| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/1010/Э |
| Дугаар | 1029 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1029
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Р.Очирсүрэн (томилолтоор), шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт Ц-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03094 1182 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Ц-гийн Э, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Булган аймаг Сэлэнгэ суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эх, хоёр хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багт оршин суудаг, регистрийн дугаар **********, урьд:
-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 04 дугаар сарын 07-ны өдрийн 408 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зуйлийн 146.2, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүургийн Эрүүгийн хэргийн анхан шатны шуухийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эруүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасныг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгг зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Яллагдагч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лотус” нэртэй пабад Т.М руу пивоны шил шидэж биед хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч С овогт Ц-гийн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лотус” нэртэй пабад Т.М руу пивоны шил шидэж биед бие махбодид нь “4 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1.Шүүгдэгч Ц.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Орхон аймагт амьдардаг байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн орой 17-18 цагийн үед Улаанбаатар хотод ирээд М руу яриад хаана байгаа талаар нь асуусан. Тухайн үед М-ын цалин нь буусан байсан юм. Тэгээд бид хоёр утсаар яриж байгаад уулзаж пабад орохоосоо өмнө буудалд манай найзуудтай хамт 5 том пиво уусан. Дараа нь Хархорин захын ард талд байрлах пабад сууж байхдаа М руу пивоны шил авч шидсэн. Тэгсэн М надад гомдож, ийм найз байдаггүй шүү гэж хэлээд уйлаад гараад явсан. Тэрнээс хойш М-тай дахиж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг,
2. Хохирогч Т.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э бид хоёр ширээний ар талд сууж байхад Э над руу тоглоом шоглоомоор пивоны хоосон шил гартаа бариад чам руу шидчих үү гэж хэлж байсан. Би хариуд нь шид гэж хэлээд инээгээд сууж байхад Энхжаргал хоосон пивоны шил над руу шидэхэд миний баруун дээд шүднүүд газар унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 7-8 дугаар хуудас);
3. Гэрч О.Ц-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Э гартаа барьсан пивоны шилээ М руу шидэхэд шүдийг нь оносон. М ёо ёо гээд гараараа амаа дараад гарын алган дээр цагаан шүд тавиад ширээн дээр тавьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 дүгээр хуудас);
4. Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М шид шид гээд инээгээд сууж байхад Э гартаа барьсан пивоны шилээ М руу шидэхэд М амаа гараараа дараад босож ирээд ширээн дээр цагаан өнгийн шүд тавьсан. М гарч ирээд Э руу уурлаад чи найзынхаа шүдийг цохиж хугаллаа гэж уурлаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);
5. Гэрч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... Хамт пиво уугаад сууж байсан Э гэж эмэгтэй пивоны шил над руу шидээд шүд хугалсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас);
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7035 дугаартай шинжээчийн: “...Т.М-ын биед 4 шүдний хугарал, 2 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 23 дугаар хуудас)
7. Шүүгдэгч Ц.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 47 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 50-62 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Ц.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”...М миний өмнөөс ганц хоёр үг хэлсэн. Би тэгээд уурлаад дууссан гартаа барьж байсан хоосон пивоны шилийг М руу шидчихсэн юм. Би түүн руу шил шидчихээд тонгойгоод буцаад харахад тэр амаа гараараа дараад түү гээд шүлсээ алган дээрээ хаяахад 1 ширхэг цагаан юм харагдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Т.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Т.М-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ц.Э-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүгдэгч Ц.Э-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дурдан хохирогч нь эрүүл мэндийн хохирлын улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгөөгүй ч гэсэн шүд нь унасан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйчлүүлэгч нь гэм хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрдөг тул гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй. Улсын яллагч нь 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж байна. Шүүгдэгч нь Орхон аймгийн зах дээр хувиараа мах шулдаг талаараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ярьж байна. Гэхдээ ажил эрхэлдэг талаар баримт байхгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар заасан байдаг. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна......” гэв.
Шүүх өмгөөлөгчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь бусдад учруулсан эрүүл мэндийн хохирлоос үүдэлтэй хор уршгийг арилгах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэмт этгээдэд эдийн засгийн хариуцлага тооцох нь тохиромжгүй гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх болон нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.С овогт Ц-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Шүүгдэгч Ц.Э-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Хохирогч Т.М нь эрүүл мэндийн хохирлын улмаас гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА