| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
| Хэргийн индекс | 128/2017/0151/З |
| Дугаар | 476 |
| Огноо | 2017-06-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 476
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.С
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газар
Гуравдагч этгээд: “У ” ХХК
Гуравдагч этгээд: “М ” ХХК /
Нэхэмжлэлийн шаардлага: “...Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны ,,,, тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ,,,оот автомашины зогсоолуудыг Т.С-н нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээд “У ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.С-н шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Миний бие Тогтох овогтой С нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “М ” ХХК-тай 1А/52 дугаар бүхий “Захиалгаар орон сууны барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгаж Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А байрны ,,, тоотод байрлах 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ,,, тоот автомашины зогсоолуудын хамт худалдаж авсан болно.
Улмаар дээрх гэрээний дагуу худалдан авсан орон сууц болон автомашины зогсоолуудыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч “М ” ХХК-ийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхгүй, бидний нэр дээр гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан учир шүүхэд хандсан болно.
Ингээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 02767 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаар магадлалаар Т.С, намайг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны ,,, тоотод байрлах 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ,, тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн билээ.
Иймээс миний бие өмчлөх эрхээ бүртгүүлэхээр Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгээ бөглөн, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хавсаргах баримтуудыг бүрдүүлэн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандахад “М ” ХХК-ийн Могул таун хотхоны барилга нь барьцаанд байгаа учир бүртгэх боломжгүй гэсэн хариуг өгсөн.
Ингээд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 4/68 дугаар албан бичгээр “... “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхон, 98 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байх тул...улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10-д заасантай нийцэж байна. Иймд та Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасны дагуу асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн болно.
Улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид барьцаанд байгаа эд хөрөнгийн бүртгэлд бүртгэхгүй гэсэн ойлголт байхгүй. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн дагуу өөрийн өмчлөлийн болсон үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах авахад Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа нь хуулийн хуулийн 14.2-т заасныг мөн иргэний миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг айхад татгалзаж байгаа нь иргэн миний хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т иргэн нь “...хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмшиж, өмчлөх, өв залгамжлах эрхтэй..” гэж заасан бөгөөд иргэн миний хувьд шударгаар өмчлөх эрхийг олж авсан үл хөдлөх хөрөнгөө хууль журмын дагуу өмчлөх, өмчлөх эрхээ баталгаажуулан авах бүрэн эрхтэй гэж үзэж байна.
Иймд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод байрлах 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 тоот автомашины зогсоолуудыг Т.С миний нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:
“...Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод байрлах 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 тоот автомашины зогсоолуудыг Т.С-йн нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхий бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М ” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 дугаар гэрчилгээ олгосон байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.8-д заасан нотлох баримтыг “М ” ХХК мэдүүлэгт хавсаргаж өгснийг үндэслэн бүртгэсэн байна.
“М ” ХХК нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр У тай ЗГ0001/110727 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдон эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг барьцаалж, 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗБГ0001/110727 дугаар барьцааны гэрээг байгуулсан бөгөөд уг барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэлтэй байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаар тогтоол ирүүлснийг үндэслэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийсэн байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороолол, Ар зайсан гудамжны Могул таун хотхоны 98 дугаар байрны 607 дугаар орон сууц, 1А-28 дугаар авто зогсоолыг иргэн Т.С нь өөрийн өмчлөлдөө бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд мэдүүлгийг дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж буцаасан байна.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгыг 2011 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “М ” ХХК-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000151030 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд уг бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хүчинтэй байна. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д заасан тул уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т.С-йн өмчлөлд бүртгэх үндэслэлгүй болно.
Шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018350 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 дугаартай, 3564 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын цогцолборын зориулалттай барилгын захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлж, албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2, 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн тул мөн хуулийн 20.3, 20.5-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэргүйгээр уг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг Т.С-йн өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.
Уг эд хөрөнгө нь У тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т гэж заасны дагуу У наас зохих зөвшөөрлийг авах бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй байна.
Ийнхүү мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан нь хуульд нийцсэн байх тул иргэн Т.С-йн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “У ” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...У нь 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “М ” ХХК-тай ЗГ0001/110727 дугаар зээлийн гэрээ, ЗБГ0001/110727 дугаар зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж Хан-Уул дүүрэг, 11 хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 тоот хаягт баригдаж буй 81 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэл, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж Г97 дугаар авто зогсоолын зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийг тус тус барьцаалуулсан.
Нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлдээ дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүд нь дээрх барьцааны хөрөнгөнд хамаарч байгаа бөгөөд “М ” ХХК-ийн зүгээс 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр У инд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг банкны зөвшөөрөлгүйгээр Т.С д 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан худалдсан байна.
“У ” ХХК-ийн зүгээс “М ” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарны 27-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн барьцааны гэрээг тухайн үед Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн бөгөөд түүнээс хойш тухайн үл хөдлөх хөрөнгүүдэд барьцааны эрх үүссэн. Зээлдэгч “М ” ХХК нь зээлийн гэрээний төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй тул У наас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Тус шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр ““М ” ХХК-иас 2.055.460.140 төгрөгийг гаргуулан У инд олгон, хариуцагч үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун хотхоны 17025, Ар зайсангийн 1А тоот барилга, мөн хаягт байрлах автомашины зогсоол... зэргийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн гүйцэтгэх албанд даалгаж” шийдвэрлэсэн.
“М ” ХХК-иас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй банкинд хохирол учруулж байгаагаас гадна зээлийн гэрээний барьцаанд тавьсан эд хөрөнгүүдээ банкны зөвшөөрөлгүйгээр хууль бусаар бусдад худалдсан үйлдэл гаргасан нь илэрч байна.
Нэхэмжлэгч Т.С нь нэхэмжлэлдээ “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2767 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаар магадлалаар Т.Сэлэнгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А дугаар байрны 607 дугаар, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон 1А-28 дугаар автомашины зогсоолын өмчлөх эрхтэй болохыг тогтоосон” гэж үндэслэн бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргаж байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зөрчиж бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасны дагуу маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөнд барьцааны эрх бүртгэгдсэн байх тул барьцаалагч У наас зөвшөөрөл авах нь зүйн хэрэг юм.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1, 5.1.3-д заасны дагуу У ны барьцаанд бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд банкнаас заавал зөвшөөрөл авах үүрэгтэй тул улсын бүртгэгчийн үйлдэл хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч Т.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, С.И нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Т овогтой С нь “М ” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1А/52 дугаар бүхий Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлж дуусгаж, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 98 дугаар байрны ,,,тоотод байрлах 100.53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ,, тоот автомашины зогсоолын хамт худалдаж авсан.
Нэхэмжлэгчийн шаардлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18, 20 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3.1, 4.1-д заасан иргэний эрхээр шүүхэд хандаж гаргасан байх тул манай талаас ямар нэгэн байдлаар татгалзах зүйл байхгүй байгаагаа шүүхэд мэдүүлье.
Дээрх эд хөрөнгө иргэн Т.С хууль ёсны өмч мөн болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2767 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаар магадлалаар тогтоогдсон байна.
Хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хариу тайлбарт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун, Ар зайсангийн гудамж 98 байр нь 3564 м.кв 30 хувийн гүйцэтгэлтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь Ү-2206018350 дугаарт, “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх” тул манай компани өөрийн өмч хөрөнгөө Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй бөгөөд иймээс 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр У инд барьцаалан 2,5 тэрбум төгрөгийн зээл авсан. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар өөрийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд зайлшгүй шаардлагаар хийсэн үйлдэл бөгөөд энэ үйлдлээрээ иргэн Т.С өмчлөх эрхэд хохирол учруулж болохгүй бөгөөд зээлийн болон барьцааны гэрээний талаар иргэн Т.С нь мэдээгүй тул түүний шаардлага болон шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болохоо шүүхийн өмнө хүлээн зөвшөөрч байна.
У тай байгуулсан ЗГ/0001/110727 дугаар зээлийн болон ЗБГ/0001/110727 дугаар барьцааны гэрээ бол иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн бизнес үйл ажиллагааны ердийн үйлдэл байсан бөгөөд Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар гарцаагүй байдлын улмаас тухайн нөхцөлд үүссэн гэм хор буюу гэрээний үүргээ өөрөө арилган биелүүлэх болно. Харин энэ харилцаанд тус компаниас орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгө худалдан авсан гуравдагч этгээдэд гэм хор учруулж, түүний хууль ёсны эрхийг зөрчиж болохгүй.
Иргэн Т.С нь тус компанитай байгуулсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т заасан төрлийн шинжтэй учир мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний заалтаар зохицуулагдахыг иргэний хэргийн анхан шатны шүүхээс дүгнэсэн байгаа.
Иймээс манай компани нэхэмжлэгч иргэн Т.С өмчлөлд эрхийн зөрчилгүй эд хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэх, энэ эд хөрөнгө барьцаалан шаардсан У ны өмнө хүлээсэн үүргээ үүнээс тусгаарлан өөрөө хариуцан гүйцэтгэхээ шүүхэд тайлбарлан мэдүүлж байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.С “...Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны,,тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ,, тоот автомашины зогсоолуудыг Т.С нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогч нарын тайлбар зэргийг харьцуулан үзэж, үнэлсний үндсэн дээр шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
“М ” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаарт байршилтай аялал жуулчлал цогцолборын зориулалттай 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-
2206018350 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000151030 дугаар гэрчилгээг 2011 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчаас олгосон байна.
“У ” ХХК “М ” ХХК-тай 2.500.000.000 сая төгрөгийг 16,2 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлдэхээр харилцан тохиролцож 2011 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ0001/110727 дугаар гэрээг байгуулсан ба мөн өдрийн зээлийн барьцааны ЗБГ0001/110727 дугаар гэрээгээр эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000151030 дугаартай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 дугаарт байршилтай аялал жуулчлал цогцолборын зориулалттай 3564 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг, ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалахаар тохиролцжээ.
Т.С нь “М ” ХХК-тай Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн ам хаягт орших “Могул таун” орон сууцны хотхоны 1А байрны 607 тоот 100,53 м.кв 3 өрөө орон сууцыг 1А-28 тоот авто зогсоолын хамт барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр “Хасуу цамхаг” ХХК-иар хийж гүйцэтгүүлэх, орон сууцны барилгын ажлын явцад захиалагч хяналт тавих, орон сууцыг хүлээлцэхтэй холбоотой үүсэх харилцааг харилцан тохиролцож, 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” 1А/52 дугаар гэрээг байгуулсан байх бөгөөд уг гэрээний дагуу Т.С орон сууц, автомашины зогсоолын төлбөрийг төлсөн болох нь кассын орлогын ордер , “М ” ХХК-ийн 2013 оны төлбөр барагдуулсан тухай тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгч Т.С “М ” ХХК-нд холбогдуулан дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхийг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2767 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343.4-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд байрлах Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод орших 100,53 м.кв хэмжээ бүхий 3 өрөө орон сууц, 1А-28 тоот авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр Т.С-йг тогтоож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1082 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2767 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343.1, 343.4” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Гуравдагч этгээд “У ” ХХК нь “М ” ХХК-нд холбогдуулан “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан хороололд байрлах “М ” ХХК-нд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.900.654.164 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 15.000 төгрөг тус тус гаргуулах, зээлийн барьцаанд бариулсан орон сууцыг бусдад худалдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага гаргасныг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэрээр “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК-иас 2.055.460.140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “У ” ХХК-нд олгон, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “У ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас барьцаанд бариулсан орон сууцнуудыг бусдад шилжүүлсэн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “М ” ХХК-ийн зээлийн болон барьцааны гэрээг хүчингүй болгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт “У ” ХХК гаргасны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 4516 дугаар захирамжаар тус шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 4010 дугаар шийдвэр, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1046 дугаар магадлал, 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тогтоолыг албадан гүйцэтгүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1/11612 дугаар албан бичгээр “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Могул таун /17025/, Ар зайсангийн гудамж 98 тоотод байрлах ГД:0001,,0, УБД:Ү22,, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн дугаартай, 3564 м.кв талбайтай 30 хувийн дуусаагүй барилгын гэрчилгээ болон түүний ирээдүйд хийгдэх гүйцэтгэлийн хамт барьцаалсан үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, эрхийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжлэхээр захирамжилсан тул захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлнэ үү...” гэж Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлснийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 1155 дугаар албан бичгээр “...дээрх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс түдгэлзүүллээ..” хэмээн хариуг өгчээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж зааснаар эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой хэдий ч эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд тэрхүү зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг дээрх хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан байна.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах гүйцэтгэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 7/165 дугаар тогтоолоор “...Г98 тоот 1А байрны Ү-2206,50 дугаарт бүртгэлтэй ...607... тоот орон сууцуудыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнэ болох 24.780.825.000 төгрөгийн 70 хувь буюу 17.346.577.500 төгрөгөөр, дуудлага худалдааны санал болгох үнийг тогтоон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулж буй 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутад болох үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Долгорлхамд үүрэг болгосугай” гэж шийдвэрлэсэн бөгөөд уг дуудлага худалдаанд Т.С 1А байрны 28 дугаар авто зогсоол ороогүй болох нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 1/6115 дугаар албан бичгээр тогтоогдож байх хэдий ч Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод байрлах 100,53 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, 1А-28 тоот автомашины зогсоол нь “М ” ХХК болон “У ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд барьцаалагдаж, үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн хэвээр байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” зэргийг тус тус улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосны дагуу орон сууц, автомашины зогсоолыг Т.С нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл нь хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.
Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.2, 20.1.4-т “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр”, “шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр” тус тус гарсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийхээр заасны дагуу дээрх үл хөдлөх хөрөнгөд хамаарах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бөгөөд мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Энэ хуулийн 20.1.2-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.” 20.5-д “Энэ хуулийн 20.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна.” гэж тус тус заасныг хариуцагч хэрэгжүүлэн ажиллажээ.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарч, тусгай тэмдэглэл хийсэн байхад тухайн албанаас өөрчлөлт оруулах шийдвэр ирээгүй тохиолдолд хариуцагч улсын бүртгэлийн байгууллага Т.Сэлэнгийг өмчлөгчөөр бүртгэх шийдвэр гаргах үндэслэлгүй юм.
Иймд Т.С гаргасан “...Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны 607 тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 1А-28А тоот автомашины зогсоолуудыг Т.С нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 20 дугаар зүйлийн 20.1 20.1.2, 20.1.4, 20.3, 20.5-д заасныг тус тус баримтлан Т.С гаргасан “...Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Ар зайсангийн гудамж, Могул таун хотхоны 1А байрны ,,, тоотод байрлах, 100.53 м.кв талбайтай,,, өрөө орон сууц, ,,,тоот автомашины зогсоолуудыг Т.С нэр дээр бүртгэхгүй байгаа Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Т.С улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА