Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1363

 

Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04197 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Ариунболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Даянхүү цэцэрлэгт холбогдох

1 099 930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтанчимэгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Алтанчимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ариунболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дашдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ариунболд нь 2012 оноос эхлэн Даянхүү цэцэрлэгт бараа нийлүүлж эхэлсэн. Захиалсан барааг хугацаанд нь хүлээлгэж өгч, барааны үнийг ч хугацаанд нь төлж байсан. Гэтэл 2015 оны 09 дүгээр сараас эхлэн цэцэрлэгээс авсан барааныхаа үнийг дутуу төлөх болсон бөгөөд 09 дүгээр сард 2 211 100 төгрөгийн бараа авч 09 дүгээр сарын 29-ний өдөр 2 202 000 төгрөгийг төлж, зөрүү нь 9 100 төгрөг, 10 дугаар сард 2 718 450 төгрөгийн бараа авч 11 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг төлж, зөрүү нь 718 450 төгрөг, 11 дүгээр сард 2 294 900 төгрөгийн бараа, 902 480 төгрөгийн үнэ бүхий төмс тус тус авч, уг төлөх төлбөрөөс 372 380 төгрөгийг төлөөгүй болно. Иймд Даянхүү цэцэрлэгээс нийт 1 099 930 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Даянхүү цэцэрлэгийн төлөөлөгч Ш.Алтанчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Ариунболд нь манай байгууллагын ажлын ачааллыг далимдуулан 9 дүгээр сараас эхлэн бараа болон тээврийн зардлын үнийг бага багаар нэмж нэхэмжилсэнийг тухай бүрд нь тооцож хянаагүй сул талыг ашигласан. 09, 10, 11 дүгээр саруудад нэхэмжилсэн барааны үнийг Барс худалдааны төвийн үнэтэй харьцуулалт хийхэд 09 дүгээр сард 339 350 төгрөг, 10 дугаар сард 328 200 төгрөг, 11 дүгээр сард 356 900 төгрөг, нийт 1 024 450 төгрөгийн үнийн дүнгийн зөрүү гарсан тул Б.Ариунболдоос бараа авахаа больсон. Б.Ариунболдын нэхэмжилсэн үнийн дүн, манай байгууллагын тооцоолсон үнийн дүнгийн зөрүү болох 75 480 төгрөгийг төлж барагдуулах болно. Иймд Б.Ариунболд 2015 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд нийлүүлсэн барааныхаа үнийг нэмж нэхэмжилсэн тул энэ зөрүүг манай байгууллага төлөх боломжгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Даянхүү цэцэрлэгээс барааны үлдэгдэл төлбөр 1 099 930 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунболдод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 52 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Даянхүү цэцэрлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 30 948 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Ариунболдод олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Даянхүү цэцэрлэгийн төлөөлөгч Ш.Алтанчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Манай байгууллага Б6Ариунболдтой 2012 оноос эхлэн бараа нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллаж байсан бөгөөд 2015 оны 09 дүгээр сараас эхлэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг ямар ч үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн байдаг бөгөөд бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсон гэдгээ мэдэгдээгүй. Анхан шатны шүүхэд Б.Ариунболдын нийлүүлдэг байсан бараа бүтээгдэхүүнийг "Барс" худалдааны төвийн үнийн дүнтэй харьцуулсан судалгааг гаргаж өгсөн боловч бидний шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болон тайлбарыг анхаарч үзээгүй зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Ариунболд нь хариуцагч Даянхүү цэцэрлэгт холбогдуулан худалдах худалдан авах гэрээгээр нийлүүлсэн барааны үнэд 1 099 930 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, зах зээлийн үнээс хэтэрхий өндөр үнэ шаардсан тул “Барс” захын барааны үнэтэй харьцуулж 75 480 төгрөг төлнө гэж маргажээ.

Зохигчид хүүхдийн цэцэрлэгийн хэрэгцээнд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр худалдах худалдан авах гэрээний харилцаатай байсан, 2015 оны 9,10,11 дүгээр саруудад нэхэмжлэгч Б.Ариунболд бараа нийлүүлснийг хариуцагч хүлээн авсан, падаанаар нэхэмжилсэн үнийг гүйцэт төлөөгүй байгаа үйл баримтад талууд маргахгүй байна.

Талууд гагцхүү нийлүүлсэн барааны үнийн талаар маргаж байна.

Зохигчдын хооронд  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээнд үнийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно. Нэхэмжлэгч нь үнээ шууд нэрлэн зааж зарлагын баримтаар /х.х-ийн 4, 15-18/ шаардсан бол, хариуцагч Барс захын барааны ханшаар тохиролцсон гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь барааны үнийг “Барс” захын үнэ ханшаар тохиролцсон гэх байдлаа баримтаар нотлоогүйгээс гадна хэргийн 19-22 дугаар хуудсанд авагдсан материалын тооцоо, үнийн харьцуулалт гэх баримт нь үнэ ханшны талаарх хөндлөнгийн баримт, лавлагаа биш нэхэмжлэгчийн өөрийнх нь харьцуулалт байна. Нэхэмжлэгч нь үнэ ханшны лавлагаа гаргах, харьцуулалт хийх эрх бүхий этгээд биш тул уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон шүүхэд гаргасан зарлагын падаан гэх баримтад нийлүүлсэн барааны нэр төр, хэмжээ, үнийг заасан байх бөгөөд уг баримтад хариуцагчийн төлөөлөгчийн гарын үсэг зурагдаагүй байна. Гэвч хариуцагч шүүхэд уг баримтын талаар “…Ачаалалтай байдлыг далимдуулан бага багаар үнээ өсгөж нийлүүлсэн” гэж тайлбарласан байх тул уг зарлагын баримтад дурдагдсан эд хөрөнгийг хүлээн авсан гэж үзнэ. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авсан хөрөнгийн үнэ болох 1 099 930 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Зээлээр худалдах-худалдах авах гэрээг ердийн худалдах-худалдах авах гэрээнээс ялгах үндсэн шинж нь худалдан авч буй эд зүйлийн үнийг хэсэгчлэн төлөх, үнийг шууд биш гэрээнд заасан хугацаанд хэсэгчлэн төлж байгаа учраас хүү төлөх эсэх нь тодорхой бус, эд зүйлийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих талуудын тохиролцоо байх явдал бөгөөд эдгээр нөхцөлүүдийг талууд тохиролцсон байна. Талууд барааг зарлагын баримтаар хүлээлцэж, сар бүр үнийг нь төлж байхаар хийгдсэн байх тул тэдний хооронд ердийн худалдах-худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсоныг залруулж, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/04197 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “… 262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1…” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Даянхүү цэцэрлэгийн төлсөн 31 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                ШҮҮГЧИД                                 А.МӨНХЗУЛ

                                                                                  Ш.ОЮУНХАНД