Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 761

 

   2019        10          04                                   2019/ШЦТ/761

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

улсын яллагч Г.Ууганбаатар,

  шүүгдэгч Б.Баярцэцэг, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батмөнхийн Баярцэцэгт холбогдох эрүүгийн 1911017990888 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Батмөнхийн Баярцэцэг, 1983 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Био комбинат 181 тоотод оршин суух,

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 cap 10 хоног баривчлах ял, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 1 cap 15 хоног баривчлах ял шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийг журамлан Б.Баярцэцэгт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, шүүгдэгч Б.Баярцэцэгийг 1 cap 15 хоног баривчлах ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ТИ83041565.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Баярцэцэг нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар байрны 37 тоотод оршин суух М.Гантулгын эзэмшлийн Хаан банкны картнаас 4.000.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Баярцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр М.Гантулга зөрчлийн тухай хуулиар баривчлагдаж байсан. Би Гантулгын картаас 4.000.000 төгрөг авсан нь үнэн. Гантулга өмнө нь удаа дараа хүү бид хоёрыг хүчирхийлж байсан. Гантулгаас болж би хамт амьдрах хугацаандаа маш их өрөнд орсон. Одоо би Гантулгаас салаад тусдаа байр хөлсөлж, хүүтэйгээ хамт амьдарч байгаа. Тухайн картыг би өмнө хэрэглэж байгаагүй, нууц кодыг нь урьд нь хамт дэлгүүрээс юм авах үед нь харчихсан юм...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Хохирогч М.Гантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 06 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ 09 цаг орчимд гараад явахдаа түрүүвчээ шалгаж үзэхэд Хаан банкны карт байхгүй байсан. Тэр үедээ санаанд ороогүй нэг газар байгаа байх гэж бодоод тоогоогүй. Улсын их дэлгүүр дотор ороод эхнэрийн захисан юмыг аваад байж байтал миний утсанд мэдээлэл ирсэн бөгөөд 4.000.000 төгрөгийн зарлага гарлаа гэж мессеж ирсэн. Тэр дор нь Хаан банк руу залгаж миний мөнгө данснаасаа алдагдсан байна картаа хаалгах талаар мэдэгдэж хаалгуулсан. Маргааш буюу 2019 оны 06 дугаар сарын 19-ний 10 цагийн орчимд Хаан банк дээр очиж мэдэгдээд хаалгуулсан картаа нээлгүүлсэн. Тэгээд үлдэгдэл 650.000 төгрөг өөрөө авсан. ...хэн хаанаас авч байгааг бол харуулж үзүүлж болохгүй та цагдаагийн байгууллагад  хандаж харах боломжтой гэсэн. ...Алдсан мөнгөө буцаан авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх 12-16/,

            Гэрч Г.Гантогоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Байнгын маргаанаас болоод манай охин хөөгдөж гардаг байсан учраас хөөгдвөл хүүхдээ дагуулаад яаж амьдрахаа мэдэхгүй байсан учраас л байсан мөнгийг нь авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/,

             Шүүгдэгч Б.Баярцэцэг мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гантулга хэтэвчээ үлдээсэн байхаар нь дотроос нь Хаан банкны картыг нь өөрт нь хэлэлгүйгээр аваад Улсын их дэлгүүр ороод АТМ-ээс 4.000.000 төгрөг бэлнээр гарган авсан. Тэгээд мөнгөө өртэй байсан хүндээ өгөөд үлдсэн мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-29/,

             Хохирогч М.Гантулгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 31/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 32/, Б.Баярцэцэгт холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 34-35/,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх 37/, хохирогч М.Гантулгын гаргасан хохирол гомдолгүй гэх хүсэлт /хх 43/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Баярцэцэг нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар байрны 37 тоотод оршин суух өөрийн нөхөр М.Гантулгын эзэмшлийн Хаан банкны картыг нууцаар авч, уг картнаас 4.000.000 төгрөгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, хохирогч М.Гантулгын “...Улсын их дэлгүүр дотор ороод эхнэрийн захисан юмыг аваад байж байтал миний утсанд мэдээлэл ирсэн бөгөөд 4.000.000 төгрөгийн зарлага гарлаа гэж мессеж ирсэн. Тэр дор нь Хаан банк руу залгаж миний мөнгө данснаасаа алдагдсан байна картаа хаалгах талаар мэдэгдэж хаалгуулсан...” гэх мэдүүлэг /хх 12-16/, гэрч Г.Гантогоогийн “...Байнгын маргаанаас болоод манай охин хөөгдөж гардаг байсан учраас хөөгдвөл хүүхдээ дагуулаад яаж амьдрахаа мэдэхгүй байсан учраас л байсан мөнгийг нь авсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 23-24/, шүүгдэгч Б.Баярцэцэгийн “...Гантулга хэтэвчээ үлдээсэн байхаар нь дотроос нь Хаан банкны картыг нь өөрт нь хэлэлгүйгээр аваад Улсын их дэлгүүр ороод АТМ-ээс 4.000.000 төгрөг бэлнээр гарган авсан. Тэгээд мөнгөө өртэй байсан хүндээ өгөөд үлдсэн мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хх-29/, хохирогч М.Гантулгын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Баярцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Баярцэцэг болон түүний өмгөөлөгч нар шүүхийн хэлэлцүүлэгт “...гэр бүлийн харилцаатай, албан ёсны баталгаатай улсууд учраас гэмт хэрэг гэж үзэх боломжгүй, цагаатгаж өгнө үү...” гэх боловч тухайн Хаан банкны 5003973708 дугаар Дипозит данс нь хохирогч М.Гантулгын өөрийнх нь хувийн эзэмшлийнх бөгөөд уг картыг ашиглах зөвшөөрлийг өөрийн эхнэр Б.Баярцэцэгт олгоогүй, өөрөөр хэлбэл тус банкны картыг ашиглуулахаар өгөөгүй, нууц кодыг нь хэлээгүй байна. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Баярцэцэг нь хохирогчтой хууль ёсны гэр бүлийн баталгаатай эхнэр, нөхөр боловч өөрийн нөхөр М.Гантулгын эзэмшлийн банкны картыг зөвшөөрөлгүй, нууцаар авч, ашиглаж болно гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн дээрх үйлдэл нь бусдын өмчийг нууцаар, хууль бусаар авч, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар завшиж орлого олох гэсэн шунахай сэдэлттэй хулгайлах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн хангасан гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол арилсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч М.Гантулга нь “...4 сая төгрөгийн асуудалд ямарваа гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Б.Баярцэцэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Баярцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Батмөнхийн Баярцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Баярцэцэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Баярцэцэг нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баярцэцэгт урьд авсан  хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН