Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/98

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар магадлалтай, Б.Б-д холбогдох 2303004070370 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, С овогтой Б-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508 дугаар зүйлийн 4.1, 511.3, 511.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Б оршуулгын зардал 25,500,000 төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Б-ээс нийт 110,261,956 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, түүний 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзориг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-9 дүгээр тал/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан сиди /1 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Авто тээврийн шинжилгээ хариуцсан мэргэшсэн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2758 дугаартай дүгнэлт “...амь хохирогч явган зорчигч нь ... явган хүний гарц гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч зам тээврийн осол гарах шалтгааны нэг нөхцөл болсон байна” гэх дүгнэлтээр хохирогч гарц, гарамгүй газраар гарсан нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 239 дүгээр тогтоолын хавсралт Замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэснийг зөрчиж, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдэгдсэн байхад дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн.

Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, оршуулгын зардал болох 25,500,000 төгрөгийг төлсөн, цаашид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/353 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, Б.Б-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хэлсэн саналдаа Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгчийн гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны үеэс шүүгдэгч Б.Б нь гэм буруу, хохирлын асуудлаар маргаагүй бөгөөд хохирлыг төлөхөө илэрхийлж оролцсон. Улмаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй.

Гэмт хэрэг 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн хэдий ч анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн зохих заалтуудыг баримталж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь С.У-ийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон ба иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжтой учир шүүгдэгчээс 82,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв тогтоох, сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргуулах асуудлаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоох боломжтой гэж дүгнэснийг дурдъя. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор Б.Мөнгөншагай хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болон оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчилгүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэл бүхий байх ба шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан. Уг хуулийн зохицуулалтын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан. Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй.  Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар буюу 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

Иймд дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлт үйлчилж эхлээгүй цаг хугацаанд буюу 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршиг болох 82,500,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-ээс гаргуулахаар шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээс сэтгэцэд учирсан хохирол гаргуулах тухай заалтыг хүчингүй болгож өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогчийн буруутай үйл ажиллагаа буюу гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарсан үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх агуулга бүхий гомдлыг гаргасан. Хэдийгээр энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа байгаа боловч шүүгдэгч бүрэн бус буюу гэрэлтүүлэг стандарт шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр шөнийн цагт хурдыг тохируулахгүй явсан, үүний улмаас зам хөндлөн гарч явсан хүнийг мөргөснөөс хүний амь нас хохирсон нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 06 дугаар сарын 11-ний шөнө 23 цаг 10 минутын үед ... дүүргийн ... дүгээр хороо, Наадамчдын гудамж, Хүннү молл худалдааны төвийн замын урд замд “...” маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана”, мөн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчиж, явган зорчигч Ө.Б-ыг мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна гэж үзэв.

3.Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Б.Б-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна.

4.Харин шүүхээс дээрх ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан, шүүгдэгчийн эрх зүйн байдалд ашигтай Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь зөв боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухай гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтыг журамлаагүй орхигдуулсан байх тул энэ талаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэснийг “... таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж нэмэгдэл ялыг хүндрүүлэн өөрчилсөн болно.

Анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг сонгохдоо Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих талаар өмгөөлөгч Т.Ганзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5.Шүүх гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.

Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

Нэгэнт хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Б-ээс 82,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгосугай.

3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Б нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-т оршуулгын зардалд 25,500,000 төгрөг төлснийг дурдаж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1,  497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3, 508.4 дэх хэсгийн 508.4.1-д заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Б-ээс 27,761,956 /хорин долоон сая долоон зуун жаран нэгэн мянга есөн зуун тавин зургаа/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У-т олгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 353 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4.Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганзоригийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                                  М.ПҮРЭВСҮРЭН

                              ШҮҮГЧИД                                                      Б.АМАРБАЯСГАЛАН

                         Б.БАТЦЭРЭН

                                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                          Ч.ХОСБАЯР