Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 213/МА2026/00008

 

 

 

 

******* хүсэлттэй

иргэний хэргийн тухай

                                                       

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 303/ШШ2026/00006 дугаар шийдвэртэй,

 

******* хүсэлттэй,

 

Гэм хорын хохирол 103,603,573 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэгч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******,   прокурор Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Хүсэлт гаргагч ******* сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, цалингийн орлогын хохирол 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг, нийт 103,603,573 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.2. Миний бие Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар 2015 оноос эхлэн ажиллаж байсан. 2019 онд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад манай сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* гэх хүний тэтгэмжийн зардал Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээр хянагдаж манай сумын төсвийн дансанд шилжиж орж ирсэн мөнгийг зориулалтын дагуу гүйлгээ хийсний төлөө Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан 2021 оны 7 сард шүүхэд шилжүүлснээс хойш анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 16 удаагийн шүүх хуралдаанаар шүүгдсэн.

 Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн. Тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгасан. Энэ шийдвэрийг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээж цагаатгасан.Энэ хэргийн улмаас сэтгэл санаагаар маш их хохирсон. Монгол улсын иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2 заасны дагуу сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг,

1.3.Энэ хэргийн улмаас ******* сумын иргэдийн дунд цуурхал тарж, сумын мөнгийг хууль бусаар хулгай хийж хүнд өгсөн гэж нийгмээр яллуулж, гэмт хэрэгтэн болгож, ажил хийх аргагүй байдалд хүргэж, энэ байдал сэтгэлийн зүдүүр, шаналгаа сэтгэл санаагаар маш их унагасан тул арга буюу Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.4-д заасан эрхээ эдэлж ажлаасаа гарсан. Энэ хэргийн улмаас би ажилгүй болж, надад эдийн засгийн маш их хохирол учирсан. Монгол улсын иргэний хуулийн 229 дүгээр зүйлд заасны дагуу Цалингийн орлого  Би Төрийн албанд 2022 онд ажиллаж байхдаа сард 996, 230 төгрөгийн цалин авч байсан.  Энэ цалингийн хэмжээ Монгол улсын Засгийн газрын 2022 оны 12  дугаар сарын 28 -ны өдрийн 488 тоот тогтоолоор 2023 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс нэмэгдэж төрийн захиргааны ТЗ-7дугаар шатлал болж цалингийн нэмэгдэлтэйгээ сарын цалин 1,448,140 төгрөг болж нэмэгдсэн, мөн Монгол улсын Засгийн газрын 2023 оны 6 дугаар сарын 21 -ны өдрийн 241 тоот тогтоолоор 2023 оны 7 дугаар сарын 01 өдрөөс нэмэгдэж төрийн захиргааны ТЗ-7 дугаар шатлал болж цалингийн нэмэгдэлтэйгээ сарын цалин1,650,000  төгрөг болж нэмэгдсэн, мөн Монгол улсын Засгийн газрын 2024 оны 3  дугаар сарын 27 дугаар 128 тогтоолоор 2024 оны 4 дүгээр сарын 01 өдрөөс төрийн албан хаагчийн цалин нэмэгдэж сарын цалин ТЗ-7 шатлал болж цалингийн нэмэгдэлтэйгээ нийт цалингийн орлогын хохирол 36,703,620 төгрөгийг авч чадахгүй хохирсон.

1.4. Энэ хэргийн улмаас Төрийн албаны тухай хуулийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу суманд тасралтгүй таван жил ажилласан төрийн захиргааны албан хаагч зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал авна гэж заасан. Энэ заалт 2024 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Би төрийн албанд тасралтгүй 11 жил ажилласан төрийн захиргааны жинхэнэ албан хаагч байсан. Хамт ажиллаж байсан төрийн албан хаагчид бүгд тэтгэмжээ авсан. Би 5 жилийн тэтгэмжийн орлого 6х2,460,020 = 14,760,120 авч чадалгүй хохирсон.

1.5. Энэ хэргийн улмаас би хоёр өмгөөлөгч авсан. Өмгөөллийн зардалд 2,600,000 мянган төгрөг төлсөн.

1.6. Энэ хэргийн улмаас би 5 жилийн хугацаанд хуулийн байгууллагуудад 25 удаа дуудагдаж, очих зардлаа өөрөөсөө гаргаж байсан. Нэг удаа хуулийн байгууллагад очихдоо 40,000 төгрөгийн  нийт 1,000,000 төгрөгийн зардал гарсан.

1.7. Ажил олгогчоос авах байсан нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын хохирол 4,587,953  төгрөгийг нэхэмжилж байна. Үүнд 2022 оны 7 дугаар сараас 2024 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 24-н сарыг ажил олгогчоос олгох нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 12,5 хувиар тооцоод нийт 4,587,953 төгрөгийг гаргуулж өгнө үү.

******* надад сэтгэл санаа, эдийн засгийн дараах хохирол учирсан.Үүнд: Сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, цалингийн орлогын хохирол 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг, нийт 103,603,573 төгрөгийг хохирлыг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Төрийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Д.Энхбаярын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

“...******* нарт холбогдох хэрэг  анхан шатны шүүх хуралдаанаар 2 удаа, давж заалдах шатны шүүх хуралдаанаар 2 удаа хэлэлцэгдэж, анхан шатны шүүхээс гэм буруутайд  тооцож байсан. Аливаа гэмт хэрэгт шалгагдсанаар гэм буруутайд тооцогдохгүй бөгөөд түүний гэм буруутайг эсэхийг гагцхүү шүүх тогтоож байгаа. Гэм хорын хохирлын нэхэмжлэх эрх үүсэх хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт зааж өгсөн. Энэ бүлэгт шаардах хохирол, нөхөн төлүүлэх эрх үүсэх, эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх, нөхөн олгох, эд хөрөнгийн бус сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, нэхэмжлэл гаргах хугацаа зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардаж байгаа. Харин нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй баримтуудаар давж заалдах шатын шүүхийн магадлал, бусад иргэний хэргийн материалд авагдсан баримтуудаар нотлогдоогүй гэж үзэж прокурорын зүгээс байна.

Дараагийн тухайд Эрүүгийн хэрэг эрхлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас хүн аваагүй, цалин хөлс болон амьжиргааны эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого болох эд хөрөнгийн хохиролд эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хоног хамаараад байгаа. Гэтэл энэ хэргийн үйл баримт, хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ыг цагдан хорьсон, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийг хязгаарлах арга хэмжээ прокурорын зүгээс болон мөрдөгч нарын зүгээс аваагүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудсан цагт хүрэлцэн ирэхийг үүргийг  хүлээлгэсэн. Мөн дээрээс нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2-т нэхэмжлэгч нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсаны хохирол гаргах шаардлага гаргаж, түүнд холбогдох баримт буюу түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан, өөрөөр хэлбэл өөрийн эрхэлж буй ажил, үйл ажиллагаа нь явуулалгүй зогсоосон. Эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас ашиг орлогоо чадаагүй байдал тогтоогдсон бол цалин хөлсийг олгохоор заасан. Харин нэхэмжлэгч ******* хувьд албан тушаалаас өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдсөн. Хэн нэгний албан тушаалтны, хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүний эрхийг зөрчсөн эрх чөлөөг боомилсон зүйл байхгүй. Тийм учраас Иргэний хуулийн 498.4, 511 дүгээр зүйлд зааснаар ******* эрх зөрчигдөж, гэм хорын хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна. Иймд Цэцгээгийн Мөнхбаатараас гаргасан 104,841,099 төгрөгийн гэм хорын хохирлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, цалингийн орлогын хохирол 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг, нийт 103,603,573 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд  гаргасан тайлбартаа гомдлын агуулга:

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгахаас өмнөх хууль бус ажиллагааны улмаас аваагүй цалин хөлс,, тэтгэмж болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого, гаргасан зардлууд болох 103,603,573 төгрөгийг нэхэмжилсэн.

Үүнийг Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

 4.1. Дээрхээс үзэхэд хүсэлт гаргагч *******ыг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн зэргээс шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх эрхийг зөрчиж, ажлаас чөлөөлсөн гэх үндэслэлгүй, хүсэлт гаргагч ******* нь өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул цалингийн орлогын хохирол 36,703,620 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөгийг тус тус гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Хүсэлт гаргагч ******* нь ******* сумын санхүүгийн албаны даргын үүрэгт ажлаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгч, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул дээрх журамд зааснаар мөнгөн урамшуулал авах эрх үүсээгүй. тухайн журам хэрэгжихээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн. уг журмыг буцаан хэрэглэх үндэслэлгүй байх тул төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг авах эрх үүсэхгүй гэж үзсэн нь үндэслэлгүй. ******* би төрийн албанд тасралтгүй 11 дэх жилдээ ажиллаж байгаад Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолоор, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолоор нийт 2 удаа ял шийтгүүлж, цалингийн зээлээ төлж дуусгалгүй ажлаа гэнэт хүлээлгэн өгч 8 712 000 төгрөгийн тэтгэмж авч чадалгүй хохирсон.

4.3. ******* холбогдсон   Эрүүгийн        хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах тул заавал өмгөөлөгч авах зохицуулалтгүй мөн түүнчлэн өмгөөлөгчид төлөх хөлслөх гэрээний үнэ, хөлсийг талууд харилцан тохиролцдог байдлуудыг харгалзан төрөөс өмгөөллийн хөлсний 2,600,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн нь үндэслэлгүй. ******* би хууль зүйн туслалцааны гэрээг өмгөөлөгч ******* 1,200,000 төгрөг, өмгөөлөгч *******тэй 800,000 төгрөг нийт 2,000,000 төгрөг төлөх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулсны дараа Өмгөөлөгч ******* байгуулсан гэрээний 2.3 -т заасны дагуу 600,000 төгрөг нэмж төлөөд нийт 2,600,000 мянган төгрөг өмгөөлөгч нарт бэлэн бусаар дараах хугацаанд шилжүүлсэн.

4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд ирж буцахад зарцуулсан шатахууны зардал нь хамааралгүй байна гэж байгаа үндэслэлгүй байна. ******* би хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах. албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн зэргээс үл хамаарч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 заасны дагуу өөрт учирсан гэм хорын хохирлоо арилгуулах эрхтэй

4.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д заасан нөхөн төлөх эд хөрөнгийн хохиролд ирж буцахад зарцуулсан шатахууны зардал нь хамааралгүй байна гэж байгаа үндэслэлгүй байна. ******* би хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах. албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн зэргээс үл хамаарч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 заасны дагуу өөрт учирсан гэм хорын хохирлоо арилгуулах эрхтэй.

4.6.Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах ба хилсээр шалгагдсан этгээдийн сэтгэл санааны хохирлыг үнэлэх тухай хуулийн тусгайлсан зохицуулалт байхгүй тул хүсэлт гаргагч ******* сэтгэл санааны хохирлыг мөнгөөр тооцон гаргуулах үндэслэлгүй байна. ******* би олны дунд, нийгмийн сүлжээнд элдвээр гүтгүүлж эцэстээ хамт олон, гэр бүл, төрөл садан, нутаг усандаа нэргүй болж хохирсон. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 -т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. “ гэж заасны дагуу би сэтгэцэд учирсан хохирлоо мөнгөн хэлбэрээр арилгуулах эрхтэй. ******* миний хэргийн шүүх бүрэлдэхүүнд энэ хэрэг дээр урьд нь шийдвэр гаргаж байсан шүүгч оролцсон учир хэргийг шударгаар шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иймд ******* миний сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, цалин, хөлсний орлогын хохирол 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг, нийт 103,603,573 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23 -ны өдрийн дугаар 303/ШШ2026/00006 тоот тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү...  гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: “...Уг гомдлын агуулга нь хууль бусаар яллагдагчаар татагдаж, ял шийтгүүлсний улмаас би ажлаасаа гарсан. Үнэхээр надад сонголт байгаагүй. Ажил албан тушаалаа үргэлжлүүлэн хийхэд сумын төв жижигхэн учраас нэр хүндийг минь гутаах, шахаж шаардах ийм нөхцөл байдал үүссэн. Би өвчтэй гээд ажлаасаа гарах боломжгүй байсан учраас хуулийн заалт харж байгаад өөрийн хүсэлтээр ажлаасаа гарахаас өөр сонголт үлдээгүй. Тухайн үед ажлаасаа гарахдаа би цалингийн зээлтэй байсан. Надад ажлаас гарах ганцхан үндэслэл нь хууль бусаар яллагдагчаар татагдсан учраас төрийн албыг цааш үргэлжлүүлэн хийхэд хүндрэлтэй болсон. Ажлаасаа гарсны улмаас 36,000,000 төгрөгийн цалин хөлсний хохирол учирсан. Мөн 4,600,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол, дээр нь 8,200,000 төгрөгийн тэтгэмжээ авч чадалгүй. Би төрийн захиргааны албанд тасралтгүй 11 жилийн хугацаанд ажиллачхаад гэнэт ажлаасаа гарсан. Энэ тэтгэмжийг ийм нөхцөл байдал үүсээгүй байсан бол би авах байсан. Надтай хамт ажиллаж байсан төрийн захиргааны албан хаагчид бүгд тэтгэмж авсан. Мөн өмгөөлөгч авсны хөлс, сэтгэл санааны хохирол гэж нэхэмжилсэн. Би тухайн үедээ сэтгэл санаагаар маш их унасан байсан. Шүүх хуралдаан олон удаа хойшилсон. Тэгээд ажлаасаа гарсныхаа дараа хашаа байшингаа зараад аймгийн төв рүү нүүхээс өөр сонголт надад үлдээгүй. Мөн миний бие 2 өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Н.Энхжаргал өмгөөлөгчтэй 1,200,000 төгрөгөөр, ******* өмгөөлөгчтэй 800,000 төгрөгөөр нийт 2,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Н.Энхжаргал өмгөөлөгчид нэмж 600,000 төгрөгийг өгсөн. Ингээд нийт 6 удаагийн бэлэн бус шилжүүлгээр 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр, 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр, 2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдөр нийт 2,600,000 төгрөгийг өмгөөлөгч нар руу бэлэн бусаар шилжүүлсэн. Иймд сэтгэл санааны хохирол болох 50,000,000 төгрөг, цалин хөлсний хохирол болох 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралдаанд очсон замын зардал 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмж 8,712,000 төгрөг, ажил олгогчоос надад төлөх байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг, нийт 103,603,573 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул тус шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, миний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ******* гаргасан тайлбартаа: “...Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны шийдвэрт гомдол гаргасан байгаа. Энэ гомдлыг дэмжиж оролцож байна. 2019 онд ******* сумын Төрийн сангийн албаны даргаар Ц.Мөнхбаатар ажиллаж байх хугацаанд Засаг дарга нь тэтгэвэрт гарсан. Тэгээд тэтгэврийн мөнгийг шилжүүлсэн үйлдэлдээ хэрэгт шалгагдсан байдаг. 2020 оноос 2024 он хүртэл 4 жил гаруй хугацаанд Шүүх, Цагдаа, Авлигатай тэмцэх газар, Прокурорын байгууллагад шалгагдаж явж байгаад эцэст нь цагаатгагдсан. Энэ хугацаанд Ц.Мөнхбаатарын үйлдсэн төрийн сангийн дарга, санхүү албаны дарга гэдэг албан тушаал нь огт холбогдолгүй. Харин төрийн сангийн мэргэжлийн хувьд мөнгө шилжүүлсэн асуудал дээрээ шалгагдсан. Мөн мөнгө шилжүүлсэн асуудал хуульд зааснаар тухайн харилцагч байгууллагын гарын үсэг, хуурамч бус баримт орж ирсэн үед мөнгийг 48 цагийн дотор шивж гүйлгээ хийх ёстой гэсэн журам заавраа баримтлаад шилжүүлсний төлөө хэрэгт шалгагдсан. Энэ талаар анхнаас “гэм буруугүй тул миний хэргийг хэрэгсэхгүй болж өгнө үү” гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш ажлаа хийх боломжгүй болж, 2022 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан байдаг. Одоо хөдөө мал маллаж амьдарч байгаа. *******ыг Авлигатай тэмцэх газрын комиссоор “өмгөөлөгч ав, бусад этгээдүүд өмгөөлөгч авсан байна, чи өмгөөлөгчгүй явж болохгүй” гэж хэлсэн тул өмгөөлөгч авсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд харилцан эсрэг сонирхолтой тохиолдолд өмгөөлөгч авах шаардлага үүсдэг. Энэ хуулийн заалтад үндэслэж өмгөөлөгч авсан. ******* хувьд ажлаасаа гарсан, удаа дараалан шүүхэд дуудагдсан, шүүх хуралдаан удаа дараа хойшилсон зэрэг нөхцөл байдлаас болж сэтгэл санаа, ажил төрөл, эдийн засгийн хувьд маш их хохирсон. Эцсийн эцэст шүүх үнэн зөвийг тогтоож хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан. Иймд нэхэмжилж байгаа хохирлыг нэхэмжлэгчийн хохирлын дагуу гаргуулж өгөх нь үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

 

7. Төрийг төлөөлж прокурор Д.Энхбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...анхан шатны шүүх хуралдаанд төрийг төлөөлж оролцохдоо хууль зүйн тайлбараа дэлгэрэнгүй хэлсэн. Тухайн тайлбараа дэмжиж оролцож байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дурдагдсан сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах хохирлын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 45.4.2 дахь хэсэгт “нөхөн төлбөр олгох хэмжээг Улсын Дээд шүүхээс батална” гэж хуульчилсан. Улсын Дээд шүүхээс батлагдаагүй байхад сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн цалин хөлсний орлогын хохиролд 36,703,620 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Энэ нэхэмжлэлийн тухайд нотлох баримтад тулгуурлаж ярих ёстой. Хавтаст хэрэгт цугларсан баримтаар хүсэлт гаргагч “өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байдаг. Харин прокурор, мөрдөн шалгах, хууль сахиулах байгууллагаас түүний албан тушаалаас түдгэлзүүлсэн, хязгаарласан нөхцөл байдал байдаггүй. Иймд 36,703,620 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин өмгөөллийн төлбөр болох 2,600,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байна. Иймд өмгөөлөгчийн хөлс 2,600,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах саналтай байна... гэв.

 

ХЯНАВАЛ:

 

 1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй  нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хүсэлт гаргагч ******* хуулийн байгууллагын хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, цалин, хөлсний орлогын хохирол 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөгийг, нийт 103,603,573 төгрөгийг эдийн болон эрүүл мэнд, сэтгэл санааны хохиролд н Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ “...Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын тэтгэмжийн зардал Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээр хянагдаж манай сумын төсвийн дансанд шилжиж орж ирсэн мөнгийг зориулалтын дагуу гүйлгээ хийсний төлөө Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан 2021 оны 7 дугаар сард шүүхэд шилжүүлснээс хойш анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 16 удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолоор шийтгэсэн. Тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгасан. Энэ шийдвэрийг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээж цагаатгасан. Хэрэгт шалгагдах хугацаанд эдийн болон сэтгэл санааны хохирол учирсныг арилгуулна.” гэж тодорхойлсон.

 

2.1.Төрийг төлөөлж прокурор Д.Энхбаяр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Эрүүгийн хэрэг эрхлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас хүн аваагүй, цалин хөлс болон амьжиргааны эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого болох эд хөрөнгийн хохиролд эрүүгийн хэрэгт цагдан хоригдсон хоног хамаараад байгаа. Гэтэл энэ хэргийн үйл баримт, хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ыг цагдан хорьсон, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүний эрхийг хязгаарлах арга хэмжээ прокурорын зүгээс болон мөрдөгч нарын зүгээс аваагүй. Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дуудсан цагт хүрэлцэн ирэхийг үүргийг  хүлээлгэсэн. Харин ******* хувьд албан тушаалаас өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдсөн. Хэн нэгний албан тушаалтны, хуулийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас хүний эрхийг зөрчсөн эрх чөлөөг боомилсон зүйл байхгүй. Тийм учраас Иргэний хуулийн 498.4, 511 дүгээр зүйлд зааснаар ******* эрх зөрчигдөж, гэм хорын хохирол учирсан гэж үзэх боломжгүй  тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу ...” гэж мэтгэлцжээ.

2.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

  1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад :

3.1 Баянхонгор аймгийн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнээр яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 7 дугаар сард  эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлснээр Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэжээ.

3.2 Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд  хэргийн оролцогч нар давж заалдах журмаар гомдол гаргаснаар Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч У.Мөнхбаатарыг цагаатган шийдвэрлэсэн магадлалыг Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимыг нийт шүүгчдийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 544 дүгээр тогтоолоор прокурорын эсэргүүцлийг хяналтын шатны эрүүгийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон.(хх6-39) 

 

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй…”;

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “...хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн баривчлагдсан, саатуулагдсан буюу буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана...” гэж тус тус зааснаар ******* нь  өөрт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсны улмаас өөрт учирсан хохирлоо Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаарджээ.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

6. Анхан  шатны шүүх хүсэлт гаргагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосон шийдвэрийн үндэслэлээ“...******* сумын санхүүгийн албаны даргаар ажиллаж байхдаа өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн ******* сумын Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 79 дугаартай захирамжаар тогтоолдогдсон тул сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийн, цалин, хөлсний орлогын хохирол 36,703,620 төгрөгийн, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөгийн, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөгийн ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2, 45.3, 45.4 дүгээр зүйлд заасан заалтад хамаарахгүй...”  гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

7. Өөрөөр хэлбэл хүсэлт гаргагч *******ыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгуулж, яллагдагчаар татагдаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэх хугацаанд цалин, хөлсний орлогын хохирол 36,703,620 төгрөгийн, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөгийн, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг гаргуулах үндэслэлгүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсны улмаас ажил хийх боломжгүй болсон гэж үзэхгүй, сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй буюу энэ төрлийн шаардах эрхийг хуульд тусгайлан заагаагүй тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д хамаарах хохирол биш тул хангах үндэслэлгүй гэх дүгнэлтүүд хууль зөрчөөгүй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар замын зардалд 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагатай холбоотой  баримтыг  хүсэлт гаргагч шүүхэд гаргаж өгөх, нотлох үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй тул тухайн шаардлагад хамаарах хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

 

9. Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, ******* нар *******т холбогдох эрүүгийн 2114000050150 дугаартай хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож, хууль зүйн туслалцаа үзүүлсэн нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар тогтоогдож байхаас гадна шүүхийн хэлэлцүүлэгт Н.Энхжаргал, ******* нар  эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн, хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх  гэрээг тус тус  байгуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсөнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцсэн бах тул  өмгөөлөгчид төлсөн хөлс 2,600,000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иймд Засгийн газрын нөөц сангаас 2,600,000 төгрөгийг гаргуулж *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 101,003,573 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгээс 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийг баримталсныг хасаж өөрчлөн, шатны шүүхийн шийдвэрийн  өөрчлөлт оруулж,  хүсэлт гаргагчийн  гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  134 дүгээр зүйлийн 134.3-д зааснаар прокурорыг төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцнэ.

     

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны 303/ШШ2026/00006  дугаар шийдвэрийн  тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

“ ...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөг, цалингийн орлогын хохирол 36,703,620 төгрөг, өмгөөллийн төлбөрийн хохирол 2,600,000 төгрөг, шүүх хуралд очих замын зардлын хохирол 1,000,000 төгрөг, төрийн жинхэнэ албан хаагчийн 6 сарын тэтгэмжийн орлогын хохирол 8,712,000 төгрөг, ажил олгогчоос олгох байсан нийгмийн даатгалын шимтгэлийн хохирол 4,587,953 төгрөг, нийт 103,603,573 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай....” гэснийг

“...Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 2,600,000 төгрөгийг гаргуулж *******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 101,003,573 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн Тогтоох хэсгийн “511 дүгээр зүйлийн 511.3” гэснийг хассугай...” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* давж заалдах журмаар гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ

                                           ШҮҮГЧИД                                      Ч.БАЯРЦЭНГЭЛ                                                                     

                                                                                                      Л.НЯМДОРЖ