| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/07432/N |
| Дугаар | 210/МА2026/00485 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00485
2026 03 04 210/МА2026/00485
“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10381 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******анд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,68,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. “*******” ХХК нь 2021.05.14-ний өдөр ******* дугаартай ******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын гэрээ”-г Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд гэрээний үнийн дүнг 447,944,869 төгрөг байхаар тогтсон. Гэрээний дагуу манай байгууллага 2021.08.05-ны өдөр гэрээгээр харилцан тохиролцсон барилгын ажлыг дуусгах үүрэг хүлээсэн.
Төсөвт өөрчлөлт орох болсон шалтгаан нөхцөл, Дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас манай улсад хил гааль хаагдаж барилгын материалын хомсдол бий болж, үнэ өртөг илт өссөн. Улмаар манай байгууллагын зүгээс 2021.08.16-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр үнэ өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт, задаргааг захиалагчид танилцуулсан.
1.2. Мөн захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн, захиалагч нэмэлт төлбөр төлөхөө илэрхийлсэн тухайд, захиалагчийн зүгээс гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах баримт бичиг болон гэрээ байгуулах үед урьдчилан мэдэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан нэмэгдсэн төсвийн задаргааг мөн танилцуулсан. Тухайн үед бидний гаргаж өгсөн нэмэгдсэн төсвийн задаргаатай танилцаад холбогдох төсвийн өөрчлөлтийг барилга хөгжлийн төвөөр дүгнэлт гаргуулан баталгаажуулж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ******* дугаартай гэрээний үнийн дүнг өөрчилж нэмэгдүүлэх боломжтойг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл захиалагчийн зүгээс төсвийн хэмжээ нэмэгдсэнээс шалтгаалан захиалагчийн зүгээс гэрээг дуусгавар болгох шийдвэр гаргаагүй. Улмаар тухайн барилгын ажил гүйцэтгэх хугацаа шахуу байгаа тул гэрээний нэмэлт өөрчлөлтийг яаралтай байгуулах тухай хандахад барилга хөгжлийн төвөөс дүгнэлт гарсан даруй нэмэлт төлбөрийг баталж олгох тухай, барилгын ажлыг гэрээний дагуу явуулах тухай илэрхийлсэн. Эдгээр нь 2021.07.30-ны өдөр төслийн зохицуулагч *******ийн барилгын хөгжлийн төвд гаргасан тодорхойлолт, 2022.06.19-ний өдрийн ******* дугаартай барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нотлогдоно.
1.3. Байгууллагын зүгээс төсвийн нэмэгдэл нийт 320,000,000 төгрөг байхаар задаргаа гаргаж захиалагчид өмнө дурдсанчлан танилцуулсан, харин барилга хөгжлийн төвөөс гаргасан дүгнэлтээр бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлтийг 115,684,418 төгрөг байхаар хянасан. Энэ нь 2022.06.19-ний өдрийн ******* дугаартай Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр нотлогдоно.
*******” ХХК нь ковид-19 цар тахлаас үүдэлтэй хүнд хэцүү нөхцөл байдалд өөрсдийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж хүлээлгэн өгсөн байдаг ба захиалагчийн зүгээс гэрээний гүйцэтгэлтэй холбоотой аливаа гомдлын шаардлага гаргаагүй. 2021.10.12-ны өдрийн ******* дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр нотлогдоно.
1.4. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учир дуусгавар болоогүй, шаардах эрхтэй. Манай байгууллага төсвийн хэмжээ нэмэгдэх болсон тухай Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан үүргээ биелүүлсэн. Захиалагч тал гэрээг цуцлах тухай аливаа санал гараагүй ба гэрээний төсвийн нэмэгдэлтэй холбоотойгоор үндэслэл бүхий дүгнэлтийг зохих байгууллагаас гаргуулж нэмэлт төлбөрийг төлөх, харилцан тохиролцох хүсэл зориг байсан нь Барилга хөгжлийн төвд гаргасан тодорхойлолт болон барилгын хөгжлийн төвийн дүгнэлтээр нотлогдоно. Иргэний хуулийн 345 дугаар зүйлд “Ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй” байхаар зохицуулсан. 2022.06.19-ний өдрийн ******* дугаартай Барилга хөгжлийн төвийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зааснаар бараа материалын үнийн өсөлтийн өөрчлөлт 115,684,418 төгрөг болох нь тогтоогдсон бөгөөд талуудын хэн аль нь дүгнэлттэй холбоотой гомдол, маргаан гаргаагүй. Өөрөөр хэлбэл 115,684,418 төгрөгийн үнэлгээ нь үндэслэлтэй. Мөн захиалагчийн зүгээс манай компанийн гүйцэтгэсэн барилгын ажлын гүйцэтгэлтэй холбоотой аливаа гомдлын шаардлага гаргаагүй, улсын комисст барилгыг хүлээлгэн өгсөн тул бид өөрсдийн үүргээ бүрэн биелүүлсэн. Иймд хариуцагчаас 115,684,418 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь *******наас Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг ******* Политехник коллежийн хүнд машин механизмын гараашийг барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд санхүүжүүлэхээр Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчаас тендер зарласны дагуу “*******” ХХК нь тендерт шалгарч, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай 2021.05.14-ний өдөр “******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралт” ******* дугаартай, 447,944,869.00 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. ******* дугаартай гэрээний тусгай нөхцөлд “ГЕН-ийн 56 дугаар зүйлийн дагуу гэрээний үнийн тохируулга хийж болохгүй” гэж Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар гэрээний үнийн хувьд нөхцөл зааж гэрээг байгуулсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, үнийн тохируулга хийх талаар харилцан тохиролцоогүй.
2.2. Азийн Хөгжлийн банкны ******* дугаар зээлийн хөрөнгийн санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн 2021.07.30-ны өдрийн ******* дугаар тодорхойлолтын агуулгаас үзэхэд магадлалаар батлагдсан хөрөнгийг гаргах талаар Азийн Хөгжлийн банканд уламжлах талаар мэдэгдсэн албан бичиг байх тул гэрээнд үнийн тохируулга хийх тохиролцоо хийсэн гэж үзэхгүй. Захиалагч нь гэрээгээр тохиролцож, төсвөөр баталсан ажлын хөлсийг гүйцэтгэгчид төлөх үүрэгтэй. Харин төсвийн хэмжээ нэмэгдэх тохиолдолд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар гүйцэтгэгч нь захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Төсөв нэмэгдсэнийг нөгөө тал хүлээн зөвшөөрч, гэрээнд өөрчлөлт оруулсан тохиолдолд ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэмэгдсэн төсөв буюу нэмэгдсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй. Гэтэл бодит байдал дээр үнийн тохируулга хийх талаар яам болон гүйцэтгэгч нар уулзсан, тохиролцож байсан гэх баримт байхгүй. Түүнчлэн гэрээний 5-д “Энэ гэрээний санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны ******* дугаар зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-өөс 100 хувь санхүүжүүлнэ. Тус төсөл 2021.08.30-ны өдөр хаагдаж, тус төслөөс энэ өдрөөс хойш ямар нэгэн санхүүжилт огт хийгдэхгүй тул гүйцэтгэгч нь улсын комисс ажиллаж, ажил хүлээн авах акт гарах, энэ гэрээний дагуу сүүлийн төлбөрийг холбогдох бүх талаар баталгаажуулах /******* политехник коллеж, төсөл, зургийн автор/, төлбөрийг Сангийн яамны хөгжлийн санхүүжилтийн газраар баталгаажуулж, Төрийн банкаар төлбөрийн гүйлгээ хийх зэрэг ажилд шаардагдах хугацааг тооцож ажлаа зохион байгуулна. Энэ гэрээний дагуу ямар ч төлбөр 2021.08.30-ны өдрөөс өмнө хийгдэнэ, энэ өдрөөс хойш ямар ч төлбөр энэ гэрээнд хийгдэхгүй болохыг гүйцэтгэгч ойлгосон болно”, гэрээний ерөнхий нөхцөлийн 21.1-д ТТН-ийн талаар гаргасан асуулгад төслийн менежер тодруулга тайлбар өгнө. Ийм тодруулгаар гэрээний нөхцөлийг өөрчлөхгүй” гэж заасан. Мөн талуудын байгуулсан ******* дугаартай гэрээгээр гүйцэтгэсэн ажил нь иргэд, аж ахуйн нэгж хоорондын барилгын ажил биш, Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслөөс санхүүжсэн, төрийн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын хуульд заасан үндэслэл журмаар хийгдсэн барилгын ажил бөгөөд улсын төсөвт тусгагдаагүй юм. Талуудын байгуулсан ******* дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 51.2-д “төслийн менежер гүйцэтгэгчийн ирүүлсэн сарын ажлын тайланг шалгаж, түүнд төлөх төлбөрийн дүнг тодорхойлж батална”, 52.1-д “...Захиалагч нь төслийн менежерийн баталсан дүнг ГТН-д заасан хугацаанд гүйцэтгэгчид төлнө...”, 52.4-д “Нэгж болон нийт үнийг тусгаагүй ажлын нэр төрөлд захиалагч төлбөр хийхгүй бөгөөд тэдгээрийг гэрээнд заасан бусад нэгж болон нийт үнэд орсон гэж үзнэ”, Гэрээний тусгай нөхцөлд “Төлбөрийг төлбөрийн мэдэгдэл гаргасан өдрөөс хойш 30 хоногийн дотор хийнэ” гэж тус тус заасны дагуу захиалагчийн зүгээс эцсийн тооцоог хийж дуусгаснаар гэрээ дуусгавар болсон. Гэрээ хэрэгжиж дуусаад хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа үнийн өсөлт шаардсан нь хууль бус.
2.3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Азийн Хөгжлийн Банкны ******* дугаар зээлийн хөрөнгийн санхүүжилттэй Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн Барилгын хөгжлийн төвд хүргүүлсэн тодорхойлолт, Барилгын хөгжлийн төвийн 2022.06.19-ний өдөр ******* дугаартай Барилга байгууламжийг зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл зэрэг нь гэрээгээр хийж гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээний талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай харилцан тохиролцсоныг нотлох баримт биш. Иймд Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчаас 2021.07.30-ны өдрийн ******* дугаартай “магадлалаар батлагдсан хөрөнгийг гаргах талаар бид Азийн хөгжлийн банктай зөвшилцөн шийдвэрлэх боломжтой болно” гэх тодорхойлолтыг Барилгын хөгжлийн төвд хүргүүлснийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам нэмэлт төлбөрийг баталж олгох тухайгаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ******* дугаартай гэрээгээр “*******” ХХК нь гэрээт ажлыг 2021.08.05-ны өдөр дуусган хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн тул нэхэмжлэгч шаардах эрхгүй. Өнөөдрийн байдлаар Азийн Хөгжлийн Банкнаас Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжиж, дуусгавар болсон бөгөөд 2021.05.14-ний өдөр “******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралт” ******* дугаартай гэрээний үүргийг талууд зохих ёсоор биелүүлж, 2021.10.12-ны өдөр 10/2021-8 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар барилгыг ашиглалтад хүлээн авч, эцсийн тооцоог хийсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. ******* дугаартай гэрээний захиалагч тал болох ******* нь Барилгын хөгжлийн төвд ямар нэгэн албан бичиг хүргүүлээгүй бөгөөд 2021.10.12-ны өдөр ******* дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарснаар барилгыг ашиглалтад хүлээн авч, эцсийн тооцоог хийснээс хойш буюу хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар хариуцагч *******анд холбогдох, Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56,1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 736,380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ... Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 115,684,418 төгрөг нэхэмжлэх болсон үндэслэл нь төсөв нэмэгдэх шаардлага болсонтой холбоотойгоор хариуцагч *******анд болон тус байгууллагын хэрэгжүүлж төслийн байгууллагад хандаж албан бичиг баримтын хамт хүргүүлсэн. Тухайн үед хариуцагч төлбөр төлөхөөс татгалзаагүй бөгөөд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3-т зохицуулснаар төлбөр төлөхөөс татгалзах, эсхүл гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авах тухай зохицуулсан. Үүнээс үзвэл хариуцагч байгууллага манай байгууллагын төсөв нэмэгдэх шаардлагатай болсон тухай албан бичиг тайлбарыг хүлээн аваад төлбөр төлөхөөс татгалзсан эсхүл гэрээг цуцлах тухай хариу албан бичиг ирүүлээгүй нь төсөв нэмэгдсэн дүнгээр төлөхийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Төсөв нэмэгдэх болсон талаар хариуцагч байгууллагын төслийн баг манай байгууллагаас ирүүлсэн хүсэлт, холбогдох санхүүгийн баримтуудыг үндэслэн гаргасан бөгөөд дүн нь 320,000,000 төгрөг болсон. Энэхүү дүнг манай байгууллага гаргаагүй. Хариуцагчийн төсөл хэрэгжүүлэгч байгууллага гаргасан. Гэвч хариуцагч төрийн байгууллага тул Барилга хөгжлийн төвийн дүгнэлтийн дагуу гарсан төлбөрийг төлөх боломжтой талаар тухайн үед тайлбарласан бөгөөд талууд тус байгууллагаас гаргасан дүнг төлөхөөр тохиролцсон. Гэтэл шүүхийн зүгээс тохиролцсон тохиролцооноосоо хэдэн жилийн дараа буцаж байгаа хариуцагчийн тайлбарыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2. ...Төсвийн нэмэгдсэн дүнгийн хэмжээг эцэслэн тодорхойлох шаардлага байсан болох нь талуудын албан бичиг, төслийн байгууллагын гаргасан дүгнэлт, барилга хөгжлийн төвийн дүгнэлтээр тус тус тогтоогддог. Гэтэл энэхүү хүсэл зоригоосоо 2 жилийн дараа татгалзах эрх хариуцагчид олгогдоогүй бөгөөд төсөв нэмэгдэх тухай манай байгууллагын албан бичгийг хүлээн аваад хариу өгөхдөө татгалзах, гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй. Иймд төлбөр төлөхөөс хожим шүүхийн шатанд татгалзаж байгаа нь үндэслэлгүй шударга бус байна. Шүүхийн зүгээс “хариуцагч тал зөвшөөрсөн гэх хариу өгөөгүй, харин Азийн хөгжлийн банктай хэлэлцэх боломжтой гэх хариу өгсөн” гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэсэн бөгөөд уг тайлбар нь ямар ч үндэслэлгүй. Нэгт Азийн хөгжлийн банк энэхүү гэрээний оролцогч биш болох нь гэрээнээс тодорхой харагддаг. Хоёрт өмнө дурдсанчлан төсөв нэмэгдсэн тухай ажил гүйцэтгэгчийн саналыг захиалагч хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй нөхцөлд төлбөр төлөхөөс татгалзах эсхүл цуцлах хариу өгөх боломжтой бөгөөд нэгэнт татгалзаагүй, цуцлаагүй тул хүлээн зөвшөөрсөнд тооцох ёстой.
4.3. Шүүхээс “нэхэмжлэгч тал “нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэсэн. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан корона вирусын халдвар гарч хил гааль хаагдсан, дотоодын бараа бүтээгдэхүүн дууссан, үнэ өссөн зэрэг нь нийтэд илэрхий тодорхой. Мөн дээр дурдсан нөхцөл байдлаас гадна эдгээр хомсдол, үнийн өсөлт хэзээ үүсэхийг таамаглах, тооцоолох боломжгүй болох нь тодорхой. Хэрэв манай байгууллага нэн дариу мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол хариуцагчийн зүгээс тухайн үед яг энэ үндэслэлээр төлбөр төлөхөөс татгалзах, эсхүл гэрээг цуцлах байсан. Гэтэл төлбөр төлөхөөс татгалзсан, гэрээ цуцалсан зүйл байхгүй. Бидний зүгээс гаргаж өгсөн санхүүгийн болон бусад баримтуудыг үндэслэж төсөв 320,000,000 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй тухай дүгнэлтийг хариуцагчийн хамаарал бүхий төслийн байгууллага гаргаж хариуцагчид танилцуулсан. Төсөв 115,684,418 төгрөгөөр нэмэгдэх үндэслэлтэй тухай дүгнэлтийг хариуцагчийн хүсэлтийн дагуу барилга хөгжлийн төв гаргасан. Хариуцагчийн зүгээс эдгээр дүгнэлтүүдэд заасан үнийн дүнгийн талаар маргадаггүй. Өөрөөр хэлбэл манай байгууллагын зүгээс гаргасан баримт үндэслэлтэй. Гэвч шүүхийн зүгээс бодит зардал гарсантай холбоотой үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
4.4. Шүүхийн шийдвэрийг дүгнэн үзвэл захиалагч төсөв нэмэгдэх тухай албан бичгийг хүлээн аваад төлбөр төлөхөөс татгалзах, цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй боловч 2 жилийн дараа өөрсдөө хянаж, барилга хөгжлийн төвөөр хянуулсан дүнгээ төлөхгүй гэж шүүхийн шатанд хариу тайлбар өгч төлбөр төлөхөөс татгалзсан нөхцөл байдлыг шударга үндэслэлтэй гэж шийдсэнд гомдолтой байна. Гэрээний харилцаа талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой атал төлбөр төлөхөөс татгалзах, гэрээг цуцлах эрхээ манай албан бичигт хариу өгөхдөө хэрэгжүүлээгүй атлаа шүүхийн шатанд хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн нь манай байгууллагыг ноцтой хохироож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбар, үндэслэлийн агуулга:
5.1. ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээ 3 сарын хугацаатай байгуулагдсан юм. Гэрээний тусгай нөхцөлд гэрээний үнийн дүнд тохируулга хийж болохгүй гэдгийг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар гэрээнд нөхцөл зааж гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт оруулж хийсэн гэрээг “*******” ХХК хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан. Энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 139 дүгээр зүйлийн 139.1-д заасны дагуу гэрээний талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, агуулгыг өөрсдөө тодорхойлж богино хугацаанд гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулахгүй гэдгийг харилцан тохиролцоод хийсэн гэрээ.
5.2. Захиалагч гэрээгээр тохиролцсон батлагдсан төсвөөр ажлын хөлсийг гүйцэтгэгчдээ төлөх үүрэгтэй. Хэрэв төсөвт өртөг нэмэгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт зааснаар нэн даруй захиалагчид мэдэгдэх ёстой. Гэтэл талуудын байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 05 дугаар сараас 2021.08.05-ны өдөр дуусгавар болно гэж заасан байсан. Уг гэрээний хугацаа дуусах дөхөж байхад буюу 2021.07.29-ний өдөр Азийн хөгжлийн банкны Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн зохицуулагчаас “*******” ХХК Ковид-19 цар тахлын улмаас 2021.08.05-ны өдөр дуусгавар болох байсан гэрээг 2021.08.25-ны өдөр болгон сунгасан талаар 90/21 дугаартай албан бичгийг илгээж байсан. Үүний дараа 2021.08.16-ны өдрийн 100/21 дугаартай албан бичигт “төсөл 2021.08.31-ний өдөр хаагдах гэж байна. Иймд ажлаа хурдан гүйцэтгээд төлбөр тооцоогоо хийе” гэсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Мөн хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл 2021.08.16-ны өдөр “*******” ХХК-аас цар тахлын улмаас төсөв нэмэгдсэн талаар хөдөлмөр эрхлэлтийг зохицуулагчид өгсөн болохоос захиалагч талд албан бичгээр мэдэгдсэн үйл баримт байдаггүй. Хэрэгт авагдсан баримтаас харахад 2022.02.09-ний өдөр “*******” ХХК-аас тус яаманд хандан “ийм нөхцөлөөр төсөвт өртөг нэмэгдсэн, үүнийг шийдвэрлэж өгнө үү” гэх албан бичгийг ирүүлсэн байдаг. 2022.05.09, 10-ны өдрүүдэд мөн тухайн агуулгатай албан бичгийг явуулсан бөгөөд төрийн нарийн бичиг *******т хандаад гэрээ байгуулах үед барилгын чанарын баталгаа болгож байршуулсан мөнгөө авъя гэх бичгийг тус тус илгээсэн байдаг.
5.3. Талууд гэрээ хийж хэрэгжүүлээд барилгыг улсын комисст хүлээлгэж өгөөд гэрээ дуусгавар болсон асуудалд хүсэл зоригийн илэрхийлэл хүлээж авсан, гэрээг сунгасан гэх ойлголт байгаа эсэхэд гайхаж байна. Тендер зарлах үед Ковид-19 цар тахал байсан уу гэвэл байсан. Тэр үед “*******” ХХК төсөвт өртгөө тооцоолж тендерийн санал ирүүлсэн. Тендерт шалгараад гэрээ байгуулах үе шат нь Монгол улсад 3 дахь хөл хорио тавигдаад суларсан үе байсан. Энэ үед эрсдэлээ тооцоолж өөрчлөлт оруулах талаар хэлэх боломжтой байсан. Гэтэл гэрээний хугацаа дуусгавар болсон байхад төсвийг нэмэгдүүлье гэсэн гэдэг нь үндэслэлгүй. Мөн манай байгууллагаас хариу өгөхгүй байсан бол тухайн үед хийж байсан ажлаа зогсоогоод ч гэсэн шаардах эрх нь нээлттэй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******анд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...талууд гэрээнд үнийн тохируулга хийхгүй байхаар тохирсон, төсвийн хэмжээ нэмэгдсэнийг ажил гүйцэтгэгч захиалагчид нэн даруй мэдэгдээгүй, олон улсын байгууллагаас санхүүжүүлж байсан төслийн хүрээнд явагдсан бөгөөд төсөл хаагдсан тул нэмэлт гаргах мөнгө улсын төсөвт суугаагүй” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлсэн байна.
3.1. “*******” ХХК болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай 2021.05.14-ний өдөр №******* дугаартай “******* политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр захиалагч нь ******* Политехник коллежийн хүнд машин механизмын гражийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 447,944,869 төгрөг төлөхөөр харилцан тохирсон. /хх-21-22/
3.2. Гэрээгээр тохирсон ажлыг ажил гүйцэтгэгч хийж гүйцэтгэн 2021.10.12-ны өдрийн *******-д дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”-ээр хүлээлгэн өгсөн, захиалагч ажлын хөлсийг төлсөн. /хх-12-20/
3.3. “*******” ХХК-аас төсөв нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар 2021.08.16-ны өдрийн №******* тоот албан бичгийг “Хөдөлмөр ур чадварыг дээшлүүлэх төсөл”-д, 2022.02.09-ний өдрийн ******* тоот, 2022.05.09-ний өдрийн ******* тоот, 2022.05.10-ны өдрийн албан бичгийг *******анд тус тус хүргүүлсэн. /хх-5, 133, 136, 143/
3.4. “Хөдөлмөр ур чадварыг дээшлүүлэх төсөл”-өөс “Барилга хөгжлийн төв”-д 2021.07.30-ны өдрийн ******* тоот албан бичгээр, “*******” ХХК-д 2021.08.24-ний өдрийн ******* тоот албан бичгээр асуудлыг Азийн хөгжлийн банканд тавьж шийдвэрлүүлэх талаар мэдэгдсэн. /хх-65, 150
3.5. *******ны 2021.10.21-ний өдрийн ******* тоот албан бичгээр “Барилгын хөгжлийн төв”-д хандан нэмэгдүүлсэн төсвийг хянан магадлахыг хүссэн албан бичгийг хүргүүлж байжээ. /хх-118/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.
5. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэгдсэн төсвийг төлөх эсэх нь маргааны зүйл болсон ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.2-т заасан үндэслэлээр хариуцагч *******анд холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 115,684,418 төгрөг гаргуулах тухай “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж байх тул энэ талаар нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
5.1. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, 345.3-т төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Энэхүү зохицуулалт нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн, ажлын төсөв болон хөлс төлөх үүргийн тэнцвэрийг хангах зорилготой бөгөөд үүний тулд ажил гүйцэтгэгчийн төсвийн талаар мэдээлэх үүргийг, түүний зөрчлийн үр дагаврыг хамт зохицуулсан нь талуудын хүлээх эрсдэлийг зохистой хуваарилах ач холбогдолтой.
“*******” ХХК-аас 2021.08.16-ны өдрийн №******* тоот албан бичгээр “Хөдөлмөр ур чадварыг дээшлүүлэх төсөл”-д төсөв нэмэгдсэн талаар мэдэгдсэнийг захиалагч талд мэдэгдсэн гэж үзэхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний тусгай нөхцөлийн ГЕН 1.1-т захиалагчийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам байхаар тодорхойлжээ.
Харин *******анд 2022.02.09-ний өдрийн ******* тоот, 2022.05.09-ний өдрийн ******* тоот, 2022.05.10-ны өдрийн албан бичгээр тус тус мэдэгдэж байсан нь гэрээний дагуу ажлыг 2021.10.12-ны өдөр хүлээлгэн өгсний дараа байх тул нэн даруй мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.
Уг төсөл нь богино хугацаанд гүйцэтгэх ажил байхад төсөв нэмэгдсэний улмаас ажлын төсөвт тохируулга хийх талаар ажлын явцад мэдэгдэж, талууд зөвшилцсөн тохиолдолд нэмэгдсэн өртгийг захиалагч төлөх, эсхүл гэрээг цуцлах эрх зүйн үйлдлийн аль нэгийг сонгож хэрэгжүүлэх боломжийг олгоогүй байна.
5.2. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2, 345.3-т заасан зохицуулалтыг хуулийн 220 дугаар зүйлд тусгагдсан гэрээ байгуулах болсон нөхцөл байдал эрс өөрчлөгдөхтэй холбоотой онцгой тохиолдлын зохицуулалттай холбон авч үздэг.
Энэ хэргийн тохиолдолд гэрээ байгуулах үед дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас улс орон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, хилийн боомтыг хаах, хөл хорих зэрэг арга хэмжээ авч байсан нь нийтэд илэрхий үйл баримт юм. Нэхэмжлэгч төрийн байгууллагаас зарласан нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтад үнийн санал ирүүлж, гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч оролцсон нь гэрээ байгуулах үеийн нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10381 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 736,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Г.НЯМСҮРЭН