Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2026/00020

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 208/МА2026/00020

 

Б******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/ШШ2026/00021дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Б******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.О*******-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 18,910,000 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Үржинханд, хариуцагч Г.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:

Нэхэмжлэгч Д.Б******* нь 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчим өөрийн эзэмшлийн 0**** ******* улсын дугаартай T******* ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгаас Дархан-Уул аймаг руу явж байхад Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хариуцагч Г.О******* нь T******* ******* ** маркийн **** ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад хажуу талаас ирж мөргөж зам тээврийн осол гаргасан. Дээрх ослын улмаас компьютер томографт харуулахад эхнэр Энхжаргалын сав доргисон, толгой нь хөдөлчихсөн байна гэсэн тул уламжлалт эмчилгээ хийлгэсэн. 2 хүүхэд зүгээр байсан ба Энхжаргалын дух нь хавдчихсан байсан. Уг ослыг дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 46-71/158 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсан ба дүгнэлтүүдээр хариуцагч Г.О******* ыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэж тогтоосон.

Ашид билгүүн ХХК-ийн 2025 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 415 дугаартай Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар миний тээврийн хэрэгсэлд 14,880,000 төгрөг хохирол учирсан гэж тогтоосон.

Уг зам тээврийн ослын улмаас осол гарсны дараа Ослын газраас Хөтөл рүу. Хөтөлөөс Дархан руу, Дарханаас Хөтөл рүү машинаа ачсан ба нийт 3 удаагийн машины ачилтад тус бүр 300,000 төгрөг төлсөн. Мөн Хөтөлөөс Улаанбаатар хот руу машинаа ачсан бөгөөд машины ачилтад 1,100,000 төгрөг төлсөн. Нийт машины ачилтад 2,000,000 төгрөгийг өөрийн зүгээс төлсөн.

Автомашины үнэлгээ гаргуулах үнэлгээчний зардалд 1,120,000 төгрөг, явах эд ангийн оношилгоонд 100,000 төгрөг, шатахууны зардалд 300,000 төгрөг, Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу автобусаар явсан зардал 90,000 төгрөг, уламжлалт эмчилгээний зардалд 420,000 төгрөг нийт 4,030,000 төгрөгийг тус тус төлсөн.

Хариуцагч Г.О******* оос 2025 оны 04 дүгээр сард хохирол төлбөрөө гаргуулах талаар холбогдоход хохирлоо өөрсдөө хариуцъя, миний бие өвдчихсөн байгаа, хоёулаа цагдаагаараа явъя гэж хэлсэн. Хариуцагч Г.О******* нь хохирол төлбөрт нэг ч төгрөг төлж барагдуулаагүй, Г.О******* ын буруутай үйлдлийн улмаас эд хөрөнгө, цаг хугацаа, эрүүл мэндээрээ хохирч байхад 1 удаа ч холбогдож уучлалт гуйгаагүй, хохирол төлбөрөө ч төлөөгүй маш их хохироож байна.

Иймд хариуцагч Г.О******* оос тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 14,880,000 төгрөг, ослын улмаас гарсан зардлууд 4,030,000 төгрөг нийт 18,910,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д. Б******* д олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

...Хариуцагч миний бие хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдалттайгаар группт байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэн. Миний бие улсаас сар бүр олгогдог группийн 520,000 төгрөгөөс өөр орлого олдоггүй, өвчнөөсөө шалтгаалан олж буй бүхий л орлогоо өөрийн эмчилгээ, эм тарианд зарцуулдаг.

Дээрх зам тээврийн осол нь хохирогч замын голоор тусгаарласан цагаан шугамыг дааснаас буюу эсрэг урсгал руу нэвтэрч урсгал сөрснөөс үүдэн гарсан юм. Гэвч зам тээврийн ослын дараа миний жолоодож явсан машины дугуй хагарч эсрэг урсгалд мөр гарсан байсныг намайг урсгал сөрсөн гэж үзэн 3 шинжээчийн дүгнэлтээр намайг ослын буруутан гэж дүгнэн шийтгэвэр оногдуулсан. Өөрөөр хэлбэл тухайн осол гарахад нэхэмжлэгчийн өөрийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн юм.

Миний бие нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 14,880,000 төгрөгийн хохирол учирсантай маргахгүй байх бөгөөд гагцхүү хэргийг шийдвэрлэж, хохирлыг гаргуулахдаа Иргэний хуулийн 514-р зүйлд заасны дагуу хариуцагч миний эд хөрөнгө, эрүүл мэнд зэрэг хувийн байдлыг болон нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл зэргийг харгалзан үзнэ үү.

Харин үнэлгээгээр тогтоосон хохирлоос бусад шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн ослоос үүдэн нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байхад уламжлалт эмчилгээний зардалд зарцуулсан гэж 420,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Мөн машинаа ачуулж, хот хооронд автобусаар зорчсон гэсэн атлаа бензиний мөнгө нэхэмжилсэн нь ч үндэслэлгүй байна. Энэ мэтчилэн нэхэмжлэгчийн зүгээс ослын улмаас өөрт учраагүй зардлуудыг ямар ч баримтгүйгээр нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 14,880,000 төгрөгийн хохирлыг гаргуулахдаа хариуцагч миний биеийн байдал, сарын орлого, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан багасгаж, бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 150/ШШ2026/00021 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Г.О******* оос зөрчлийн хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 18,370,000 төгрөг гаргуулж Д.Б******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б******* ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр 249,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б******* д олгон, ...давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

.....Анхан шатны шүүхийн шийдвэрээр 18,370,000 төгрөг гаргуулж Д Б******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 540,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэсэн.

Дээрх зам тээврийн осол нь хохирогч замын голоор тусгаарласан цагаан шугамыг давснаас буюу эсрэг урсгал руу нэвтэрч урсгал сөрснөөс үүдэн гарсан юм. Гэвч зам тээврийн ослын дараа миний жолоодож явсан машины дугуй хагарч эсрэг урсгалд мөр гарсан байсныг намайг урсгал сөрсөн гэж үзэн 3 шинжээчийн дүгнэлтээр намайг ослын буруутан гэж дүгнэн шийтгэвэр оногдуулсан. Өөрөөр хэлбэл тухайн осол гарахад нэхэмжлэгчийн өөрийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн юм.

Тухайн ослын үед хариуцагч миний бие нурууны хүнд гэмтэл авсны улмаас Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн 2025.06.04-ний өдрийн шийдвэрээр хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан гэж тогтоогдсон хөгжлийн бэрхшээлтэй иргэн болсон. Энэ тухай баримт ч хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Миний бие улсаас сар бүр олгогдог группийн 520,000 төгрөгийн тэтгэмжээс өөр орлого олдоггүй, гэмтлээсээ шалтгаалан олж буй бүхий л орлогоо өөрийн эмчилгээ, эм тарианд зарцуулдаг.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-т Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан байдаг. Миний бие нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 14,880,000 төгрөгийн хохирол учирсантай маргахгүй байх бөгөөд гагцхүү хэргийг шийдвэрлэж, хохирлыг гаргуулахдаа хариуцагч миний эд хөрөнгө, эрүүл мэнд зэрэг хувийн байдлыг болон нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл зэргийг харгалзан үзэж хохирлын хэмжээг багасгах үндэслэлтэй байсан гэж үзэж байна.

Харин үнэлгээгээр тогтоосон хохирлоос бусад шаардлагыг шүүхээс хангаж шийдвэрлэснийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс машинаа ачуулж, хот хооронд автобусаар зорчсон гэсэн атлаа бензиний мөнгө нэхэмжилсэн, сайн дураараа явах эд ангиа оношлуулсан зэргийг ослоос үүдсэн гэм хор гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ мэтчилэн шүүхээс хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн зүгээс ослын улмаас өөрт учраагүй зардлуудыг ямар ч баримтгүйгээр нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд гомдлыг хүлээн авч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/ШШ2026/00021 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж 14,880,000 төгрөгийн хохирлыг гаргуулахдаа хариуцагч миний биеийн байдал, сарын орлого, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан 50 хувь багасгаж шийдвэрлэж өгнө үү. Нурууны хугарлаас болоод хөл мэдээгүй болсон. Түүнээс хойш нэг талын хөлөө 3 хугарчихсан. Нэг хөл төмөртэй. Хөдөлмөрийн чадвар 100 хувь алдчихсан. Нурууны суултаас болоод бөгсөн бие мэдээгүй болсон гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1, 514.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл байгаагүй. Энэ нь хэрэгт авагдсан зам тээврийн ослын акт, шинжээчийн дүгнэлт, магадалгаа зэргээр тогтоогдоно. Нэхэмжлэгч Д.Б******* г бусад холбогдох дүрэм журмыг зөрчөөгүй байна гэсэн магадалгаа актууд гарсан. Иймд хариуцагчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Д.Б******* гийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талууд мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

3.Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Д.Б******* нь Г.О******* т холбогдуулан эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол хор уршиг 18,910,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Хариуцагч Г.О******* ын ...нэхэмжлэгчийн зүгээс машинаа ачуулж, хот хооронд автобусаар зорчсон гэсэн атлаа бензиний мөнгө нэхэмжилсэн, сайн дураараа явах эд ангиа оношлуулсан зэргийг ослоос үүдэн гарсан хохирол гэж үзэх үндэслэлгүй байна. ...ослын улмаас өөрт учраагүй зардлуудыг ямар ч баримтгүйгээр нэхэмжилснийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 14,880,000 төгрөгийн хохирлыг гаргуулахдаа хариуцагч миний биеийн байдал, сарын орлого, эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан 50 хувь багасгаж шийдвэрлэж өгнө үү. Нурууны хугарлаас болоод хөл мэдээгүй болсон. Түүнээс хойш нэг талын хөлөө 3 хугарчихсан. Нэг хөл төмөртэй. Хөдөлмөрийн чадвар 100 хувь алдчихсан. Нурууны суултаас болоод бөгсөн бие мэдээгүй болсон гэх гомдлын зарим хэсгийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Нэхэмжлэгч Д.Б******* өөрийн эзэмшлийн Т******* маркийн машиныг жолоодон Сэлэнгэ аймгийн Сайхан суманд замын хөдөлгөөнд оролцож явах үед нь хариуцагч Г.О******* **** ******* дугаар бүхий Т******* маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин мөргөж хохирол учруулсан болох нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл хүлээж, шийтгэлийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон, уг шийтгэлийн хуудсанд хариуцагч гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон, хариуцагч Г.О******* тухайн үед гэм буруугийн талаар маргаагүй байжээ.

5.Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад зохигчдын хооронд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан Гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд,нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй дээрх зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хийгдсэн Ашид билгүүн ХХК-ийн уг осолд өртсөн машинд үзлэг хийж тогтоосон үнэлгээний тайлангаар 14,880,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийн үнийн дүнг хариуцагч маргаагүй, шинжээчийн дүгнэлтэнд гомдол гаргаагүй байна.

7.Нэхэмжлэгч талаас шаардлагатайгаа холбоотой ирүүлсэн баримтуудыг /хх-ийн 40-45 дугаар талд/ дүгнэн үзвэл бензиний төлбөрт 180,000 төгрөг, автобусаар зорчсон 90,000 төгрөг, авто машинд үнэлгээ хийсэн төлбөр 1,120,000 төгрөг, машины ачилтын төлбөр 900,000 төгрөг нийт 2,290,000 төгрөгийг эд хөрөнгөд учруулсан хохирлыг арилгахад гарах зайлшгүй зардалд тооцох үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтаар нотлогдсон 2,290,000 төгрөгийн хохирол дээр автомашинд учирсан хохирол болох 14,880,000 төгрөгийн хохирлыг нэмж нийт 17,170,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

8.Харин машинд бензин хийсэн гэх боловч шатахуун худалдан авсан баримтуудыг ирүүлээгүй, машинд эвдрэл гэмтэлд Ашид билгүүн ХХК-иас үзлэг хийж дүгнэлт гаргасан байхад нэхэмжлэгчээс өөрийн санаачилгаар явах эд ангид дахин оношилгоо хийлгэсэн нь хариуцагчийн гэм буруутай шууд холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч Г.О******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч өөрийн эрүүл мэнд доройтсон, хөдөлмөрийн чадвараа алдсны улмаас эм тариагаа авч чадахгүйд хүрээд байгаа байдлыг харгалзан төлбөрийн хэмжээг багасгаж өгөхийг хүссэн гомдлыг гаргасан бөгөөд хариуцагч нь тухайн ослын улмаас хүнд гэмтэл авснаар хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, өнөөдрийн байдлаар биеийн байдал нь сайжраагүй биеийн доод мөчид нь мэдээ муутайгаас тэргэнцэр ашигладаг нь хариуцагчаас ирүүлсэн баримтууд болон эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон эмнэлгийн баримт зэргээр тогтоогдож байна.

9.Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.2-д Санаатай гэмт хэргийн улмаас учруулснаас бусад гэм хорыг нөхөн төлөх хэмжээг тогтоохдоо гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан шүүх багасгаж болно гэж заасан бөгөөд хариуцагч нь замын хөдөлгөөний зохих журмыг баримтлаагүйгээс осол гаргаж болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, тухайн ослын улмаас өөрийн биед хүнд гэмтэл учирсны улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж, эмчийн хяналтад байдаг зэрэг байдлыг нь харгалзан хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохиролд төлөх 17,170,000 төгрөгийн шаардлагаас 20 хувийг буюу 3,434,000 төгрөгийн хохирлыг хасч 13,736,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/ШШ2026/00021 дугаартай шийдвэрийн 1,2 дахь заалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 150/ШШ2026/00021 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.2-д зааснаар Г.О******* оос 13,736,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б******* д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,174,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б******* гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 226,630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Б******* д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 232,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН

 

ШҮҮГЧИД М.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.ЭРДЭНЭХИШИГ

 

 

 

Bottom of Form