Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00662

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/00083 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 132,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ******* нь *******тай ******* маркийн улсын дугааргүй, импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг 114,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр итгэмжлэлээр шилжүүлсэн. Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй. Гэтэл ******* нь *******аас итгэмжлэл авсан өдрөө буюу 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийг *******д худалдсан.

1.2 *******, ******* нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд тээврийн хэрэгслийн үнийг 110,000,000 төгрөг гэж тодорхойлон, төлбөр төлсөн гэж бичсэн. ******* нь *******д олгосон итгэмжлэлээр тээврийн хэрэгслийн төлбөрийг *******ын өмнөөс хүлээн авах эрхийг олгосон болохоос хувьдаа авч цааш нь захиран зарцуулах эрхийг олгоогүй. ******* нь тээврийн хэрэгслийг худалдаж төлбөрийг шилжүүлэх үүрэгтэй байсан боловч тус үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйгээс шалтгаалан нэхэмжлэгчид хохирол учирсан.

Иймд *******ас гэрээний үүрэгт 114,000,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул арилжааны банкнуудын хэрэглээний зээлийн сарын дундаж хүү 1,6 хувиар 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцон 18,848,000 төгрөг, нийт 132,848,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 ******* нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр *******д тээврийн хэрэгслийг худалдах, барьцаанд тавих зэрэг эрхийг итгэмжлэлээр олгосон. Тус итгэмжлэлийн дагуу хариуцагч нь тээврийн хэрэгслийг *******д худалдаж, түүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан, тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Тээврийн хэрэгслийг худалдсан төлбөрийг хариуцагч аваагүй бөгөөл миний бие *******ыг танихгүй. ******* гэх миний танил надад ...тээврийн хэрэгслийг *******аас итгэмжлэл хийлгээд очоод ав гэсний дагуу тээврийн хэрэгслийг авсан. ******* нь тээврийн хэрэгслийн үнийг 100,000,000 төгрөг гэж хэлсэн. ******* нь ...банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд тээврийн хэрэгслийн үнэ өндөр байвал их зээл гардаг гэж надад хэлсэн тул үнийг 110,000,000 төгрөг гэж гэрээнд бичсэн. Бодитоор тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр *******д худалдсан.

2.2 Тухайн үед *******, ******* нар нь тээврийн хэрэгслийг авч байгаа учраас зарж борлуулаад мөнгийг нь хэрэглэх талаар хоорондоо ярьж байсан тул таньдаг хүндээ тээврийн хэрэгслийн үнийг бууруулж зарсан байх. ******* банк бус санхүүгийн байгууллагаас зээл авахын тулд надаас 30,000,000 төгрөгийг зээлж аваад баримтыг нь банк бус санхүүгийн байгууллагад өгч, зээл гарсны дараа ******* нь надад 30,000,000 төгрөгийг буцааж өгсөн. Тээврийн хэрэгслийг худалдаж авах хүн нь миний танил ахын найз ******* байсан тул ******* нь намайг ...өөрөө *******аас очиж тээврийн хэрэгслийг шилжүүлж аваад мөнгийг нь ******* ах руу шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн.

Иймд би мөнгийг авч ашиглаагүй, хохирол учруулаагүй, тээврийн хэрэгсэл худалдаж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын, хариуцагч *******ас гэм хорын хохиролд 132,848,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 822,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Хаан банк дахь ******* эзэмшлийн дансны 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох хуулга, гэрч *******ы мэдүүлгээр *******аас *******д итгэмжлэл олгохоос өмнө тээврийн хэрэгслийг *******д худалдахаар тохиролцсон, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ******* нь урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг хариуцагчийн данс руу шилжүүлсэн болох нь нотлогдож байна. Гэтэл хариуцагч нь урьдчилгаа төлбөрийг өөртөө авч, үлдэгдэл төлбөрийг ******* руу биш, огт хамааралгүй этгээд болох өөрийн ах ******* рүү шилжүүлчих гэж *******д даалгасан нь нэхэмжлэгчийн өөрийн хөрөнгийг худалдан борлуулж, үр ашгийг нь хүртэх эрхийг ноцтойгоор зөрчиж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж үзэх нөхцөл байдалд тогтоогдсон байхад шүүх зөвхөн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийсний үндсэн дээр нэхэмжлэгчид гэм хорын хохирол учраагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

******* нь *******д олгосон 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэлээр түүнд төлбөр тооцоо хүлээн авах эрх олгосноос биш, төлбөр тооцоог хувьдаа захиран зарцуулах эсхүл бусдад шилжүүлэх эрхийг түүнд олгоогүй. Харин хариуцагчийн зүгээс тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан төлбөрийг хүлээн авч, нэхэмжлэгчид шилжүүлж өгөх үүрэгтэй байсан.

4.2 Гэрчийн мэдүүлгээс хамаарч хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөж болзошгүй байсан тул нэхэмжлэгчийн зүгээс анх гэрч асуулгах хүсэлт гаргахдаа, шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх бүрэлдэхүүнд гэрчийн мэдүүлгээс хамаарч *******ыг хамтран хариуцагчаар татах, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлтэй байгаа талаараа удаа дараа илэрхийлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хүлээж авалгүйгээр, тухайн хүсэлт үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэлгүйгээр хэргийг хэлэлцэж эхэлсэн хэмээн шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэрээний үүрэгт 114,000,000 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул арилжааны банкнуудын хэрэглээний зээлийн сарын дундаж хүү 1,6 хувиар тооцон 18,848,000 төгрөг, нийт 132,848,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...******* нь ******* маркийн тээврийн хэрэгслийг 114,000,000 төгрөгөөр *******д худалдахаар талууд аман хэлбэрээр тохиролцож, итгэмжлэлээр шилжүүлсэн. ******* нь тээврийн хэрэгслийг бусдад худалдаад төлбөрийг шилжүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж тайлбарласан.

2.1 Хариуцагч дээрх шаардлагын үндэслэлийг ...*******ыг танихгүй, итгэмжлэлийн дагуу тухайн тээврийн хэрэгслийг *******д худалдсан. ******* нь ...*******аас очиж тээврийн хэрэгслийг шилжүүлж аваад мөнгийг нь *******т шилжүүл гэсний дагуу шилжүүлсэн гэж үгүйсгэн маргасан.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

3.1 Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ...гэрчээр *******ыг асуусантай холбоотойгоор нэхэмжлэгч талаас *******ыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлт гаргах шаардлагатай боллоо гэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...талууд шүүхэд хүсэлт гаргах үе шатанд хэн аль нь хүсэлт гаргаагүй, хэргийг хэлэлцэж эхэлсэн гэх үндэслэлээр хүсэлтийг хэлэлцэлгүй хуралдааныг үргэлжлүүлсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно.

Хариуцагч нь хэдийгээр анхан шатны шүүх хуралдааны явцад шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн *******ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасан нь хуулийн дээрх зохицуулалттай харшлахгүй. Иймд энэ агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

4. Түүнчлэн, талуудын хэн аль нь тээврийн хэрэгслийг худалдах, шилжүүлэх, мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлэх зэрэг үйл баримттай холбоотой ...*******ын хэлснээр итгэмжлэлийн дагуу тээврийн хэрэгслийг авсан, ...*******ын хэлснээр тээврийн хэрэгслийн үнийг *******т шилжүүлсэн зэрэг тайлбар гаргасан боловч энэ талаарх үйл баримтыг шүүх тодруулаагүй байна. Уг нөхцөл байдал тодорхойгүй нөхцөлд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

5. Мөн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байна. Тээврийн хэрэгслийн үнэ гаргуулах шаардлагын үндэслэл нь гэрээний үүрэг шаардаж буй, эсхүл төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлсэнтэй холбоотой гэм хорын хохирол, эсхүл хуульд зааснаар үүсэх гэм хорын хохирол шаардаж буй нь тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

6. Иймд хэрэгт авагдсан баримтаар маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, талууд маргааны зүйлд бүрэн мэтгэлцээгүй байхад давж заалдах шатны шүүхээс нөхөн бүрдүүлэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэмж эрх зүйн дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 191/ШШ2026/00083 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 821,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

М.БАЯСГАЛАН