| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0139/э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2019-09-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Дина |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, хохирогч Б.У, шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт П.Б-т холбогдох 1935003140165 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, 2 дугаар багийн 14-11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт П.Б /РД: ...................../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.У руу хутга шидсэний улмаас зүүн шилбийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч П.Б нь хохирогч Б.У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
2. Гэрч З.Б “...2019 оны 8 дугаар сарын 09-ний орой 17 цагийн орчим байх манай гэрт эхнэр Б, хүү У, охин У бид нар байтал У гэр цэвэрлэж байгаад манай гэрт гэр бузарладаг 3 хүн байна авч тавьсан зүйлээ хураадаггүй гээд уурласан чинь манай хүү У охины урдаас хэрэлдсэн. ...манай хүү У эхнэрийг та чимээгүй бай гэхэд эхнэр уурлаж босож ирээд У бид хоёр гэрийн үүдэнд дугуй нөхөөд сууж байтал Уын нуруу руу гараараа цохиод авсан тэгтэл У босоод ...зугтаатал манай эхнэр мах татаж байсан хутгаа барьж яваад Уын араас шидчихсэн тэгтэл тэр хутга нь Уын зүүн хөлийн арын шилбэ орчим нь оноод шилбэний булчин хэсэг нь зүсэгдчихсэн. Тэгтэл манай эхнэр Уын хөлөөс цус гарч байхаар нь боож цэвэрлэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дугаар хуудас/,
3. Гэрч Б.У “...2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 17 цагийн орчим байх манай гэрт аав, ээж, дүү У байхад би гэр цэвэрлэж байгаад гурван эрэгтэйд хандаад та гурав байнга гэр бузарлаж байдаг гэр оронд хувцас хунараа энд тэнд тайлаад хаячихдаг хураачхаж болдоггүй юм уу гэхэд манай дүү У та хураачих сүртэй юм гээд маргалдаад хэрэлдээд байтал ээж хоол хийх гээд мах хутгаар татаад сууж байгаад тэндээс У луу хүн юм хэлж байхад хүний үг сонсохгүй урдаас нь хэрэлдэж маргалдлаа гэхэд У ээжийн урдаас та чимээгүй бай гээд хэлчихсэн чинь ээж уурлаж босож ирээд Уыг гэрийн үүдэн дээр дугуй нөхөөд сууж байтал нуруу руу нь гараараа цохиод авсан. Тэгтэл У цааш эргээд манай хашаан дотор байсан Зил-130 машины зүг рүү зугтаахад ээж уурлаад араас нь барьж байсан хутгаа шидтэл зүүн хөлийнхөн шилбэний арын хэсэг дээр нь оноод зүсчихсэн ба цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дугаар хуудас/,
4. 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч Б.У-ын биед гэмтэл учирсан байна. Зүүн шилбэнд шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 571 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дугаар хуудас/,
5. Шүүгдэгч П.Б-ийн яллагдагчаар өгсөн “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...У-ыг дугуй хийлдэг насосоор нуруун тус газар нь цохисон. Тэгээд Уыг бариад автал У миний гарыг базгаж тавиулаад цааш эргээд манай хашаан дотор байсан Зил-130 маркийн машин руу гүйхээр нь араас нь хоол хийж байгаад барьж гарч ирсэн хутгаа шидтэл Уын зүүн шилбэний эрээнд булчинд нь очоод оноод зүсчихсэн. Би өөрийн хүү Уаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн...” /хх-ийн 58-59 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 571 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутагт дэвсгэрт хохирогч Б.У руу хутга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.У, гэрч З.Б, Б.У нарын мэдүүлэг, 571 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Б.У-ын “...Миний хутгалуулсан шарх эдгэж байгаа. Одоо миний биед өвдөж зовох зүйл байхгүй. Манай ээж надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 29-30 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, “...ээж П.Бт ямар нэгэн гомдол тэмцэлгүй” /хх-ийн 76 дугаар хуудас/ гэх хүсэлт зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан болох нь тогтоогдож байна. Иймд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч П.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, прокурорын хяналтын шатанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж танилцуулсан, тус саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээнд улсын яллагчийн санал болгосон ял тохирсон байх тул шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бор өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч П.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан шүүгдэгч П.Бийн эзэмшлийн бор өнгийн иштэй хутга 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА