| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2019/0155/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Я.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Ягийн Шд холбогдох 1935002810163 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, Усны халхад оршин суух, урьд өмнө нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан, төрөөс авсан гавъяа шагналгүй Ш овогт Ягийн Ш /РД:............................./.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Ш нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт Нүцгэний эх гэх газраас хохирогч Ц.Цийн 1 тооны үхэрийг хулгайлж 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт Нүцгэний эх гэх газраас хохирогч Ц.Цийн 1 тооны үхэр алдагдсан болох нь гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7-р тал/, эд мөрийн баримтаар хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11-р тал/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 13-15-р тал/, хохирогч Ц.Цийн мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Хохирогч Ц.Цийн 1 тооны үхрийг шүүгдэгч Я.Ш хулгайлж авсан болох нь:
Хохирогч Ц.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт гэр бүлийнхээ хамтаар газар тариалан мал аж ахуй эрхлэн амьдардаг. Манайх саалийн 4 үхэртэй юм. Манай үхрүүд өглөөдөө 1 дүгээр багийн доод хэсгээр буюу Нүцгэний эх, Гэдрэг гэх газраар бэлчээрт яваад өөрсдөө ирчихдэг. Харин 2019 оны 7 дугаар сарын 19-ний өглөө манай 4 үхэр өглөө 08 цагт бэлчээр гараад явсан. Тэгээд орой 17 цагийн үед би гэртээ байж байтал манай бэлчээрт явсан үхрүүд ирэхэд 3 үхэр байсан. Нэг үхэр ирээгүй. Тэгээд би хүүхдүүдийн хамтаар малынхаа бэлчээрээр нилээн орой болтол хайсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манай өөрийн ижил сүргийн мал байсан. Ижил сүрэг малаасаа тасарч явах тохиолдол огт байхгүй. Манайх саалийн 4 үнээтэй тухайн 4 үнээ тогтмол нэг газраар цуг бэлчээрлэж орой тогтмол цаг хугацаанд гэртээ 4-үүлээ гүйгээд ирчихдэг байсан. Манай 4 үхрээс хүн тасалж авахгүй л бол ганцаараа салж хоцорно гэж байхгүй. Улаан хоо зүсмийн 4 настай эм үхэр байсан. Улаан гээд ч харагдчихаар, хальт харвал хоо зүсмийн буюу улаан цайвар ч юм шиг харагддаг. Нас гүйцсэн эх үхэр бол 120-130 кг мах гардаг. Миний хулгайд алдсан үхэр бол 4 настай эм үхэр байсан. Миний үхэрнээс бол 100 кг гаруй мах гарна. Миний үхэр улаан хоо зүсмийн үхэр байсан юм. Я.Ш гэдэг залуу надтай цагдаа дээр уулзаад ах би таны үхрийг хулгайлсан минь үнэн. Миний хэрэг тодорхой илчлэгдэх юм шиг байна би танд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн боловч одоог болтол хохирол төлж барагдуулаагүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 20-21-р тал/,
Гэрч Я.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2019 оны 7 дугаар сарын 20-ны өглөө миний бие өөрийн Улаангом сум 3-р баг 16-15 тоотод байрлах гэртээ амарч байтал миний 99093081 гэсэн дугаар руу 05 цаг 05 минутад гар утас дуугархаар нь аваад хартал Я гэх айлын залуу Ш 95909901 дугаараас над руу залгаад "Ш надад хандан та сайхан амарч баина уу? Ө ахаа би нэг үхэр зарах хэрэгтэй байна та манай гэрээс ирээд авах боломж байна уу? Гэж асуухаар нь би "ямар учиртай үхэр юм бэ? гэхэд Ш "мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм гэж хэлэхээр нь" би за за би очиж авна гэж хэлтэл Ш хурдан ирж авах хэрэгтэй байна гээд" гар утсаа тасалсан. Тэгээд би үүрээр 06 цагийн орчимд Бор үзүүр гэх газарт байгаа Шгийн гэрийн гадна очих үед Ш үхрээ алаад бэлэн болгосон байхаар нь би "Шгаас гарал үүсэл байгаа юу гэж асуухад Ш манай өөрийн 1 үхрийн мах байгаа юм асуудал гарвал над руу залгаарай гэж хэлээд миний унаж явсан хар ногоон өнгийн ланд-100 маркийн 0056 УВА улсын дугаартай машинд ачиж өгөхөөр нь би Улаангом ороод өөрийн грашдаа буулгасан. Уг үхрийн мах нь манай грашд бүгд байгаа. Надад Ш хэлэхдээ 4 настай эх үхрийн мах гэж хэлсэн. Ямар нэгэн зүс хэлээгүй. Уг үхрийн мах нь 107 кг болсон. Анх Шгаас мах авах үед 1 кг 5800 төгрөгөөр авахаар тохирсон. Мөнгийг одоохондоо өгөөгүй. Ш надад машины мөнгө болох 4.000.000 сая төгрөг өгөх дутуу байгаа. Би тэр үхрийг улаан хоо зүсмийн үхэр болов уу гэж бодсон. Учир нь надад өгсөн махны нэг гуяан дээр алга дарам хэмжээний үхрийн шир үлдсэн байсан тэр ширнээс харахад хоо гэж хэлчихээр зүстэй байсан. Ш нь өөрөө үхэр малтай хүн, гэр дээр нь ч гэсэн тэр өдөр нэлээн олон тооны үхэр /40 орчим тооны үхэр/ харагдаж байсан тэгэхээр нь би түүнийг өөрийнхөн мал байх л гэж бодож байсан. Өөрөө ч надад хэлэхдээ манай дээрээс ирээд авчихаач өглөө эрт хөдөө явах ажилтай болоод байна гэхээр нь би өөрийнхөн гэж найдаад авчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25-р тал/,
шүүгдэгч Я.Шгийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би 2019 оны 7 дугаар сарын 19-ний орой манай гэрээс хойно гашууны голын хойд талаар айлын жимсний талбайн тор дагуу 1 тооны улаан үхэр байхаар нь би тухайн үхрийг тууж гэрийн ард авч ирээд гэрээс орж өөрийнхөө улаан бариултай хутгыг хурцалж аваад гарч голын дэргэд тухайн үхрийг унагааж байгаад нугаслаад тэр үхрийг ганцаараа алж нядлаад өглөө үүрээр 05 цагт алж дуусаад махны ченж Өын утас руу залгаж би гэр дээрээ өөрийнхөө нэг үхэр алсан юм та ирээд махыг нь аваач мөнгөний яаралтай шаардлага гараад байна гэж дуудаж өглөө 06 цагт Ө ирээд миний алсан үхрийн махыг аваад явсан. Тэгээд би үдээс хойш Улаангом руу орж Өаас үхрийнхээ мөнгийг авах гээд ороход Ө ажил дээрээ байгаагүй бөгөөд маргааш нь надад “энэ мах чинь хулгайн мах байна би авахгүй буцааж ав” гээд надад өгсөн би тэр махыг гэр дээрээ аваачиж хадгалж байгаад муудчихаар нь хаячихсан юм. Би хэний үхэр болохыг мэдэхгүй, улаан зүсмийн үхэр л байсан. Би харанхуйд алсан болохоор тэр үхрийн зүсийг нарийн хараагүй улаан зүсмийн үхэр байна л гэж харсан, мөн имийг нь ч анзаараагүй. Би тухайн үед мөнгөний хэрэг гарсан бөгөөд ашиг олох зорилгоор хулгайлсан.. Би тэр үхрийг 2019 оны 7 дугаар сарын 19-ний 23:00 цагийн үед гэрийн ард авч ирсэн. Би хохирогчид өнөөдөр хохиролыг төлж барагдуулсан. 2019 оны 7 дугаар сарын 19-ний шөнө гэрийнхээ ард гашууны голын дэргэд ганцаараа алсан. Шийр, толгойг нь урд талын харгана дунд нуусан, шир, дотор гэдсийг нь арын харганад аваачиж нуусан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдож байна.
Увс финанс Аудит ХХК-ны 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 307 дугаар “Эх үхэр /4 настай, сувай/ нь 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэ ханштай болохыг тодорхойлов" гэх дүгнэлт /хх-ийн 32-р тал/-ээр тухайн үхэр 600.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Я.Ш нь хохирогч Ц.Цийн 600.000 төгрөгийн, үнэлгээтэй, 1 тооны, 4 настай, эх үхэр /сувай/-ийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Я.Шд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Ш нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй болно.
2. Шүүгдэгч Я.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Ш нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Я.Ш урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолуудын хуулбар, эрүүгийн харицлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 109-р тал/-аар нотлогдож байна.
Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Ц.Дгийн өгсөн: “Я.Ш нь эхээс 6-уулаа айлын 5 дахь доороо нэг эрэгтэй дүүтэй, дээрээ 1 ах, 3 эгчтэй. Бага насаа эцэг эхийн дэргэд өсөж хүмүүжсэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийг төгсөөд сургуулиас гарчихсан. Сургуулиас гараад эцэг эхийн дэргэд мал маллаж байгаад 2012 онд дээрмийн хэргээр ял эдэлж гарч ирсэн. Ял эдэлж байхад нь ээж нь нас барж шоронгоос гарч ирээд аавынхаа хамт гэртээ байж байгаад 2017 онд Б гэдэг охинтой гэр бүл болж 2017 онд хүү Т, 2019 оны 4 сард бага хүү Т нь төрж 2 хүүхэд эхнэрийн хамт Улаангом сумын 1-р багт мал маллан амьдардаг. Хувьдаа үхэр, адуу нэлээн байгаа бог мал цөөн тооны мал байгаа ер нь нийт 200-300 орчим толгой малтай. Зан байдлын хувьд мал маллах сонирхолтой малч ухаантай, бусдад тусархуу хөөргөн сэтгэлтэй залуу байгаа юм. Том эгч нь нас барсан, 2 дахь эгч нь Улаангом суманд мал маллан мьдардаг, 3 дахь эгч нь Тэс суманд амьдардаг, ах Б нь хулгайн хэргээр ял эдэлж байгаа, дүү Очирбат нь гэртээ аавын хамт байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/, Гэрч Э.Нийн өгсөн: “Би Шадгарсүрэнгийн ах Бийн эхнэр буюу Я.Шгийн бэргэн эгч нь байгаа юм. Би Я.Шг анх энэ айлд 2010 онд бэр болж очсоноос хойш мэднэ. Я.Ш нь одоогоор Увс аймгийн Улаангом сумын 1-р багт эхнэр 0-2 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Я.Ш нь одоогоор ганц гэрээрээ байгаа өөрийн гэр дээрээ бод, бог малтай мал маллан амьдардаг. Эхнэр Бтайгаа 2017 онд гэр бүл болж 2019 онд гэрлэлтээ батлуулсан. Я.Ш нь зан байдлын хувьд төлөв даруу, бусадтай нийтэч, олон нийтийн ажил үйлчилгээнд идэвх санаачлагатай, гэр бүлдээ болон хүүхдүүддээ тавих анхаарал халамж сайн, бага насны 2 хүүхэдтэй болохоор эхнэр нь гэрээсээ гарч яваад байдаггүй. Я.Ш нь малч ухаантай, мал маллах сонирхолтой залуу байгаа юм. Урьд нь дээрмийн хэргээр ял шийтгүүлж байсан түүнээс хойш огт ямар нэгэн хэрэгт холбогдож байгаагүй, ах дүү нарынхаа дунд нэр хүндтэй, ер нь эхнэр авснаас хойш их төлөв даруу болчихсон.” гэх мэдүүлэг/хх-ийн 29-р тал/, Гэрч Ж.Огийн өгсөн: “бид хоёр найз нөхдийн холбоотой 10 жил орчим найзлаж байна. Я.Ш манайх хоёр жилийн 4 улиралд айл саахалт бууж цуг хамт байдаг. Я.Ш нь 2017 онд Бтай гэр бүл болж 2 хүүтэй болсон том нь одоо 2 настай, бага нь ой хүрээгүй байгаа. Я.Ш нь одоогоор Увс аймгийн Улаангом сумын 1-р баг Хусны халх гэх газарт малтайгаа мал маллан амьдардаг Я.Ш нь зан байдлын хувьд бусадтай нийтэч, ойр хавийнхаа залуучуудтай бол эв дүйтэй, наргианч, хөгжилтэй, хөдөлмөрч, мал маллах сонирхолтой, морь уяж уралдуулах сонирхолтой, бусдад тусархуу залуу байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р тал/ -үүд хэрэгт авагдсан байна.
хохирогч Ц.Ц нь шүүгдэч Я.Шгээс үхрийн үнэ болох 600.000 төгрөг болон үхэр эрж хайсны зардалд 400.000 төгрөг буюу нийт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирол төлүүлж авсан одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн тодорхойлолт хийж нотариатаар гэрчлүүлсэн баримт /хх-ийн 142-р тал/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг харгалзан, гэмт зан үйлийг ухамсарлуулж ойлгуулах зорилгоор нийтэд ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Я.Шгийн өмчлөлийн 1 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ш овогт Ягийн Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Шд 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Я.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Шгийн 1 тооны үхэр битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Я.Шд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ