Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/00596

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10346 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******

Нэхэмжлэлийн шаардлага: Газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нийслэлийн Засаг даргын 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 314 дугаар захирамжаар -ийн нэр дээрх *******, *******ны нутаг дэвсгэрт байрлах ******* хороололд жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 061 га талбайг *******д эзэмшүүлэхээр олгосон. Уг газар дээр ногоо тариалж байсан компани нь татан буугдсан тул Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 290 дугаар захирамжийн дагуу -ийн эзэмшиж байсан газраас ******* 7,800 м.кв талбайтай газрыг эзэмших болсон.

1.2 Нэхэмжлэгч нь тус газар дээр ногоо тарьж байсан боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас талбай дээр очиж чадахаа больсон. 2013 онд өөрийн эзэмшлийн дээрх газар дээр очиход байшин барьж байсан бөгөөд тус байшин барьж байсан барилгачидтай уулзахад ******* гэх хүн бариулсан гэсэн. Тэрээр ...би зөвшөөрөлтэй, газар эзэмших гэрчилгээ байвал үзүүл гэж надад хэлсэн. Миний бие дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх талаар хүсэлт гаргасан боловч шүүхэд ханд гэсэн. Шүүхэд хандахад ******* ...энэ барьсан байшин минийх биш *******-ийн байшин гэсэн.

Иймд тус газрыг *******-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Тус газарт улс ногоо тариалдаг байсан ба 2000 оны эхээр улс ногоо тариалахаа больж компаниудад хувааж эзэмшүүлэхээр хуваарилсан. Үүний дагуу *******-ийн нэр дээр шилжсэн. Бид ногоо жимсээ ургуулахын тулд 2001 онд газрыг хашаалж модон хашаа барьсан. ******* нь хуульд заасны дагуу газрын төлбөрийг төлж байсан. Гэтэл 2014 онд ******* манай газар гэж гарч ирсэн ба тэрээр өөрөө кадастр Газрын албанд ажилладаг байсан албан тушаалынхаа мэдээлэлтэй давуу байдлаа ашиглаж маргаан үүсгэсэн.

2.2 *******-ийн анх барьсан модон хашаа явцын дунд элэгдэж нурсан тул 2019 онд 3 талт блокон хашаа барьсан. Мөн энэ газрыг мануулах манаач хэрэгтэй болсон тул модон торхоор жижиг байшин барьж, ногоо, жимсээ мануулах хүнээ амьдруулах зэрэг хөрөнгө зарцуулсан. Тус газрыг хувь хүнд өгөөгүй ба компаниудад эзэмшлээр өгсөн.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 01879 дугаар шийдвэрээр *******д холбогдуулж гаргасан газар чөлөөлөх тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүнд *******ын эзэмшлийн байшин гэх баримт хэргийн материалд авагдаагүй учраас *******ыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн тул түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.

3.2 Маргаан бүхий газрын асуудлаар Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт ...маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ гэж заасан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн дугаарт бүртгэлтэй, *******, хаягт байрлах, нэгж талбарын дугаартай 7,827 м.кв газарт хариуцагч *******-ийн барьсан 3 талт блокон хашаа, дүнзэн байшинг албадан чөлөөлж, газрыг *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 ******* нь 7,800 м.кв талбайтай газрыг 2000 оноос эзэмшиж, ашиглаж байсан гэдгийг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Харин шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын 390 дугаар захирамжаар , , голын адагт төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 8041/0418 дугаар бүхий 7,800 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшихээр 0183769 тоот гэрчилгээ зэргээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах үед *******ийн дээрх газрыг эзэмших эрхийн хугацаа 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр дууссан. Газрын тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар газрыг эзэмших эрхгүй байсан гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулсан гэдгээ нотолсон баримт гаргаагүй.

5.2 Нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөөгүй бөгөөд гэр бүлийн хэрэгцээнд эзэмшиж ашиглахаар авсан газар нь *******-ийн эзэмшиж ашиглаж байгаа газартай давхацсан гэдгээ нотолсон баримт байхгүй. Нөгөө талаар, нэхэмжлэлд бичсэнээс үзэхэд -ийн нэр дээрх эзэмшлийн газар байсан. Энэ газрыг би эзэмших болсон гэж бичсэн байдаг. Гэтэл ******* нь 2000 оны эхэн үеэс улс ногоо тарьдаг газраа компаниудад хувааж эзэмшүүлэхээр хуваарилсны нэг нь энэ компани байсан тул уг газар дээрээ 2-3 жил жимс ногоо тарьж, 2001 онд хашаа барьсан, газрын төлбөрөө жил бүр төлж ирсэн гэж хариуцагч тайлбарласан нь үндэслэлтэй.

5.3 Хавтаст хэргийн 27 дугаар хуудасны ар талд Нийслэлийн Засаг даргын 2002 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 314 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтад -ийн эзэмшлийн газар нь , хэмжээ 0.61, хугацаа 4 жил, ашиглуулах гэж бичсэн нотлох баримт авагдсан байна. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ газрын хэмжээг 10 га газар гэж бичсэн нь үгүйсгэгдэж байгааг шүүх анхаарч үзсэнгүй.

5.4 ******* нь нэгж талбарын дугаар бүхий 7,827 м.кв талбайтай газрыг Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дугаар шийдвэрийг гаргуулж, газрын нэгдмэл сангийн удирдлагын системд бүртгүүлж, эзэмших эрхийн гэрчилгээг хэрхэн гаргуулж авсан нь эргэлзээтэй. Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Даргалагчаас: Нэхэмжлэгч талын газар өмчлөх эрхийн гэрчилгээ 2008 оны 15 жилийн хугацаатай гэсэн байна. Шинээр гэрчилгээ авсан уу гэхэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Газрын маргаантай гэсэн тул Газрын алба өгөхгүй байгаа. Маргаанаа шийдвэрлэсний дараа болно гэв гэж тэмдэглэсэн байна. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч ******* нь тухайн газрыг эзэмших гэрчилгээгүй байсан нь тогтоогддог. ******* танил талаараа юу, эсхүл ямар нэгэн байдлаар яаж, хэрхэн, ямар замаар гэрчилгээг гаргуулсан нь эргэлзээтэй.

5.5 Хариуцагч талаас газрын хувийн хэргийг татуулах болон газар дээр үзлэг хийлгэх, хэмжилт хийлгэх, шинжээч томилуулах зэрэг хүсэлтүүд гаргасан ч шүүх хүсэлтийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09/743 дугаартай өмч, газрын харилцааны албаны албан бичигт ...******* байшин барьж байгаа юм байна, энэ маргааныг шүүхээр шийдвэрлүүл гэх хариу өгсөн. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1879 дугаар шийдвэрийн үндэслэх хэсгийн 2-т ******* нь 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын 390 дугаар захирамжаар -ийн газрыг 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа гэж дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу манай зүгээс газрын гэрчилгээг сунгасан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хан-Уул, Баянзүрх дүүрэгт тус тус нэхэмжлэл гаргахад *******д олгосон газрын гэрчилгээ хүчин төгөлдөр байсан.

6.2 ******* маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй юу, үгүй юу гэх асуудал яригдахгүй, нэхэмжлэлийн шаардлага тийм биш. Нэхэмжлэлийн шаардлага газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх байгаа. ******* хууль бусаар гэрчилгээ авсан бол өөр шүүхээр шийдвэрлэгдэх хэрэг байсан. Гэрчилгээ байхгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй.

6.3 Газар эзэмших эрх давхацсан асуудал байхгүй. *******ийн эзэмшилд манаачийн дүнзэн байшин, тойруулаад хашаа бариад ашиглаж байгаа гэдгийг хариуцагч өөрөө тайлбартаа хэлсэн. Давхацсан гэвэл хариуцагч талаас 3 жилийн хугацаанд газрын гэрчилгээ, кадастрын зургийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх боломжтой байсан. Маргалдаад байгаа газарт давхацсан нэгж талбай байхгүй, хамар хашаанууд байгаа. egazar.gov.mn сайтаар ороод нэгж талбарын дугаар хийгээд үзэхэд газрын зураг гараад ирнэ. *******ийн нэгж талбарын дугаар , *******-ийн нэгж талбарын дугаар гэж байгаа. Хариуцагч талын гаргаж өгсөн гэрчилгээ дээр гэх нэгж талбарын дугаар байхгүй, учир нь хуучин нэгж талбарын дугаартай, хугацаа дууссан гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

******* гэх итгэмжлэгдсэн төлөөлөгч, эхлээд өмгөөлөгчөөр орсон, дараа нь хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болсон. Шүүхэд гаргасан гомдлыг харвал хэний төлөөлөгч гомдол гаргасан нь тодорхойгүй, шүүх энэ талаар анхаарч хараасай гэж хүсэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсон гэж үзсэн, гэтэл тэмдэгтийн хураамжаа төлөлгүйгээр шүүхэд гомдол гаргаж, шүүхээс тухайн гомдлыг буцаасан талаар захирамж байсан. Улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн баримтаа үрэгдүүлсэн бол магадгүй банкны баримт байж болно, тэр баримт нь хэрэгт авагдаагүй. 70,200 төгрөг *******-аас төлөгдсөн эсэхийг шүүх анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******д холбогдуулан *******, *******, хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, 7,827 м.кв талбайтай газарт хариуцагч *******-ийн барьсан гурван талт блокон хашаа, дүнзэн байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч *******, ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 390 дугаар захирамжаар *******, *******, голын адаг хаягт байрлах, нэгж талбарын 8041/0418 дугаартай, 7,800 м.кв талбайтай газрыг төмс хүнсний ногооны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр *******д эзэмших эрхийг олгожээ. /хх 5/

3.2 Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаар захирамжаар *******, *******, Доод өлзийт 86 хаягт байрлах, нэгж талбарын 8041/50082 дугаартай, 10,000 м.кв талбайтай газрыг төмс хүнсний ногоо, жимс жимсгэний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр *******-д эзэмших эрхийг олгосон байна. /хх 112/ Уг газрын эзэмших эрхийн хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй.

3.3 Газар зохион байгуулалтын албаны даргын 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн А/49 дугаар шийдвэрээр *******, *******, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 7,827 м.кв талбайтай газрыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр *******д эзэмших эрхийг олгож, 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 01122-2025/03235 дугаартай иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан. /хх 92-101/

3.4 өмч, газрын харилцааны албаны 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09/733 дугаар албан бичгээр ...Таны ирүүлсэн ******* Доод *******ийн газар чөлөөлүүлэх хүсэлтийг судлан үзлээ. Уг газар дээр ******* блокон хашаа, дүнзэн байшин барьсан байгаа тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт /бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдсан эрхтэйгээр ашиглах талаар болон газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргааныг шүүх/ шийдвэрлэнэ гэж заасны дагуу хүсэлтээ гарган шийдвэрлүүлнэ үү гэх хариуг *******д өгсөн. /хх 7/

3.5 Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/01879 дугаар шийдвэрээр *******д холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хх 8-9/

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна гэж тус тус заасан.

4.1 Нэхэмжлэгч нь *******, *******, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 7,827 м.кв талбайтай газрын хууль ёсны эзэмшигч болох нь дугаартай гэрчилгээ, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газрын нэгдмэл сангийн удирдлагын цахим системийн лавлагаа болон иргэн, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээгээр тогтоогдож байхаас гадна уг эзэмших эрхийг хууль бус, мөн хүчингүй болгосон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...******* нь тухайн газрыг эзэмших гэрчилгээгүй байсан, хэрхэн, ямар замаар гэрчилгээг гаргуулсан нь эргэлзээтэй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.2 Нэхэмжлэгч болон хариуцагч нарын эзэмшлийн газар давхацсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ газар давхацсан талаар тодорхойлоогүй. Мөн хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан тайлбартаа газар давхацсан эсэхэд маргаагүй. /хх 24/ Иймд маргааны зүйл нь газар давхацсантай холбоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн хэмжилт хийлгэх, үзлэг хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт-ийг шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШЗ2025/50791 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Түүнчлэн, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө баримтаар нотлох үүрэгтэй тул анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...*******-ийн газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэргийг гаргуулах хүсэлт-ийг өөрөө бүрдүүлэх боломжтой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ......*******-ийн газар эзэмших эрхтэй холбоотой хувийн хэргийг гаргуулах хүсэлтийг шүүх хангаагүй нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Нэхэмжлэгч нь дээрх газрын хууль ёсны эзэмшигчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсэгт зааснаар мөн зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан эзэмших эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой уг эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

5.1 Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх газрыг 3 талт блокон хашаагаар хашаалж, тухайн газар дээр модон торхон байшин барьсан үйл баримт хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон байна. /хх 24/ Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дээрх үйлдэл нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч уг зөрчлийг арилгуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

6. Анхан шатны шүүх хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн байх бөгөөд зохигчид үүнд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

7. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх тодорхойлогдож байхад анхан шатны шүүх мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй болсон байх тул тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Мөн тус заалтыг хуулийн шаардлагад нийцүүлэн найруулан өөрчилнө.

7.1 Түүнчлэн, анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гаргаж тогтоох хэсэгт хариуцагч *******-ийн нэрийг буруу бичсэн байгааг залруулсан өөрчлөлт оруулна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10346 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн эзэмшлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаартай, *******, *******, хаягт байрлах, 7,827 м.кв талбайтай газраас хариуцагч *******-ийн барьсан гурван талт блокон хашаа, дүнзэн байшинг чөлөөлөхийг хариуцагч *******-д даалгаж, хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...******* гэснийг ...******* гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

М.БАЯСГАЛАН