Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2026/00019

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2026/00019

 

К******* ******* ХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 316/ШШ2025/00946 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч К******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М******* ХХК, Д.Б******* нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 126,156,464 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах

Хэргийг хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Хариуцагч М******* ХХК болон иргэн Д.Б******* нар нь тус *******тай 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 3035-2020/32 тоот Зээлийн гэрээ байгуулан 150,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлж авсан. Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32-1 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-гээр доорх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд:

1.Иргэн Д.О /РД:-н өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн, сумын * дугаар багийн *-р байрны ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 28.95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу барьцааны эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно. Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32-2 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ээр доорх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд

1. Хариуцагч Д.Б*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн, сумын * дугаар багийн **-р байрны ** тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай 20 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу барьцааны эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаанд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32-3 тоот Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ-ээр доорх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид барьцаалсан болно. Үүнд

1. Хариуцагч Д.Б*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн, сумын * дугаар багийн *-р хэсгийн *** тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 86 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,

2. Хариуцагч Д.Б*******ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дүгээрт бүртгэгдсэн, Сэлэнгэ аймгийн, сумын * дугаар багийн *-р хэсгийн ** тоот хаягт байршилтай, нэгж талбарын ********* дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1,329.6 м.кв талбайтай газар,

Нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу барьцааны эрхээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болно.

Нэхэмжлэгч нь 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч М******* ХХК-ийн дансанд 150,000,000.00 төгрөгийг шилжүүлснээр Зээлийн гэрээ-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бөгөөд хариуцагч нар нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 47,387,974.77 төгрөг, зээлийн хүүнд 56,794,494,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 704,732.98 төгрөг төлсөн. Зээлийн эргэн төлөлт болон зээлийн тооцооллын дэлгэрэнгүйг нэхэмжлэлд хавсаргасан Зээл, зээлийн хүүний тооцоололд тусгав.

Хариуцагч нарт дээрх Зээлийн гэрээ-гээр хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор биелүүлэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж байсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа болно.

Хариуцагч нар нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Зээлийн гэрээ-ний үндсэн зээлийн төлбөрт 102,612,025.00 төгрөг, зээлийн хүүнд 23,544,439.00 төгрөг буюу нийт 126,156,464.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг үүссэн байна.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлага

2.1. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот Зээлийн гэрээ-г хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах.

2.2. Хариуцагч нараас 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан 3035-2020/32 тоот Зээлийн гэрээ-ний мөнгөн төлбөрийн үүрэгт 126,156,464.00 төгрөг гаргуулах.

Жич: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч тус бүрээс 63,078,232.00 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

2.3. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө /*******, Y-1317000918, Y-1317002333, Г-1317001099/-үүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

Хариуцагч Д.Б******* миний бие К******* ******* ХХК-ийн гаргасан 2020 оны 07 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө шүүхээр цуцлуулах, зээлийн мөнгөн төлбөрийн үүрэгт 126,156,464 төгрөг гаргуулах, барьцаа үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар хүргүүлж байна.

Мөнх шүтээн ХХК болон Д.Б******* нь 2020 оны 07 сарын 08-ны өдөр К******* ******* ХХК-тай зээлийн гэрээ байгуулан, 150,000,000 төгрөгийг авсан. Зээлийг гутлын үйлдвэрийг өргөжүүлэх, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх зорилгоор авсан. Зээлийн санхүүжилт бол К******* *******ны хөрөнгө ч биш, Монгол Улсын Засгийн газрын сан болох Зээлийн батлан даалтын сангаас гарсан зээл. Уг зээл нь мөнгө хүүлэх, ашгийн төлөөх зээл биш, үндэсний үйлдвэрийг дэмжих, иргэдийг ажлын байраар хангах зорилготой урт хугацааны зээл юм. Зээлийг зориулалтын дагуу ашиглаж, үйлдвэрээ өргөжүүлж, эдийн засгийн хүнд нөхцөлд үйлдвэрээ авч үлдэж гэж хичээсэн, одоо ч төлөвлөгөөний дагуу өргөжиж, үйлдвэр хэвийн эдийн засгийн эргэлтэд орж байгаа цаг үед ирсэн байна. Зээлийн гэрээний хугацаа дуусах болоогүй, эхний 5 дахь жилдээ явж байна. Урт хугацааны зээл авсан зорилго нь үндэсний хэмжээний том гутлын үйлдвэртэй болох юм. Энэ зорилго, компанийн хэтийн төлөвлөгөө, тогтвортой үйл ажиллагааг түшиглэж олгосон зээл юм. Одоо зээлийн авсан зорилго биелэж, үйлдвэр хэвийн ажиллагаатай болж ирэхэд эдийн засгийн дарамт үүсгэж зээлийн төлбөр нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Заавал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, зээлийг төлүүлнэ гэж байгаа нь шударга бус байна. 150,000,000 төгрөгийн зээл авч 104,887,175,25 төгрөг төлсөн ч дахиад 126,456,464 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийг ашиг олох зорилготой, барьцаа хөрөнгийг авах санаатай байгуулаагүй. Энэ зээл нь ашгийн төлөө байгуулсан зээлийн гэрээ биш. Зээлийн батлан даалтын сангаас манай үйлдвэрт хөрөнгө оруулах зорилгоор зээл өгөхөөр болж өөрсдөө *******аа сонгоод ир гэхэд нь манай компанийн зүгээс К******* ******* ХХК-тай харилцсан, ийм л маршрутаар олгогдсон зээл. К******* *******наас, зээлийн батлан даалтын сангаас ирж байнгын үйл ажиллагааг шалгаж байсан зээлийн зориулалтын дагуу ашиглаж байгаа гэдгээ нүүр бардам хэлж, шалгуулж байсан. Нэхэмжлэгч тал ч энэ талаар маш сайн мэдэж байгаа.

Зээл авсны дараа дэлхий даяар Ковид-19 цар тахлын хүчин зүйлийн нөлөөгөөр жижиг дунд үйлдвэрүүдийн үйл ажиллагаа доголдолд орж, үйлдвэрийн эдийн засгийн бүрэн уналтад орсон гэж хэлж болно. Халдварт өвчин тархсан хүнд цаг үед манай компани арай гэж дампуурчихгүй тогтож, одоо л үйл ажиллагаа хэвийн болж, санхүүгийн хүндрэлээс гарах хэмжээнд ирж байна.

Бид эдийн засгийн хүнд цаг үед жижиг дунд үйлдвэрийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах гэж хичээсэн төдийгүй өөрсдийн боломжийн хирээр зээлийн төлбөрөө төлж ирсэн. Цаашид ч төлөх бүрэн чадвартай гэдэг нь үйл ажиллагаагаар тодорхой харагдана.

Ковид-19 цах тахлын гаралт ихсэж, өвчин хурдацтай тархсанаар худалдан авагчийн чадвар муудаж, хүнд цаг үетэй нүүр тулсан нь хүний хүчин зүйлээс үл шалтгаалсан, давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Гэтэл уг давагдашгүй хүчин зүйлийг дан ганц зээлдэгч надад үүрүүлж, ******* өөрсдөө ямар ч эрсдэл хүлээгүйгээр, зээлийн үндсэн төлбөр, хүү гэж 126,156,464 төгрөг зээлдэгчээс нэхэж байгааг шударга бус гэж үзэж байна.

Зээлийн гэрээтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас зээлийг царцаах утга агуулга бүхий тогтоолууд гарсан, уг тогтоолын хэрэгжилтийг К******* ******* ХХК нь хангахгүй, иргэд, компани талдаа эрсдэлийг үүрүүлж, бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын дүн 126,156,464 төгрөг ямар зээлийн тооцооллоор гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч талаас зээлийн төлбөрт төлсөн 104,887,175,25 төгрөгийг гэрээний ямар заалтыг үндэслэн үндсэн төлбөрт 47,387,974.7 төгрөг, зээлийн хүүнд 56,794,494.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 704,732.98 төгрөг суутгаж авсан эсэх нь тодорхойгүй, энэ байдал нь хариуцагч талд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 316/ШШ2025/00946 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 3035-2020/32 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 102,612,025 төгрөг, зээлийн хүү 23,5444,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг хариуцагч М******* ХХК /РД:2886472/-иас 63,078,232 төгрөг, хариуцагч Д******* Б******* /РД:*******/-өөс 63,078,232 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч К******* ******* ХК-нд олгон,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрт заасан мөнгөн төлбөрийн үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаартай орон сууц, ******* дугаартай орон сууц, ******* дугаартай хувийн орон сууц, улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929,130 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас тус бүр 464,565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, ...давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

...Зээлийн зориулалт, эрх зүйн онцлогийг үл харгалзан шийдвэрлэсэн. Маргаан бүхий зээл нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөгжүүлэх зорилготой зээл бөгөөд ашиг хонжоо олох, мөнгө хүүлэх шинжтэй арилжааны зээл биш юм. Гэтэл анхан шатны шүүх уг зээлийн нийгэм, эдийн засгийн зорилго, онцгой нөхцөлд олгогдсон шинж чанарыг харгалзалгүй, энгийн арилжааны зээлтэй адилтган дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй байна. Цар тахлын онцгой нөхцөл байдлыг бодитой үнэлээгүй. Зээлийн хугацаанд дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахал үүсэж, үүнтэй холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, орлого огцом буурсан нь нийтэд илэрхий бодит нөхцөл байдал байсан. М******* ХХК нь уг хүндрэлтэй нөхцөлд дампууралд хүрэлгүй, үйл ажиллагаагаа хадгалж үлдэхийн төлөө бодитой хүчин чармайлт гарган, боломжит хэмжээнд төлбөр хийж ирсэн бөгөөд 2024 онд графикт төлөлтийг хэвийн болгосон байсан. Гэтэл шүүх энэхүү давагдашгүй хүчин зүйлтэй дүйцэхүйц онцгой нөхцөл байдлыг анхааралдаа аваагүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Зээлийг мөнгө хүүлэх шинжтэйгээр тайлбарласан нь үндэслэлгүй. Зээлдэгчийг богино хугацаанд өндөр хүү, алдангиар дарамтлах, барьцаа хөрөнгийг шууд албадан гаргуулах байдлаар шийдвэрлэсэн нь уг зээлийн ЖДҮ-ийг дэмжих бодлого, зорилготой харш, мөн Иргэний хуулийн шударга, тэнцвэрт байдлын зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Зээлийн хуу, алдангийг хуульд нийцүүлэн нягтлаагүй.

Зээлийн гэрээ цуцлагдсанаас хойш тооцсон хүү, алданги нь бодит нөхцөл байдал, зээлийн зориулалт, цар тахлын нөлөөлөлтэй уялдуулан хуульд нийцсэн эсэхийг шүүх шалгаагүй бөгөөд нийт төлбөрийг үндэслэлгүйгээр хэт өндөр тогтоосон гэж үзэж байна. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 316/ШШ2025/00946 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл шийдвэрийг өөрчилж, зээлийн өр, хүү, алдангийг зээлийн зориулалт, онцгой нөхцөл байдалд нийцүүлэн дахин тооцуулахыг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Хариуцагчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй. Хариуцагч нь өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдсэн. Мөн хариуцагчийн гомдлоос харахад анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэсэн байдаг. Тэмдэгтийн хураамжид 929,133 төгрөг төлсөн байдаг. Гэтэл давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч 277,572 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх заалтад заасныг зөрчсөн буюу тэмдэгтийн хураамжийг бүрэн төлөөгүй байна гэж үзэж байна. Тийм учраас давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй К******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч К******* ******* ХК нь хариуцагч М******* ХХК болон түүний захирал Д.Б******* өд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102,612,025 төгрөг, зээлийн хүү 23,544,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бүртгэлийн *******, *******, *******, дугаарт бүртгэлтэй хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б******* ...Зээлийн гэрээтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас зээлийг царцаах утга агуулга бүхий тогтоолууд гарсан, уг тогтоолын хэрэгжилтийг К******* ******* ХХК нь хангахгүй, иргэд, компани талдаа эрсдэлийг үүрүүлж, бүх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын дүн 126,156,464 төгрөг ямар зээлийн тооцооллоор гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч талаас зээлийн төлбөрт төлсөн 104,887,175,25 төгрөгийг гэрээний ямар заалтыг үндэслэн үндсэн төлбөрт 47,387,974.7 төгрөг, зээлийн хүүнд 56,794,494.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 704,732.98 төгрөг суутгаж авсан эсэх нь тодорхойгүй, энэ байдал нь хариуцагч талд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ... гэж маргасан байна.

К******* ******* ХК, хариуцагч М******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

4.Зээлдүүлэгч К******* ******* ХК нь зээлийн гэрээний дагуу 150,000,000 төгрөгийг зээлдэгч М******* ХХК-д олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.

Зээлдэгч нь 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 120 сарын хугацаатай байгуулсан байх ба 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үүргээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө 3 жил гаруй хугацаагаар хэтрүүлж, үүргийн зөрчил гаргасан байна.

Иймд нэхэмжлэгч К******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч М******* ХХК нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл 102,612,025 төгрөг, зээлийн хүү 23,544,439 төгрөг, нийт 126,156,464 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

5.Давж заалдах гомдлын талаар:

Зохигчид зээлийн гэрээний үндсэн зээл болон сард төлөх зээлийн хүүгийн хэмжээний талаар маргаагүй харин өөрөөс үл шалтгаалах байдлын буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр гэрээний үүрэг зөрчсөн хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргасан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж тус тус зохицуулсан.

Зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2017/155 тоот зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. .

Зээлдүүлэгч нь гэрээний үүргээ 03 жил гаруй хугацаанд хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой үр дүн хүрээгүй байх ба анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үүргээ хэтрүүлсэн хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох үндсэн зээл зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн гэж үзлээ.

Хариуцагч нь өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээлээ төлж дуусгахгүй хугацаа хэтрүүлсэн, цар тахал гарсантай холбогдуулан Засгийн газар, Монгол *******ны ерөнхийлөгчийн тушаалаар зээлийн гэрээний хүүг чөлөөлөх талаар зохицуулалт байхад ******* үндэслэлгүйгээр хүү нэхэмжилсэн гэж маргаж байгаа боловч Монгол *******ны ерөнхийлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А-122, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А-320, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А-423 тоот тушаалуудаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас 2020 оны 02 дугаар сараас эхлэн эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хувьд үлдэгдэл хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр, нэг удаа сунгахыг *******нуудад зөвшөөрсөн.

Тус тушаалаар зээлийн гэрээний хугацааг сунгах, зээлийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар заасан байх ба харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах, чөлөөлөх талаар зохицуулаагүй байна гэж үзлээ.

Мөн хариуцагчийн зүгээс ...Нэхэмжлэгч талын үндсэн зээл хүүг хэрхэн тооцсон талаарх тооцоолол тодорхойгүй гэх гэх гомдлууд нь хуулийн үндэслэлгүй байна.

Учир нь: Хавтаст хэрэг авагдсан зээлийн гэрээнүүд, түүний эргэн төлөлт хийх хуваарь, зээлийн эргэн төлөлтийн тооцоолол зэрэг баримтуудаар төлөгдсөн үндсэн зээл хүүнд хэдэн төгрөг төлөгдсөн эсэх, одоо байгаа үндсэн зээл хүүнд хэдэн төгрөг төлөгдөх нь тодорхойлогдсон байх тул түүний гомдлын үндэслэл нотлогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

6.Хариуцагч Д.Б******* нь 2026 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн өвчтэй ажлаас чөлөөлөгдсөн гэх магадлагааг ирүүлсэн боловч уг магадлагаа хэзээ дуусах талаар магадлагаанд тэмдэглэгдээгүй, 1 сар боолт, зөвлөгөө гэж магадлагаанд тэмдэглэсэн боловч өвчний онош нь ойлгомжгүй байсны улмаас уг магадлагааны талаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгээс тодруулсан.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн зүгээс :Д.Б******* нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт ороогүй, түүнд олгогдсон эмнэлгийн магадлагаа нь тус эмнэлгийн цахим бүртгэлд бүртгэгдээгүй гэж хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр нотлогдож байна.

Иймд хариуцагч Д.Б******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх хуралдааныг түүнийг эзгүйд явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 316/ШШ2025/00946 дугаартай шийдвэрийн хэвээр үлдээж, хариуцагч, түүний төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 275,672 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД Я.ТУУЛ

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

 

Bottom of Form