Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 144

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Ч.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч.Т-д холбогдох 1935002970150 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд 2001 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлд зааснаар 30.000 /гучин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овгийн Ч.Т, регистрийн дугаар:................

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг Харганат гэх газраас хохирогч Ц.Б-ын 2 тооны тэмээг хулгайлж 1950000 /нэг сая өсөн зуун тавин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг Харганат гэх газраас хохирогч Ц.Б-ын 2 тооны тэмээг хулгайлсан болох нь:

1. Хохирогч Ц.Б-ын “...2019 оны 7 дугаар сарын 29-ний орой Улаангом сумын 3 дугаар баг 7-4 тоотод байрлах гэртээ байж байтал ээж Мягмар утсаар залгаад Наранбулаг сумын Харганат гэх газар байсан 7 тооны тэмээнээс танай хөх зүсмийн 7 настай эр тэмээ, шар зүсмийн 8 настай буюу 2 тэмээ байхгүй байна, чи хайж олох хэрэгтэй байна гэсэн. ...цагдаагийн албан хаагчийн хамтаар мотоциклтой машинтай хайсан боловч олдоогүй. Өглөө ах Магсаржав, Бүүвээ болон цагдаагийн хамт тэмээ хайж байх хугацаанд Тариалан сумын Шилийн бөгсийн Бор толгойн энгэрт байрлах эзэнгүй чулуун хашаанд тэмээ уяж байгаад 1 морьтой хүн хөтөлж авч явсан байдалтай байхаар нь уг мөрийг дагаж явахад Тээлийн гүүрний доод гармын дээд талаар гараад Адарганын улаан сайгийн уулаар хойшоо гарч Шатын Бор үзүүрт хүрч түнг рүү ороод уг ул мөр харагдахгүй болсон тул эрлийг зогсоосон. Тэгээд гэртээ байж байтал цагдаагаас над руу хулгайд алдсан тэмээгээ авах хэрэгтэй байна гэж хэлхээр нь би ах Магсаржав Бүүвээгийн хамтаар Шатын бор үзүүрт байрлах Ч.Тгийн өвөлжөөнөөс 700-800 метрт байрлах бургасны хажууд хулгайд алдсан манай хөх, шар зүсмийн тэмээг хүзүүгээр гануулдаж бурантаглаж уясан байхаар нь авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

2. Гэрч С.Н “...2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байж байтал оройхон 16 цаг өнгөрч байхад Ч.Т манай гэрт мотоциклтой ирээд намайг та юу хийж байна би өчигдөр 1 эмээл Наранбулаг сум руу оруулж зараад 2 тэмээ авсан юм. Тэр хоёр тэмээгээ Улаангом руу оруулж ирж байгаад замдаа айлын эзэнгүй чулуун хашаанд уячихсан байгаа юм та очоод тэр хоёр тэмээг туугаад Тээлийн гүүрээр оруулаад ирээч би таныг замаас тань тосоод авчихъя гэхэд би зөвшөөрч бид хоёр Тгийн гэр лүү түүний мотоциклоор явсан. Тэгээд Тгийн гэрийн гадна очоод түүний бор зүсмийн /цагаан зүсмийн морийг манай нутгийнхан бор гэдэг/ морийг нь унаад зааж өгсөн газар луу явсан. Тэгтэл Т-гийн гэрээс яваад Тээлийн гүүрний цаана хөдөөд нэг эзэнгүй чулуун хашаа байсан тэрнээс очиж хоёр тэмээг нь авч туугаад би Тээлийн гүүрний доод талаар гарч Адаргана гэх газарт явж байтал Т намайг тосож ирээд за одоо цааш нь аваад явчихъя та миний мотоциклийг унаад яв би мориороо энэ хоёр тэмээг туугаад явъя гээд надаас бор морио аваад надад мотоциклоо өгсөн. ...Надад хулгайн тэмээ гэдгийг хэлээгүй эмээл зараад өртөгт нь авсан юм гэж хэлсэн. Т эхнэртэйгээ цуг эмээл тааруулж эхнэр нь эмээлийн эдлэл оёдог болохоор би тэр хоёрыг эмээл хийгээд зарсан эмээлийнх нь хөлс юм байна л гэж бодсон. Надад сүүлд хэлэхдээ бор зүсмийн мориороо явж хулгайлж хашаан дээр авч ирсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

3. Гэрч Н.С-ийн “...2019 оны 7 дугаар сарын 30-ны өглөө нь тэмээгээ хайж явтал Тариалан сумын Шилийн бөгсийн Бор толгойн энгэрт байрлах эзэнгүй чулуун хашаанд тэмээ уяж байгаад авч явсан морьтой хүний ул мөр байхаар нь уг мөрийг дагаж явахад 1 морьтой хүн 2 тэмээ хөтөлсөн байдалтай хөрсөн дээр гарч Тээлийн гүүрний доод талаар хойшоо гараад, Адарганын Улаан сайгийн уулаар хойшоо гарч Шаттын бор үзүүр гэх газарт хүрээд ул мөр гарах боломжгүй болж, ойр орчимд нь ул мөр болон тэмээ хайгаад олохгүй болохоор нь буцаж Улаангом сум ороод Ц.Б-ын гэрт байж байтал цагдаагаас Ц.Б руу залгаад хулгайд алдсан тэмээ олдсон тул авах шаардлагатай гэж хэлхээр нь Ц.Б, Ц.М, цагдаа нарын хамтаар Шаттын бор үзүүр гэх газарт байрлах Ч.Т гэх хүний өвөлжөөнөөс хойшоо яваад гэрийн буйр шиг том бургас дунд хулгайд алдсан тэмээг хэвтүүлж уясан байдалтай байсныг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

4. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн “...Улаангом сумын 8 дугаар баг, Шаттын бор үзүүр гэх газарт уяатай байсан 2 тооны тэмээнд үзлэг хийхээр тогтов. Уг 2 тэмээ нь бурантаглаж модноос уясан байдалтай, босож явах боломжгүй байсан бөгөөд шар зүсмийн 8 настай тэмээ нь хацар /шанаа/ хэсэгтээ холбоо дэгрээ тамгатай, баруун чих нь сод имтэй, урд талын бөх нь зөв тал руу унжсан, арын бөх нь босоо байв. Үзлэгийг цааш явуулахад шар зүсмийн тэмээний хажууд байсан хөх зүсмийн 7 настай, хацар /шанаа/ хэсэгтээ холбоо дэгрээ тамгатай, баруун чих нь сод имтэй, хоёр бөх нь босоо байсан ба 2 /урд/ хөлийг нь сураар боож, хүзүүгээр нь гануулдаж уясан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авлаа. ...үзлэгийн тэмдэглэлээр хөх, шар зүсмийн тэмээг Улаангом сумын иргэн Чүлтэм овогтой Т-гээс хураан авахаар тогтов...” гэх Малд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/,

5. 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн “2019 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Увс аймгийн Наранбулаг суманд 7 настай эр тэмээ 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөг, 8 настай эр тэмээ 1.000.000 /нэг сая/ төгрөг болохыг тодорхойлов” гэх шинжээчийн 306 дугаартай дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

6. Шүүгдэгч Ч.Т-гийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр би гэрээсээ 2 эмээл хийж аваад өөрийнхөө бор морийг унаад тухайн 2 эмээлийг зарахаар Наранбулаг, Завхан сумын чиглэлд явж байгаад Улаангом сумаас 30 орчим км-т Наранбулаг сумын Алдар багийн нутаг Харганат гэх газарт 2 тооны тэмээ сул гүйж явахаар нь би тухайн хоёр тэмээг авчихмаар санагдаад ойрхон байсан эзэнгүй айлын чулуун хашаа руу оруулж, тухайн хоёр тэмээ нь ...харагдаад байхаар нь хэвтүүлээд хоёр хөлийг нь гануулдаж уяад орхичхоод хадам аав Н-н гэрт очоод Н-г хоёулаа манай гэрт очъё би өчигдөр Наранбулаг сум руу 1 эмээл зараад 2 тэмээ авсан юм урд уяатай байгаа та түүнийг дөхүүлээд өг гэж хэлээд ...хадам аав Нд өөрийнхөө бор мөрийг унуулаад 2 тэмээ уясан газраа зааж өгөөд явуулчхаад араас нь мотоциклоор очиход Н тухайн газарт хүрээгүй байсан тул би хашаан дотор уяатай байсан хоёр тэмээг тайлж хашаанаас гаргаад явганаар тууж байтал Н ирээд би хадам аавд тухайн хоёр тэмээг тээлийн гүүрний доод талаар туугаад оруулаад ирээрэй гэж хэлчхээд мотоциклоо унаад Улаангом руу орч ирчхээд буцаад замыг нь тосоход Адаргана гэх газарт явж байхаар нь би мотоциклоо хадам аавд өгөөд явуулсан тэгээд тэр хоёр тэмээг тууж өөрийнхөө өвөлжөө болох Бор үзүүр гэх газарт очоод бураа модонд аваачиж уяж орхиод Улаангом орж ирээд гэртээ хариад байж байтал оройхон манай гэрт цагдаа ирж миний хэрэг илчлэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, хулгайлагдсан малд үнэлгээ хийсэн шинжээчийн 306 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг сумын Алдар багийн нутаг Харганат гэх газраас хохирогч Ц.Бын 2 тооны тэмээг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 1.950.000 /нэг сая есөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Хохирогч Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайлагдсан “хөх зүсмийн 7 настай эр тэмээ, шар зүсмийн 8 настай эр тэмээг” тус тус хүлээн авсан болох нь “Малд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл”-ээр /хх-ийн 10 дугаар хуудас/, хор уршигт 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөгийг хүлээн авсан болох нь хохирогчийн “...миний бие Чүлтэм овогтой Тгээс хохирлын мөнгө болох 170.000 төгрөг авсан тул одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх /хх-ийн 53 дугаар хуудас/ хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Ч.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 105 см урт гүрмэл цээжтэй, 7 м 30 см урт суран бугуйл 1 ширхэг, 2 үзүүрийг давхарлаж уясан, 3 метр урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, бүрэн тоногтой орос хар эмээл 1 ширхэг, саарал өнгийн даавуу болон зулхайн давхаргатай тохом 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, битүүмжилсэн бор зүсмийн нас гүйцсэн нэг морийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ч.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-д 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Ч.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 105 см урт гүрмэл цээжтэй, 7 м 30 см урт суран бугуйл 1 ширхэг, 2 үзүүрийг давхарлаж уясан, 3 метр урттай цагаан өнгийн олс 1 ширхэг, бүрэн тоногтой орос хар эмээл 1 ширхэг, саарал өнгийн даавуу болон зулхайн давхаргатай тохом 1 ширхэг, суран хазаар 1 ширхэг, битүүмжилсэн бор зүсмийн нас гүйцсэн нэг морийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА