Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1030

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч, хохирогч Ч.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар (ҮД:0342), шүүгдэгч, хохирогч Г.С, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг (ҮД:2724) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Б овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04062 0823 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Х овогт Ч-ийн Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Шилмэл дизайн” ХХК-д механикч ажилтай, ам бүл дөрөв, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

            2. Б овогт Г-ын С, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Ган очлуур” ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл дөрөв, эцэг, эх, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн салааны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, урьд:

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 467 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 39 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 05 сар 03 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

            Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.А-г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.С-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Г.С нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус бүр холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Х овогт Ч-ийн Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Х.А-г ямар ч шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний бие махбодод “баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.С-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний бие махбодод нь “дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, амны зүүн дээд хэсэгт зулгарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Б овогт Г-ын С нь 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дэлгэрэх” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ч.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний бие махбодод “баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсанүйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Ч.Б-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял оноож өгөөч гэж хүсэж байна. Манай ахын надад өгсөн цамц байдаг. С цамцаа өгчих гэхээр нь би цамцаа өгсөн. Дараа нь өгчхөөрэй гэж хэлээд 2 жил болсон. С-тэй караоке дотор таараад “цамцаа авъя” гэж хэлтэл “цамц чинь одоо байхгүй” гэж хэлсэн. Тэрнээс болж маргалдсан...” гэсэн мэдүүлэг;

2. Шүүгдэгч Г.С-гийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2 найзтайгаа караокед сууж байсан. Тэр газарт өөр үйлчлүүлж байсан хүн байгаагүй. Б гэх залуу гаднаас 3-4 найзтайгаа орж ирээд цамцаа нэхээд бид хоёр хоорондоо маргалдсан...” гэсэн мэдүүлэг;

3. Ч.Б-ын хохирогчийн хувиар шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дэлгэр караоке  дотор цамцнаас болж С-тэй маргалдсан. Өөр шалтгаан байхгүй. С миний шанаа руу цохисон. Нэг байтугай цохисон. С өөрөө үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг доошоо тонгойсон байхад олон удаа өшиглөсөн. Надтай цуг явж байсан ах хүчрэхгүй байсан. Надад нэхэмжлэх зүйл байгаа хэдий ч би нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг;

4. Г.С-гийн хохирогчийн хувиар шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Б караокед орж ирээд цамцаа нэхсэн. Би тухайн үед танихгүй байсан. Б1 давхраас дээшээ шатаар гараад дөнгөж хаалгаар гарах гэтэл Б намайг цохиж унагаасан. Би ухаан алдаж унасан байсан. Манай хамт явж байсан найзыг Б-ын найзууд нь хөөгөөд урагшаа явчихсан байсан. Манай найз зугтаад явж байгаад нэг эгчийн утаснаас манай ээж рүү залгаж яриад ээжийг дуудсан байсан. Би ухаан алдаж босож ирээд “арай ч ингэж болохгүй, хүний олон хүнээ барьдаггүй шүү” гэх мэт үг хэлсэн. Би хамт явж байсан С гэх найздаа цагдаа дууд гэж хэлж караокены хүнээр цагдаа дуудуулсан байсан. Миний шүдний эмчилгээг хийлгэчихвэл гомдол саналгүй байна. Нэг шүд янзлуулахад 1,500,000-2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэг шүд нь тухайн үед буйлнаасаа хөдөлчихсөн байсан. Одоо бэхжээд эдгэсэн...” гэсэн мэдүүлэг;

            5. Хохирогч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 03 цагийн үед “Гарьд” караоке дотор сууж байсан чинь миний нөгөө талд хоёр гурван эмэгтэй сууж байсан. Намайг сууж байтал миний хажуу ширээн дээр сууж байсан залуу босож ирээд миний нөгөө талд сууж байсан нэг эмэгтэйг цохихоор нь би очоод нөгөө залууг түлхчхээд ширээн дээрээ ирээд сууж байсан чинь тэр залуу над руу ирээд гараараа нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр залуу намайг ямар шалтгаанаар зодсоныг мэдэхгүй ... “ гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас);

            6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10508 дугаартай шинжээчийн:  “...Х.А-гийн биед баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 21 дүгээр хуудас);

            7. Хохирогч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22 цагийн үед “Дэлгэрэх” караоке бааранд найзууд болох Э, Сг нарын хамт үйлчлүүлж байтал Тулгаа гэх залуу 3-4 хүнтэй орж ирээд над руу хандан ”миний цамц хаана байна” гэхээр нь би зөрүүлээд “чи нөгөө Т юу” гэж хэлсэн. Намайг гаръя, үзье гээд байсан чинь Т гэх залуу урд түрүүлж явж байснаа эргэж хараад миний уруул хэсэг рүү нэг удаа цохиод нь би газарт ухаан балартаад унаад босоод ирсэн. Нэг найз нь Б-ыг боль боль гээд блок хашаанд шахаад байсан. Бас чи хүн аллаа шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд би босож ирээд Б-тай хэрэлдэж байтал цагдаа ирээд Б бид хоёрыг аваад явсан. 2 жил гаруйн өмнө би Б-аас нэг цамц гуйж авч өмсөж байсан юм. Тэгээд өчигдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр цамцаа авъя гэж орж ирэхээр нь би тэр цамц чинь одоо яаж байх вэ дээ гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед Б намайг гадаа нэг л удаа цохисон. Б бид хоёроос өөр хүн хоорондоо маргалдаагүй ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-49 дүгээр хуудас);

            8. Гэрч Н.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нүүрсээ авчхаад гэр рүүгээ явж байтал Б гэх эмэгтэй танай хүүхэд хүнд зодуулчихсан байна гэж над руу утсаар ярихаар нь караокены үүдэнд яваад очтол 5-6 залуу байж байсан. Тэнд байсан хүмүүс сая цагдаа ирээд аваад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирж хүүхдээ зодуулсан байхыг харсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53-54 дүгээр хуудас);

            9. Гэрч О.Э-рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2018 оны 12 дугаар сарын 09-ний оройн 22 цагийн үед өөрийн найз С, Сг нарын хамт караокед сууж байтал гаднаас Т болон түүний найз нар болох 4 хүн орж ирээд Т, С-тэй нэг цамцны талаар маргалдаж байснаа С-гийн нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон чинь С газар уначихсан. Тэгээд би очиж Тулгааг болиулаад байж байтал С сэргэж боссон. Тдахиж С-тэй маргалдах гээд байсан. Тэгэхээр нь би дахиж болиулах гэсэн чинь 2 найз нь над руу дайрахаар нь би зугтаасан. С-г Т гэх залуу караокеноос гаргаад нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохисон ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас);

            10. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн найз С, Баяраа нарын хамт Дэлгэрэх караокед ороод сууж байтал танихгүй 3 залуу орж ирээд С-г дуудаад шатан дээр юм яриад зогсож байсан. Тэгээд муудалцах гээд эвгүй болоод ирэхээр нь би С-г очиж аваад караоке руу орсон. Тэгтэл удаа ч үгүй С буцаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гарсан чинь С-г нэг хар куртиктэй танихгүй залуу гараараа толгой хэсэгт нь 1 удаа цохитол С ухаан алдаад газар уначихсан. Тэгээд Б бид 2 нөгөө залуучуудын ардаас гүйхэд алга болчихсон ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61 дүгээр хуудас);

            11. Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би Лүн сумаас орж ирээд байж байтал Б над руу залгаад Баянхошууны тэнд караокед хүрээд ир гэхээр нь би яваад очтол Б караокены гадаа У, Э, Я нартай байсан. Бид уулзаад караокед орсон чинь Б, С-г цамц өгөөдөх гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу Б-ыг юун цамц гэж хэлээд заамдалцаж авсан. Караокены хүн та нар гадаа гарч маргалд гэсэн чинь Б тэр танихгүй залуу С нар гадаа гарах гээд шатаар доошоо явж байтал С Б-ын ардаас гараараа нэг удаа цохичихсон. Тэгтэл Б гадаа гараад нөгөө С-гийн нүүр хэсэг рүү гараар нэг удаа цохисон.. Тэгээд тэр 2 хоорондоо барьцалдаад авсан. Би очоод Б-ыг боль гээд тэвэрч аваад салгасан. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан... Б-ын баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлийг тэр танихгүй залуу болох С учруулсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 65 дугаар зүйл);

            12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 84 дугаартай шинжээчийн: “...Г.С-гийн биед дээд уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн дээд 1-р шүдний хугарал, буйланд цус хуралт, дух, хамар, зүүн нүдний доод зовхи, амны зүүн дээд хэсэгт зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн дээд 1-р шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт (хх-ийн 77 дугаар хуудас);

            13. Хохирогч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 9-ний оройн 21 цагийн үед өөрийн гарааш машинаа тавьчхаад Б, Э, У, Я нартай хамт “Дэлгэрэх” караокед орсон. Тэнд С байсан. Тэгэхээр нь би “С чи миний цамцыг өг л дөө” гэж хэлсэн чинь С “өө чи нөгөө Т мөн үү” гээд намайг заамдаж аваад боосон. Б бид хоёрыг боль гэж хэлээд гаргах гээд шатаар өгсөж байтал С миний толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би гадаа гараад С-гийн уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. С гараараа миний шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. С газар тулж босож ирээд миний баруун шанаа руу нэг удаа, зүүн шанаа руу нэг удаа гараар цохисон. Болд ах намайг салгаад тэвэрсэн чинь С ирээд намайг цохих гээд далайхаар нь би зүүн гараараа хаасан чинь С миний зүүн гарын долоовор хурууг хойшоогоо дараад надтай маргалдаж байтал цагдаагийн алаг машин ирээд бид хоёрыг аваад явсан. Манай нэг талийгаач ах надад өгч байсан цамцыг С 2 жилийн өмнө өмсөх юмгүй байна гээд өмссөн юмаа. Тэгээд буцааж өгөөгүй. Тухайн үед С бид хоёроос өөр хүн маргалдаагүй. Миний шанааны баруун хэсэг одоо болтол өвчинтэй байгаад би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 дүгээр хуудас);

            14. Гэрч У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гарсны шөнө Б над руу залгаад хүнтэй маргалдаад зодуулчихлаа. Тэгээд би эрүүлжүүлэх рүү явж байна гэж ярьсан. Би 2 дугаар төрөхөд хэвтэж байсан болохоор очиж чадахгүй байсан. Маргааш нь 13 цагийн үед надад хоол унд хийж эмнэлэг дээр ирэхэд нүүр нь баруун хэсгээрээ хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуусан чинь караокены үүдэнд хүнтэй маргалдаад тэр хүндээ цохиулаад хавдчихлаа гэж хэлж байсан ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 63 дугаар хуудас);

            15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 109 дугаартай шинжээчийн: “...Ч.Б-ын биед баруун шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт (хх-ийн 70 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно.

Шүүгдэгч Ч.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 145 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 142 дугаар хуудас), шүүгдэгч Г.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 109 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 100-106 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч О.Оюунчимэг гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.С-гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн хувьд Г.С-д холбогдсон хэргийг цагаатгах байр суурьтай оролцож байна. Прокурорууд хэргийг шалгахдаа анхаарах асуудал олон байна гэж өмгөөлөгчийн зүгээс хэлмээр байна. Энэ хэрэг бараг нэг жилийн нүүрийг үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хурдан шийдвэрлэчих боломжтой. Энэ хэрэг дээр олон удаа хугацаа алдсан. Үүний цаана хүн байгаа гэдгийг бодох хэрэгтэй байх. С-гийн үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. С-г Б-ыг цохисон гэх баримтыг хаанаас гаргаж ирээд байна вэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд Б-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь үнэн. Б-ын мэдүүлгийг эх сурвалж гээд аваад үзвэл “араас нь цохисон” гэж мэдүүлсэн. Араас цохиж байхад яагаад шанаа руу нь цохисон байж таарах вэ. Энэ нь тогтоогдохгүй байна. С-г эрүүлжүүлэхэд оруулахгүй явуулсан. Яагаад гэвэл эрүүлжүүлэхэд орох хэмжээний согтуу байгаагүй. Б-ыг эрүүлжүүлэхэд оруулаад нүцгэн биеийн үзлэг хийсэн байж таараа. Гэтэл тэр нотлох баримтууд хэрэгт байхгүй байна. Эрүүлжүүлэхэд очиход нь шанаа руу нь цохиод гэмтэл учирсан байсан бол гэм буруу дээр маргах зүйл байхгүй байсан. Маргах асуудал хэрэг шалгах явцаас үүсээд байна. Үүнийг прокурор ойлгоосой гэж үзэж байна. Холбогдогч нар хоорондоо маргалдаж байхад яагаад камер шүүж үзээгүй вэ. Гэрчүүдийн мэдүүлгийг прокурор нотлох баримтын хэмжээнд үнэлж байна. Эрүүлжүүлэхээс гарсны дараа ярьсан зүйл бол нотлох баримт болохгүй. Эрүүлжүүлэхэд байгаа согтуу хүмүүс бие биеэ цохичихсон бол яах юм. Б-ын мэдүүлэгт “араас нь цохисон” гэж байхад шанаа руу цохисон гэдэг асуудал яригдаж байна. Мөрдөгч Б-оос “энэ гэмт хэргийн хэн үйлдсэн гэж бодож байна вэ” гэж асуухад “С үйлдсэн” гэж хэлсэн. Яаж үйлдсэнийг асуугаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд Баттулгын араас нь цохисны улмаас учирсан гэмтлийн талаар дурдаагүй. Прокурор “Б-ын араас нь цохисон” гэх мэдүүлгийг үндэслэл болгоод байж. Үүнийг мөрдөгч, прокурор олж хараагүй.  Мэдүүлгийн эх сурвалжийг харах ёстой байсан. Тэнд байсан бүх гэрчүүдийн мэдүүлгийг аваагүй. Нотлох баримтаа дутуу бүрдүүлсэн байна. С их ч бай, бага ч бай ухаан балартаж унасан байдаг. Үүнтэй маргаад байх шаардлагагүй.  С, Б-ын шанаа руу цохичихсон гэдгийг шууд нотлох баримт байхгүй. Тиймээс С-д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Г.С-гийн үйлдлийн улмаас Ч.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт, Б-ын хохирогчоор хууль сануулж өгсөн мэдүүлэг, гэрч Д.Б, О.Э, У, Н нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.С-гийн өмгөөлөгч О.О-ийн цагаатгах дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.А, Г.С, Ч.Бнарын биед тус бүр хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Ч.Б, Г.С нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэд харилцан бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, шүүгдэгч Ч.Б нь мөн хохирогч Х.А-гийн биед хөнгөн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн, шүүгдэгч Г.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.С-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд шүүгдэгч Ч.Б-аас 106,500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.С-д олгох, шүүгдэгч Г.С-ээс 128,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-д олгох, хохирогч Г.С- нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтоолд тусгах нь зүйтэй. Хохирогч Х.А нь хохиролд 200,000 төгрөг авсан, гомдол саналгүй талаарх хүсэлтээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ч.Б нь түүнд төлөх төлбөргүй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй..” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Тус зүйл анги нь эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцтай байгаа. 450 нэгжээс 2700 нэгж хүртэл байгаа. 240 цагаас 720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх ялтай байна. Шүүгдэгч Б нь торгох ялыг биелүүлэх бүрэн боломжтой. Шүүхэд шүүгдэгч Б-ын ажилладаг байгууллага болон цалингийн тодорхойлолтыг гаргаж өглөө. Шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт анх удаа холбогдсон, А-д учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харин С-д олгох 106,500 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Энэ гэмт хэрэг нь хохирогчийн буруутай үйл ажиллагаа байсан гэдгийг хэлмээр байна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаас гадна хохирол төлбөрөө төлөхөө бүрэн илэрхийлж байна. Шүүгдэгч нь ам бүлийн хувьд хоёр бага насны хүүхэдтэй, эхнэр нь ажилгүй, өөрөө ажил хийж гэр бүлээ тэжээдэг, дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй, гэмшиж байна гэдгээ илэрхийлсэн байгаа. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдлыг харгалзан 450,000 төгрөгөөр торгох ял оноож өгнө үү...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч хариуцлага хүлээхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байна. Шүүгдэгчийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзээсэй гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдсэн асуудал нь тохиолдлын шинжтэй гэмт хэрэг байна. Шүүгдэгч нь өмнө гэмт хэрэгт шийтгүүлж байсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй. Мөн С нь өрх толгойлсон эрэгтэй байгаа юм. Гэр бүл зохиох тал дээр анхаарч байгаа. Энэ нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хамгийн бага хэмжээг оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Торгох ялыг 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлж өгөх саналыг гаргаж байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.С-г мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, тэдний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, Г.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Ч-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулж үйлдсэн, Б овогт Г-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу есөн зуун мянган төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, Г.С  нарт оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Ч.Б, Г.С нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-аас 106,500 төгрөгийг гаргуулан хохирогч Г.С-д, шүүгдэгч Г.С-гээс 128,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б-д тус тус олгосугай.

6.Хохирогч Г.С нь эрүүл мэндийн хохирлын улмаас гарсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тусгасугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б, Г.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Б, Г.С нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                   

                       

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТАА