| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0131/Э |
| Дугаар | 132 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 132
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямжав, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Ч.Д-д холбогдох 1935002480151 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сум, 12 дугаар багийн 01-44 тоотод оршин суудаг, урьд 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сар хугацаагаар хорих ял, 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 562 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагнал үгүй, Б овогт Ч.Д /РД: .............../
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Ч.Д нь хохирогч Д.Ц-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
2. Гэрч Ц.Ч “Би 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...Улаангом сумын 9 дүгээр багт байх Буянт хорооллын адагт Д гээд айл руу орсон чинь Ц буюу Ц тэдний гэрт нэг хонь ганцаараа алж байсан. Тэгэхээр нь би хонийг нь хамт алалцаад Цолоо нэг шил архи тавьчихсан ууж байхаар нь Ц-той хамт нөгөө архийг нь хувааж уусан. ...Тэгээд байж байтал эхнэр нөхөр Дүүд ирсэн юм. ...Тэгээд бид нар мах чанаж хоол хийж идээд нэг шил архи хувааж уугаад дахин нэг шил архи авч ирэхээр Ц бид хоёр хамт явж байгаад маргалдаад эхэлсэн. Тухайн үед би нэлээн согтуу байсан учир яг юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Тэгээд би өөрийн хүүхдээ дуудах гээд байж байтал манай хүү Д хүрээд ирсэн. Тэгээд Д манай аавтай хэрэлдэж маргалдаж манай аав дээр томорлоо гээд Ц-той маргалдаж байгаад Ц-гийн булчин руу нэг удаа өшиглөж, шанаа руу нь гараараа нэг удаа цохиод салсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
3. Гэрч Б.Д “...Тухайн үед би Цоор хонь алуулсан юм. Тэгээд Ц, Ч, О нар архи ууж байгаад юунаас болсон юм мэдэхгүй О Ч нар нь маргалдаад эхэлсэн. ...Тэгээд тэд нар маргалдаад байхаар О, Ч, Ц нарыг гэрээс хөөгөөд гаргачихсан юм. Тэгээд би араас нь гараад бие засаж байтал Чгийн залуу Д ирээд Цыг манай гэрээс баруун тийш эргээд явж байтал араас нь очоод нүүр тус газар нь гараараа цохиод хөл рүү нь хөлөөрөө 2-3 удаа ашиглаж байх шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар хуудас/,
4. Гэрч Н.О-ын “...Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр иргэн Д.Ц-гийн биеийг үзэж 449 дугаартай дүгнэлт гаргасан. Үзүүлэгч Д.Ц-д тухайн үед хүзүү, цээж, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт, баруун дал, бүсэлхийн баруун доод, зүүн бугалга, баруун гуянд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн гэмтэл учирсан байсан. Хохирогч Д.Ц-гийн хөмсөгний гэмтэл дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогч Д.Ц-ы баруун гуяны ар, дунд, доод хэсгийг хамарсан 12х10 см, мөн зүүн шилбэний ар, дээд, дунд хэсгийг хамарсан 16х10 см цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт 1,6х0,3 см зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1%-иас илүү талбайг хамарсан байсан тул хөнгөн зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
5. 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн “...Үзүүлэгч Д.Ц-гийн биед гэмтэл учирсан, дээрх гэмтлүүдээс баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байсан. Бусад хүзүү, цээж, баруун зүүн бугалга, баруун шуунд цус хуралт, баруун дал, бүсэлхийн баруун талд, зүүн бугалга, баруун гуянд зулгаралт, зүүн шуунд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь үүсээд нэлээдгүй хугацаа өнгөрсөн буюу дээрх шинэ гэмтлээс өмнө цаг хугацаанд үүссэн эдгэрч буй /хуучин/ гэмтлүүд байсан. Д.Цгийн биед шинээр үүссэн баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний гадна хэсэгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх баруун гуя, зүүн шилбэнд байрласан цус хуралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд гэмтлийн зэрэгт хамаарна. Зүүн хөмсөгний гадна хэсэгт байрласан зулгарал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Дээрх баруун гуя, зүүн шилбэнд байрласан цус хуралт гэмтлүүд нь биеийн нийт гадаргуугийн 1%-с илүү талбайг хамарсан байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно...” гэх 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
6. Шүүгдэгч Ч.Д-ын “...надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. ...аав, Ц хоёр Д гэх айлаас гараад нааш явж байгаад ноцолдсон бололтой хувцас хунар нь шороо болчихсон байхаар нь би Цыг чи хөгшин хүнтэй ноцолдож зодолдлоо гээд маргалдаж байгаад баруун гараараа зүүн хөмсөг тус газар нь нэг удаа цохиод мөн баруун гуя, зүүн шилбэ орчим нь 2-3 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн ба тэгээд би өөрөө цагдаа дуудчихсан юм...” /хх-ийн 53-54 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ”-ний дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Д нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт дэвсгэрт хохирогч Д.Цг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Д.Ц, гэрч Ц.Ч, Б.Д нарын мэдүүлэг, 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Шүүгдэгч уг учирсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн “...Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй. Би Ч.Д-д одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Ч.Д-аас нэхэмжлэх зүйлгүй, миний хохирлыг Ч.Д бүрэн барагдуулж өгсөн юм...” /хх-ийн 20-21 дүгээр хуудас/ гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ч.Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Ч.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн, прокурорын хяналтын шатанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж танилцуулсан, тус саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд улсын яллагчийн ялын санал тохирсон байх тул шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Д.Ц-гийн 4 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт” нь ач холбогдол бүхий нотлох баримт тул хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Д нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан хохирогч Д.Ц-гийн 4 хуудас бүхий “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ыг хэргийн хамт хадгалсугай.
5. Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Д-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА