| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 192/2025/04296/И |
| Дугаар | 210/МА2026/00791 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00791
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/00313 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох,
80,932,340 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
2,929,575 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Б.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. *******-тай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 7 дугаар xopoo, ******* хорооллын Б блок, 2 давхар, 206 тоот хаягтай 35.51 м.кв талбайтай 1 өрөө F загварын орон сууцны 1 м.кв талбайг 1,650,000 төгрөг, нийт 58,591,500 төгрөгөөр захиалсан.
Гэрээний 2.3-т заасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 40,000,000 төгрөг, 2.4-т заасны дагуу 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 8,591,500 төгрөг шилжүүлснээр гэрээний төлбөрийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлсэн.
Гэрээний 1.3-т заасны дагуу хариуцагч ******* нь орон сууцыг 2023 оны 03 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулах ёстой байтал барилгынхаа талыг ч босгоогүй байгаа учир нэхэмжлэгч нь 4 удаа орон сууц хөлсөлж байгаа бөгөөд хөлсөнд 21,924,180 төгрөг төлөөд байна.
******* нь 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18,591,000 төгрөг буцаан шилжүүлснээр нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар орон сууц захиалгын төлбөрөөс 40,000,000 төгрөг авах авлагатай байна.
Нэхэмжлэгч ******* нь орон сууц захиалгын гэрээний авлага 40,000,000 төгрөг, орон сууц хөлслөх гэрээний дагуу 21,924,180 төгрөг, нийт 61,924,180 төгрөгийн төлбөр төлж хохирсон тул хариуцагчаас нийт 61,924,180 төгрөг гаргуулж өгнө үү.
1.2. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээний төлбөрт нэмж 4,946,200 төгрөг төлж хохирсон. Мөн *******-д 58,591,500 төгрөгөө өгөлгүй, *******-ийн энгийн хугацаагүй 8 хувийн хүүтэй хадгаламжид хадгалуулсан бол 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хадгаламжийн хүүд нийт 14,061,960 төгрөг олох боломжтой байсан.
Иймд нийт 80,932,340 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
1.3. Хуульд зааснаар торгуулийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хэрэглэхээр байгаа. Гэтэл миний бие гэрээнд заасан үүргээ огт зөрчөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн агуулга:
2.1. Захиалагч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хувийн шалтгаанаар гэрээгээ цуцалж, мөнгөө буцаан авах хүсэлт гаргасан. Бид хүсэлтийг үндэслэн нийт төлсөн төлбөрөөс 18,591,500 төгрөгийг захиалагчид буцаан олгосон.
Гэрээний 4.3, 4.3.2-т захиалагч хүсэлт гаргаж гэрээг цуцалсан тохиолдолд нийт үнийн дүнгийн 5 хувьтай тэнцэх торгуулийг ногдуулахаар заасан. Мөн гэрээнд зааснаар бусад төлбөрийн нөхцөл нь хуулийн дагуу явсан. Үүнээс үүсэх үр дагаврыг бид хариуцахгүй.
Нийт төлсөн төлбөрөөс захиалагчид буцаан олгосон 18,591,500 төгрөг, гэрээнд заасан торгууль 5 хувь буюу 2,929,575 төгрөг, нийт 21,521,075 төгрөгийг хасаж, 37,070,425 төгрөгийг олгох боломжтой. Иймд нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.2. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр захиалагч нь гэрээнээс өөрийн хүсэлтээр татгалзаж, гэрээг дуусгавар болгох хүсэлт гаргасан тохиолдолд 5 хувийн торгуулийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Иймд нийт үнийн дүнгийн 5 хувь болох 2,929,575 төгрөгийг гаргуулж өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 46,000,000 төгрөг гаргуулан *******д олгож, үлдэх 34,932,340 төгрөгийн шаардлага болон *******д холбогдох 2,929,575 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 589,921 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 387,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр иргэн ******* ХУД-ийн 10-р хороо, *******, ******* байрны 0 тоот хаягт байрлах 12 м.кв талбайтай өрөөг сарын 500,000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээ байгуулж, түрээслүүлэгчид 1,500,000 төгрөг төлсөн.
2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ******* СХД-ийн 13-р хороо, 1-р хороолол, ****** тоот хаягт байрлах 1 өрөө орон сууцыг, сарын 600,000 төгрөгөөр хөлслөхөөр гэрээ байгуулж, 2023 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,600,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 1,874,180 төгрөг тус тус шилжүүлсэн.
Дээрх 3 шилжүүлгийн төлбөрийн нийлбэр нь 6,974,180 төгрөг бөгөөд энэ нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлсөлсний төлбөр буюу надад учирсан бодит хохирол болно. Гэтэл анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр үлдэх 974,180 төгрөгийг хангалгүй орхигдуулсанд гомдолтой байна.
4.2. Хариуцагч нь 40,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцааж өгөх үүргээ зөрчсөөр байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт "Гэрээний нэг тал нь үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй", 227.3 дахь хэсэгт "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно" гэж заасан.
Хариуцагч нь 40,000,000 төгрөгийг буцаан өгөхгүй байгаагаас шалтгаалан орон сууц хөлсөлж, 19,896,200 төгрөгийн бодит зардал гарсан байтал анхан шатны шүүх уг хохирлыг хохиролд оруулан тооцохгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
4.3. Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал болон үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор хуульчилсан.
******* нь 40,000,000 төгрөгийг хугацаанд нь буцаан өгсөн бол уг мөнгийг хадгаламжид хадгалуулж, хадгаламжийн хүүд нийт 14,061,960 төгрөг олох боломжтой байсан. Гэтэл Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэлгүй олох ёстой байсан орлогод 14,061,960 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаагүйд гомдолтой байна.
4.4. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байхад худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрээг цуцалсан атлаа гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа мэтээр орон сууц хөлсөлсөн зардлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Талууд 2023 оны 3 дугаар улиралд буюу 09 дүгээр сарын 31-ний өдөр гэрээний үр дүнг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон бөгөөд гэрээнд хугацаа сунгах болон алданги тооцохгүй байх нөхцөлийг тодорхой тусгасан. Үүнтэй холбоотой баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн болно.
Мөн нэхэмжлэгч нь гэрээг сайн дурын үндсэн дээр цуцалсан атлаа уг барилга хариуцагчид ашиг болж үлдэж байгаа талаар тайлбар гаргаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан орон сууц захиалгын гэрээнээс татгалзсаны үр дагавар, хохиролд 80,932,340 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэлээс 37,070,425 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн бөгөөд гэрээ цуцалсны торгуульд 2,929,575 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
2.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг зөв тогтоож, гэрээнээс татгалзсаны үр дагаврын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэжээ.
Харин гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд холбогдох хуулийн зохицуулалтыг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн 7 дугаар xopoo, *******, 5 блок, 2 давхар, 206 тоот F байр, 35.51 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулахаар, ******* нь гэрээний үнэд 58,591,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
3.1. ******* нь гэрээний 2.3, 2.4-т заасан нөхцөлийн дагуу гэрээний үнэ 58,591,500 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн.
Харин ******* нь гэрээний 1.3-т заасан орон сууцыг 2023 оны 3 дугаар улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй, энэ үүргийн зөрчил нь шүүхээр уг маргааныг шийдвэрлэж байхад ч үргэлжилсэн хэвээр байсан.
3.2. Хариуцагчийн гаргасан үүргийн зөрчлөөс шалтгаалж нэхэмжлэгч нь 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрээнээс татгалзах хүсэлт гаргасныг хариуцагч зөвшөөрсөн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 18,591,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн.
3.3. ******* *, *, ******* нартай байгуулсан орон сууц хөлслөх гэрээ, банкны дансны хуулгаар нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрт 26,870,380 төгрөг төлжээ.
Энэхүү нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн хугацаа, төлсөн төлбөрийн хэмжээний талаарх баримт, тооцооллыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар няцаагаагүй.
3.4. Хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд эдгээр үйл баримт тогтоогдов.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн орон сууц хөлсөлсөн хугацаа, төлсөн төлбөрийн хэмжээний талаарх үйл баримтыг бүрэн тогтоогоогүй орхигдуулсныг дээрх байдлаар залруулав.
4. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд хариуцагчийн гаргасан үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэх анхан шатны шүүхийн өгсөн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4.1. Улмаар гэрээнээс татгалзсаны үр дагаварт нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийн үлдэгдэл 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцжээ.
Энэ шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөлгүй орхив.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй атлаа үл хамаарах зохицуулалтыг хэрэглэсэн байгааг залруулж, зохих өөрчлөлт оруулна.
4.2. Анхан шатны шүүх гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийг гэрээнээс татгалзсан хугацаагаар хязгаарласан нь үндэслэлгүй.
Учир нь талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч нь орон сууцыг ашиглалтад оруулж, нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээний зорилгод хүрч чадаагүй, улмаар орон сууцаа авч ашиглах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс шалтгаалж нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд уг татгалзлын шууд үр дагаварт үүссэн орон сууц хөлслөхөд гаргасан зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд хамаарна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууц хүлээн авч ашиглах боломжгүй болсон тул амьдрах байрны хэрэгцээгээ хангахын тулд өөр орон сууц хөлслөхөөс өөр аргагүй байдалд орсон нь хариуцагчийн үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой, зайлшгүй гарсан бодит хохирол юм.
Түүнчлэн, хариуцагч нь гэрээний нийт төлбөр болох 58,591,500 төгрөгөөс 18,591,000 төгрөгийг буцаан олгосон боловч үлдэгдэл төлбөрийг буцаан олгоогүй хэвээр байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагаврыг үргэлжлэхэд хүргэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол шаардах эрх нь гэрээнээс татгалзсан хугацаагаар хязгаарлагдахгүй тул нэхэмжлэгчийн орон сууц хөлслөн бусдад төлсөн бодит зардал болох 26,870,380 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцнэ.
Нэхэмжлэлийг хангасан хэмжээ өөрчлөгдөж буй тул тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг мөн өөрчилнө.
4.3. Гэрээний үнэд төлсөн 58,591,500 төгрөгийг банкинд хадгалуулсан бол олох байсан хүүгийн орлого болох 14,061,960 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан. Өөрөөр хэлбэл, олох байсан орлогыг хохиролд тооцохын тулд тухайн орлого нь бодитой, тодорхой, зайлшгүй орох байсан гэдэг нь нотлогдсон байх шаардлагатай.
Гэтэл нэхэмжлэгчийн хувьд дээрх мөнгөн хөрөнгийг заавал банкинд хадгалуулж, тодорхой хэмжээний хүүгийн орлого олох байсан нь баримтаар тогтоогдоогүй. Мөн мөнгөн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь нэхэмжлэгчийн өөрийн сонголтоос хамаарах тул уг орлогыг хариуцагчийн үүргийн зөрчилтэй шууд шалтгаант холбоотой хохирол гэж үзэх үндэслэлгүй юм.
Иймд нэхэмжлэгчийн шаардсан хүүгийн орлогыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан хохиролд хамааруулах боломжгүй бөгөөд уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн өгсөн зарим эрх зүйн дүгнэлтийг залруулж дүгнээд шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн зарим хэсгийг нэмж хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 192/ШШ2026/00313 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 66,870,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
нэхэмжлэлээс үлдэх 14,061,960 төгрөг гаргуулах хэсэг болон нэхэмжлэгч *******д холбогдох 2,929,575 төгрөг гаргуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 387,950 гэснийг 492,302 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,615 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Т.БАДРАХ