Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 135

 

-

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгч Т.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц овогт Т.Э-д холбогдох 1935003230164 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ах нарын хамт Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар багийн 16-60 айлын 20 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Ц овогт Т.Э /РД: .................../

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э нь согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, Их наяд цогцолбор дотор 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Э.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Э нь хохирогч Э.Т-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Э.Т-гийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр орой 20 цагийн орчим ажил дээрээ очоод өрөөндөө камераа хянаад сууж байтал 23 цагийн орчим манай гаднаас орох хаалганы үүдэн дээр нэг том биетэй залуу гаднаас хүн оруулахгүй, дотроос хүн гаргахгүй ганцаараа хаагаад зогсчихсон байхаар нь ... тэр хаалга алдлаад зогсчихсон байсан залуу дээр очоод чи наадах хаалган дээрээсээ холдчих энэ хүмүүсийг оруулж, гаргаач гэж хэлсэн тэгтэл тэр Э гэх залуу хаалган дээрээс холдохгүй гэхээр нь би нэг гарыг нь арай хийж тавиулаад харин Э-тай хамт явсан хүмүүс нь гарыг нь тавиулсан юм. Тэгээд Э-ыг найз нар нь аваад баар луу орж явахад Э замдаа нэг залуутай маргалдаад байхаар нь би Эад хандаж энэ чиний танхайрдаг газар биш шүү гэхэд Э миний өмнөөс мөн за юу гэж хариулсан. Тэгэхээр нь би Эад битгий маяглаад байгаарай чамайг Сэржээ /Эын ээж/ эгчид хэлнэ шүү гэхэд Э миний өмнөөс юу гэнээ гээд эргэж хараад баруун гараа атгаж байгаад миний баруун талын хацар шанаа хэсэг рүү маш хүчтэй нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дугаар хуудас/,

2. Гэрч Р.Э “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 13 цагийн орчим ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад орой 21-22 цагийн хооронд байх ... манай баарны үүдний зааланд хүмүүс маргалдаад байх шиг болсон. ...Т эгч үүдний зааланд нэг ахын араас дагачихсан тэр ах нь нэг залуутай маргалдаад байсан ба тухайн үед Т эгч нөгөө хүнтэй маргалдаад байсан ахыг чи боль миний дүү гээд үг сонсохгүй бол ээжид чинь хэлчихнэ шүү гэхэд нөгөө ах Т эгчийн урдхан талд нь явж байгаад гэнэт эргэж хараад юу гэнээ гэж хэлснээ Т эгчийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Т эгч хойш хана руу саваад толгойгоороо хана мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

3. 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч Э.Тгийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь өөрийнхөн зааж буй хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх 584 дугаартай дүгнэлт /хх-ийн 13 дугаар хуудас/,

4. Шүүгдэгч Т.Э-ын яллагдагчаар өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр манай хуурай дүү Н-гийн бөхийн харцага цол авсаны найр болоод... Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад хүлээн авалтаас Л гээд найзын хамт гараад Их наяд нэртэй баар луу хамт орсон юм. ...Т эгч намайг чи битгий хүнтэй маргалдаад байгаач маяглаад байвал ээжид чинь хэлнэ шүү гээд манай ээжийн нэрийг хэлэхээр нь би эргэж хараад юу гэнээ гэж уурлаад Т эгчийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохичихсон... Би хохирогч Тгийн эмчилгээний зардал, эм тариа хоол унданд нийт 500.000 төгрөгийн зардал төлсөн ба Тгаас уучлалт гуйсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /хх-ийн 30-31 дугаар хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 584 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.

Шүүгдэгч Т.Э нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 11 дугаар багийн нутагт хохирогч Э.Т-г үл ялих зүйлээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.Т, гэрч Я.Ч, Р.Э нарын мэдүүлэг, 584 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг төлсөн болох нь хохирогчийн “...Т.Э нь надаас уучлалт гуйж надтай эвлэрсэн миний хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд надад одоо гомдол тэмцэл нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 21 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, мөн хохирогчийн “...Т.Э нь миний хохирлыг барагдуулж өгсөн тул миний бие Т.Э ямар нэгэн гомдол тэмцэлгүй...” /хх-ийн 53 дугаар хуудас/ гэх тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүгдэгч Т.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар /хх-ийн 35 дугаар хуудас/ тогтоогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Т.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Э.Т-гийн 4 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Э нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Э.Т-гийн 4 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Т.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй дурдсугай.

         

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА