| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/03111/И |
| Дугаар | 207/Ма2026/00041 |
| Огноо | 2026-03-26 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 207/Ма2026/00041
2026 03 26 207/МА2026/00041
““““““ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
““““““ ТӨХК-нд
холбогдох иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00036 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : ““““““ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ““““““ ТӨХК-нд холбогдох,
“““““““ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамба, хариуцагчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Миний бие ““““““ нь ““““““ ТӨХК-д Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажилладаг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан. Тухайн үед уг тушаал дээр би гомдол гараагүй. Гэтэл дахиад ажлын байрны тодорхойлолтод заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, Хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоо хүртэл үргэлжилж байгаа гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн ““““““ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаартай тушаалыг танилцуулсны дагуу ““““““ ТӨХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан. Компанийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурлаар авч хэлэлцээд талууд харилцан тохиролцоогүй. Сахилгын шийтгэл ногдуулж байгаа уг үндэслэлүүд нь тодорхойгүй, өмнө нь яг энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан байтал дахин арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул ““““““ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгож, миний цалингаас хассан 578,730 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ““““““ нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн в/978 дугаар албан бичгийн дагуу ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Захирлын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас өгсөн ажлын байрны тодорхойлолт батлуулж дуусгах, ажилтнуудад мэдээ мэдээлэл хүргэж байгаа урсгалыг тодорхой болгох, албажуулах үүрэг даалгаврыг тус тус биелүүлээгүй сахилгын зөрчил гаргасан нь хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх. Үүргийг зөрчсөн байна гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-д заасны дагуу нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар билүүлээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3-д заасны дагуу үндсэн цалинг 1 сар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь: 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хэлтсүүдийн 2024 оны тайлан хамгаалах хурал болж тухайн хурлаас хэлтсүүдэд 2025 онд хийх ажлууд, тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн. 2025 оны 07 дугаар сард компанийн хагас жилийн тайлан гарсантай холбоотой Гүйцэтгэх захирал В.”“““““хэлтэс тус бүрээр ажилтнуудтай уулзаж, 2024 оны жилийн эцсийн тайлангаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явц, сар бүр хийдэг өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгах, мөн ажилтнуудын санал хүсэлтийг сонсох ажил хийсэн. Уг уулзалт дээр 2024 оны жилийн эцсийн тайлангаас Захиргаа удирдлагын хэлтэст өгсөн үүрэг даалгаврын биелэлт, сар бүр хийдэг өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцыг шалгаж, тухайн хэлтсийн ажлын талаар ярилцаад Гүйцэтгэх захирлаас өгсөн тодорхой үүрэг даалгаврууд биелэгдээгүй байсан. Ажил олгогч болон Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ““““““тэй харилцан тохилцож байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.12-д ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, ажлын цагийг үр бүтээлтэй ашиглана, 4.4 хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллах гэж тус тус заасан үүргээ биелүүлээгүй. Ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зорилтын хүрээнд хийх ажлын жагсаалтад Удирдлагаас өгсөн өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах гэсэн үүрэг байгаа ба уг үүргийг биелүүлээгүй. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 12.13.2-р "Дотоор журам хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй зөрчил гаргасан тохиолдолд ажилтны үндсэн цалинг 20 хүртэл хувиар 3 хүртэл сарын хугацаатай бууруулах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан тул дээрх зөрчлүүдийг харгалзан үзэж 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалаар Захиргаа удирдлагын хэлтсийн дарга ““““““т нэг сар үндсэн цалинг 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д заасныг баримтлан “““““““” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагч “““““““” ТӨХК-аас 578,730 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ““““““т олгож шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байна. Нэхэмжпэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээний 4.2.12-т заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан, тухайн үед энэ тушаал дээр гомдол гаргаагүй. Гэтэл дахин ажлын байрны тодорхойлолтод заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гуйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, хөдөлмөрийн гэрээний хөдөлмөрийн гэрээний 4.2.12.-т заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоо хүртэл үргэлжилж байгаа гэх үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэсэн” гэж нэхэмжпэлийн шаардлагаа тодорхойлсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд шүүхэд хариу тайлбар гаргахдаа 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаал, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаартай тушаал нь утга агуулгын хувьд 2 өөр, нэхэмжлэгчийн гаргасан зөрчил нь нэг төрлийн зөрчил буюу удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гэдгийг тайлбартаа дурьдсан. 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалыг нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр тушаал юм. Гэтэл шүүх 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 дугаартай тушаалын талаар шийдвэрийн үндэслэх хэсэгтээ дурьдаж, энэ талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Тухайн тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэл нь cap бүрийн өргөтгөсөн шуурхай хурлаас Захиргаа удирдлагын хэлтэст өгсөн үүрэг даалгаварын биелэлт хангалтгүй. Уг үүрэг даалгаврын хүрээнд хэлтсийн ажилтнуудыг үүрэг өгч үүрэг даалгаврыг биелүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ аваагүй. Захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын хүрээнд хийх ажилд “Захиргаа удирдлагын хэлтсийн ажпыг өдөр тутмын удирдлагаар хангаж, эрхэлсэн ажлын хүрээнд асуудлыг шийдвэрлэх” гэж заасан байгаа. Мөн компанийн хөдөлмөрийн дотоод журмын “4.14.-д Өргөтгөсөн шуурхай хурлыг cap бүрийн хоёр дахь долоо хоногийн Мягмар гарагт хийнэ. Хуралд Гүйцэтгэх захирал, Ерөнхий инженер, хэлтэс, салбарын дарга нар оролцоно. Хурлаар өнгөрсөн сард гүйцэтгэсэн ажил, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ажлын явц, өглөг, авлага, алдагдал болон бусад асуудлуудыг хэлэлцэнэ. Хурлаар хэлэлцсэн асуудал болон үүрэг даалгаврыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тэмдэглэл хөтөлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэж заасан үүргийг биелүүлээгүй, өргөтгөсөн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж удирдлагад танилцуулаагүй зөрчил гаргасан. Энэ хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байгаа. Cap бүрийн шуурхай хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж батлуулсан боловч биелэлт байхгүй, биелэлтийг нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Ариунзаяа гаргаж гарын үсэг зурсан байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна. Дээрх үйл баримт нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгэх удирдлага Захиргаа удирдлагын хэлтсийн ажилтнуудтай хийсэн уулзалтын хурлын тэмдэглэл дээр тодорхой байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу Засаглал ил тод байдал хариуцсан менежер Д.”“““““удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй учир сахилгын арга хэмжээ авах талаар танилцуулж тайлбарлаж өгсөн. Нэхэмжлэгч өөрөө тайлбар өгөхөөс татгалзсан байдаг. Үүрэг даалгавар биелүүлээгүй нь өгсөн үүрэг даалгавар, хурлын тэмдэглэлээр нотлогддог. Анхан шатны шүүх: Үүрэг даалгавар өгөгдсөн бодит нөхцөл байдлыг дүгнээгүй, ажилтны албан тушаалын онцлог (удирдах ажилтан)-ийг харгалзан үзээгүй, үргэлжилсэн зөрчлийг нэг удаагийн зөрчил мэт буруу ойлгож тайлбарласан. Шүүх “нэхэмжлэгч ““““““ийн ажпын гүйцэтгэлийг үнэлж дүгнээгүй” гэж дүгнэсэн боловч сахилгын зөрчил нь заавал KPI үнэлгээнд тулгуурлах албагүй бөгөөд үүрэг даалгавар биелүүлээгүй нь өөрөө сахилгын зөрчилд хамаарна. Сахилгын арга хэмжээ авсан тушаалд удирдлагаас өгсөн үүрэг даалгавар тус бүрийг дахин дэлгэрэнгүй жагсаах нь хуульд заавал шаардсан нөхцөл биш юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ““““““ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00036 дугаартай шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн заалтад нийцсэн гэж үзэж байна. ““““““ нь “““““““” ТӨХК-д Захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан. 2025 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Б/219 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар ажлын байрны тодорхойлолтод заасан “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг нь тухай бүр тайлагнах” хөдөлмөрийн гэрээний 4.2.12.-д заасан “Ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх” үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоог хүртэл үргэлжилж байгаа тул үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ажил олгогчийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчилтэй тохирч байх, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх ёстой. 1.”“““““ нь компанийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тухайлан нэрлэж заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хэзээ, хэрхэн, ямар сахилгын зөрчил гаргасан нь тодорхойгүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргийг хэзээ, хэрхэн хангалтгүй биелүүлсэн нь тушаалын тушаах хэсэгт тодорхойгүй байгаа нь тушаалд заасан зөрчлийг шалгасан талаарх материал, хэлэлцсэн хурлын тэмдэглэл, сахилгын зөрчилд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлээгүй, зөрчил гаргагчийн гэм бурууг нотлон тогтоогоогүй, зөрчил бүр тогтоогдсон байх, хуулийн шаардлага хангахгүй буюу хуульд заасан журмыг зөрчсөн. 2. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 159 дүгээр зүйлийн 159.3.-т тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тохиолдолд татгалзал, түүний хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй. ““““““ийн гаргасан сахилгын зөрчлийг шалгаж тогтоосон талаарх нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгөөгүй болно. Иймд Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ““““““ хариуцагч “““““““” ТӨХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2 удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, ...сахилгын шийтгэл ногдуулж байгаа үндэслэл тодорхойгүй” гэж тодорхойлсон.
Хариуцагч “...нэхэмжлэгч ““““““т 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаар тушаалуудаар өөр өөр зөрчилд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг нь тухай бүр тайлагнах үүргээ биелүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан...2025 оны 02 дугаар сарын 05-нд сануулах сахилгын шийтгэл ногдуулснаас хойш дахин 2025 оны 02 сараас 2025 оны 08 дугаар саруудад өгсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэж, тайлагнаагүй, биелэлт гаргаагүй тул цалинг 20 хувь бууруулах арга хэмжээ авсан.Б/219 дугаар тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
3. Нэхэмжлэгч ““““““ нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “““““““” ТӨХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж тус компанийн Захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилласан,
3.1 “““““““” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаартай тушаалаар ““““““ийг “ажлын байрны тодорхойлолтод заасан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэж, үр дүнг тухай бүр тайлагнах, хөдөлмөрийн гэрээний 4.2.12-т заасан ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүргийг биелүүлээгүй зөрчил гаргаж, уг зөрчил нь одоог хүртэл үргэлжилж байгаа...” гэсэн үндэслэлээр түүнд сарын цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан үйл баримт тогтоогдсон.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүйн улмаас маргааны үйл баримтад үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
4.1 Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/27 тушаалаар ““““““т “...Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн В/978 дугаар албан бичгийн дагуу ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, Захирлын зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хурлаас өгсөн “ажлын байрны тодорхойлолт батлуулж дуусгах, ажилтнуудад мэдээ мэдээлэл хүргэж байгаа урсгалыг тодорхой болгох, албажуулах” үүрэг даалгаврыг биелүүлээгүй...” үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байна.
4.2 Үүнээс хойш “““““““” ТӨХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өргөтгөсөн шуурхай хурлаас “...Захиргаа удирдлагын хэлтэст дүрэм журмуудын нийцлийг хангах, тайланг видео хэлбэрт оруулах” /хх122х/, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн хурлаас “...дүрэм журмын нийцлийг шалгаад яаралтай шинэчлэх, компанийн ажиллагсадтай хийсэн уулзалтын талаар гаргасан төлөвлөгөөний тайланг авч нэгтгэх,биелэлт үр дүнг гаргах, Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, удирдлагын зохицуулалтын цахим системийг нэвтрүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу холбогдох судалгаа мэдээллийг сайн гаргаж өгөх, Компанийн 45 жилийн ойн арга хэмжээний төлөвлөгөөг нарийвчилж гаргах, бүтээлч ажил мөн бусад ажлуудын хийх хугацаа төсвийг тодорхой болгож өгөх, хугацаатай тайлан төлөвлөгөө үүрэг даалгаврын биелэлтийг тодорхой авдаг байх” /хх126х/, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны хурлаас “...тушаалын үндэслэл шийдэлд анхаарах /хөндлөнгийн аудитын зөвлөмжөөр Өвөрхангайн ажлаас чөлөөлөх шийдлийг анхаарах/ сүүлийн 3 жилийн аудитын зөвлөмжтэй танилцах, дүрэм журмын нийцлийг дуусгах, үүрэг даалгаврын биелэлтийг цаг хугацаанд нь гүйцэтгэх, гүйцэтгүүлэх, хяналт тавих, гэрээний биелэлтийг тайлан хэлбэрт оруулах, Компанийн танилцуулгыг видео хэлбэрээр бэлтгэх ажлыг яаралтай дуусгах” /хх128х/, 2025 оны 05 дугаар сарын 07-ны хурлаас “...холбогдох 10 жилийн судалгаа мэдээллүүдийг 6 дугаар сарын 01-ний өдрөөс оруулахад бэлдэх, үүрэг даалгаврын биелэлтүүдийн араас сайн анхаарах, тушаал шийдвэрүүдийн нийцлийг хангах /хх132х/, 2025 оны 06 дугаар сарын 10-ны хурлаас “...6 сард багтаагаад орон тооны хэрэгцээ шаардлагыг 2030 он хүртэл ямар байх талаар санал ирүүлэх, үүрэг даалгаврын биелэлтүүдийн гүйцэтгэлд анхаарах, бодит байдалтай нийцүүлэх, эхний хагас жилийн тайланг 7 дугаар сарын 9-ний өдрийн дотор ирүүлэх, компанийн тайланг 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргах /хх137х/ гэсэн үүрэг даалгавар өгөгдсөн байна.
4.3 Түүнчлэн нэхэмжлэгч нь “““““““” ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 4.14-д зааснаар ...хурлаар хэлэлцсэн асуудал болон үүрэг даалгаврыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга тэмдэглэл хөтөлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана” гэсэн үүрэг хүлээсэн байх ба 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрүүдийн хурлаас Захиргаа удирдлагын хэлтэст өгсөн дээрхи үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж, удирдлагадаа танилцуулах үүргээ хэрэгжүүлээгүй, дээрхи хугацааны ажлуудыг хийж гүйцэтгэн биелэлтийг дүгнүүлсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй.
4.4 Нэхэмжлэгчийн төлөөлөгч дээрхи үүрэг даалгаврын биелэлтийг гаргаж дүгнүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэргийн 120-138 талд авагдсан баримтаар өгсөн үүрэг даалгаврыг нэгтгэсэн боловч биелэлт, гүйцэтгэлийг дүгнүүлээгүй, хэргийн 147-160 талд авагдсан баримтууд 2025 оны 09, 11 сарын ажлыг дүгнэсэн буюу үүрэг даалгавар өгөгдсөн 2025 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сарын үүрэг даалгавраас өөр, нэхэмжлэгч 2025 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сард өгсөн үүргийг сар бүрд нь биелэлтийг дүгнүүлж байсан гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.
4.5 Ажил олгогч нэхэмжлэгчийг 2025 оны 02, 03, 04, 05, 06 дугаар сард өгсөн үүргийг сар бүрд нь биелэлтийг дүгнүүлж ажиллаагүй үндэслэлээр 2025 оны 08 дугаар сарын 29-нд Б/219 дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ авсан гэж тайлбарлаж байгаа нь баримтаар тогтоогдож байх ба хэргийн 147-160 талд авагдсан баримт нь сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш гүйцэтгэлийг дүгнүүлсэн баримтууд байна.
Өөрөөр хэлбэл 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сар бүр гаргаж танилцуулаагүй, биелэлтийг дүгнүүлээгүй, хэргийн 69-73 авагдсан тэмдэглэлээр 2024 оны жилийн эцсийн тайлан хамгаалах хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт хэлэлцсэн тэмдэглэл байна.Түүнчлэн хэргийн 181-184 дүгээр талд авагдсан үүрэг даалгаврын биелэлтийг 2025 оны 08 дугаар сарын 29-нд Б/219 дугаар тушаал гарснаас хойш нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэгтгэж гаргасан баримт байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
4.6 Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
5. Иймд хариуцагчийн “...үүрэг даалгавар биелүүлээгүй нь өгсөн үүрэг даалгавар, хурлын тэмдэглэлээр нотлогддог. Анхан шатны шүүх үүрэг даалгавар өгөгдсөн бодит нөхцөл байдлыг дүгнээгүй, ажилтны албан тушаалын онцлог (удирдах ажилтан)-ийг харгалзан үзээгүй, үргэлжилсэн зөрчлийг нэг удаагийн зөрчил мэт буруу ойлгож тайлбарласан..” гэсэн агуулга бүхий гомдол үндэстэй гэж үзэж, нэхэмжлэгч ““““““ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь “““““““” ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан нь хэргийн 5-7 талд авагдсан маргаан таслах комиссын хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн “...шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн” гэсэн гомдол үндэслэлгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 312/ШШ2026/00036 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ““““““ийн “““““““” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/219 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 578,730 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жадамбын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 88,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА