Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 143

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул, 

Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр 

Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Гд холбогдох эрүүгийн 1930000000180 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар баг “Шүүт хонхор” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй  Х.Г. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Эийн эрүүл мэндэд баруун хөлөнд хутгалж баруун гуянд зүсэгдсэн шарх, баруун гарын бугалганд цус хуралт , нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ 2019 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Н ах манай нөхөртэй хамт хөдөө ямаанд явсан. Тэгээд орой 18 цагийн үед ирсэн. Ямаагаа Амаа гэх ахаар боолгосон. Орой 22 цагийн үед бид нар боолтоо идсэн. Ямааны боолтоо идэж дуусаад Бийн дэлгүүрээс авчир 0.75 ерөөл архи уусан. Тэгээд архиа ууж дуусаад нөхөр бид хоёр гэр рүүгээ явах гэсэн чинь Э эгч явуулаагүй.  Дахиад архи нэмж уухаар болоод Э, Шинэцэцэг бид гурав Дорж-Очир гэх айл руу явсан. Тэгээд Э эгч тэр айл руу орчихоод гарч ирэхгүй болохоор нь Мэргэжил ахын гэр рүү бид хоёр очиж 0.75 ерөөл 1 шил, түмний кола нэгийг аваад буцаад очсон. Тэгсэн Э эгч манай нөхөрт намайг айл руу явсан гэж худлаа хэлсэн байсан. Манай нөхөр уурлаад бид хоёр муудсан. Э эгч манай нөхөрт чи наад Ггаа алаач гэж хэлсэн. Манай нөхөр яваад өгсөн. Э эгчийг би гаднаас орж ирэхээр нь айлгах маягтай хутгална гэж хэлсэн. Тэрнээс биш 20 жил ял аваад ирэх нас байна гэж хэлээгүй. Би санаандгүй хутгаа түрсэн байсан. Тэгээд би гэр рүүгээ яваад өгсөн. Намайг өглөө 06 цаг өнгөрөөгөөд цагдаа ирээд авч явсан. “ гэв.

 

Х.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “ Э эгч Дорж-Очир гэх айлаас архи аваад Шинэцэцэг бид хоёрын өмнө гэртээ оччихоод Г, Шинэцэцэг хоёр алга болчихсон, би хүлээсээр байгаад ирлээ гэж манай нөхөрт хэлсэн байсан. Би зөрүүлээд нөхрийнх нь дэргэд та өөрөө Дорж-Очир гэх хүнтэй угаалгын өрөөнд ороод үнсэлцээд хачин хачин болоод гарч ирэхгүй байсан биз дээ тэгээд над руу яагаад буруугаа чихээд байгаа юм гэж хэлсэн чинь  нөхөр нь Э эгчийг зодоод байсан. Нэлээн байж байгаад Э эгч намайг чи дэмий юм ярьж нөхөр  бид хоёрыг муудалцуулж намайг нөхөрт зодууллаа чи 2, 3 жил явж явж ирчихээд хүний амьдралд гай боллоо. Бээ чи наад хүүхнээ алаад өгөөч дуугүй болгоод өгөөч гээд байсан. Э эгч бид хоёр нэлээн маргалдаж байтал манай нөхөр намайг өшиглөж нүүрэн тус газар 2 удаа цохисон. Тэрнээс хойш би нилээн согтсон байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байна. Өглөө нар гарчихсан байхад би Нгийн гэрийн үүдэнд хутга барьчихсан зогсож байсан. Тэр үед миний ухаан ороод, зогсож байхад Н ах гэрийнхээ коридорт зогсчихсон чи Э эгчийнхээ гуянд нь хутга хүргэчихсэн байна цус гараад байна гэж хэлсэн. Би тэдний хашаанаас хутгаа бариад гарсан манай нөхөр хашааны гадаа зогсож байснаа яваад өгсөн. Би нөхрийгөө намайг аваад явахгүй гэж уур хөдлөөд Нгийнд урд хашаанд байсан айлын цэцгийн хүлэмжийг зүсэж ураад зогсож байсан чинь нэг танихгүй эгч гарч ирээд хүлэмж хэн урсан юм бэ гэхээр нь би гэж хэлээд Н ахын гэрийн үүдний коридорт нь хутгаа тавьж орхиод гэр рүүгээ алхаад харьсан...”  гэх мэдүүлэг /хх-52х/,

 

Хохирогч Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 14-нд манай нөхөр Н бид 2 ямааны боолт хийж идэх гээд  Н Бийн гар утас руу нь залгаад хөдөө яваад ямаа аваад ирье гэж хэлээд бид 2 тэдний гэрт нь очиж Н Б хоёр хөдөө ямаанд явсан. Би Гг хоёулаа манай гэр рүү хамт очих уу нөгөө 2 чинь удахгүй ирэх байлгүй манайд очиж ямааны боодог ид гэж хэлээд Гг гэр рүүгээ дагуулаад явсан. Орой 18 цагийн өнгөрч байхад нөгөө хоёр хөдөөгөөс ямаагаа аваад ирсэн ба манай нөхөртэй хадланд цуг ажиллаж байсан Амаа гэх ахыг дуудаж ямаагаа боолгосон. Тэнд найзууд болох Шинэтулга, түүний эхнэр Хандаа, Ганбаатар эхнэр Шинэцэцэг, Бэ, түүний эхнэр Г, манай нөхөр бид нар байсан. Шинэтулга би архи уухгүй гээд боодог задлаад идчихээд яваад өгсөн. Бид нар боодгоо идэж дуусаад Бийн дэлгүүрээс авчирсан 0.75-тай ерөөл нэртэй архийг юм ярьж хөөрөөд  уусан. Ууж дуусгаад дахиад архи нэмж уумаар байна гэж ярилцаад шөнө 02 цагийн үед би Дорж-Очир ахтай гар утсаар нь ярьж нэг шил архи авахаа хэлж гэр рүү нь Шинэцэцэг, Г бид гурав цуг алхаж очоод Дорж-Очирын хаалгыг тогшиж байгаад нэг шил 0.75 ерөөл архи, нэг лааз пиво зэргийг тэдний угаалгын өрөөнөөс аваад гараад ирэхэд цуг ирсэн хоёр байхгүй яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би шууд гэр рүүгээ явсан.  Явж байх үед сайн санахгүй байна Гэтэл нэг дугаараас над руу залгаад байсан, миний гар утас авч болохгүй гацаад байсан болохоор би ярьж чадаагүй. Гэртээ ороод нөгөө хоёр чинь намайг орхиод явчихсан байна би ганцаараа алхаж ирлээ гэж нөхөртөө хэлсэн. Удалгүй нөгөө хоёр  араас орж ирсэн. Тэд нэг шил архи ундаатай авсан байсан. Тэгсэн Гг чи хаагуур яваад ирж байгаа юм гээд нөхөр нь уурласан чинь би ангийхантайгаа явж байна гэж хэлээд Мэргэжил ахынхаас нэг шил архи  аваад ирлээ гэж хэлж байсан. Авч ирсэн архиа ууж сууж байснаа Г Э эгч “ тэр Дорж-Очир ахтай вайнны өрөөнд нь цуг орчихоод удаад гарч ирэхгүй байсан “ гэж нөхөрт маань худал яриад байсан тэгэхээр нь би “ битгий айл гэрийн хооронд худал юм яриад муудуулах  гээд бай, нөхөртөө гаргасан уураа бид гарт гаргаад байгаа юм уу”  гэсэн чинь үг авахгүй агсраад байсан. Удалгүй үүр цайж Ганбаатар, Шинэцэцэг хоёр 4 цагийн үед явсан хөдөө гэр рүүгээ явлаа гээд явсан. Би тэр хоёрыг гаргаж өгчихөөд гэр рүү ороод очтол Г ганцаараа хутга бариад мах идээд сууж байснаа та намайг нөхөртэй муудаж байхад намайг өмөөрсөнгүй нэмээд нөхөрт маань наад Ггаа алалдаа гэж хэллээ гээд хутгаа бариад над руу дайрсан. Би айгаад гадаа байсан нөхрөө дуудахад нөхөр ороод ирсэн чинь та гарч бай таныг ч гэсэн ална шүү гээд ойртуулахгүй байсан. Би хажуугаар нь гарч зугтах гээд байсан чинь намайг буланд шахчихаад таны зүрхэнд чинь  хутга шааж ална би таныг алаад  20 жил шоронд суугаад ирэх нас байна гэхээр нь би айгаад эгч нь хоёр хүүхэдтэй би амьдармаар байна намайг битгий ал гэж уйлаад зөндөө гуйсан. Нилээн байж байснаа миний баруун гуяны араас хутга дүрсэн. Тэгэхээр нь чи эгчийгээ хутгалчихлаа гэсэн чинь Г гэрээс гүйгээд гараад явсан эргэж орж ирээгүй. Миний эмчилгээнд зарцуулсан 350000 төгрөгийг Х.Г нь надад гаргаж өгөхөөр тохирсон байгаа учраас надад гаргах гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-16х/, 

 

Гэрч О.Ш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 07 дугаар сарын 14-нд Э архи ууж байхдаа Гг чи Бээс салаад 3 жил явж ирээд эргээд суулаа гэж хэлсэн чинь Г уурлаад та сая  Дорж-Очир ахтай шов шов хийтэл үнсэлцээд байж байсан биздээ гэж хэлээд хоорондоо маргалдсан. Хоорондоо маргалдах шалтгаан нь тэр үгнээс болсон байх гэж би бодож байна өөр мэдэж байгаа зүйл байхгүй. Г Эийг хутгалсан гэдгийг мэдээгүй, нөхөр бид хоёрыг явснаас хойш болсон байна... гэх мэдүүлэг /хх-24-25х/

 

Гэрч Г.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2019 оны 07 дугаар сарын 14-нд эхнэр бид хоёр ямаа боож, найзуудыгаа дуудсан. 22 цаг өнгөрч байхад шарсан ямаагаа задлаад бүгд 2 шил архи хувааж ууцгаасан... Би найзуудаа гаргаж өгчихөөд гэртээ ороход Г манай гэрт хутга бариад над руу нэг далайж байсан. Би чи яаж байгаа юм гэж хэлсэн чинь миний хажуугаар хоёр гартаа хутга бариад гэрээс гараад явсан. Тэгээд Э рүү харсан чинь гуянаас нь цус гарч байсан яасан бэ гэж асуухад Г намайг хутгалчихлаа гээд цусаа дарж боогоод би эмнэлэг яваад үзүүлчихээд ирье чи гэрээ цэвэрлээд шалаа угаачих гэж хэлээд эмнэлэг явсан.” .... гэх мэдүүлэг /хх-27-28х/

 

Гэрч З.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “ 2019 оны 07 дугаар сарын 15-нд Г.Э нь хүнд хутгалуулсан шархаар өвдөн бага зэрэг цус гарсан гэсэн зовиуртай ирж үзүүлсэн. Г.Э нь Г намайг хутгалсан гэж хэлсэн, өөр олон юм хэлээгүй. Тухайн үед түүний биеийн байдал нь баруун гуяны ар талын дунд хэсэгт өргөн 1 см гүн 1.5 см хатгагдсан шархтай баруун зүүн гарын бугалганы дунд хэсэгт бага зэрэг хөхөрсөн  байсан.”  гэх мэдүүлэг /хх-37х/

   

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 384 дугаартай: Г.Эийн биед баруун гуянд зүсэгдсэн шарх, баруун гарын бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц ир болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 39 / 

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-6х/

 

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай ийлдэс судлалын шинжилгээний бичиг /хх-13х/, 

Түмэнцогт сумын их эмчийн 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн эмнэлэгийн тодорхойлолт /хх-40х/, 

 

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн Засаг даргын 4/383 дугаартай Х.Ггийн оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх- 54/ 

 

Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх- 62/ 

 

Шүүгдэгч Х.Ггийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 53/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Эийн эрүүл мэндэд баруун хөлөнд хутгаар хутгалж баруун гуянд зүсэгдсэн шарх, баруун гарын бугалганд цус хуралт , нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Х.Ггийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Г.Э, гэрч О.Ш, З.Э, Г.Н нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 384 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Х.Гд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

 

Шүүгдэгч Х.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа согтуугаар хохирогч Г.Эийг  нь баруун хөлөнд  хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд учруулсан байна. 

 

Шүүгдэгч Х.Ггийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул Х.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Х.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Х.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч Г.Эт 350,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Х.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.3 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Х.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Гг 600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар ялтан Х.Ггийн орлого олох боломжийг харгалзан уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Ялтан Х.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Х.Гд мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Х.Гд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

7. Ялтан Х.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 350,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР