| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00980/И |
| Дугаар | 207/ма2026/00040 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 207/ма2026/00040
2026 03 26 207/МА2026/00040
Ч.”“““““ын нэхэмжлэлтэй,
хариуцагч Б.”“““““т
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.”“““““, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 312/ШШ2026/00313 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Ч.”“““““ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.”“““““т холбогдох,
Цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Тавилгын үлдэгдэл төлбөр 260,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тусгайлсан журмын иргэний хэргийг,
Хариуцагч Б.”“““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.”“““““, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.”“““““ын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ч.”“““““ хариуцагч Б.”“““““т холбогдуулан цалин хөлс 940,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...”“““““ мебелийн үйлдвэрт 2024 оны 07 дугаар сараас 2025 оны 04 сар хүртэл ажилласан бөгөөд сүүлийн хагас сарын цалин 940,000 төгрөгийг авч чадаагүй.Иймд үлдэгдэл цалин 940,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэж тодорхойлсон./хх1-4х/
Хариуцагч Б.”“““““ “...Ч.”“““““ ажлаа хаяж явсан учраас тавилгын мөнгөө гаргуулж авмаар байна.Нийт 1,450,000 төгрөгийн тавилга гэртээ хийлгэж авч явсан.Үүнээс 250,000 төгрөгийн хавтангийн үнийг суутгаж авсан.Үлдэх 1,200,000 төгрөгөөс 3 сарын цалин болох 940,000 төгрөгийг хасч үлдэх 260,000 төгрөгийг төлүүлмээр байна” гэсэн тайлбар, татгалзал сөрөг нэхэмжлэл гаргасан. /хх65-66, 69х/
Нэхэмжлэгч “...тавилга хийлгэсний суутгал гэж 1,600,000 төгрөгийг цалингаас хасч олгосон ...тавилга хийлгэмээр байна гэхэд болно, материалынхаа мөнгийг суутгаад, урсгал зардал чамаас суутгахгүй, чи өөрөө тавилгаа хийж ав гэж хэлсэн. Би өөрөө тавилгаа хийж авсан, өгөх ёстой мөнгөө суутгуулсан” гэсэн үндэслэл зааж, сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан /хх72,83х/
3. Нэхэмжлэгч Ч.”“““““, хариуцагч Б.”“““““ нар нь харилцан тохиролцож, хариуцагч Б.”“““““ нь нэхэмжлэгч Ч.”“““““ыг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс “““““““ мебель” гэх тавилга үйлдвэрлэдэг газарт тавилга угсрагчаар сарын 1,500,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар, сарын цалинг сар бүрийн 10, 25-ны өдрүүдэд олгож байхаар харилцан тохиролцсон,
3.1 Ч.”“““““ дээрх газарт 2025 оны 04 дүгээр сар хүртэл ажилласан байх ба хариуцагч Б.”“““““ нь нэхэмжлэгчийн ажилласан хугацааны сүүлийн сарын цалингаас 19 хоногийн цалин хөлс болох 1,140,000 /19х60,000/ төгрөгөөс 200,000 төгрөгт рек авсныг хасаад үлдэх 940,000 төгрөгийн цалин хөлсийг нэхэмжлэгчид олгоогүй,
3.2 Ажил олгогч Б.”“““““ ажилтан Ч.”“““““ад хөнгөлөлттэй үнээр буюу тавилгын хавтангийн үнийг авч өөрөөр нь болон ажилтнуудаар тавилга хийж авахыг зөвшөөрч тек, гал тогоо, телевизийн тавиур, угаалтуур зэрэг тавилгыг хийлгэж өгсөн, нэхэмжлэгч уг тавилгын материалын үнийг цалингаасаа суутгуулж төлж барагдуулсан зэрэг үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2. дахь хэсэгт зааснаар үнэлж зөв тогтоожээ.
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.
5. Ажил олгогч нь цалин хөлсийг сард хоёроос доошгүй удаа тогтсон өдөр олгох бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон нь ажил олгогчоос ажилтанд ажилласан хугацаанд нь олгох цалин хөлс, алданги, олговор, нөхөн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул дээрхи үндэслэлээр хариуцагчаас олгоогүй цалин хөлс болох 940,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 104.1., 128 дугаар зүйлийн 128.1.-д тус тус нийцсэн байна.
6. Талуудын тайлбар, гэрч Б.”“““““ын мэдүүлгээр ажил олгогч Б.”“““““ ажилтан Ч.”“““““ад хөнгөлөлттэй үнээр буюу тавилгын хавтангийн үнийг авч өөрөөр нь болон ажилтнуудаар тавилга хийж авахыг зөвшөөрч тек, гал тогоо, телевизийн тавиур, угаалтуур зэрэг тавилгыг хийлгэж өгсөн, нэхэмжлэгч уг тавилгын материалын үнийг цалингаасаа суутгуулж төлж барагдуулсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь тавилгын үнийг нэхэмжлэгчээс шаардах эрх үүсэхгүй байна.
6.1 Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.”“““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 312/ШШ2026/00313 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.”“““““ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагч Б.”“““““ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27,110 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.11 дүгээр зүйлийн 75.11.2.-т зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр бөгөөд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.”“““““
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА