Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 131

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б-д холбогдох 1935001620121 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, ээж, 3 хүүхдийн хамт Увс аймгийн Түргэн сум, 2-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт Ц.Б, регистрийн дугаар:...................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Б нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг 2 дугаар багийн нутаг “Найман буйр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 488 ширхэг 3,27 метр куб хэмжээтэй нойтон бургас мод бэлтгэн 2019 оны 3 дугаар сарын эхээр тэмээгээр тээвэрлэж, экологи эдийн засагт 274,680 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

1. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Уг ой модонд эмх замбараагүй өөр өөр газарт нойтон бургас мод цавчиж бэлтгэсэн ул мөр болон цавчиж бэлтгэсэн модны үзүүр хаягдал хэсэг нь байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

2. Эд мөрийн баримт хураан авсан “...Түргэн сумын Рашаант багийн иргэн Ц.Б зөвшөөрөлгүй бэлтгэсэн 488 ширхэг бургас модыг хураан авч тэмдэглэл үйлдэв. Уг мод нь 2.40-2.88 метр хүртэл урттай, 3-5 см өргөнтэй моднууд байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С-ийн “..Би зохих зөвшөөрөлгүйгээр нойтон бургас модыг тайрч бэлдсэн хүнээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

4. Иргэний нэхэмжлэгч Т.Б-ын “..Ц.Б нь надаас мод тээвэрлэнэ ачин гэж тэмээ гуйж авсан зүйл байхгүй. Харин ойр зуурын ажилд миний тэмээг гуйж авдаг байсан. Ажлаа амжуулчхаад буцаагаад өгдөг байсан. Би өөрөө аймгийн төвд байдаг тул 2019 оны 3 дугаар сарын эхээр Б над руу утасдаад таны тэмээг түр ашигламаар байна гэхэд нь би түүнд зөвшөөрч ав гэж хэлсэн. Яг юунд ашиглахыг нь асууж тодруулаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

5. Гэрч Ц.Б-ын “..Б 2019 оны 2 сарын сүүлч 3 сарын эхээр мод бэлтгэсэн байсан. Тэгээд 3 сарын эхээр хэдний өдөр гэдгийг санахгүй байна Б ах намайг мод ачилцаад өгөөч гэсэн тул би түүнд тусалсан юм. Тухайн үед Б гэх хүний шар зүсмийн тэмээгээр 3-4 удаа ганзагалж ачиж Бийн гэрийн гадна буулгасан юм. Би мод бэлтгэхэд байгаагүй, сүүлд зөөж өг гэхэд нь тусалсан юм. Тухайн үед бургас модыг тоолоогүй 2 гэрийн хана хийхээр бургас мод байсан. Уг модыг сүхээр цавчиж тайрсан байсан. Нойтон бургас модыг Найман буйр гэх газарт бэлдсэн байсан. Б ганцаараа бэлдсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

6. Гэрч Ц.Б-гийн “...Миний нөхөр Б нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай гэр байгаа Бүгийн хэв гэх газраас зүүн зүгт 3 км орчим зайд байдаг Найман буйр гэх газраас бургас мод бэлтгэсэн юм. Тухайн үед цастай байсан бөгөөд Б ганцаараа 4 хоног сүхээр бургас мод цавчиж бэлтгэсэн. Тэгээд бэлдэж дууссаны маргааш нь өнжөөд нөгөөдөр нь нөхрийн дүү Б-ыг гуйж тэмээгээр уг модыг гэрийн гадна зөөвөрлөж авч ирсэн юм. Тухайн үед 1 тэмээгээр 4 удаа явж зөөсөн бөгөөд 2 гэрийн хана хийгээд цаана нь үлдэхээр бургас мод бэлтгэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

7. Гэрч Б.Д-гийн “...2019 оны 04 сарын эхээр хашааны хойд талд азарга зоож хананы мод зорсон юм. Тэгээд би дотроо энэ хүн гоожин түрээсээ төлөөд мод авсан юм байх гэж ойлгосон юм. ...Тухайн үед хоёр гэрийн хана хийхээр хэмжээний мод бэлтгэж авч ирсэн байсан. Асуухад “Найман буйр” гэх газраас бэлдсэн гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

8. Гэрч Н.Ц-ийн “...Б нь 2019 оны 2 сарын сүүлч 3 сарын эхээр мод бэлтгэж байна гэж хэлээд яваад байдаг байсан. ...4 дүгээр сарын дундуур Б өөрөө модон азарга зоож нөгөө бэлдсэн модоо зорж хана хийж эхэлсэн юм. ...2019 оны 3 дугаар сарын эхээр Б миний нөхөр Б-ыг гуйж модоо тэмээгээр зөөж гэрийн гадна авч ирж буулгасан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

9. Түргэн сум дахь сум дундын ойн ангид инженер ажилтай гэрч Б.Ц-ийн “...Энэ онд буюу 2019 онд Түргэн сумын 2 багийн нутаг Найман буйр гэх газраас хэрэглээний болон түлшний бургас модыг бэлтгэж болохгүй яагаад гэвэл Түргэн сум дахь сум дундын ойн ангиас энэ жил Түргэн сумын 2 дугаар баг Найман буйр гэх газраас талбай тусгаарлалт хийгдээгүй учраас уг газраас бургас мод бэлтгэж болохгүй. Харин 2019 онд манай сумын лимитэд заагдсан хэрэглээ болон түлээний бургас модыг Түргэн сумын 2 багийн нутаг Овоон булан гэх газраас бэлтгэхээр заагдсан болно..” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

10. Шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн “...Уг мод бэлтгэсэн газар нь N 500 140 25.2, Е 0910 520 23.1 Улсын тусгай хамгаалалттай газарт хамаарагдахгүй. Мод нийтдээ 3,27 метр куб болж байна. Зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн мод нь бургас мод байна. Уг мод нь нойтон амьдрах чадвартай мод байжээ. Уг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 274,680 төгрөг болж байна. Ойн тухай хуулийн 47.2 дахь заалтыг зөрчсөн байна...” гэх 4 дугаартай дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/,

11. Шүүгдэгч Ц.Б-ийн “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай гэр байрлаж байсан Түргэн сумын Рашаант багийн нутаг Бүгийн хэв гэх газраас доошоо буюу ертөнцийн зүгээр зүүн тийш 3 орчим км зайтай байдаг Найман буйр гэх газарт ганцаараа очиж бургас мод бэлтгэсэн юм. Тэгээд мод бэлтгэж дуусаад гэр лүү тээвэрлэхдээ төрсөн дүү Быг мод ачилцаад өг гэж гуйж ачихад туслалцуулсан юм. Модыг саахалт айлын Б ахын хүүгийн гэрээс 6 настай ингэн тэмээг нь гуйж аваад нэг өдрийн дотор 3 удаа явж модыг тээвэрлэж гэрийн гадна авч ирсэн юм” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шинжээчийн 04 дугаартай дүгнэлт нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Увс аймгийн Түргэн сумын нутаг 2 дугаар багийн нутаг “Найман буйр” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй боловч уг газар мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгээгүй байхад шүүгдэгч Ц.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 488 ширхэг буюу 3,27 метр куб бургас мод бэлтгэсэн, мөн 2019 оны 3 дугаар сарын эхээр зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модоо тэмээгээр тээвэрлэж Түргэн сумын 2 дугаар багийн нутаг Бүгийн хэв гэх газарт авч ирсэн болох нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрч Ц.Ба, Ц.Б, Б.Д, Н.Ц, Б.Ц, Шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 4 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б-ийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын нутаг 2 дугаар багийн нутаг “Найман буйр” гэх газраас зөвшөөрөлгүйгээр 488 ширхэг буюу 3,27 метр куб хэмжээтэй нойтон бургас мод бэлтгэн 2019 оны 3 дугаар сарын эхээр тэмээгээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас байгаль орчинд 274.680 /хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун ная/ төгрөгийг хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлүүлэхээр заасан байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн нийт хэмжээ /274.680х3/=824.040 /найман зуун хорин дөрвөн мянга дөч/ төгрөг бөгөөд үүнээс 274.680 / хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун ная/ төгрөгийг хохиролд тооцож, үлдэх 549.360 /таван зуун дөчин есөн мянга гурван зуун жар/ төгрөгийг хор уршигт тооцно. Шүүгдэгч нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 274.680 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 550.000 төгрөг буюу нийт 824.680 /найман зуун хорин дөрвөн мянга  зургаан зуун ная/ төгрөгийг Түргэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалах сангийн 100151455402 тоот дансанд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг гэх баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан учруулсан хохирлыг төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй.

Улсын яллагч “...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тэмээ/6 настай, шар зүсмийн, ингэ/-ний үнэлгээгээр буюу 500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ авхуулах санал”-ийг гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дах хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тус тус хуульчилжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор уг арга хэмжээг авах бөгөөд хохирол, хор уршиг төлөгдсөн тохиолдолд тус арга хэмжээг авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчээс 500.000 төгрөгийн хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах үндэслэлгүй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5/29 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тэмээ /6 настай, шар зүсмийн, ингэ/-г иргэний нэхэмжлэгч Т.Бт буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай төмөр сүх 1 ширхэг, улаан цоохор олс 1 ширхэг, 488 ширхэг буюу 3.27 метр куб бургас модыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 5/29 дугаартай прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тэмээ /6 настай, шар зүсмийн, ингэ/-г иргэний нэхэмжлэгч Т.Б-т буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон бариултай төмөр сүх 1 ширхэгийг, улаан цоохор олс 1 ширхэгийг болон 488 ширхэг буюу 3.27 метр куб бургас модыг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Б-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.МӨНХЗАЯА