Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 756

 

  2019        10          03                                   2019/ШЦТ/756

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

  шүүгдэгч А.А  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Зуутраг овгийн А.А д холбогдох эрүүгийн 1903007360388 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Зуутраг овгийн А.А , 1988 оны 01 дүгээр сарын-25-ны өдөр Увс аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Автын инженер мэргэжилтэй, “Талх чихэр” ХХК-д авто механик ажилтай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо хилчиний 96-58а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.  

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч А.А  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хүчит шонхор захын урд замд Хьюндай Старекс маркийн 1790 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэснийг зөрчиж, явган зорчигч Л.Доржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-19/,

Хохирогч Л.Дорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 11 цагаас 12 цагийн хооронд би эхнэр Амаржаргалын хамт Хүчит шонхор зах руу орж хэрэглээний махаа худалдаж авчхаад эргэж гэртээ харих гээд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарах гээд зогсож байтал уг замаас мөн хойноосоо урагшаа чиглэлтэй мөнгөлөг саарал өнгийн Хьюндай Старекс маркийн ...тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх үедээ намайг мөргөж унагаагаад зогссон. Тэгээд тэр үед тухайн машины зүүн урд дугуй нь баруун хөлийн өсгий дээгүүр гарчихсан...” гэх мэдүүлэг /хх 24-26/,

Гэрч Ч.Амаржаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 10 цаг 30 минутын орчимд нөхөр Доржийн хамт Хүчит шонхор зах руу орж хэрэглээний махаа худалдаж авчхаад эргээд гэртээ харих гээд уг захаас ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй машинууд гардаг гарцаар гараад явган хүний зам дээр зогсоод ... зам хөндлөн гарах гээд зогсож байтал уг захаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл гарч зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үедээ нөхрийг маань мөргөөд унагасан юм. ...Тэгтэл тэр хавиар явж байсан хүмүүс “Хүүе ээ, хүн мөргөчихлөө шүү дээ” гээд орилтол тухайн машин нь урагшаа ухас хийтэл нөхрийн маань баруун хөлийн шагайн дээгүүр нь гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 43/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 8305 дугаар дүгнэлтэд: “...Л.Доржийн биед баруун өсгийн дотор хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шарх бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-ь зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-49/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 68/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 70/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 72/, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 53-60/, ажлын газрын тодорхойлолт /хх 74/, Гэмтэл согог үндэсний төвийн 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 08095 дугаар өвчний түүх /хх 30-36/, Тээврийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 74 дүгээр тогтоол /хх 87/, шүүгдэгч А.А ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 86/, хохирогч Л.Доржийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 94/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 78-79/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.А  нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Хүчит шонхор захын урд замд Хьюндай Старекс маркийн 1790 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3. Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэснийг зөрчиж, явган зорчигч Л.Доржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх 8-14/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /18-19/, хохирогч Л.Доржийн “...тээврийн хэрэгсэл зүүн гар тийшээ эргэх үедээ намайг мөргөж унагаагаад зогссон. Тэгээд тэр үед тухайн машины зүүн урд дугуй нь баруун хөлийн өсгий дээгүүр гарчихсан...” гэх мэдүүлэг /хх 24-26/, гэрч Ч.Амаржаргалын “...зам хөндлөн гарах гээд зогсож байтал уг захаас саарал өнгийн тээврийн хэрэгсэл гарч зүүн гар тийш эргэх үйлдэл хийх үедээ нөхрийг маань мөргөөд унагасан юм...” гэх мэдүүлэг /хх 43/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 8305 дугаар дүгнэлт /хх-49/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Л.Дорж нь “...Надад учирсан хохирлын бүрэн төлж барагдуулсан. Гомдол саналгүй...” гэх тул шүүгдэгч А.А ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч А.А ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал,  ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулав.  

Шүүгдэгч А.А д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч гарын үсэг зурсан баримт зэргийг харгалзав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч А.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Зуутраг овгийн А.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А д 550 /таван зуун тавь/ нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч А.А  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН