| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00684/И |
| Дугаар | 675 |
| Огноо | 2016-10-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 675
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын 1 дүгээр баг, 4-6 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЗ66110402, Зөөд овогт Бэлэгийн Жавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Лхамхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Жав шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Лхамхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай. Би 1981 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажиллаж байгаад сүүлийн 4 жилд нь нэгдлийн гуанзанд туслах тогоочоор ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж амжаагүй байтал нэгдэл тарсан учраас ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарыг дуустал барилгачнаар, 1985 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал туслах тогоочоор тус тус ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ц.Гомбо, Н.Дэмбэрэл нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Жав нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1985 оны 10 дугаар сарыг дуустал барилгачнаар, 1985 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал туслах тогоочоор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Бэлэгийн Жавын 1981 оноос 1989 оныг дуустал Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ц.Гомбо, Н.Дэмбэрэл нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ц.Гомбын “Миний бие нь 1984 оноос 1992 он хүртэл Наранбулаг сумын Ахуйн үйлчилгээний төвд төмөрчнөөр ажиллаж байсан. Б.Жав нь 1981 оноос 1989 оны хооронд Наранбулаг сумын Пионер нэгдэлд барилгачин, туслах тогооч зэрэг ажлуудыг хийдэг байсан. Тухайн үед Б.Жавынх манайх хоёр хөрш айлууд байсан ба бид нар нэг нэгнийхээрээ орж гардаг байсан учраас би түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна” гэж, гэрч Н.Дэмбэрэлийн “Миний бие нь 1978 оноос 1992 он хүртэл Наранбулаг сумын Пионер нэгдэлд тракторчнаар ажиллаж байсан. Намайг Наранбулаг сумын Пионер нэгдэлд ажиллаж байхад Б.Жав нь 1981 оноос эхлэн тус нэгдэлд барилгачнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1985 оноос 1989 он хүртэл нэгдлийн гуанзанд туслах тогоочоор ажилласан. Тухайн үед Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргаар Цэвээн, Доржсүрэн, Орших, Сайнжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Б.Жав нь Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1985 оны 10 дугаар сарыг дуустал барилгачнаар, 1985 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал туслах тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрч Ц.Гомбо, Н.Дэмбэрэл нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Б.Жавын хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1985 оны 10 дугаар сарыг дуустал барилгачнаар 4 жил 4 сар, 1985 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал туслах тогоочоор 4 жил 2 сар, нийт 8 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар Зөөд овогт Бэлэгийн Жавын Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1985 оны 10 дугаар сарыг дуустал барилгачнаар 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар, 1985 оны 11 дүгээр сараас 1989 оныг дуустал туслах тогоочоор 4 /дөрөв/ жил 2 /хоёр/ сар, нийт 8 /найм/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Жавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ