Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 757

 

   2019       10          03                                   2019/ШЦТ/757

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Ж.Бадамдоржийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэг, түүний өмгөөлөгч Д.Батнаран,

шүүгдэгч С.Б , түүний өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн С.Б д холбогдох эрүүгийн 1903002620202 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн С.Б , 1975 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, охины хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хороолол 95-1 дүгээр байр 117 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Шүүгдэгч С.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны 22-23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 17 дугаар сургуулийн буудлын урд талын замд согтуурсан үедээ Toyota Alphard маркийн 80-04 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Бадамдоржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн осол гарсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ажлаа тараад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэйгээ ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа 17 дугаар сургуулийн автобусны буудлаас доошоо зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан. Тэгэхэд 2 хүн зам гарч байгаа харагдсан, замын гол зохицуулдаггүй, гэрэл дохиогүй гарц байдаг учраас дундуур нь хаалт тавьсан байдаг тэр хаалтан дунд тэр 2 хүн зогсож байсан. Намайг дөхөөд очиход тэр 2 хүн хоорондоо юм ярьж байхаар нь намайг өнгөрөөчхөөд гарах гэж байна гэж бодоод явсан гэтэл толь тас гэж дугарсан. Тэгэхээр нь сандраад шууд зогсож очоод хартал нэг настай эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд би өөрийн утсаар түргэн тусламж дуудаж түргэний машин ирж тэр хүнийг эмнэлэг рүү авч явсан. Дараа нь ёс журмын хэлтсээс намайг авч явсан тэр үед би маш их сандарч, яах учраа олохгүй байсан. Би өөрөө зүрхний өвчтэй болохоор зүрхний эм байнга авч явдаг тэгээд сандраад зүрхний эм болох “Долоогонын ханд” уусан байсан. Тэгэхэд ёс журмын хэлтсээс намайг драйгераар үлээлгэж шалгасан. Хэсэг хугацааны дараа замын цагдаагаас хүн ирж драйгераар шалгасан. Тэгэхэд Драйгераар шалгасан хэмжээ нь өөр өөр гарч байсан. Тухайн өдөр намайг согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэхэд хэрэглээгүй гэсэн. Тухайн өдөр цэргийн баяр болж байсан учраас манай байгууллага ажил дээр арга хэмжээ зохиогоод сугалаа сугалуулах арга хэмжээ зохиосон учраас их оройтож тарсан. Тэгээд ажлаа тарчхаад гэр рүүгээ явж байхад ийм хэрэг гарсан. 2002 онд анх жолооч болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Ж.Бадамдоржийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би маш их сандарч байна. Шударга үнэний талд шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Бид эхээс тавуулаа бид бүгд тэтгэврийн насны болон өвчтэй хүмүүс байдаг. Бидний амьжиргааны түвшин доогуур. Би бөөрний архаг үрэвсэлтэй. Миний ах 2003 оноос эхлэн нийтийн байранд ганцаараа амьдарч байгаа, миний ах эрүүл саруул бүрэн бүтэн хүн байсан. Миний ах зүтгүүрийн депод 27 жил ажиллаж байгаад тэтгэвэрт суусан. Монгол улсын иргэдийг тайван амгалан төмөр замаар зорчуулахын тулд гадаадад очиж ачааны тэргийг засаж насаараа хөдөлмөрлөсөн их гавъяатай хүн байсан. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 цагийн орчимд зам хөндлөн гарах гэж байгаад том оврын машинд мөргүүлсний улмаас биеийн байдал маш муу болсон. Ой санамжаа алдсан, ухаан санаа нь сэргэхгүй их хүнд байгаа, бидний ар гэр маш их гомдолтой байна. Бидний ар гэр маш их сэтгэл санааны дарамттай, хэзээ эдгэх нь мэдэгдэхгүй өвчтэй ахтай болчихсон. Ослын дараа гэмтлийн эмнэлэгт миний ахын биеийн байдал сайжрахгүй олон хоног сэхээнд ухаангүй байсан. Маш их хэмжээний гэмтэл авсан. Настай хүний хувьд насандаа багтахгүй их хэмжээний гэмтэл авсан. 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр цээжний эгц байрлалын рентген зураг, хэвтээ хавирганы ясанд шинээр зүүн талд 3-4 хавирга хугаралтай гэж бичигдсэн байгаа. 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 21 хоног сэхээнд байсан, тухайн үед 2-3 удаа зүрх нь зогсож байсан. Осол гарсан өдрөөс хойш одоог хүртэл тасралтгүй олон эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгч, эмчлүүлж, хэвтэж байгаа. Уналт таталтын эсрэг эмийг орой болгон уудаг хэрвээ энэ эмийг уухгүй бол салгалаад, татганаад, нүд нь цагаарчихдаг учраас талх шиг их хэрэглэдэг. Их олон эм, тариаг өдөр болгон цай, талх шиг хэрэглэж байгаа. Би осол гарсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бүтэн нойртой хоносонгүй үүр цайхыг хүлээж л өглөө болгож байна. Би айж байна, түгшиж байна, зүрх минь өвдөж, даралт минь байнга ихэсдэг болсон. Ах минь шөнөжингөө уйлдаг, дуулдаг, ганцаараа ярьдаг, намайг гэрээс минь хөөж гаргадаг. Нүдний харц нь маш хурц болж маш их уурлаж өөрийгөө хянаж чаддаггүй өөрийн үйлдлээ ойлгодоггүй, байнга хоол нэхэж уурладаг. Хоол идэхээрээ цадахаа мэддэггүй. Хоол идсэнийхээ дараа орондоо шээж, баадаг би тэр бүхнийг нь цэвэрлэж байна. ах минь байнгын асаргаанд орсон. Надад их хэцүү байдаг. Ухаан санаа нь орж гараад их хэцүү байгаа. Хүний асрамжид орсон би их ядарч байна. Миний ахын тархин дотор тэсрэх бөмбөг байгаа унах юм бол хэзээ ч сэргэхгүй тийм учраас нярай хүүхэд шиг асрах хэрэгтэй болсон би буруутай этгээдийн үйлдлээс болж зовж байна. Юугаа ч мэдэхгүй ахыгаа асарч байна хараа хяналтаасаа гаргаж огт болохгүй, амь насанд нь аюултай. Миний ахыг эрүүл болгож өгнө үү. Өөрийн буруутай үйлдлээс ахыг минь дайрчхаад өөрөө сураггүй болсон. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр согтолтыг тогтоох тогтоол гарсан тэгэхэд 500.000 төгрөг өгсөн. Чамд хүн чанар байна уу? би насаараа 35 жил цэцэрлэгийн багш хийсэн хүн. Би ойлгохгүй байна эмэгтэй хүн байж яаж ийм хатуу сэтгэлтэй байдаг юм бэ? Би өдий наслахдаа алтан ээмэг зүүлттэй байсан гэтэл өвчтэй ахыгаа эмчлүүлэх мөнгө байхгүй учраас бүгдийг нь зараад ломбардад тавиад дууссан. Миний ах хүчтэй эм тариа хэрэглэсээр байгаад 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 19-ны өдрийг хүртэл шээсний ариун чанарын шинжилгээ өгөхөд миний ахад 2 төрлийн антибиотик тохирно гэсэн өөр ямар ч эм тохирохгүй гэсэн хариу гарсан. Миний ах маш их ядарч байгаа 4 мөч нь хөдөлж байгаа ч гэсэн яг хүүхэд хөлд орж байгаа юм шиг зөөлөн явдаг, манай удамд сэтгэцийн өвчтэй хүн нэг ч байхгүй. Эрүүл байсан хүн одоо сэтгэцийн тэнэгрэлийн мэдрэл муутай гэж тогтоогдсон байгаа. Тийм учраас би сэтгэл санааны хохирлын төлбөр, миний ахын байрны төлбөр, ахын өмсөж явсан хувцасны төлбөрийг, цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авах хүсэлтэй байна. Шүүх хуралдааны өмнө л 4.000.000 төгрөг өгсөн. Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч Эрдэнэбаатар намайг нэг өдөр дуудсан долоогонын хандыг шинжлүүлнэ гэсэн. Урьд нь энэ согтолтын асуудалд набор идсэн, эсхүл гарцгүй газраар гарсан гэх мэт зүйлс хэлж байсан. Гэтэл гэнэт долоогонын ханд уусан гэсэн. Гомдол мэдүүлэх хүсэлтээ өгөх гэж очсон боловч прокурор Дэлгэрмаа нэг юмаа дахин дахин бичсэн байна гэсэн. Ахын эмчилгээний картыг өгсөн боловч чи чаддаг юм бол нотариатаар батлуулаад ир, чамд мөнгө байхгүй шүү дээ гэж хэлсэн. Энэ бүгд С.Б гаас болсон. Энэ хэрэгт аав нь ирснээ би жолоо барьж байсан гэсэн тэгээд ээж нь эмнэлэгт ирж манай нөхөр өндөр настай хоолны мөнгөө олох гэж явж байгаад ахыг чинь мөргөсөн байна гэж хэлсэн. Дараа нь С.Б  эмнэлэгт ирэхдээ 2-3 хүнтэй хамт ирж намайг үл тоосон. Үүнийг би намайг доромжилсон гэж үзэж байгаа. Иймээс би нийт 14.387.165 төгрөгийг нэхэмжилж байна. үүнээс сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг, үлдсэн нь баримтаар өгсөн бодит хохирол байгаа. Мөн би цаашдын эмчилгээний зардал болох 70.000.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 2/,

Зам тээврийн осол, хэргийг газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 03-15/,

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 19-24/,

            Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 30/,

            Сидины бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 21/,  

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 40/,

   Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 107-113, 175-177, 2-р хх 43-44, 47-48/,

  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 178-180/, 

  Тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дүгээр тогтоол /2-р хх 222-223/, 

             Гэрч Ж.Сүрэнхорлоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Бид 2 явган хүний гарцаар зэрэгцээд явж байсан эхний замаа гараад дараагийн урсгалын зам руу ороод алхаж байтал хойноос аймар хурдтай машин ганцаараа ороод ирсэн би дотроо яасан хурдтай машин орж ирж байна вэ гэж бодоод байж байтал удаагүй тас гэх дуу гарсан миний баруун гар талд явж байсан дүүг нөгөө машин мөргөсөн. Би газарт унасан дүү рүүгээ гүйгээд очсон түүний хамар чихээс цус гараад замаар урсаж байсан тэр үед жолооч талын суудлаас цагдаа хувцастай эмэгтэй хүн бууж ирээд би 103 дуудчихлаа гэж хэлж байсан байхаа нэг залуу яасан бэ юу болсон бэ гэж асууж байсан, ойролцоогоор 20-30 минутын дараа 103 эмч ирээд, манай дүүгийн биеийг үзээд, шууд гэмтлийн эмнэлэг явна гэсэн, би дүүгээ аваад гэмтлийн эмнэлэг явсан, хэргийн газар дээр нөгөө эмэгтэй цагдаа үлдсэн. Гэмтлийн эмнэлэг дээр дүүгээ үзүүлээд явж байтал цагдаа нар ирэхэд нөгөө цагдаа эмэгтэй байхгүй байсан. Харин өөр нэг ахимаг настай хүн ирчихсэн би машин барьж явсан гээд байсан, гэтэл тэр хүн анх осол болоход байхгүй байсан... ер нь осол болсны дараа машины жолооч талаас эмэгтэй цагдаа бууж ирсэн, өөр хүн машинаас бууж ирж байгаа харагдаагүй... Жолооч эмэгтэй хүний хувьд надтай ярилцахад амнаас нь архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3624 дугаар дүгнэлтэд: “...Ж:Бадамдоржийн биед зүүн чамархай, суурь ясны их, бага далавч, зүүн нүдний гадна хана, зүүн хацрын нум, зүүн хоншоор яс, хатуу тагнайн хугарал, зүүн чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун нүдний гадна хэсгийн шарх, хоёр нүдний зовхины цус хуралт, нүүрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх 44/,

Гэрч Ж.Бадамсүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ж.Бадамдорж ах осолд орсноо мэдэхгүй байгаа. Тэр ч байтугай намайг хараад танихгүй байдаг. Би тэр байна гэж нэрээ хэлхээр аан за за гэж хариулдаг. ...Ухаа санаа нь бүрэн ороогүй биеийн байдал нь маш хүнд байна...” гэх мэдүүлэг /1-р хх 114-115/,

Гэрч Б.Ууганбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай байгууллагын нягтлан надаас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зам руу харсан бичлэг авахаар хүн ирсэн байна гэхээр нь албан бичигтэй бол өгөхгүй юу гэж Тэгээд сүүлд өгсөн үү гэхэд захирал өөрөө утсаараа бичлэг хийгээд өгсөн гэж хэлсэн.Тэгээд бичлэг авснаас хойш хэд хоногийн дараа хохирогч талын гэх эмэгтэй өмгөөлөгч ирээд та 03 дугаар сарын 18-ны оройны камерын бичлэг өгөх боломж байна уу? гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 116-117/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1911 дүгээр дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “Бадамдорж 60 эр” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх 120/,

Автотээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №17782 дугаар дүгнэлтэд: “...Уг автомашиныг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ94060 маркийн тоног төхөөрөмжөөр шалгаж үзэхэд урд болон хойд тэнхлэгийн дугуйн тоормосны хүчний хэмжээ хэвийн, урд хоёр их гэрлийн тусгалын эрчим ойр, хол дээрээ стандартын шаардлага хангаж байна. Өнгө үзэмж ерөнхий байдал иж бүрдлийн хувьд: Зүүн толь хугарсан, мөн зүүн шанаа 10*15 см-ын хэмжээтэй хонхойсон гэмтэлтэй байна. ...Дээрх гэмтэл нь осол гаргах нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх 125-129/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “...Toyota Alphard маркийн 80-04 УБГ улсын дугаартай автомашины жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна... ” гэх дүгнэлт /1-р хх 132-133/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 723 дугаар дүгнэлтэд: “...Ж.Бадамдорж нь Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил, ойгүйдлийн хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Ж.Бадамдорж нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн болсон зам тээврийн осол хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Ж.Бадамдорж нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадваргүй байна...” гэх дүгнэлт /1-р хх 188-191/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би ахыгаа хэдэн сар жил үргэлжлэхийг нь хэлж мэдэхгүй эв эрүүл сав саруул болгохын төлөө эм тариаг нь таслахгүй байнгын асарч сувилан хараа хяналтыг таслахгүй байнга холбоотой байж эмчийн зөвлөгөө авч сувилалд явуулж байна. ...ах хэзээ эрүүл болно тэр хүртэл нь асаргаа сувилгааны төлбөрийг С.Б гаас авсаар байх болно. ...маш их гомдолтой ганц хүсэж байгаа зүйл эрүүл саруул болгож авна. Эмчилгээний зардлыг тухайн үед нь гаргаж авч байх болно...” гэх мэдүүлэг /2-р хх 52/,

Гэрч Б.Ширэндэв нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг газар манай байгууллагаас гарцан дээр хуванцар хаалтны талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулга авна уу гэж хэлмээр байна. 17 дугаар сургуулийн замд тавигдсан байсан төмөр хайсууд манай компанийн гэрээгээр оруулж ирсэн хайс мөн боловч энэ хайснуудыг 2019 оны 02 дугаар сард Тээврийн цагдаагийн алба бусад газраас шилжүүлсэн тавьж байсан. Одоо уг зам дээр хайс байхгүй байгаа 14 хоногийн өмнөөс буулгаж аваад үйлдвэрт хадгалагдаж байгаа... гэх мэдүүлэг /2-р хх 53-54/,  

Гэрч Л.Батхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би ажлаасаа нэлээн оройтож гараад гэрлүүгээ харин гээд МАХ супермаркет Сод монгол колонк хоёрын голоор гараад гарцаар гарах гэж байх үед халзан толгойтой нэлээн настай байрын эрэгтэй хүн машинд мөргүүлсэн бололтой гарцан дээр ухаангүй байдалтай хэвтчихсэн хажууд нь бас нэг настай эмэгтэй миний дүү гэл үү ахаа гэл үү үхчихлээ шүү дээ гэж орилоод байсан. Тэгээд харахад гарцны урд талд хар өнгийн  Alphart машин зогсчихсон, бас нэг цагдаа хувцастай эмэгтэй хүн сандарсан байдалтай хэвтэж байгаа эрэгтэйг хараад зогсож байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 55-56/,

Гэрч Ч.Орхонбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Сүрэнхорлоо эгч хүний утаснаас залгаад Балдаа ах машинд дайруулчихлаа гэхээр нь түргэн, цагдаа дууд гэж хэлсэн. ...гаднаас маш их сандарсан цагдаа хувцастай эмэгтэй орж ирж байсан энэ үед Сүрэнхорлоо эгч энэ эмэгтэй нөгөө машин жолоодож явсан хүн чинь орж ирж байна гэж хэлж байсан. Тэгээд Батмөнх байцаагч нөгөө эмэгтэйг нэг давхрын өрөөнд нь орж драгер үлээлгэж байсан. Тэр үед Батмөнх байцаагч утсаараа зураг авсан...” гэх мэдүүлэг /2-р хх 57-58/,

Гэрч Л.Мөнхболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...17-ын автобусны буудал дээр автомашин хэн мөргөсөн, тэр машины жолооч нь цагдаагийн алба хаагч байсан гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу хэргийн газар дээр очиход цагдаагийн дэд хурандаа Болормаа түүний эцэг Сосор тус хэлтсийн хариуцлагатай эргүүл цагдаагийн ахлах дэслэгч О.Амгаланбаатар болон Чингэлтэй дүүргийн замын цагдаа зохицуулагч С.Б гийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон түүний эцэг Сосорын жолооны үнэмлэх зэргийг хураан авсан байдалтай байсан. Гарцны урд хэсэгт хар өнгийн Тоёота Альфард маркийн 80-04  УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ослын гэрлээ асаачихсан зогсож байсан. ...Цагдаагийн дэд хурандаа С.Б  нь 0.66% согтолттой байхаар нь Болормаагаас та ямар төрлийн согтууруулах ундааны зүйл хэргэлсэн юм бэ гэхэд дарстай набор идсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 59-60/,

Шинжээч эмч Б.Эрдэнэхуяг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Замын хөдөлгөөнд оролцогч жолооч маань явган хүний гарц руу ойртон ирж байгаагаа мэдэх боломжтой байсан хэдий гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөөгүй нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм...” гэх мэдүүлэг /2-р хх 63-64/,

Гэрч А.Ариунжаргал нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...гарц өнгөрөөд туслах зорилгоор зогссон. Тэгээд манай нөхөр буугаад хэвтэж байсан хүний хажууд зогсож байсан хүнийг утсаараа яриулсан. Тэгээд л за одоо эмнэлэг цагдаа ирнэ гэж хэлээд бид хоёр машинаараа гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /2-р хх 236-237/,

Гэрч Э.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...С.Б тай уулзахад “ажлаасаа машинаа унаж гарч ирээд явж байгаад санаандгүй хүн мөргөсөн, ослын дараа айж сандарч аав руугаа залгаж дуудсан, тэгээд байж байтал ёс журмаас алба хаагч ирээд намайг аваад явсан, тэгээд ажил дээрээ ирээд байж байна.” гэж мэдүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 240-241/,

Шүүгдэгч С.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би маш их айдас сандралтай тайвшрах гээд гадаа зогсож байгаад гэмтлийн эмнэлэг явах л бодол төрж байсан. Тэгээд явах гээд ганцаараа такси барих гээд замаар уруудаад дуудагдаж явахад л дуудагдаж хэлтэс дээр ирсэн яг хэн дуудсаныг санахгүй байна. ...Хохирогчтой би утсаар ярьж холбогдож байгаа. Хохирол барагдуулах тал дээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх 247-248/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-156/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх 54/, Гэмтэл согог үндэсний төвийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 03369 дугаар өвчний түүх /1-р хх 75-99/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2841, 2539, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1912 дугаар дүгнэлтүүд  /1-р хх 193-194, 197-200, 202/, сууц хөлслөх гэрээ /2-р хх 4/, хохирогч Ж.Бадамдоржийн эмчилгээтэй холбоотой баримт болон тухайн үед өмсөж явсан хувцасны гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 5-32, 107-114/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэгийн гаргаж өгсөн хохиролын баримт /2-р хх 72-88, 3-р хх 40-65/, шүүгдэгч С.Б гийн согтуурлын зэрэг шалгасан гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх 35/, шүүгдэгч С.Б гийн хувийн байдлыг тодорхойлох баримт /2-р хх 182-218/,  туршилт хийсэн тухай тэмдэглэл /2-р хх 227-231/,  шүүгдэгч С.Б гийн хохиролын мөнгө шилжүүлсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч С.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны 22-23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, 17 дугаар сургуулийн буудлын урд талын замд согтуурсан үедээ Toyota Alphard маркийн 80-04 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Ж.Бадамдоржийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх 2/, зам тээврийн осол, хэргийг газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 03-15/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх 19-24/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх 30/, сидиний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 21/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх 40/, компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх 107-113, 175-177, 2-р хх 43-44, 47-48/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 178-180/, тээврийн прокурорын газрын прокурорын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 01 дүгээр тогтоол /2-р хх 222-223/, гэрч Ж.Сүрэнхорлоогийн “...миний баруун гар талд явж байсан дүүг нөгөө машин мөргөсөн. Би газарт унасан дүү рүүгээ гүйгээд очсон түүний хамар чихээс цус гараад замаар урсаж байсан тэр үед жолооч талын суудлаас цагдаа хувцастай эмэгтэй хүн бууж ирээд би 103 дуудчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх 41/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3624 дугаар дүгнэлт /1-р хх 44/, гэрч Ж.Бадамсүхийн “...Ж.Бадамдорж ах осолд орсноо мэдэхгүй байгаа. Тэр ч байтугай намайг хараад танихгүй байдаг. Би тэр байна гэж нэрээ хэлхээр аан за за гэж хариулдаг. ...Ухаа санаа нь бүрэн ороогүй биеийн байдал нь маш хүнд байна...” гэх мэдүүлэг /1-р хх 114-115/, гэрч Б.Ууганбаярын “...Манай байгууллагын нягтлан надаас 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн зам руу харсан бичлэг авахаар хүн ирсэн байна гэхээр нь албан бичигтэй бол өгөхгүй юу гэж Тэгээд сүүлд өгсөн үү гэхэд захирал өөрөө утсаараа бичлэг хийгээд өгсөн гэж хэлсэн.Тэгээд бичлэг авснаас хойш хэд хоногийн дараа хохирогч талын гэх эмэгтэй өмгөөлөгч ирээд та 03 дугаар сарын 18-ны оройны камерын бичлэг өгөх боломж байна уу? гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх 116-117/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 1911 дүгээр дүгнэлт /1-р хх 120/, автотээврийн үндэсний төв Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №17782 дугаар дүгнэлт /1-р хх 125-129/, тээврийн цагдаагийн албаны 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 209 дүгээр шинжээчийн дүгнэлт /1-р хх 132-133/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 723 дугаар дүгнэлт /1-р хх 188-191/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэгийн “...Би ахыгаа хэдэн сар жил үргэлжлэхийг нь хэлж мэдэхгүй эв эрүүл сав саруул болгохын төлөө эм тариаг нь таслахгүй байнгын асарч сувилан хараа хяналтыг таслахгүй байнга холбоотой байж эмчийн зөвлөгөө авч сувилалд явуулж байна...” гэх мэдүүлэг /2-р хх 52/, гэрч Б.Ширэндэвийн “...2019 оны 02 дугаар сард Тээврийн цагдаагийн алба бусад газраас шилжүүлсэн тавьж байсан. Одоо уг зам дээр хайс байхгүй байгаа 14 хоногийн өмнөөс буулгаж аваад үйлдвэрт хадгалагдаж байгаа... гэх мэдүүлэг /2-р хх 53-54/, гэрч Л.Батхуягийн “...халзан толгойтой нэлээн настай байрын эрэгтэй хүн машинд мөргүүлсэн бололтой гарцан дээр ухаангүй байдалтай хэвтчихсэн хажууд нь бас нэг настай эмэгтэй миний дүү гэл үү ахаа гэл үү үхчихлээ шүү дээ гэж орилоод байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 55-56/,гэрч Ч.Орхонбаярын “...Сүрэнхорлоо эгч хүний утаснаас залгаад Балдаа ах машинд дайруулчихлаа гэхээр нь түргэн, цагдаа дууд гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хх 57-58/, гэрч Л.Мөнхболдын “...Цагдаагийн дэд хурандаа С.Б  нь 0.66% согтолттой байхаар нь Болормаагаас та ямар төрлийн согтууруулах ундааны зүйл хэргэлсэн юм бэ гэхэд дарстай набор идсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 59-60/, шинжээч эмч Б.Эрдэнэхуягийн “...Замын хөдөлгөөнд оролцогч жолооч маань явган хүний гарц руу ойртон ирж байгаагаа мэдэх боломжтой байсан хэдий гарцаар гарч байгаа явган зорчигчид зам тавьж өгөөгүй нь осол гаргахад шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй юм...” гэх мэдүүлэг /2-р хх 63-64/, гэрч А.Ариунжаргалын “...манай нөхөр буугаад хэвтэж байсан хүний хажууд зогсож байсан хүнийг утсаараа яриулсан. Тэгээд л за одоо эмнэлэг цагдаа ирнэ гэж хэлээд бид хоёр машинаараа гэрлүүгээ харьсан...” гэх мэдүүлэг /2-р хх 236-237/, гэрч Э.Батмөнхийн “...С.Б тай уулзахад “ажлаасаа машинаа унаж гарч ирээд явж байгаад санаандгүй хүн мөргөсөн, ослын дараа айж сандарч аав руугаа залгаж дуудсан, тэгээд байж байтал ёс журмаас алба хаагч ирээд намайг аваад явсан, тэгээд ажил дээрээ ирээд байж байна.” гэж мэдүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх 240-241/, шүүгдэгч С.Б гийн “...Хохирогчтой би утсаар ярьж холбогдож байгаа. Хохирол барагдуулах тал дээр ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх 247-248/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Б г согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч С.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийг улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан хорих ялаас чөлөөлж 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүх шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хэрэгт хураагдан ирсэн С.Б гийн №222549 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэг нь эмчилгээний болон сэтгэл санааны хохирол, хохирогчийн өмсөж явсан хувцас, байрны түрээсийн үнэ зэрэг бусад зардалд нийт 14.387.165 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч С.Б  нь бүрэн төлсөн бөгөөд энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн С.Б гийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204084899 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 95/1 дүгээр байрны 117 тоот орон сууцыг битүүмжилсэн Тээврийн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 /долоо/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, “Cherry Queen” гэсэн бичигтэй /дортоо  ширхэгтэй/ наборыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан дээрх зүйл хэсэгт заасан  хорих ялаас чөлөөлж 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар С.Б д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Шүүгдэгч С.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн С.Б гийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2204084899 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол /13334/ 95/1 дүгээр байрны 117 тоот орон сууцыг битүүмжилсэн Тээврийн прокурорын 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 01 дүгээр Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 7 /долоо/ ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.4-т зааснаар “Cherry Queen” гэсэн бичигтэй /дотроо 5 ширхэгтэй/ наборыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэрэгт хураагдан ирсэн С.Б гийн №222549 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

7. Шүүгдэгч С.Б  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэгт эмчилгээний зардалд болон бусад зардалд нийт 14.387.165 төгрөгийг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Сүрэнчимэг нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН