| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2025/00003/И |
| Дугаар | 213/МА2026/00011 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 213/МА2026/00011
******* хүсэлттэй иргэний
хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 303/ШШ2026/00007 дугаар шийдвэртэй,
******* хүсэлттэй, мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол 22,500,000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай иргэний хэргийн хүсэлт гаргагч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүгч Ч.Баярцэнгэл 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, түүний өмгөөлөгч, Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие Баянхонгор аймгийн******* сумын Засаг даргын т******* 2014 оноос эхлэн ажиллаж байна. 2019 онд ажил үүргээ гүйцэтгэж байх явцад манай сумын Засаг даргаар ажиллаж байсан ******* гэх хүний тэтгэмжийн зардал Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлагдаж, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсээр хянагдаж манай сумын төсөвт суусан байсныг зориулалтын дагуу зарцуулсны төлөө Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан 2021 оны 7 сард шүүхэд шилжүүлж, үүнээс хойш анхан болон давж заалдах шатны шүүхэд нийт 6 удаагийн шүүх хуралдаанаар шүүгдсэн. Хамгийн сүүлд тус хэргийг 2024 онд шийдвэрлэж дууссан бөгөөд 5 жилийн хугацаанд хуулийн байгууллагын дуудсан цагт ирж бие болон эдийн засаг сэтгэл санаагаараа хохирсоор ирсэн. Түүнчлэн энэ хэргийн улмаас өмгөөлөгч 2,500,000 төгрөгөөр хөлслөн авсан. Хамгийн анх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 05 сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/41 дугаар магадлалаар 2022 оны 03 сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/51 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан. Түүнчлэн Баянхонгор аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолоор нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зөрчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсэн. Тус шийдвэрт давж заалдах гомдол гаргаж, Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгасан. Түүнийг Улсын дээд шүүхээс хэвээр үлдээсэн. Энэ шүүх, цагдаагаар шүүгдэж явсан 5 жилийн хугацаанд сэтгэл санааны хохирол маш их амссан. Шүүх хурал болох бүрд сэтгэл түгшиж , айдастай байдаг байсан. Шүүх хуралдаан бараг 20 удаа хойшилсон. Энэ хугацаанд******* сумаас байнга ирж очих унааны зардал ч их гарч байсан.
Баянхонгор аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Бат-Оргил, Авлигатай галтай тэмцэх газрын мөрдөгч н.Батбаатар нар утсаар ярьж, ойр ойрхон ирэхийг шаардаж тухай бүрд очиж байсан. Корона өвчин дэлгэрч би эмнэлэгт 2 удаа хэвтсэн. Эмнэлэгт байх хугацаанд ч гэсэн одоо эдгэсэн, хурдан ир гэх зэргээр прокурор Б.Бат-Оргил байнга ярьдаг байсан ба очихоор хэргээ хүлээчих, шүүхээр шийдүүлэхгүй хялбаршуулсан аргаар шийдүүлэхийг зөвлөж байна, үнэнээ хэл, албан тушаалаа урвуулан ашиглан даргадаа давуу байдал үүсгэсэн байна. Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн, гарын үсгээ зур гэх зэргээр хандаж сэтгэл санааны хүнд байдалд 5 жилийг өнгөрөөсөн. АТГ-ын мөрдөгч ******* утсаар ярьж, аймгийн ИТХ-аар төсөв нь батлагдаж, Санхүү төрийн сангийн хэлтсээс хянан төсөвт орж ирсэн мөнгө би эрүүгийн гэмт хэрэг үйлдээгүй гэхэд тийм сүрхий юм бол шүүхээр хэрэгсэхгүй болоод гараарай гэж бассан байдалтай инээж хэлсэн. Олон удаа Баянхонгор аймаг орж байцаагдах, мэдүүлэг өгөх, шүүх хуралд суухаар ирсэн. Замын зардал их гарсан боловч би тухайн үед баримтжуулж байгаагүй, баримтгүй байгаа тул нэхэмжлэхгүй. Ажил хэргийн нэр хүндэд их нөлөөлсөн. Би төрийн албанд 28 жил тасралтгүй ажиллаж байсан. Энэ хугацаанд төрөөс 100 төгрөг ч өөртөө завшилгүй үнэнч шударга ажилласан байхад миний ажиллаж амьдардаг******* сум болон Баянхонгор аймгийн ЗДТГ, бусад сумдад хэргийн талаар янз бүрээр гэмт хэрэгтэн мэт ярьж байсан нь ажлын нэр хүндэд их нөлөөлсөн. Мөн шүүх хуралдааны улмаас ажлын шугамаар хийгдсэн олон уулзалт, арга хэмжээг тасалсан. Би насаараа ажиллаад эцэст нь хэрэгт холбогдож байсан нэртэй тэтгэвэрт гарах боллоо. Энэ асуудалд сэтгэл санаа их хохиролтой, маш их гомдолтой байна.
Иймд хууль бусаар үндэслэлгүйгээр намайг хэрэгт холбогдуулж, төрийн нэрийг барьж яллан хохирол учруулсан тул дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Өмгөөллийн зардалд төлсөн 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг төрөөс нэхэмжилж байгааг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж өгнө үү гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагаа явж эхэлсэн нь иргэдийн гомдол мэдээллийн дагуу хууль хүчний байгууллагынхан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгчөөс эхлүүлж прокурор хяналт тавьж эхэлсэн. Тийм учраас гэмт хэрэгт холбогдуулан шалгагдсаны хохирлыг төр хариуцан арилгах үүрэг хүлээхгүй. Гэм хорын хохирол нэхэмжлэх эрх үүсэх гол хууль зүйн үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 45 дугаар бүлэгт тодорхойлоод хуульчилчихсан. Энэ бүлэгт заасан шаардах хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэх эд хөрөнгийн хохирол нөхөн төлөх, эд хөрөнгийн бус сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл, нэхэмжлэл гаргах хугацаа зэрэг нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Харин нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлд заасан гэм хорын хохирлыг гаргуулах баримт хавтаст хэрэгт бүрэн цуглаагүй байна гэж прокурорын зүгээс үзэж байна. Мөн дээрээс нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1-д заасан хууль бус ажиллагааны улмаас цагдан хоригдсон тохиолдол хамаарч байгаа. Өмгөөлөгчийн хөлсний тухай ярьж байна. Шүүх хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулахад мөрдөж байсан хуулийн баримтын хохирлыг гаргуулах эсэхийг шийдвэрлэнэ. Харин 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 32, 2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсэн төлбөрийг дансаар авах хэлбэрийг зөрчин бэлнээр авсан бол төр хохирлыг арилгахгүй гэсэн байгаа. Мөн дараагийн тухайд сэтгэл санааны хохирлын үр дагаврыг арилгах. Энэ тал дээр бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг хянан шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтална. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалт, зөвхөн бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан ойлголтыг ойлгоно гэж байгаа. Ингэхээр нэхэмжлэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан мөрдөгч, прокурорын зүгээс хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан. Процессын эрх зүйн зохицуулалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 болон Иргэний хэрэг хянан шийдэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эдийн бус гэм хорын хохирол гаргуулахаар шүүхэд хандах эрхтэйг журамласан явдал нь тухайн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл болохгүй. Дараагийн тухайд нэхэмжлэгч нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрөө бүрдүүлэх үүрэгтэй. ******* гаргасан нэхэмжлэлд өмгөөлөгчийн зардал 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөгийг нэхэмжлээд байгаа юм. Сэтгэл санааны хохирол гаргуулах эрүүгийн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэг хамаарахгүй. Мөн нэмэлтээр дахиад нэг зүйл хэлэхэд хууль хүчний байгууллага хүний эрхийг зөрчиж, хүний эрхийг хязгаарлаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагаагаа явуулж, прокурор нь хэрэгт хяналт тавьж, шүүгч гагцхүү хуульд зааснаар хэргийг шийдвэрлэж байгаа. Тийм болохоор нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын агуулга:
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 303/ШШ2026/00007 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож гомдол гаргагч миний төрийн байгууллага албан тушаалтны учруулсан сэтгэл санааны хохиролд нийт 22.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ******* гаргасан тайлбартаа:
Миний бие 2020 оноос Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн. Түүнээс хойш 4 жилийн хугацаанд 6 удаагийн шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ хугацаанд 20 гаруй удаа шүүх хуралдаан хойшилсон. Үүнтэй холбоотойгоор өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, бензин шатахууны хөлсний талаар тухайн үедээ баримт бүрдүүлээгүй учраас нэхэмжлэхгүй байгаа. Мөн сэтгэл санааны хохирлын тухайд шүүх шинжилгээний байгууллагаас 2 дүгээр зэрэглэлээр тогтоосон. Ингээд сэтгэл санаанд асар их өөрчлөлт, хохирол амссан. Тухайлбал сэтгэл түгших, айдастай байх, мөн нойргүйдэх зэрэг олон асуудал үүссэн. Мөн ажлаа хийж байх хугацаанд иргэдийн зүгээс сум орон нутагт гэмт хэрэгт холбогдсон гэж үзэж, ялтан мэтээр 3-4 жилийн хугацаанд дарамтлуулж байсан. Үүнээс болж асар их сэтгэл санааны хохирол амссан. Эрүүгийн шүүх хуралдаан болон иргэний шүүх хуралдаанд Д.Батцэнгэл шүүгч оролцож хэргийг шийдвэрлэсэн.
Иймд миний гомдлыг авч хэлэлцэж өгнө үү гэв.
6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч гаргасан тайлбартаа:
Миний үйлчлүүлэгчийн зүгээс Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2019 оноос эхлээд шалгаж, 2020 онд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж шүүхэд хэргийг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу бусдад давуу байдал олгосон гэх зүйлчлэлээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал харагддаг. Хэргийг анхан шатны шүүхээс 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс мөн 2 удаа Улсын дээд шүүх рүү гомдол бичсэн гэдэг. Ийм нөхцөл байдлуудаар хэд хэдэн удаа хууль шүүхийн байгууллагад дуудагдаж ирсэн ийм нөхцөл байдал харагддаг. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд бусдад давуу байдал олгох гэдэг энэ зүйлчлэл өөрөө тодорхой нийтийн албан тушаалтан бусдад албан эрх хэмжээгээ урвуулан ашиглаж тодорхой сэдэлт, санаа зорилготой байхад Баянхонгор аймгийн Прокурорын газраас хэргийг зүйлчлэхдээ хэргийг захиргааны акт тавигдсан илтэд өөр төрлийн маргаан байхад яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материал дотор авагдсан нөхцөл байдлаар 20 орчим удаа шүүх хуралдааныг өмгөөлөгч бусад шалтгаанаар хойшилсон. Энэ хугацаанд хууль шүүхийн байгууллагад 4 жилийн хугацаанд Р.Болормаа шалгагдсан нөхцөл байдал байдаг. Үүнээс үүдэлтэй 20 гаран удаа ирж очиход Баянхонгор аймгийн******* сумд оршин суудаг учраас зардал бензиний мөнгө маш их хэмжээгээр гарсан байдаг. Тухайн цаг хугацаанд нотлох баримтаа цуглуулж чадаагүй учраас нэхэмжлээгүй. 2,500,000 төгрөгийн өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Нэгэнт яллагдагчаар татаад ял шийтгэлийн асуудал ярьж байгаа тохиолдолд заавал өмгөөлөгч авах зайлшгүй шаардлага бий болсон.
Мөн харилцан эсрэг сонирхол үүсэж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан харилцан эсрэг сонирхолтой этгээдийн нэг нь өмгөөлөгчтэй бол бусад этгээд өмгөөлөгч авна гэдэг хуулийн зохицуулалт байсан учраас зайлшгүй өмгөөлөгч оролцох шаардлага үүссэн байдаг. Ингээд өмгөөлөгчийг 2,500,000 төгрөгөөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Энэ 4 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүнд 2,500,000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлс гэдэг бол харьцангуй бага өмгөөлөгчийн хөлс төлсөн. Мөн сэтгэл санааны хохирлын асуудал яригдаж байгаа. Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан тушаал гарсан. Тухайн тушаалаар сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоох нөхцөл байдал байгаа. Тухайн тогтоолоор 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсон нөхцөл байдал харагддаг. 2 дугаар зэрэглэлээр тогтоогдсоноос үүдэлтэй сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг гаргах нөхцөл байдал байдаг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн нөхцөл байдлаар үржүүлээд 22,500,000 төгрөгийг нийт хохирол гэж нэхэмжилсэн. Энэ 4 жилийн хугацаанд ажил амьдралаа алдсаныхаа хувьд энэ мөнгийг авах эрхтэй гэж үзэж байна. Эрх бүхий өндөр албан тушаалтан, Прокурорын байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас хохирсон гэж үзэж байгаа учраас тухайн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна..гэв.
7. Прокурор Д.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Прокурорын зүгээс төрийг төлөөлж анхан шатны шүүх хуралдаанд оролцсон бөгөөд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Төрийн сангаас Р.Болормаад 22,500,000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ байр сууриа өнөөдрийн шүүх хуралдаанд дэмжиж оролцож байна. Р.Болормаагийн хувьд өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нь хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан хуулийг баримтлан хохирлыг гаргуулахаар зохицуулсан бөгөөд 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан мөн 2019 онд батлагдсан Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2.3-д зааснаар хууль зүйн туслалцаа үзүүлсний төлбөрийг дансаар авах хэлбэрийг зөрчин бэлнээр авсан бол төр хариуцсан арилгахгүй гэсэн зохицуулалтаар бэлнээр авсан өмгөөлөгчийн хөлсийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн сэтгэл санааны хохирлыг гаргуулах тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2-т шүүхээс сэтгэл санааны хор уршиг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, Шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална гэж заасан байгаа.
Өнөөдрийн шүүх хуралдааны хувьд Улсын дээд шүүхээс ийм практик тогтоогоогүй тул сэтгэл санааны хохирол гэх 20,000,000 төгрөгийг төрөөс арилгах хууль зүйн үндэслэлгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч ******* нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирол нийт 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулахаар шаардаж, үндэслэлээ “...Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагчаар татан хэргийг 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд шилжүүлж түүнээс хойш анхан болон давж заалдах шатны нийт 6 удаагийн шүүх хуралдаанд шүүгдсэн. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг Баянхонгор аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 2024/ДШМ/30 дугаар магадлалаар хүчингүй болгож цагаатгах шийдвэрийг гаргасан ба хууль бусаар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдаж, яллагдагчаар татагдсаны улмаас сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийн хохирол учирсан” ... хэмээн тодорхойлжээ.
3 . Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож дүгнэлт гаргасан прокуророос хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тайлбар, татгалзал гаргажээ.
4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
5. Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******г Баянхонгор аймгийн******* сумын Засаг даргын Т******* ажиллаж байхдаа тус сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга , нягтлан бодогч , сумын засаг дарга ******* нартай бүлэглэн...албан үүргээ урвуулан ашиглаж, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр******* сумын Засаг даргаар ажиллаж байсан *******ын гаргасан “өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” хүсэлтийг , нартай урьдчилан хэлэлцэж, *******ын хүсэлтэд цохолт хийж, ямар нэгэн албан ёсны баталгаажиж гарсан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 95, 96 дугаартай төлбөрийн хүсэлтэд 1 дүгээр гарын үсэг зурж гүйлгээ хийн засаг дарга *******ын Төрийн банкны дансанд 39,297,500 /гучин есөн сая хоёр зуун ерэн долоон мянга таван зуу/ төгрөгийг шилжүүлж, бусдад давуу байдал бий болгосон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
5.1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолоор *******г ... нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэм буруутайд тооцож, түүний нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг ... Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгчийн гомдлоор хянан хэлэлцээд 2024/ДШМ/30 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгажээ.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2-т “Тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан бол хохирлыг нөхөн төлүүлэх эрх үүснэ.” гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг төр хариуцна.”... гэж хуульчилсан бөгөөд *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан учир хүсэлт гаргагч нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эдийн болон эдийн бус хохирлоо шаардах эрхтэй байна.
6.1. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1-д “Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:”, 1.1-д “хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого”, 1.2-т “хуулийн этгээдийн орлого”, 1.3-т “хууль бусаар хорих ял шийтгүүлсний улмаас зогсоосон тэтгэвэр, тэтгэмж”, 1.4-т “шүүхийн шийдвэрээр хураасан, улсын орлого болгосон болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйл”, 1.5-д “шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал”, 1.6-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж тус тус зохицуулжээ.
7. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлахад :
7.1. Сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-д Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй..., Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй..., 230.2-т Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана...гэж тус тус эдийн бус хор шаардах эрхийг тодорхойлжээ.
Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1-т Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй..., 2-т Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална...гэжээ.
Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч ******* сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулахад Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 09 сарын 19-ний өдрийн №ЕГ0825/3027 дугаар шинжээчийн дүгнэлтээр ******* сэтгэцэд стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлд хамаарах тухай дүгнэлт гарсан байна.
Гэвч дээрх дүгнэлтийг үндэслэн гэм хорын асуудлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн улмаас хүний /хохирогчийн/ сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, үнэлгээ гаргуулахтай холбоотой асуудал юм.
Харин хэргийг шийдвэрлэх цаг, хугацаанд мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Улсын дээд шүүх баталж мөрдүүлэхээр хуульд тусгайлан заасан бөгөөд энэ цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй байх тул шүүхээс Иргэний хууль тогтоомжийг төсөөтэй хэрэглэн, энэ төрлийн нэхэмжлэлийг шийдвэрлэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг алдагдуулах, хүчин төгөлдөр хууль тогтоомжид нийцэхгүй тул ******* сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүхээс дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд хамаатуулан тайлбарласан нь үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.
7.2. Хууль зүйн туслалцааны хөлс 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хүсэлт гаргагчаас эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа хууль зүйн туслалцаа авах гэрээг өмгөөлөгчтай байгуулж, хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлсийг 2,500,000 төгрөг гэж тохиролцсон, гэрээгээр тохиролцсоны дагуу өмгөөлөгч нь... *******д холбогдох эрүүгийн 2114000050150 дугаартай хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож өмгөөллийн үйл ажиллагаа үзүүлсэн зэрэг үндэслэл байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6-д “хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс” гэж зааснаар хүсэлт гаргагч ******* нь хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,500,000 төгрөгийн хөлсийг эд хөрөнгийн хохиролд тооцуулан төрөөс шаардах эрхтэй, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1-д заасантай нийцэж байна.
Өмгөөллийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Өмгөөлөгч хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс /цаашид "өмгөөллийн хөлс" гэх/ авах бөгөөд хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.. гэж өмгөөлөгч бусдад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлсэн тохиолдолд өмгөөллийн хөлс авах эрх зүйн үндэслэлийг тодорхойлжээ.
Хэрэгт 2021 оны 07 сарын 01-ний өдрийн өмгөөлөгч, үйлчлүүлэгч *******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг эх хувиар нь гаргаж өгсөн байх ба гэрээний 4.1-д хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 2,500,000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.
Улмаар *******д холбогдох Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн шүүх хуралдаан, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн 2024 оны 4 сарын 30-ны өдрийн шүүх хуралдаануудад тус тус өмгөөлөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцсон болох нь шүүхийн шийтгэх тогтоол, шүүхийн магадлалуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх үндэслэлээр хүсэлт гаргагч ******* хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлсөнд нотлох баримтаар нотлогдсон 2,500,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
8. Иймд “******* нь хууль бус ажиллагааны улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй ”...гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт гэм хорын эрх зүйн зохицуулалтад нийцсэн, үндэслэл бүхий болжээ .
Харин хүсэлт гаргагчийн хууль зүйн туслалцаа авахад өмгөөлөгчид төлсөн хөлсийг гаргуулах үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хуулиар заавал өмгөөлөгч авах хэргийн төрөлд хамаарахгүй гэсэн нь хуульд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Засгийн газрын нөөц сангаас 2,500,000 төгрөг гаргуулж хүсэлт гаргагч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн төлөөлөн оролцсон прокурорыг... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хариуцагч, мөн хуулийн 29, 134 дүгээр зүйлийн 134.3.-т заасан гуравдагч этгээд гэж тус тус үзэхгүй бөгөөд төлбөрийг прокурорын байгууллагад хариуцуулахгүй.
Онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч байдаггүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.-д зааснаар зохигч биш этгээд мэтгэлцээнд оролцох боломжтой тул мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 31 дүгээр зүйлийн 31.1.-д заасан үндэслэл, журмын дагуу прокурорыг төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хуульд нийцсэн байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 303/ШШ2026/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад
“.. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* өмгөөллийн зардал 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг
“..Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сангаас 2,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай..” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.9-д зааснаар хүсэлт гаргагч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол гаргаж болохыг мэдэгдсүгэй.
Даргалагч, шүүгч Ч.Баярцэнгэл
шүүгчид Т.Ганчимэг
Л.Нямдорж