| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 183/2024/04882/И |
| Дугаар | 210/МА2026/00710 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00710
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00814 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 157,382,388 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Миний эзэмшлийн 699 м.кв талбайтай газарт ******* нь зөвшөөрөлгүйгээр 380В өндөр хүчдэлийн агаарын дамжуулах тулгуурыг 2023 оны 05 дугаар сард босгосон. *******-д 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр амаар, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бичгээр хүсэлт гаргаснаар нь *******-д 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр шаардлага хүргүүлсэн боловч тулгуурыг буулгаагүй.
Эрчим хүчний хамгаалалтын зурвасын хэмжээгээр 1-1,5 м тооцож төлбөрийг тооцон цахилгаан дамжуулах шугамаас 2 тийш 1 метрээр аваад 1 м.кв-ыг 165,800 төгрөгөөр 699 м.кв талбайгаар бодоход хамгаалалтын зурвас 21,83 м.кв-ын өргөнтэй бөгөөд 2 тийш нь 1 м, нийтдээ 43,66 м.кв нь нийт 7,238,828 төгрөг болж байна. Үүнийг 21 сараар бодоход нийт 152,015,388 төгрөг байна. Иймд хариуцагчаас хамгаалалтын зурвас зөрчиж байрлуулсны төлбөрт 152,015,388 төгрөгийг талбай ашиглалтын хохиролд гаргуулна.
1.2. Сэтгэл санааны хохирол болон хаалга эвдэлсэн төлбөрт 2,500,000 төгрөг, үнэлгээ хийлгэсний үнэ 230,000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн зардалд 137,000 төгрөг, нийт 154,882,388 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Өмгөөллийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Манай компани 2023 оны 05 сард *******-ийн 15/05437/22 тоот техникийн нөхцөлийн дагуу *******-иар 380В цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурын солбицлын цэгүүдийг гүйцэтгүүлж тус солбицлын дагуу цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг босгосон. Тухайн үед цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг аливаа иргэн, хуулийн этгээдийн хашаанд босгосон зүйл байхгүй. Гэтэл тус цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг босгосны дараа ******* тулгуурыг тойруулж хашаа бариад миний хашаанд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур босгосон байна гэх гомдол гаргасан учир манай компани 2024 оны 07 сард дээрх цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг буулгасан.
2.2 Хариуцагч газрын үнэд жилд 9,000 төгрөг төлдөг атлаа газраасаа ч үнэтэй 152,015,388 төгрөгийн нөхөн төлбөрийг биднээс шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хамгаалалтын зурвас хааш хаашаа 1 метр байна гэж нэхэмжлэгч тайлбарлаад 21,83х1 метр гэж тодорхойлох боловч хаанаас аль хүртэл газрын хэмжээг тооцоод байгаа нь тодорхойгүй. Хэдэн метр квадрат талбайг ашигласан гэж үзэхдээ юуг үндэслээд байгаа нь тодорхойгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуугдаж, сайтад үзлэг хийсэн бөгөөд агаарын шугам босгох хөлийг байрлуулахад тухайн газар ямар нэгэн хашаалсан нөхцөл байгаагүй. 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар харахаар хашаалаад онгорхой байсан газрыг битүүлээд байшин барьсан болох нь харагдана. Энэ нь байшингаас шугамын хөл 1 метрээс хэтэрсэн байдалтай байна. Шугам нэхэмжлэгчийн газар дээр байрлаагүй.
2.3 Мөн агаарын шугам түүний хөлийг *******ын эзэмшлийн газрын ойролцоо босгосноор түүний сэтгэл санаанд ямар хохирол учирсан нь тодорхойгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******-иас 7 468 828 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 147,413,560 төгрөгийг хэрэгсэхгүй олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг, хариуцагч ******* нь агаарын шугам буулгах шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,218,265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч *******-иас 134,451 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 *******ын ******* дугаарт бүртгэлтэй эзэмшлийн талбайд ******* нь эзэнгүй хөдөө яваад ирэх хооронд эзэмшигчийн зөвшөөрөлгүй Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд заасан хамгаалалтын зурвас зөрчсөн. Цахилгаан дамжуулах шугам тавихдаа уулзаж харилцан тохиролцож нөхөн төлбөр төлөх ямар ч яриа хэлцэл хийгээгүй. ******* талбайг 1 жил 9 сар ашигласан байхад 152,015,388 төгрөгөөс 7,238,828 төгрөгийг ханган 144,776,560 төгрөг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
4.2 Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй ор сураггүй алга болсон тул хариуцагчаас нэхэмжлэх нь зохисгүй санагдаад 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ би татгалзсан. Гэтэл улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг буцаан олгохгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.
4.3 Мессенжер хаяг болон утсаар харилцсанаа баталгаажуулж байсан учир шүүхэд тухайн үеийн үнэн бодит байдал, нотлох баримт, бичлэг, зургуудыг хэвлэн хувилж нотлох баримтуудыг бэлдүүлж өгөхөд 137,000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг ханган шийдвэрлээгүйд гомдолтой байна.
4.4 Хариуцагч Цахилгаан дамжуулах шугам тулгуурыг тавихдаа хаалга эвдэлж онгорхой хаяад явахдаа хашаанд 3 нүх ухаж 2-т нь шон суулгаж, орчныг бохирдуулж хашаан дахь эд хөрөнгөд хохирол учруулж, хаалга 1,500,000 төгрөгөөр хийлгэж, урьдчилгаанд төлсөн 750,000 төгрөг болон 1,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон.
Хариуцагч ******* нь эрчим хүч цахилгааны аюултай нөхцөл байдлыг үүсгэн амьдрах орчныг хязгаарлагдмал байдалд оруулан цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан. 2023 оны 05 сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн буруутай үйлдэл бусдыг , цагдаа болон зохих шатны удирдах эрх бүхий албан тушаалтан, албан байгууллагын олон удаагийн шаардлага, албан бичиг, тогтоол, шийдвэр ажил хэргийг үл хүндэтгэн хохироосонд гомдолтой байгаа учир *******-аас талбай ашиглалтын зардал 144,776,560 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг, баримт бүрдүүлэхэд гарсан зардал 137,000 төгрөг, хаалганы урьдчилгаа 750,000 төгрөг, гэм хор учруулсан хохирол 1,750,000 төгрөг, нийт 147,468,510 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1 Нэхэмжлэгчийн бичгээр гаргасан давж заалдах гомдол хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй. Биднийг эрх бүхий байгууллага буюу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс техникийн нөхцөлийн талаар асууж, агаарын тулгуур баганыг босгох үед тухайн газрыг ямар нэгэн айл болон хүн эзэмшдэг байгаагүй. ******* болон манай байгууллага тухайн газрыг ямар нэгэн хүн эзэмшдэг байхад айлын хашааны хаалгыг эвдэж ороод цахилгааны шон суулгах боломжгүй гэдэг нь агаар сансрын зураг болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Биднийг цахилгааны шонг суулгаад явсны дараа нэхэмжлэгч тухайн газрыг хашаалж, уг газар дээр байшин барьсан болох нь агаар сансрын зургаар тогтоогддог. Тиймээс нэхэмжлэгчийн энэ талаар гаргаж буй давж заалдах гомдол үндэслэлгүй.
5.2 Тухайн газрыг анх худалдаж авсан дуудлага худалдааны анхны үнийг судалж үзэхэд 7,000,000 төгрөг хүрэхээргүй мөнгөн төлбөр байсан. Түүнчлэн улсад тухайн газрыг эзэмшүүлсний төлөө улирал бүр төлдөг газрын төлбөр нь 9,000 төгрөг, уг газрыг худалдаж авах зах зээлийн үнэ нь 118,000,000 төгрөг байдаг. Гэвч нэхэмжлэгч тухайн газрыг 1 жил 9 сарын хугацаанд ашигласны төлбөрт 152,000,000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Газрын үнэлгээг тогтоодог Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаартай Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай журмын 3 дугаар хавсралтаар батлагдсан Нийслэлийн Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл, бүс, 1 га газрын суурь үнэлгээг тогтоох журамд дээрх асуудлын талаар тодорхой заасан. Тухайн журамд заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшлийн газар хэдэн төгрөгийн үнэлгээтэй болохыг тооцож үзэхэд 300,000 гаруй төгрөгийн үнэлгээтэй гэх зүйл харагдаж байсан.
5.3 Харин 147,000,000 төгрөг болон сэтгэл санааны хохирол, шүүхэд өгсөн бичиг баримт бүрдүүлэхэд гарсан зардал гэх мэт ямар ч нотлох баримтгүйгээр шаардаж байгаа мөнгөн төлбөрүүдийг нэхэмжлэгчид гаргаж өгөх боломжгүй. Нэхэмжлэгч мөн гэм хорын хохирол гэж 1,750,000 төгрөг нэхэмжилдэг боловч ямар эд хөрөнгөд гэм хор учруулсан нь нотлогдсон нотлох баримт байдаггүй. Анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Гэхдээ анхан шатны шүүх 23 м.кв болон 46 м.кв талбай бүхий газрыг яагаад эзэмших боломжгүй болсон гэх асуудлыг нарийвчлан үнэлж дүгнээгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, цахилгаан дамжуулах 0.4 кв агаарын шугамыг татан буулгуулж, газар ашиглалтын төлбөр 152,015,388 төгрөг, сэтгэл санааны хохирол болон хаалга эвдэлсэн төлбөр 2,500,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн үнэ 230,000 төгрөг, шүүхэд баримт бүрдүүлсэн зардал 137,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, нийт 157,382,388 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн А/563 дугаар захирамжаар эзэмших эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын ******* дугаартай, *******, *******, , хаягт байршилтай, 699 м.кв талбайтай газрыг гэр, орон сууцны хашааны зориулалтаар *******т 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. /1хх 10, 58/
3.2 *******-ийн ашиглалт, засварын зүүн төвийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 31/172 дугаар албан бичгээр ...Тус иргэний өргөдлийг судлан үзэхэд тус тулгуур нь -ийн эзэмшлийн тулгуур биш бөгөөд *******-ийн 380В-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур байна. ******* нь 2023 оны 05 дугаар сард шинээр цахилгаан дамжуулах агаарын шугам татах явцдаа *******ын хувийн эзэмшлийн хашаанд зөвшөөрөлгүй тулгуур босгосон байна. Иймд уг тулгуурыг *******ын хувийн эзэмшлийн хашаанаас гаргаж тус иргэний аюулгүй байдлыг хангаж өгнө үү гэх мэдэгдлийг *******-д хүргүүлсэн. /1хх 9/
Мөн ******* нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1083 дугаар албан бичгээр ...Таны эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 11 хорооны хашаагаар ******* нь 380В-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг татахдаа Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 2.2 дахь 1кВ хүртэл цахилгаан дамжуулах шугам нь хүн оршин суудаг газраар өнгөрөх нөхцөлд 1-1,5 метр байна гэх заалтыг зөрчсөн тул тус цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүчдэлээс чөлөөлсөн болно гэх мэдэгдлийг *******т өгсөн. /1хх 152/
3.3 -ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-аар *******ын эзэмшлийн гэр, орон сууцны хашааны зориулалттай газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 115,877,000 төгрөгөөр үнэлсэн. /1хх 15-32/
3.4 Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр зөвшөөрөлгүй цахилгаан дамжуулах агаарын шугам татаж, тулгуур босгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас агаарын шугам буулгах шаардлагыг биелүүлсэн тул шүүх уг шаардлагыг хариуцагч биелүүлсэн үндэслэлээр, мөн нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг тус тус баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.
4. Хэргийн баримтаар дээрх газрын хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч мөн болох нь, мөн хариуцагчийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг татсан үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдсон байхаас гадна хариуцагч үүнд маргаагүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эзэмших эрхтэй холбоотой буюу уг эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
4.1 Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас газар ашиглалтын төлбөр 152,015,388 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг талуудын эзэмшлийн газар нь Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасан хөрш залгаа эд хөрөнгө үндэслэлээр тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь, хариуцагч нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр түүний зөвшөөрөлгүй цахилгаан дамжуулах агаарын шугам татсан үйл баримт нь хөрш залгаа эд хөрөнгийн зохицуулалтад хамааралгүй байна.
4.2 Дээрх шаардлагатай холбоотой нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл нь мөн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт Шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө, эсхүл эрхийн үр шимийг буцааж өгөх, хэрэв өөрийн буруугаар үр шимийг олж авч чадаагүй бол олох ёстой байсан үр шимийг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан зохицуулалтаар тодорхойлогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн дээрх хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч нь тухайн газрын тодорхой хэмжээг ашиглах боломжгүй болсон тул хариуцагч нь тухайн цахилгаан дамжуулах агаарын шугам татсан газартай холбоотой үр шим буюу хохирлыг нэхэмжлэгчид нөхөн төлөх үүрэгтэй.
4.3 Бусдын эзэмшил газрыг хууль бусаар эзэмшсэнээс хохирол учирсан гэж үзсэн тохиолдолд тухайн этгээд нь үүнийгээ нотлох үүрэгтэй. -ийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан-аар тухайн газрын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 115,877,000 төгрөгөөр үнэлсэн нь нэхэмжлэгчид 152,015,388 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн үнэлгээ нь зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон баримт болохоос биш нэхэмжлэгчийн ...цахилгаан дамжуулах шугамаас 2 тийш 1 метрээр, 1 м.кв-ийг 165,800 төгрөгөөр тус тус тооцон, хамгаалалтын зурвасыг 43,66 м.кв гэж тодорхойлж, нийт 7,238,828 төгрөгийг хариуцагч цахилгаан дамжуулах агаарын шугамыг буулгах хүртэлх 21 сараар үржүүлсэн гэж тодорхойлсон шаардлагын үндэслэл болж чадахгүй байна.
4.4 Анхан шатны шүүх дээрх шаардлагаас 7,238,828 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүх хуулийг төсөөтэй хэрэглэх зохицуулалтад нийцүүлэн, дээрх хэмжээний хохирол нэхэмжлэгчид учирсан гэж дүгнэх боломжтой байхаас гадна уг шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн шийдлийг хэвээр үлдээж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.
5. Нэхэмжлэгч нь сэтгэл санааны хохирол 1,750,000 төгрөг, хаалга эвдэлсэн хохирол 750,000 төгрөг, нийт 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хаалга эвдэрсэн, үүнтэй холбоотой нэхэмжлэгчид дээрх хэмжээний сэтгэл санааны хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх уг хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.
5.1 Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримт бүрдүүлсэн зардалд 137,000 төгрөг шаардсан нь нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардал гэх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэгчийн ...улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийг буцаан олгохгүй шийдвэрлэсэнд гомдолтой гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээний төлбөр 230,000 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус нийцсэн байхаас гадна хариуцагч уг шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн энэ талаар дэлгэрэнгүй дүгнэлт хийгээгүй болно.
8. Мөн шүүх иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагч талын шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсгийг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00814 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 138 дугаар зүйлийн 138.1 гэснийг 95 дугаар зүйлийн 95.1, 230 дугаар зүйлийн 230.2 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 895,293 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН