Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/00005

 

Х.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Х.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Д-д холбогдох,

Гэм хорын хохиролд 12 045 815 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг үндэслэн,  

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Баасансүрэн, хариуцагчийн өмгөөлөгч М.Даваасүрэн, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2001 оноос эхлэн Булган сумын 1 дүгээр баг 40 айлын 7-3 тоотод нөхөр, 2 хүүхдийн хамт амьдран суух явцдаа иргэний эрхийг зөрчсөн, элдэв саад гамшигт өртөж байгаагүй. Цагдаа, гэрлийн болон галын байцаагч нар цагаан сарын өмнө айлуудаар явж гэр орноо эзэнтэй үлдээх, хулгайчаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдээ асран хамгаалагчтай үлдээх, элдэв гамшиг болохоос урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгч гарын үсэг зуруулсан. Тухайн үед гэрлийн байцаагч Отгонтуяа цахилгааны утас муудсан байна, утсаа солиорой гэж удаа дараа манайх болон хөрш айл Даваасүрэн гуайг хажуу талын хашаагаар дуудан цахилгааны утсаа солих шаардлагатай гэж хэлж байсан. Манайх гэрээний үүргээ биелүүлж, ая тухтай амьдрах нөхцөл бололцоогоо хангаж цахилгааны утсаа сольсон. Айл бүхэн тус тусдаа цахилгааны оруулгын утастай байдаг. Даваасүрэн гуайнх удаа дараа өгч байсан шаардлагыг үл тоож, утсаа солилгүй явсны улмаас 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдөр цахилгааны утаснаас нь гал гарч залгаа ханаар гал нэвтрэн манайд орж 11 606 815 төгрөгийн хохирол учирсан болохыг Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК тогтоосон.

Үнэлгээний компанийн хүмүүс өөрсдөө ирж нүдээр үзэж, зураг авч баримтжуулсан. Үүнээс үүдэн нөхөр хүүхдийн хамт гэр орондоо амьдрах боломжгүй болж айл айлаар дамжин амьдарч явна. Тэр өдөр тог тасраагүй, тог тасраад ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирсэн гэдэг нь худлаа. А.Д- гуайн буруугаас болж гал гарч 11 606 815 төгрөгийн хохирол учирсан, үнэлгээний компанид төлсөн 350 000 төгрөг, ус цаг уурын тодорхойлолт авахад 10 000 төгрөг, эд хөрөнгийн лавлагаа авахад 5 000 төгрөг, бичиг баримт канондуулахад 10 000 төгрөг, шатсан амбаар, эд зүйлээ буулгаж ачуулахад 24 000 төгрөг, шатахуунд 40 000 төгрөг, нийт 439 000 төгрөгийн зардал гарсан.

Иймд 12 045 815 төгрөгийг буруутай этгээд болох А.Д-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13:00 цагийн орчимд Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын орчимд тог тасарсан байсан учраас бид үдийн хоолоо хийж чадаагүй. Гэртээ байж байгаад гарахад хөрш айл Энхболор манай хоёрын үүдний өрөөн дээрээс гал гарч байхыг би хараад нөхөр Даваасүрэнг дуудаж дуудлага өгч, гал унтраах тээврийн хэрэгсэл ирж галыг унтраасан. Тухайн үед манай хоёр гэрийн үүдний өрөө их шатсанаас гэрт утаа орж гэрийн эд зүйл бүхэлдээ хар болсон. Мөн утаа шингэсэн. Түүнээс биш гэрийн бүх эд зүйлс, хувцас шатаагүй. Манайх утаа шингэсэн эд зүйлээ угааж цэвэрлээд ашигласан. Харин Ариунаагийн нэхэмжлэлтэй танилцахад их хэмжээний эд хөрөнгө, хувцас шатсан гэж бичсэн байна. Энэ галд манайхыг буруутай гэж дүгнэж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ариунаа нэхэмжлэлдээ утсаа солиогүй байсны уршигаар цахилгааны утсанд хэт ачаалал өгч гал гарч ханаар нэвтэрсэн гэж байна. Манайх 2014 онд стандартын шаардлага хангасан цахилгааны утас хийсэн.

Гэрлийн байцаагч Отгонтуяа цахилгааны утас муудсан учраас солиорой гэж манайх болон хөрш Даваасүрэнгийнд хажуу талын хашаагаар дуудаж хэлсэн гэсэн байна. Ийм асуудал огт болж байгаагүй. Айл бүхэн тусдаа цахилгааны утастай ч, манайх болон Ариунаагийн гэрийн цахилгааны утас нэг цахилгааны утаснаас салаалсан юм. Тухайн үед тог тасраад эргэн ирэхдээ хэт өндөр ачаалалтай ирснээс гал гарсан гэж ойлгож байна. Түүнээс биш манай цахилгааны утас муудсанаас гал гараагүй. Үүдний өрөө шатахад хөрш Ариунаа хаалгаа онгойлгосон байснаас халуун галд тааз халж, хайлсанаас эд хөрөнгөнд хохирол учирсан байна. Бусад эд зүйл ашиглах боломжгүй болтол шатах хэмжээнд хүрээгүй. Энэ талаар цагдаагийн байгууллага шалгаад манайд ямар нэгэн гэм буруу байгаа гэдгийг тогтоогоогүй. Цахилгааны гэрлийн утсанд хэт ачаалал ирснээс гарсан галын улмаас учирсан хохирлоо өөр, өөрсдөө хариуцах байх гэж бодож байна гэжээ.

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ө.Даваасүрэнгээс 11 980 815 /арван нэг сая есөн зуун наян мянга найман зуун арван тав/ төгрөгийг гаргуулж, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын 7-3 тоотод оршин суух, Х.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65 000 /жаран таван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 883 /хоёр зуун арван мянга найман зуун наян гурав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 206 643 /хоёр зуун зургаан мянга зургаан зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Х.А-гийн нэхэмжлэлтэй А.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206 643 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ заахдаа гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй, галын үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, галын нотломж гаргаагүй байхад зөвхөн галын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 150\2 дугаартай актыг үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж хохирлыг гаргуулсан нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэжээ. Мөн өөр нэг үндэслэлээ нэхэмжлэгчийг нэхэмжпэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн байна. Давж заалдах шатны шүүхийн энэ дүгнэлт нь ямар ч үндэслэлгүй юм. Булган аймгийн Онцгой байдлын газрын гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 150\2 дугаартай акт бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт мөн энэ акт нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д зааснаар “гал түймэр гарсан тухай акт” гэж гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирсан болохыг нотолсон баримт бичгийг хэлнэ гэж тодорхойлсонтой тохирч байгаа юм. Гал түймрийн улсын хяналтын байцаагч нь “гал түймэр гарсан тохиолдолд гал түймэр гарсан тухай акт тогтоох, эсвэл гал түймэр гарсан тухай тэмдэглэл хөтлөх...” гэж Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д заасан байна. Тийм учраас энэ акт бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт мөн. Давж заалдах шатны шүүх ямар байгууллагыг мэргэжлийн байгууллага гэж үзэж байгаа нь болон дүгнэлт гэж юуг хэлэх ёстойг магадлалдаа заагаагүй байна. Галын нотломж гэж ямар хууль тогтоомжид заасан нэр томьёо болохыг заагаагүй байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “гал түймэр гарсан тухай тэмдэглэл” гэж гал түймрийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй болохыг тодорхойлсон баримт бичгийг хэлнэ” гэж тодорхойлжээ. Тэгэхээр Энхболорын эд хөрөнгөнд хохирол учирсан учраас гал гарсан тухай тэмдэглэл байх ёсгүй юм. Тийм учраас давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон эдгээр үндэслэл нь ямар ч үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгт авагдсан бүх нотлох баримтуудаар хангалттай нотолсон. Мөн хариуцагч А.Д-гийн гэр лүү хаалгаар нь утаа орж ирсэнийг түүний эхнэр Баасансүрэн анх мэдэж нөхөртөө хэлснээр Даваасүрэн нь Энхболорын эхнэр Ариунаагийн 88980265 дугаарын утсаар Онцгой байдлын газарт дуудлага өгсөн болохыг тогтоосон байна. Хэний гэрт анх галын утаа орж ирсэн нь гал хаанаас үүсвэрлэн гарсныг нотолж байгаа юм. Гал гарсан шалтгааныг улсын хяналтын байцаагч “Хэргийн газрын үзлэгээр байшингийн үүдний цонхны хэсэгт шатлага ихээр явагдаж улмаар А.Д-гийн байшингийн гал тогооны өрөө рүү орсон, мөн хажуу айлын байшин руу орсон, гал түймрийг анх харсан гэрийн эздийн мэдүүлэг, байшингийн цонхны дээгүүр оруулсан байсан цахилгааны ерөнхий оруулгын хэсгээс гал анх гарсан зэргээс үзэхэд ямар нэг гадны нөлөөгүй иргэн А.Д-гийн цахилгаан утсанд хэт ачаалал өгснөөс гал гарсан байх магадлалтай” гэж тогтоожээ. ...Хариуцагчаас эд мөрийн баримтаар шүүхэд гаргаж өгсөн 2 ширхэг цахилгааны утас. Энэ 2 цахилгааны утасны нэг нь лентээр ороосон, нөгөө нь шинэ утас байсан бөгөөд лентээр ороосон утсыг хариуцагч манай утас гэж, шинэ утсыг нэхэмжлэгч манай утас гэж таньж байсан юм. Энэ лентээр ороосон хуучин утас хэт халсанаас гал гарсныг нотолж байгаа юм. Эдгээр нотлох баримтууд нь хуульд заасны дагуу цуглуулсан, болж өнгөрсөн үйл явдлыг хангалттай нотолсон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримтууд юм. Эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэсэн өөр нэг ч баримт хэрэгт авагдаагүй юм.

Иймд давж заалдах шатны шүүх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан заалтыг зөрчиж илтэд үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                                       ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй болжээ. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.3.-т заасан зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчийн хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцээгүй, шүүх нотолгооны үүргийн хуваарилалтыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Х.А- нь хариуцагч А.Д-д холбогдуулан гал түймрээс учирсан гэм хорыг арилгуулахаар 12 045 815 төгрөгийг шаардсан байна. Хариуцагч А.Д- гал түймэр өөрийн буруугаас гараагүй гэж маргаж, шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэлийг татгалзжээ.

Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн 40 айлын орон сууцанд гал түймэр гарсан бөгөөд энэ сууцны 7-4 тоотод оршин суух хариуцагч А.Д-гийн үүдний гонхны дээврийн хэсэгт гал гарч үүнээс дамжин хажуу айл болох 7-3 тоотод оршин суух нэхэмжлэгч Х.А-гийн байшинд гал нэвтрэн орж, лампиран тааз хайлж, эд хөрөнгө  шатсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр мөн зүйлийн 497.2.-т заасан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан зохицуулалтаас үзвэл гэм хор, хууль бус үйлдэл \эс үйлдэхүй\, гэм буруу, үйлдэл \эс үйлдэхүй\ болон гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд гэм хор учруулснаас үүрэг үүсэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Х.А- нь өөрт учирсан гэм хор, түүний хэмжээ, уг гэм хор хариуцагчийн гэм буруугаас, түүний үйлдэл \эс үйлдэхүйгээс\ болсон болохыг Булган аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн гал түймэр гарсан тухай 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 150\2 дугаартай акт, хөрөнгийн үнэлгээний “Лэндс” ХХК-ийн дүгнэлт, Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган аймаг дахь салбарын даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаартай албан бичиг зэрэг баримтаар нотложээ.    

Хариуцагч А.Д- нь дээрх нотолгоог баримтаар үгүйсгэж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх “гал гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргаагүй, галын үзлэг хийсэн тэмдэглэл байхгүй, галын нотломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болжээ.

Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын байцаагчийн гал түймэр гарсан тухай актыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт биш гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн, мэргэжлийн байгууллага нь ийнхүү дүгнэлт, нотломж гаргаагүй, үзлэг хийсэн тэмдэглэл үйлдээгүй байх нь гал түймэр гарсан үйл баримт, нэхэмжлэгчид учирсан гэм хор, гал түймэр гарсан шалтгааны талаарх улсын байцаагчийн актын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Улсын байцаагчийн дүгнэлтэд “хэргийн газрын үзлэгээр байшингийн үүдний гонхны хэсэгт шатлага ихээр явагдаж, улмаар А.Д-гийн байшингийн гал тогооны өрөө рүү орсон, мөн хажуу айлын байшин руу орсон”, “байшингийн гонхны дээгүүр оруулсан байсан цахилгааны ерөнхий оруулгын хэсгээс гал анх гарсан”, “иргэн А.Д-гийн цахилгаан угсралтын утсанд хэт ачаалал өгсөнөөс гал гарсан байх магадлалтай” гэж заасныг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

“Булган сумын 1-р багийн 40 айлын оршин суугчдын цахилгаан оруулгын утас муудсан айл өрхүүдэд ... байцаагч ... удаа дараа амаар утсаа солих шаардлагыг хэлж байсан” гэж Эрдэнэт Булган цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Булган аймаг дахь салбарын даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 75 дугаартай албан бичигт тодорхойлсон байна.

Нэхэмжлэгч Х.А-гийн гэр бүлд 11 123 434 төгрөгийн хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс” ХХК тайлан, дүгнэлтээрээ тогтоожээ.

 

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, тэдгээрийг нотолсон байдлын талаар эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3., 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 281 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 206 643 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН