлогдох ба тэрээр бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч С.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэргийн улмаас хохирогч Н.З, Ц.М нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх бөгөөд шүүгдэгч С.Цы үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохиогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх, мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ Энэ хуулийн тусгай ангид заасан тохиодолд эрх хасах ялыг заавал оногдуулна “ гэсэн зохицуулалтанд нийцнэ гэж шүүх үзлээ.
Мөн С.Цы гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн нөхцөл байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар дээрх тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахаар тогтоолоо.
Шүүгдэгч С.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Цыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ мотоцикль жолоодож автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч С.Цы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ 6 / зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч С.Цыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Цы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 03 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч С.Ц энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр гэмт хэргийн улмаас хохирогч Н.З, Ц.М нарт учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН