Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 141

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч, хохирогч Н.Рий өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч, хохирогч Ж.Бын өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч, хохирогч Н.Р, Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Н.Р, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт ЖБ нарт холбогдох 1935001870142 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ж.Б /РД:............. /

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, одоо мал маллаж амьдардаг, ам бүл ганцаараа Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сар хорих ялаар, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Н овогт Н.Р /РД:....................... /

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Р нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой тус аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт 60-н точиг гэх газарт хохирогч Ж.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг, яллагдагч Ж.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой тус аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт 60-н точиг гэх газарт хохирогч Н.Р-ийг зодож эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Н.Р-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Н.Р нь хохирогч Ж.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

1. Хохирогч Ж.Б-ын “...Би 2019 оны 5-р сарын 01-ний ...22 цагийн үед гуанзанд очиход Б, Тэс сумын гэсэн 2 залуу байсан ....тухайн хоёр танихгүй залуу яваад Ц ирсэн. Ц Б хоёр хөзөр тоглоод би гуанзны ах Б, түүний эхнэр Эрээнбор нартай ...пиво уугаад сууж байтал гаднаас Р орж ирээд гуанзнаас тамхи авч байтал Эрээнбор эгч дуудаад Рийг нэг пиво авчих гээд байсан тэгсэн Р үгүй гээд гарсан. ...би араас нь гарахад Р мотоциклынхоо хажууд бензиний баллон барьчихсан зогсож байсан. Би та замын машинд бензин өгч яах гэж байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд намайг барьж байсан баллоноороо толгой хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Тухай үед миний баруун нүд рүү бас цохигдчихсон тухайн үед би Рийг өөрөөсөө салгах гэж нүүр лүү нь гараараа түлхээд өөрөөсөө холтгочихсон.

...бид хоёр бензиний асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд Р ах барьж явсан 4 баллон буюу усны саваар намайг толгой хэсэгт болон нүүр, шилэн хүзүү рүү цохисон. Түүнээс хойш толгой хүндрээд нүд хаяа эргэлдээд миний бие эвгүй болж эхэлсэн, надад үүссэн энэ гэмтлийг Р ах учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22 дугаар хуудас/,

2. Гэрч С.А-ын “...Манай нөхөр Ж. Б 2019 оны 5-р сарын 01-ний орой 22 цагийн үед гэртээ байж байгаад 60-н гуанзнаас бензин авахаар явсан. Манай нөхөр Ж.Б тухайн өдөртөө гэртээ ирж хоноогүй маргааш нь өглөө 11 цагийн үед байх согтуу шартсан байдалтай гэрийн гадна ирээд бөөлжөөд хэвтчихсэн би гараад дуудаж босгоод харахад зүүн нүд нь улайж хавдсан байдалтай байсан. Тэгээд нүд чинь яасан юм гэж асуухад Р намайг цохичихсон гэж хэлсэн. ...Би үхрээ туугаад явж байгаад буцаж ирэхэд Р-ий төрсөн дүү залуу нь манай хажуу айлд ирчихсэн байсан бид хоёрыг яваад ороход Быг дагуулаад уулзах ажил байна гээд гадагшаа гарахаар нь та хоёрт надаас нууж уулздаг юу байдаг юм. Би гэр бүлийнх нь гишүүн болохоор мэднэ гээд гарахад Р-ий дүү Х гэдэг залуу Б манай ах Р-ийг цохиод эрүүг нь хугалчихсан байна гэхээр Баас асуухад би цохиогүй гэж хэлсэн би тухайн үед хажууд нь байсан хүмүүс мэдэж байгаа гэхэд Р-ий дүү тэр хүмүүстэйгээ өөрсдөө учраа ол гээд явчихсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 23-25 дугаар хуудас/,

3. Гэрч Н.А-ы “...2019 оны 5-р сарын 02-ны өдөр гэртээ байж байтал манай Р хүнд зодуулчхаад эрүү хугарчихлаа гэж хэлсэн. Ж.Б гэдэг залуу цохичихсон гэж байсан тухайн залуутай утсаар холбогдох гээд холбогдож чадахгүй болохоор намайг очиж уулзаад манай ахын эрүү хугарчихсан байна. Эмнэлэгт үзүүлэхээр аймаг явна гэж Б-д хэл гэхээр нь би гэрт нь очиж Бтай уулзахад бид хоёр хоорондоо маргалдсан эрүү хугарсан зүйл болоогүй би нэг удаа түлхсэн цаашаа эргээд явчихсан би тэр орой архи уугаад замдаа хоноод гэртээ ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 дугаар хуудас/,

4. Шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №359 дүгнэлт үндэслэлтэй байна. Ж.Б-ын биед тархи доргилт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 821 дугаартай дүгнэлт /хх-ийн 79-80 дүгээр хуудас/

5. Хохирогч Н.Р-ий “Би 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Улаангом суманд болсон морины бооцоот уралдаан үзчихээд орой 20 цагийн үед байх ...Наранбулаг сум руу ганцаараа өөрийн эзэмшлийн мотоциклтой явсан. Орой 23 цагийн үед гэр лүүгээ явах замдаа тамхи дууссан байсан болохоор 60-н гуанзнаас тамхи худалдаж авахаар тухайн газарт очиход гуанзны эзэн Б түүний эхнэр Л /Эрээн бор гэж дууддаг/, мөн манай сумын Б, Х.Ц, Ц.Б нар байсан. ...Би гуанзнаас гараад ирэхэд гадна Улаангомоос Хяргас сум руу явж байна гэсэн приус маркын автомашин зогсож байсан. Жолооч гэсэн нэг залуу бууж ирээд надаас энд зарах бензин байгаа болов уу гэж асуухаар нь энэ хүмүүс согтуу байна зарах хүн байхгүй байх чи хэр их бензин авах гэсэн юм бага бол надаас ав, миний банк дүүрэн байгаа гэхэд за гээд 5 литр бензин мөнгөөр нь зарахаар ярилцаад зогсож байтал араас Ж.Б согтуу гарч ирээд та мотоциклийн банкнаас машинд бензин зардаг ямар их бяртай болчихсон хүн бэ гээд намайг хэл амаар доромжлоод зогсоод байхаар нь би бензин хүнд өгч байна уу өгөхгүй байна уу чамд ямар хамаа байдаг юм гээд бензин савлах гэж байсан баллоноороо цээж хэсэг рүү нь түлхчихсэн, цаашаа хөдлөнгөө буцаж ирээд миний эрүү лүү гараараа цохиод эрүү өвдөхөөр нь чи миний эрүү хугалчихлаа цаашаа бай гээд гараараа түлхэж өөрөөсөө холтгосон Б цаашаа эргээд гуанз руу орчихсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

6. Гэрч Б.Б-ийн “...2019 оны 5 дугаар сарын 01-ний шөнө 01 цагийн үед байх манай эхнэр Биндэрьяа бид хоёр унтаж байтал ...Р манай гэрт орж ирээд аймгийн морины уралдаан үзээд буцаж байгаад 60-н гуанзны гадна хүнээр зодуулаад эрүүгээ хугалчихлаа гээд ...ор засуулаад унтчихсан. ..Харин эрүү хугарчихлаа зовоогоод байна гээд 2 ширхэг өвчин намдаах эм уугаад унтчихсан. Намайг эм авч өгч байхад Рий эрүү нь хавдчихсан байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 дугаар хуудас/,

7. Гэрч Л.Б-гийн “...2019 оны 5 дугаар сарын 01-ний орой манай нөхөр Бат-эрдэнэ бид хоёр унтаж байтал орой 01 цагийн үед Р ирсэн. Р хүнээр зодуулчихлаа гэж ярьж байсан, эрүү нь өвдөөд байна гээд эм асуугаад эм уугаад унтсан. ...Эрүү өвдөөд байна гэж хэлсэн өөр ямар нэгэн шарх сорви анзаарагдаагүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 33-34 дугаар хуудас/,

8. Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “...Үзүүлэгч Н. Р-ийн биед гэмтэл учирсан байна. Эрүү ясны баруун урд хэсгээр зөрөөтэй далд хугарал, эрүү ясны зүүн булан хэсгээр цуурал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 352 дугаартай дүгнэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/

9. Шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “...Н.Р-ий эрүүнд урд нь зүүн талаар эрүү яс хугарч 2013 оны 6 дугаар сарын 02-нд мэс засал эмчилгээ хийлгэж байсан байна. Н. Р-ий биед 2013 онд учирсан эрүүний хугарал гэмтэл нь 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаартай дүгнэлтэд тусгагдсан эрүү ясны хугарал гэмтэл биш байна. Н.Р-ий эрүүнд өмнө хуучин хугарал үүсч байсан ба 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 352 тоот шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Н.Р-ий биед өмнө нь учирсан эрүүний ясны хугарал гэмтэл нь 2013 онд үүссэн байх ба үүнээс хойш 6 жилийн хугацаанд яс бүрэн бороолж эдгэрнэ. 2013 онд үүссэн эрүүний зүүн хэсгийн хугарал нь 2019 оны 5 дугаар сарын 06-нд оношлогдсон эрүүний зүүн хэсгийн хугаралтай байрлалын хувьд ойролцоо байна. 2019 оны 5 дугаар сарын 06-нд оношлогдсон эрүүний баруун урд болон зүүн хэсэгт учирсан хугарал тус бүр нь шинээр үүссэн хугарал байсан...” гэх 01 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 54 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 821 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт, шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлт, 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Хэргийн материалаар хийсэн эмнэлгийн шинжилгээ”-ны 01 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Р нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт 60-н тоочиг гэх газарт хохирогч Ж.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Ж.Б, гэрч С.А, Н.А нарын мэдүүлэг, 821 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний орой Увс аймгийн Наранбулаг сумын 3 дугаар багийн нутагт 60-н тоочиг гэх газарт хохирогч Н.Рийг зодож эрүүний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.Р, гэрч Ц.Б, Б.Б, Л.Б, Ж.Х нарын мэдүүлэг, 352 дугаартай шинжээчийн дүгнэлт, 01 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Н.Рий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна. Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг” /хх-ийн 131 дүгээр хуудас/, Хаан банкны “Орлогын мэдүүлэг” зэрэг баримтаар тогтоогдож байна.

 Мөн шүүгдэгч Н.Р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 500.000 төгрөгийг хохирогч Ж.Б-д төлж барагдуулсан болох нь 500.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх баримтаар /хх-ийн 130 дугаар хуудас/ тогтоогдож байна.

Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ж.Б, Н.Р нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 158 дугаар хуудас/ тогтоогдсон, учруулсан хохирлыг төлсөн, 4-6 насны хоёр хүүхэдтэй, мал маллаж өрхийн амьжиргаагаа залгуулдаг зэргийг харгалзан 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох,

Шүүгдэгч Н.Р нь урьд ял шийтгүүлж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 159 дугаар хуудас/ тогтоогдсон, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан 260 /хоёр зуун жар/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг диск, хохирогч Н.Рий 3 хуудас хяналтын карт, 2 ширхэг рентген зураг, хохирогч Ж.Бын 4 хуудас амбулаториор эмчлүүлэгчийн картыг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт Н.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Р-д 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 1.500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.Р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг диск, хохирогч Н.Р-ий 3 хуудас хяналтын карт, 2 ширхэг рентген зураг, хохирогч Ж.Б-ын 4 хуудас амбулаториор эмчлүүлэгчийн картыг хэргийн хамт хадгалсугай.

5. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА