Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 676

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 7-17 тоотод оршин суух, 1976 онд төрсөн 40 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ76100171, Долоонууд овогт Дамбын Батболдын,

         Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1976 онд төрсөн, 40 нсатай. Намайг 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хилийн 0245 дугаар ангид хилчнээр ажилд томилсон тушаалд миний овгийг зөв бичсэн боловч нэрийг Ганболд гэж үсгийн алдаа гаргаж буруу бичсэн байна. Миний бие нь тэтгэвэрт гарах болж бичиг баримтаа бүрдүүлэхэд анх ажилд орсон тушаалд миний нэрийг минь буруу бичсэн болохыг олж мэдсэн. Иймд уг тушаалыг нөхөн гаргуулах боломжгүй, Нийгмийн даатгалын хэлтсээс лавлахад шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул шүүхэд хандаж байна. Иймд намайг Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажилд орсон Хилийн 0311 дүгээр ангийн ахлагч Б.Галбадрахыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.

      Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Д.Батболд нь Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэдгаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

      Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалд: ...Хилийн 45 дугаар отрядын 9 дүгээр заставт хилчнээр Улаангом сумын харьяат Дамбын Ганболдыг 1998 оны 12 дугаар сарын 01-нээс томилсугай... гэжээ.

      Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 628 дугаар Хилийн 0306, 0198, 0311 дүгээр ангид офицер ахлагч нарыг шилжүүлэх тухай тушаалд: ...0311 дүгээр ангид шилжих офицер ахлагч нарыг хавсралт 3-аар баталж 9 дүгээр сарын 08-наас тус тус шилжүүлэн томилсугай. Хавсралтын 45-д 0245 дугаар ангийн сумангийн харуулын дарга дэд ахлагч Дамбын Батболд гэжээ.

      Түүнчлэн Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагчийн 2000 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаар Зохицуулан томилох тухай тушаалд: ...Тохойн сумангийн харуулын дарга дэд ахлагч Д.Батболдыг Дөрөөгийн сумангийн харуулын даргаар 2000 оны 7 дугаар сарын 20-ноос эхлэн зохицуулан томилсугай гэжээ.

      Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 357 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаалд: ...Хилийн 0245 дугаар ангийн дөрөвдүгээр заставт харуулын даргаар 0311 дүгээр ангийн хоёрдугаар заставын харуулын дарга, дэд ахлагч Дамбын Батболд... нарыг 2005 оны 7 дугаар сарын 18-наас шилжүүлэн томилсугай гэжээ.

   Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Б.Галбадрахаас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Б.Галбадрах Миний бие нь 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 10 дугаар заставт хилчнээр ажилд орж байсан. Д.Батболд нь Хилийн цэргийн 0245 дугаар ангийн 9 дүгээр заставт хилчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд бид хоёр нэг тушаалаар буюу Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар тушаалаар анх тус ангид хилчнээр ажиллах болсон. Тухайн үед Д.Батболдыг Батболд л гэж дууддаг байсан. Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар тушаалд Д.Батболдын нэрийг Дамбын Ганболд гэж буруу бичсэн байсан ба энэ нь тухайн үед ажиллаж байсан боловсон хүчин техникийн алдаа гаргасан байх. Тухайн үед Хилийн цэргийн 0245 дугаар ангийн даргаар хурандаа Гөлгөө, Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргаар Базарсад гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлгийг шүүхэд өгчээ.

       Д.Батболд нь 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, регистрийн дугаар ОЮ76100171 болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.

      Нэхэмжлэгч Д.Батболдыг ажилд томилсон Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалд түүний овгийг зөв бичсэн боловч нэрийг Ганболд хэмээн зөрүүтэй бичсэн бөгөөд түүний иргэний үнэмлэхэд бичигдсэн нэртэй тохирохгүй байх тул иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 2001 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 628 дугаар Хилийн 0306, 0198, 0311 дүгээр ангид офицер ахлагч нарыг шилжүүлэх тухай тушаал, Увс аймгийн Хилийн цэргийн 0245 дугаар ангийн захирагчийн 2000 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 113 дугаар Зохицуулан томилох тухай тушаал, Хил хамгаалах Ерөнхий газрын даргын 2005 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 357 дугаар Шилжүүлэн томилох тухай тушаал, гэрч Б.Галбадрах мэдүүлэг зэргийг үндэслэн Дамбын Батболдыг Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

    Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Долоонууд овогт Дамбын Батболдыг Монгол Улсын Хилийн цэргийг удирдах газрын даргын 1998 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 916 дугаар Томилох тухай тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Батболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ