| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00681/И |
| Дугаар | 674 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 674
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 4 дүгээр багт оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОО66072466, Шарнууд овогт Тогтохын Ундрахын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ундрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ундрах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1982 оны 7 дугаар сараас Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажилд орж, тус нэгдэлд 1990 он хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас болсон бөгөөд ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний 1982 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Д.Магсар, Р.Рагчаа нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ундрах нь 1982 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Тогтохын Ундрахын 1982 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Д.Магсар, Р.Рагчаа нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.Магсарын “Миний бие нь 1984 оноос 1994 он хүртэл Тэс сумын Худалдаа бэлтгэл анги болон “Тэс гол” ББХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. Т.Ундрах нь Тэс сумын Лениний зам нэгдэлд 1982 оноос 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан. Т.Ундрах нь голдуу үхэр малладаг байсан. Бид нар нэг нутаг усны, төрөл садангийн хүмүүс учраас би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна” гэж, гэрч Р.Рагчаагийн “Миний бие 1981 оноос 1989 он хүртэл Тэс сумын 8 жилийн дунд сургуульд галчаар ажиллаж байсан. Тухайн үед манай сургуулийн багш ажилчид хөдөө сумуудаар явж мал төллөх үеэр малчдад тусалдаг байсан. Тэр үед Т.Ундрах нь Тэс сумын Лениний зам нэгдэлд мал малладаг байсан ба тус нэгдэлд 1982 оноос 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Ундрах нь 1982 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Д.Магсар, Р.Рагчаа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Ундрахын хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Шарнууд овогт Тогтохын Ундрахын 1982 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т.Ундрахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ