| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0125/э |
| Дугаар | 127 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн З овогт А.Б-д холбогдох 1935003040156 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, одоо Улаанбаатар хот Их Засаг их сургуулийн 2 дугаар курсын оюутан, ам бүл 6, аав, ээж, ах, 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сум, 2 дугаар багийн 10-18 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, З овогт А.Б /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Зыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Б нь хохирогч С.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч С.З-ын “...2019 оны 8 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим гэртээ охин Д, хүү Э нарын хамт байтал гаднаас манай гэрт манай хөрш болох О, хүүгийн хамт орж ирсэн юм. ...О манай гэрт орж ирээд надад чи эгчдээ хов зөөдөг хэн юм бэ? гэж хэлээд намайг гэрийнхээ хойморт цай уугаад сууж байтал Оийн залуу над руу ирээд миний толгой хөмсөг рүү гараараа 2-3 удаа зодоход миний баруун талын хөмсөг задарч цус гарсан. Тэгээд би хойш ухраад гэрийн хойморт байх ор луу ойртоход О намайг ирж дараад унагаасан. Тэгтэл дахин хүүхэд нь ирээд миний толгой руу 2-3 удаа гараараа зодоход би тэд нараас мултраад гараад явчихсан ба гэрээс гараад Найрамдалын хороонд байх төрсөн эгч Байгалмаагийн гэрт ирээд тэндээс цагдаа дээр ирж дуудлага өгчхөөд эмнэлэг дээр очоод баруун хөмсгөндөө 3 оёдол тавиулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар хуудас/,
2. Насанд хүрээгүй гэрч З.Д “...О эгч чи эгчдээ юу гээд хэлчихсэн юм гээд уурласан тэгтэл манай аав би юу гэсэн юм гээд хоорондоо маргалдаад том том дуу гаргаад хэрэлдээд эхэлсэн ба тэгж байтал гаднаас О эгчийн залуу орж ирээд миний ээж рүү гар далайдаг та хэн бэ? гээд аавтай барьцалдаж аваад ноцолдоод эхэлсэн тэгж байгаад нөгөө залуу манай аавыг ор номын сан хоёрын дундуур түлхээд оруулсан ба би тэр хоёрыг салгах гээд хүч хүрээгүй тэгээд нөгөө залуу аавыг хариу татаж босгоод голын орон дээр дарж унагаагаад дээрээс нь толгойгоороо 2-3 удаа мөргөхөд аавын зүүн хөмсөгнөөс цус гарсан. ...Манай аавыг хажуу айлын О эгчийг залуу Б ах зодсон нь үнэн. Аавыг зодож байхад надаас өөр манай гэрт О эгч, манай гэрт байсан Сүрэнхорлоо эгч мөн манай 9 настай дүү байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
3. Гэрч С.Б “...2019 оны 8 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим би гэртээ байтал миний төрсөн дүү З ганцаараа гаднаас нүүр нь цус болчихсон цусаа гоожуулсан ороод ирсэн. ...манай хажуугийн хөрш айлын О гэх эмэгтэй манай гэрт орж ирээд надтай маргалдаж байтал Оийн залуу манай гэрт орж ирээд намайг голын орон дээр дарж унагаагаад миний толгой руу мөргөчихсөн, мөн гараараа миний толгой руу зодлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
4. 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч С.З-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн хөмсөгний гадна хэсэгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт, үүдэн доод нэг шүдний сулрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 555 дугаартай дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч А.Б-ын “...би З ахын гэр лүү ганцаараа яваад ороход манай ээж Зын гэрийн баруун талын орны хажууд Зтай хэрэлдэж маргалдсан байдалтай, харин З ээжийн яг хажууд гэрийнхээ хоймор хэсэгт сууж байгаад гэнэт босож ирээд манай ээж рүү гараа далайхаар нь би очоод ээжийг зодож магадгүй гээд хамгаалаад Зын нүүр лүү түлхэхэд Зын хацар луу нэг хурууны хумс ороод шалбарсан байх. Тэгээд З намайг бариад авахаар нь би урдаас нь барьж аваад тэдний голын ор номын сан хоёрын дундуур Зыг түлхээд оруултал манай ээж намайг татаад авсан. ...Зыг толгойгоороо зүүн талын хөмсөгний орчим нь нэг удаа мөргөхөд Зын хөмсөг нь задраад цус гарсан. ...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна...” /хх-ийн 21-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 555 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Б нь 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт хохирогч С.Зыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.З, насанд хүрээгүй гэрч З.Д, гэрч С.Байгалмаа нарын мэдүүлэг, 555 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн “...А.Б нь надаас уучлалт гуйж, миний хохирлыг бүрэн барагдуулсан тул энэ хэргийг хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсье. Миний биед одоо өвдөж зовох зүйл байхгүй” /хх-ийн 39 дугаар хуудас/ гэх тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 27 дугаар хуудас/ тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 550 /таван зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА