| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 316/2025/01095/И |
| Дугаар | 208/МА2026/00012 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 208/МА2026/00012
Ш.Б*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дугаар шийдвэртэй
Гуравдагч этгээд Сэлэнгэ аймгийн ******* газар
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 4,000,000,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш.Б******* нь 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн шийтгэх тогтоолоор 2013 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих *** дүгээр ангид хоригдож байхдаа тус ангийн В корпусын * тоот тусгаарлах өрөөний эд зүйлийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн гэх хэрэгт Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж тус өдрөөс эхлэн цагдан хоригдсон билээ. Тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаснаар миний төлөөлүүлэгч Ш.Б******* т холбогдсон гэх хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 898 дугаар магадлалаар:
1. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 1069 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дүүргийн 2 дугаар прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Б******* ын холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 2 дахь заалт:
Ш.Б******* ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээх гэмт хэргийг галдан шатаах аргаар үйлдсэн, 3 дахь заалт Ш.Б*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэгт зааснаар Ш.Б******* т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг жирийн, 10 дахь заалтад: Ш.Б******* ын урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай, 8 дахь заалтад: Ш.Б******* ын эдлэх ялын хугацааг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.. гэснийг тус тус хүчингүй болгосугай гэж шийдвэрлэн Ш.Б******* ыг цагаатгасан юм. Миний төлөөлүүлэгч нь санаатай гэмт хэрэг үйлдээгүй, түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй, болгоомжгүй үйлдэл байхад санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж мөрдөх байгууллага мөрдөн байцаалт явуулж, прокурорын байгууллага хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Ш.Б******* ыг гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэж хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргаж түүнийг төр хохироосон юм.
Харин давж заалдах шатны шүүх Ш.Б******* ын гаргасан гомдлоор түүний хэргийг авч хэлэлцэн, түүнийг гэм буруугүйд тооцон цагаатгаж, нэр, алдар хүнд, зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг сэргээх шийдвэр гаргасан юм.
Төлөөлүүлэгч нь төрийн хяналтын доор мөрдөгдөж байхдаа болон шүүхээр ял шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож дараах байдлаар бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, ажил хөдөлмөр, сэтгэцээрээ хохирол хүлээсэн гэж үзэж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр ангид цагдан хоригдож төрийн хяналтад мөрдөгдөж байхдаа төрийн албан хаагчдын хариуцлагагүй, эрүү шүүлт тулгасан үйлдлээс болж болгоомжгүй гарсан галын улмаас миний төлөөлүүлэгчийн биеийн гадаргуугийн 20 хувиас дээш талбайг хамарсан 3 дугаар зэргийн түлэгдэлт үүсэж хүнд гэмтлийн зэрэг тогтоогдож хүнд гэмтэл учирсан юм. Энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн 3 удаагийн дүгнэлтээр нотлогдсон юм. Ш.Б******* нь дээрх хүнд гэмтлийн улмаас эх орондоо болон гадаад улсад явж эмчлүүлэх, хагалгаа хийлгэх, арьс нөхүүлэх зэргээр хувиасаа зардал гаргаж их хэмжээний мөнгө, хөрөнгийн хохирол хүлээсэн болно. Бүгд Найрамдах Солонгос Улс болон бусад улсад эмчилгээ хийлгэх зорилгоор эхнэрийн хамт онгоцоор удаа дараа зорчих, буудал, хоол, эм тариа хэрэглэх бүх зардлыг хувиасаа төлж байсан байна. Цагдан хоригдож мөрдөгдөж байхдаа Ш.Б******* нь хүнд гэмтэл авснаас болж сүүлийн 10 гаруй жил ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, цалин хөлсгүй, орлого олох боломжгүй байснаас гадна биеийн түлэгдэлтийн улмаас одоо хүртэл биеийн хүчний хөдөлмөр эрхлэх боломжгүй, 2 гараа одоо ч дээшээ өргөх боломжгүй байна. Цагдан хоригдсон, хилсээр ял шийтгүүлсэн байхад нь Ш.Б******* ын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө галдан шатаасан, бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан, санаатай гэмт хэрэгт үйлдсэн байна гэх худал ташаа мэдээлэл радио, телевиз, сонин, хэвлэл, сошиал мэдээллээр удаа дараа мэдээлэгдэж миний төлөөлүүлэгчийн өөрт нь болон эхнэр, үр хүүхдүүдийн сэтгэл санаанд хохирол учирсан юм. Миний төлөөлүүлэгч нь гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй байхад анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэснээс болж бие махбод, ажил төрөл, нэр төр, алдар хүндээрээ хохирч хохирол хүлээсэн юм. Шүүхийн шийтгэх тогоол гарсан өдрөөс хойш Ш.Б******* нь цагдан хоригдож, давж заалдах шатны шүүхийн магадлал гарах өдөр хүртэл нийт 54 хоног хилсээр цагдан хоригдож хохирсон юм. Дээрх гэмт хэрэгт хилсээр ял шийтгэгдэж цагдан хоригдсоны улмаас миний төлөөлүүлэгчийн сэтгэцэд өөрчлөлт орж гэм хор учирсан байх тул сэтгэцийн өөрчлөлтийн байдлыг шүүхээр тогтоолгож учирсан хохирлыг нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Ш.Б******* нь энэ хугацаанд Монгол Улсад болон Бүгд Найрамдах Солонгос Улсад удаа дараа эмчилгээ хийлгэх, хагалгаанд орох зэргээр завгүй байсны гадна бас өөр хэргийн учир мөрдөгдөх, ял эдлэх зэргээр цаг хугацааны хувьд амжихгүй байснаас болж давж заалдах шатны шүүхийн цагаатгасан магадлалыг өөрийн биеэр гардан аваагүй өдий хүрснээс гомдол гаргах эрхээ эдэлж чадаагүй байсан юм.
Харин Ш.Б******* ыг цагаатгасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 сарын 21-ний өдрийн 898 дугаартай магадлалыг түүний өмгөөлөгч нар Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх эрүүгийн хэргийн төв архивч 2025 оны 03 сарын 19-ний өдөр хүсэлт гаргаснаар уг архивын газраас 2025 оны 03 сарын 26-ны өдөр дээрх магадлалыг хуулбарлан өгсөн юм. Ийнхүү дээрх магадлалыг Ш.Б******* нь 2025 оны 03 сарын 26-ны өдөр гардан авсан авч танилцсанаар гомдол гаргах эрх нээгдсэн гэж үзэж байна. Үүний нотолгоо нь магадлалыг энэ оны 3 сард гардан авсан он, сар, өдөр болон нэхэмжлэлд хавсаргасан Улсын Ерөнхий ******* дэргэдэх эрүүгийн хэргийн төв архиваас хуулбарлан өгсөн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 сарын 21- ний өдрийн 898 дугаар магадлалыг оролцогчдод гардуулан өгсөн шүүхийн баримтлан дээр Ш.Б******* т болон түүний өмгөөлөгч Д.Ганбат, З.Цэнгэлбаяр нарт гардуулан өгч гарын үсэг зуруулсан баримт байхгүй байгаагаар нотлогдоно. Ш.Б******* нь магадлалыг гардан авч танилцаад 5 сар болж байгаа тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж Ш.Б******* т учирсан хохирлыг төрөөс гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.3, 45.4, 45.8, 45.9 дүгээр зүйл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4 дүгээр үндэслэн дараах хохирол, гэм хорыг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.
Үүнд: Шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруугүйд тооцогдож цагдан хорих байранд 54 хоног хилсээр хоригдсон хохиролд 42,768,000 төгрөг, Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэгдэж гэм буруугүй байж хорих ял шийтгэгдэж нэр төр, алдар хүндээрээ хохирсон хохиролд 500,000,000 /таван зуун сая төгрөг/ Цагдан хорих байранд эрх чөлөөгөө хязгаарлуулан төрийн хяналтад доор хоригдож байхдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын хууль бус ажиллагааны улмаас эрүүл мэндээрээ хохирч хүнд гэмтэл учирснаас болж учирсан дараах хохирлыг нэхэмжилж байна.
Үүнд: 3.1. Цагдан хоригдож байхдаа эрүүл мэндээрээ хохирч хүнд гэмтэл учирсан хохиролд 2,500,000,000 төгрөг,
3.2.Дээрх хүнд гэмтлийн улмаас эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн болон гадаад улсад зорчсон, буудалд байрласан зардалд төлсөн төлбөрийг нөхөн гаргуулах зардлууд:
3.2.1.Монгол Улсын эмнэлгийн байгууллагад хэвтэн болон эмчлүүлсний болон хувиараа эм тариа худалдаж авсан зардалд 3,067,000 төгрөг
3.2.2.Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 148,622,952 төгрөг
3.3.3. Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх зорилгоор ******* эйр ХХК-иар зорчсон зардалд 49,200,000 төгрөг,
3.3.4.******* ХХК-иар зорчсон зардалд 28,114,023 төгрөг, Эхнэр Б******* З******* нь асрах, сувилах зорилгоор зорчиход гарсан зардалд 7,251,934 төгрөг, нийт 84,565,957 төгрөг,
3.3.5. Бүгд Найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх зорилгоор буудалд байрласан, хоол, унд, унаа зэрэг зардалд 756,000 төгрөг
3.3.6.Сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөг, цагдан хоригдсоноос болж 10 гаруй жил орлогогүй болж хохирсон хохиролд 1,000,000,000 төгрөг.
Иймд Эрүүгийн Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар бүлэг болон Иргэний Хуулийн 498.2, 498.4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн нийт 4,528,979,909 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дугаартай шийдвэрээр:
-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4-т заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 6,122,000 /зургаан сая нэг зуун хорин хоёр мянга/ төгрөг гаргуулан Ш.Б*******т олгож, үлдэх 4,430,035,851 /дөрвөн тэр бум дөрвөн зуун гучин таван мянга найман зуун тавин нэг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон,
-Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдан,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдан,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэн,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдан, ...гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:
...2025 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 316/ШШ2025/01059 дугаартай шийдвэрийг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гардан авч танилцаад уг шийдвэрийг эс зөвшөөрч, Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
1. Сэтгэл санаанд учруулсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлан зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Ш.Б******* нь гэмт хэргийн шинжгүй үйлдэлд гэм буруутайд тооцогдож, бусдын өмчийн шалдан шатаах аргаар санаатай гэмтээсэн гэж мөрдөн шалгах ажиллагаа 1,5 жил гаруй хугацаагаар явуулж, уг хэрэгт гэм буруутайд тооцож, шүүхээр хорих ял шийтгэгдэж, 2 сар гаруй шүүхийн тогтоолоор ялтнаар тооцогдож, цагдан хоригдож байх хугацаанд болон түүнээс хойшхи хугацаанд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Ш.Б******* нь өөрийгөө санаатай шатаасан байна, бусдын өмчийг санаатайгаар галдан шатаасан байна гэх мэт үндэслэлгүй мэдээллийг удаа дараа нийгэмд цацаж, олон нийтэд ташаа мэдээлэл түгээснээс болж миний үйлчлүүлэгч Ш.Б******* т өөрт нь болон түүний гэр бүл, үр хүүхдүүдэд сэтгэлийн хүнд зовиур шаналал бий болж, сэтгэл санааны хохирол, гэм хор учирсан билээ. Энэ гэм хор нь Ш.Б******* ыг хилсээр гэмт хэрэгт мөрдсөн, шүүхэд гэм буруутайд тооцож, ял шийтгэсэнтэй шууд холбоотойгоор үүссэн эдийн бус гэм хор учир төр хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгааг ямар нэг хэмжээгээр хангах хууль зүйн үндэслэлтэй гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, сэтгэл санааны хохирол учруулах мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тараасан боловч тэд тухайн үеийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэл болгон мэдээлэл түгээж байсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгах, тэднээс сэтгэл санааны хохирол нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжилж буй хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн хохирол, гэм хор гэж үзэж төр хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх хэсэгт Дөрөв: Эрүүл мэндийн хохирол гаргуулах шаардлагын тухайд: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 898-р магадлалд ...Ш.Б******* ыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзэх боломжтой боловч учруулсан хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрээгүй гэж дүгнэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзэж Ш.Б******* ын эрүүл мэндийн хохирол нэхэмжилсэн 84,565,957 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна гэж дүгнэлт хийснийг зөвшөөрөхгүй байна. Энэ нь:
-Ш.Б******* ыг бусдын эд хөрөнгөд гэж үзэх нь угаасаа гэмт хэргийн шинжгүй, Эрүүгийн хуульд болгоомжгүйгээр бусдын эд хөрөнгөд онц их хэмжээний бус хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэг гэж хуульчлаагүй байна. Иймд Ш.Б******* ыг гэмт хэрэгт буруутгах, бусдын өмчид болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж дүгнэлт хийж, өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхгүй мэтээр үзэх нь хууль бус гэж үзэж байна.
-Ш.Б******* нь нийгмээс тусгаарлагдаж, төрийн хамгаалалт, хяналтын доор, эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулан, цагдан хоригдож байхдаа өөрийн бие эрхтэнд учирсан зовиур, шаналал (гарын цус боогдон гар нь чинэрч шархлах болсон тул гаваа султгах зорилгоор хамгаалах даавууг шатаасан үйлдлийг бусдын өмчийг болгоомжгүйгээр шатаасан гэж үзэх)-ыг арилгах зорилгоор хийсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг гэмтээх зорилгогүй байна. Харин ч төрийн байгууллага, түүний албан тушаалтны хууль зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлийн улмаас дээрх хохирол учирсныг болгоомжгүйгээр бусдын өмч хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна. Уг хохирлын хувьд Ш.Б******* ыг ангийн даргын тогтоолгүйгээр сахилгын байранд хорьсон, ноцтой зөрчил гаргаагүй байхад гарыг нь ард нь гавлаж, хөлийг нь дөнгөлөн гар, хөлийн гавыг нь хооронд нь холбож дөнгөлсөн байгаа, нэгэнт гавлаж дөнгөлсөн бол гав нь чангарч цус нь боогдож байгаа эсэхийг 10 минут тутам шалгаж байх ёстой байтал огт шалгаагүй, тусгаарлах тасалгаанд ороход хянагч нар шалгах үүрэгтээ мөртлөө сайтар шалгаагүй, Ш.Б******* ын хоригдож буй сахилгын байранд гал гарч байгааг хянагч нь мэдсэн, харсан (камерын хяналтад байдаг) боловч яаралтай арга хэмжээ аваагүйгээс гал даамжирч гарах нөхцөл үүссэн зэрэг байдлаас гал алдагдаж, тодорхой хэмжээний хохирол учирсан байгаа нь Ш.Б******* ын үйл ажиллагаатай холбоогүй гэж үзнэ.
3. Ш.Б******* нь галд түлэгдсэний улмаас эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл учирч, уг учирсан гэмтлээ эмчлүүлэх, хагалгаа хийлгэх, арьс нөхүүлэх зэргээр Монгол Улсад болон гадаад улсад удаа дараа эмчилгээ хийлгэсний улмаас гарсан бодит зардлыг огт төлүүлэхгүйгээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд гэмтлээ эмчлүүлсний болон эмчлүүлэх зорилгоор онгоцоор зорчсон нь баримтаар тогтоогдсон байгаа тул уг зардлыг төрөөс гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлд дурьдсан бодит хохирлыг нотлогдсон баримтын хэмжээнд төрөөс гаргуулах боломжтой гэж давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заажээ. Эндээс үзэхэд төрийн хяналтын доор цагдан хоригдож байхдаа галд түлэгдэж хүнд гэмтэл учирсан Ш.Б******* ын гэм хорыг төр өөрөө хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйн төлөө түүний эрүүл мэндэд учирсан хүнд хохирол буюу гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Энэ утгаараа ч гэсэн Ш.Б******* т учирсан хүнд гэмтлийг эмчлэх явцад гарсан бодит хохирлыг төр хариуцан арилгах үүрэг хүлээнэ гэж үзнэ.
Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316 /ШШ2025/01059 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан нэмэлт өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгөхийг хүсч, давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Амгалан давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дугаар шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.
Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар ...Нэхэмжлэгч Ш.Б******* нь гэмт хэрэгт холбогдон шалгасны улмаас учирсан хохирол 4,000,000,000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 92,350,800 төгрөгөөр багасгаж, 4,436,629,109 төгрөг болгон өөрчилсөн.
Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзвэл Ш.Б******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж 54 хоног цагдан хоригдож, мөрдөгдөн шалгагдсан байх ба Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 898 дугаартай магадлалаар Ш.Б******* т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, түүнчлэн цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй үйл баримтад хамаарах тул дээрх ажиллагаанаас учирсан гэм хорыг нэхэмжлэгчийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь гуравдагч этгээдээр па оролцож болох талаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-т заасан ба ман хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т прокурор төрийн ашиг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцдог тул энэ хэрэгт прокурор гуравдагч этгээдээр оролцсон байна.
Ш.Б******* нь гэм буруугүй гэж цагаатгагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан тул хохирлыг нотлогдсон хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзлээ. гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үйл баримтын талаар зөв дүгнэн шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт тусгасан байна.
Нэг. Анхан шатны шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн дүгнэлтийн гурав-т ...Сэтгэл санааны хохиролд 200,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан эдийн бус гэм хорыг арилгах зохицуулалтад зөвхөн бусдын нэр төр алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг гутаасан тараасан этгээдийн үүргийг тусгасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230 дугаар зүйлийн 230.2-т заасан хохирлыг эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.
Өөрөөр хэлбэл сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй байна. гэжээ. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасан ...Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хууль буруу хэрэглэсэн бол... гэх үндэслэлд хамаарна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Учир нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана. гэж маш тодорхой заасан байна.
Өөрөөр хэлбэл сэтгэцэд учирсан буюу сэтгэл санааны хохирлыг мөнгөн хэлбэрээр арилгах ба харин бусад эдийн бус гэм хорыг хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгахаар Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-д заасан байна гэж үзэхээр байна.
Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална. гэж заасан байна.
Гэтэл анхан шатны шүүх ...сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй байна. гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн хэрэг юм.
Иймээс Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн сэтгэл санааны буюу сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөн хэлбэрээр гарган шийдвэрлэх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсгийн дүгнэлтийн дөрөв-т: ...Эрүүл мэндийн хохирол гаргуулах шаардлагын тухайд:
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 898 дугаартай магадлалд... Ш.Б******* ыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзэх боломжтой боловч учруулсан хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрээгүй гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна.
Өөрөөр хэлбэл түүний Монгол Улсын эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлсний болон хувиараа эм тариа худалдаж авсан зардалд 3,067,000 төгрөг, Бүгд найрамдах Солонгос Улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардалд 148,622,952 төгрөг, Бүгд найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх зорилгоор ******* эйр ХХК-аар зорчсон зардалд 49,200,000 төгрөг ******* ХХК-иар зорчсон зардалд 28.114,023 төгрөг. Эхнэр Б******* З******* нь асрах, сувилах зорилгоор зорчиход гарсан зардалд 7,251.934 төгрөг, нийт 84,565,957 төгрөг, Бүгд найрамдах Солонгос Улсад эмчлүүлэх зорилгоор буудалд байрласан, хоол, унд, унаа зэрэг зардалд 756,000 төгрөг тус тус гаргуулах шаардлага үндэслэлгүй байна. гэж дүгнэжээ.
Гэтэл анхан шатны шүүх ... Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, түүнчлэн цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй үйл баримтад хамаарах тул дээрх ажиллагаанаас учирсан гэм хорыг нэхэмжлэгчийн хүсэлтээр онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна., мөн Ш.Б******* нь гэм буруугүй гэж цагаатгагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасан тул хохирлыг Нотлогдсон хэмжээгээр хангах нь зүйтэй гэж үзлээ. гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн атлаа эдгээр дүгнэлттэйгээ зөрчилдсөн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан ...237,011,909 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагад нийцсэнгүй.
Ийм учраас миний үйлчлүүлэгчийн нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтуудаар нотлогдож байгаа байдлаар түүний эрүүл мэндэд учирсан хохирол болох 237,011,909 төгрөгийг шүүхээс гаргах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.
Тодруулбал, сэтгэцэд буюу сэтгэл санаанд учирсан хохирол 200,000,000 сая төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол болох 237,011,909 төгрөг, нийт 437,011,909 төгрөгийг гаргуулж авах хууль зүйн бүрэн боломжтой бөгөөд үндэслэл бүхий байна гэж өмгөөлөгчийн хувьд үзнэ.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасны дагуу Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Уранчимэг давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 316/ШШ2025/01059 дугаартай шийдвэрээр Ш.Б******* ын гаргасан хүсэлт буюу нэхэмжлэлээс ...үлдэх 4,430,035,851 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэл:
1. Ш.Б******* ын төрөөс гэм хорын хохирол гаргуулах шаардлага буюу хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэхдээ, гэм хорыг нөхөн төлүүлэхтэй холбоотой үйл баримт байх тул шүүгч дангаар бус, гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, иргэдийн төлөөлөгчийг оролцуулан шийдвэрлэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81.1 дэх хэсэгт Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримтлах учиртай байжээ.
2. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.4-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгын хүрээнд шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байх тул энэ хүрээнд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
3. Хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүний хувьд. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагатай бүрэн нийцэхгүй болсон байх тул, давж заалдах шатны шүүхээс хууль ёсны зарчмыг зөрчсөн хэргийн шийдлийн талаар үндэслэл бүхий байх шинжийг хангасан талаар шууд урьдчилан үнэлэлт өгөх боломжгүй гэж үзэж, хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн асуудлыг хууль ёсны зарчимд нийцүүлэх үүднээс хянаж өгнө үү хэмээн гомдолд тусгалаа
4. Тухайлбал, энэ төрлийн шаардлага бүхий хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүнтэй холбоотойгоор хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тодруулах үүднээс шүүхийн шийдвэрийн цахим сангаас хайлт хийж үзэхэд.
-Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2024/00660 дугаар шийдвэрийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр,
-Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаар шийдвэрийг 3 шүүгч, иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааныг тус тус хийсэн зэрэг нь харагдаж байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны... байх шаардлага нь:
-Хэргийн шийдэл хэрхэн гарахаас үл хамааран, тухайн шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд заасан журамд бүрэн нийцсэн байх эрх зүйн баталгаа буюу
-Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн илэрхийлэл билээ.
6. Энэ утгаараа зөвхөн уг зарчмыг хангуулах үүднээс давж заалдах журмаар хандаж байгаа бөгөөд ямар нэгэн байдлаар хуралдаан даргалагч эсхүл хэргийн оролцогч, бусад өмгөөлөгч нарыг буруутгах утга агуулгаар уг гомдлыг гаргаагүй болохыг тэмдэглэж байна.
Нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулах, талууд мэтгэлцэх нөхцөл байдал хангалтгүй хэрэгжсэн үндэслэл
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1.1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж заасны дагуу томъёолж, энэ талаар шүүх шийдвэрийнхээ 9-р талын 3, 4 догол мөр хэсгүүдэд үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн.
8. Гэтэл хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн үндэслэл болгон зааж буй
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1069 дугаартай шийтгэх тогтоол,
-Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 898 дугаартай магадлалаар Ш.Б*******ыг цагаатгасан гэх үйл баримт,
-Түүнчлэн хэрэгт хохирлыг нотлохтой холбоотойгоор гаргаж өгсөн эмчилгээний баримтууд зэргийг нягтлан үзэхэд хүсэлт буюу шаардлагын үндэслэл нь:
-Хууль бусаар буюу үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохиролд төрөөс төлбөр гаргуулах шаардлага
-Тухайн шийтгэх тогтоол, магадлалаар гэм буруутайд тооцогдсон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа бүтцийн байгууллагын албан тушаалтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан албан үүрэгтээ хайнга хандах гэмт хэрэг үйлдсэний улмаас буюу гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх шаардлага
гэсэн бие даасан төрөл, агуулга, үндэслэл бүхий шаардлагыг тодорхой ялгамжтай, оновчтой байдлаар бус, холилдуулан, хамтатган гаргасан, энэ талаарх хүсэлт, шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр талууд хуралдаанд оролцож, мэтгэлцсэн, энэ хүрээнд хэргийн шийдэл гарсан зэрэг нөхцөл байдал бүрдсэн байна.
9. Тухайлбал, хэрэв Ш.Б******* нь дээрх шийтгэх тогтоол болон магадлалд эрүүгийн хэргийн шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт болох, Ш.Б******* ыг хууль бусаар саатуулж, бариу чанга гаваар дөнгөлсний улмаас энэхүү гэмт хэрэгт өртөж өөртөө туслах зорилгоор гавны даавууг шатаасантай холбоотойгоор өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нэхэмжлэх тохиолдолд гэм хорыг хамтран хариуцвал зохих этгээд нь төрөөс гадна, төрийн байгууллага болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар байх, улмаар энэ тохиолдолд онцгой ажиллагааны журмаар бус ердийн журмаар, нэхэмжлэгчийн хаягаар бус, хариуцагчийн хаягийн харъяаллын шүүхээр шийдвэрлэгдэх, улмаар Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжид зааснаар .. эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй ба харин учирсан хохирлын хэмжээний асуудлыг л хэлэлцэнэ гэх зэрэг журам үйлчлэх, талуудын мэтгэлцээний хүрээ хязгаар, хянагдах үндэслэл, маргааны агуулга өөр хүрээнд тодорхойлогдох зэрэг өөр үр дагаврууд бий болох боломжтой юм.
10. Гэтэл эдгээр нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүй хэргийн оролцогчид мэтгэлцсэн, улмаар хэргийн шийдэл гарсан байх бөгөөд хэрэв шийтгэх тогтоол болон магадлалд дурдсан ёсоор, тухайн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа бүтцийн байгууллагын холбогдох албан тушаалтнууд албан үүрэгтээ хайнга хандаж, алдаа гаргаагүй, улмаар гал асаагуурыг нэвтрүүлээгүй бол тухайн хохирол учрахгүй байх боломжтой байсан зэрэг шалтгаант холбоог, түүнчлэн хууль бус үйл ажиллагаанд өртөж хохирч өвдөлтөд автсан хүн өөртөө туслах зорилгоор гарын даавуугаа шатаахад хүрсэн зэрэг бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүх бүхэлд нь дүгнээгүй нь үндэслэл бүхий байх шинжийг бүрэн хангаагүй.
11. Нөгөөтэйгүүр, хэрэв Ш.Б*******ын өөрийн болгоомжгүй үйлдэл тус хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэх тохиолдолд, тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалт болох Монгол Улсын Иргэний хуулийн 514 дүгээр зүйл /Хохирогчийн гэм буруу, гэм хор учруулагчийн эд хөрөнгийн байдлыг харгалзан үзэх/-ийн 514.1 дэх хэсэгт Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан (харамсалтай нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдлийг гаргаж, дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй) хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй буюу хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дэх хэсэгт Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ гэж заасныг баримтлаагүй шийдэл болсон тул давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1- т шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж заасныг үндэслэн бүрэн эрхийнхээ хүрээнд хянан үзэж зохих дүгнэлтийг өгч шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү
Уг хэргийн хувьд Ш.Б******* нь төр эсхүл төрийн байгууллагаас үндэслэлгүйгээр буюу авах ёсгүй нөхөн төлбөрийг гаргуулах ямар нэгэн санаа зорилгыг анхнаасаа агуулаагүй, зөвхөн Монгол Улсын бусад бүх иргэдийн нэгэн адил, энэ төрлийн нөхөн төлбөрийг шүүхээр гаргуулсан бусад хүний нэгэн адил эрх тэгш байдлаар шүүхийн өмнө уг асуудлыг шийдвэрлүүлэх сонирхолтой байгаа буюу бусдаас давуу ямар нэгэн эрх, нөхцөлөөр хангагдах хүсэлт гаргаж байгаагүй, цаашид ч гаргахгүй болохыг Та бүхэн харгалзаж үзнэ үү. Хохирол учирснаас хойшхи нөхцөл байдал, үргэлжилсэн цаг хугацаа зэрэг хэргийн үйл баримт, түүхээс ч түүний энэ байр суурь, хандлага бэлхнээ харагддаг билээ.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль ёсны байх шаардлагад нийцүүлэх, хэргийг нэг мөр шийдвэрлүүлэх, хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөлийг хангах үүднээс анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн Ш.Б******* ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, түүний эрх ашгийг хамгаалахаар шүүхэд иргэний журмаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг сум дундын анхан шатны шүүх хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгож, зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үндэслэлгүй шийдвэр байна. Хуульд нийцээгүй, тохироогүй шийдвэр байна гэж үзэж давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны журмаар нэхэмжлэл гаргасан. Үндсэн 3 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
Нэгдүгээрт сэтгэл санаанд учруулсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлан зохицуулалт байхгүй тул сэтгэл санааны хохирлыг гаргах боломжгүй гэж анхан шатны шүүх үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Ш.Б******* нь Эрүүгийн хуульд заагаагүй, эрүүгийн хэрэг гэж тооцоогүй, гэмт хэргийн шинжгүй үйлдэлд гэм буруутайд тооцогдсон. Бусдын өмчийг шалдан шатаах аргаар санаатай гэмтээсэн гэж тооцогдсон. Уг гэмт хэргийн улмаас мөрдөн байцаах байгууллага 1 жил 5 сарын турш мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Прокурор хяналт тавьж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн шатанд 2 сарын хугацаанд шүүх гэм буруутайд тооцсон. Тэгэхээр Ш.Б******* нь гэмт хэрэгтэн биш байж, гэмт хэрэгтэн гэж тооцогдож 1 жил 7 сарын хугацаанд хэлмэгдсэн. Энэ хугацаанд Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ш.Б******* нь өөрийгөө галдан шатаасан байна. Ш.Б******* нь бусдын өмчийг санаатайгаар галдан шатаасан байна. Ноцтой гэмт хэрэг үйлдсэн байна гэх мэтийн мэдээлэл Монгол орон даяар бүх хэвлэл мэдээллээр тараагдсан. Энэ нь Ш.Б******* ын нэр төр, алдар хүнд, сэтгэл санаанд учирсан гэм хор болсон гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үзэж байна. Мэдээж хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээлэл тарааж байгаа хэрэгсэл нь мөрдөн шалгах байгууллагын явуулж байгаа ажиллагаа, прокурорын хяналт тавьж байгаа үйл ажиллагаа, шүүхийн гэм буруутай гэж гарсан шүүхийн шийдвэрийг үндэслэж энэхүү мэдээллийг тарааж байсан учраас худал мэдээллийг тараасан үйлдэлд төр хариуцлага хүлээх ёстой, төр уг хохирлыг арилгах ёстой, энэ бол төрийн буруу байсан байна гэж үзэж сэтгэл санааны хохирлыг 200,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй.
Хоёрдугаарт анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх заалтад эрүүл мэндийн хохирлын шаардлагыг гаргуулах тухайд гээд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 898 дугаар магадлалд Ш.Б*******ыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж үзэх боломжтой гэсэн. Учруулсан хохирлын хэмжээ нь онц их хэмжээнд хүрээгүй учир түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна гэж үзэж Ш.Б*******ын эрүүл мэндийн хохирлын нэхэмжилсэн 84,565,957 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна хэмээн шүүх дүгнэсэн. Үүнийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасан. Ш.Б*******ыг бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан гэж үзээд байгаа үйлдэл нь гэмт хэрэг биш. Тийм учраас Ш.Б*******ыг гэмт хэрэгт буруутгах, бусдын хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан байна гэж дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.
Гуравдугаарт Ш.Б******* нь нийгмээс тусгаарлагдаж, төрийн хамгаалалт, хяналтын доор, эрх, эрх чөлөөгөө хязгаарлуулан, цагдан хоригдож байхдаа өөрийн бие эрхтэнд учирсан зовиур, шаналлыг арилгах зорилгоор хийсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг гэмтээх зорилгогүй байна. Харин ч төрийн байгууллага, түүний албан тушаалтны хууль зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдлийн улмаас дээрх хохирол учирсныг болгоомжгүйгээр бусдын өмч хохироосон гэж үзэх үндэслэлгүй байна. Ш.Б******* галд түлэгдсэний улмаас эрүүл мэндийн хувьд хүнд гэмтэл учирсан. Хүнд гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлт тогтоогдсон. Хүнд гэмтэл учирсан учраас түүнийгээ эмчлүүлэх зорилгоор Монгол улс болон гадаад улсад олон удаа явж эмчилгээ, хагалгаа хийлгэсэн. Арьс нөхөн суулгасан гэх мэтээр удаа дараа эмчилгээ хийлгэж, их хэмжээний зардал хуваасиа гаргасан. Цаг хугацаа давчуу байсан учир нотлох баримтыг бүрэн гүйцэт шүүхэд өгч чадаагүй. Бидэнд олдсон хэмжээгээр нь шүүхэд нотлох баримт гаргаж өгсөн. Энэ зардлыг гаргуулах ёстой гэж үзэж байна. Яагаад гэвэл нотлох баримтаар тогтоогдсон бодитой баримттай хэмжээнд нь шүүх хангах ёстой гэж үзэж шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн, гэм буруутай эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хохирол учруулсан бол бүх гэм хорыг хариуцаж байсан этгээд буюу төр хариуцна гэж заасан. Эндээс үзэхэд төрийн хяналт дор цагдан хоригдож байхдаа түлэгдэж хүнд гэмтэл учирсан. Тэр эрүүл мэндийн хохирлыг төр бүрэн хариуцах ёстой байсан байна гэж үзэж уг хохирлыг төрөөс гаргах нь зүйтэй гэж үзэж гомдол гаргасан.
Уг 3 үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийг төлөөлж гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Давж заалдах гомдлуудтай танилцсан. Гуравдагч этгээдийн хувьд ямар тайлбар анхан шатны шүүхэд гаргасан бэ гэхээр нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлээд байгаа хүнд гэмтэл учирсантай холбоотойгоор учирсан гэмтэл, гадагшаа явсан зардал, эмчилгээнд зарцуулсан зардал, үүнтэй үүссэн сэтгэл санааны хохирол зэрэг нэхэмжлээд байгаа асуудал маань нэхэмжлэгчийн хувьд өөр хэрэг дээр цагдан хоригдож шалгагдаж байхдаа өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас гал алдсан асуудал болсон. Үүний дагуу тухай үед Эрүүгийн хуулийн 153.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, давж заалдах шатны шүүхээс 2 сарын дараа гарахдаа болгоомжгүй үйлдэл байна гэхдээ өөрийн болгоомжгүй үйлдэл байна. Учирсан хохиролд нь хохирлын хэмжээ гарахгүй гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Тэгэхээр энэ хэрэг дээр шалгагдсаны улмаас хүнд гэмтэл учирсан зүйл байхгүй. Өөр хэрэг дээр шалгагдаж байхдаа өөрийн буруутай үйл ажиллагаанаас болж гал алдаж гэмтэл учирсан. Үүнтэй холбоотойгоор зардлууд гарсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа асуудал нь энэ хэрэгт шалгагдсаны улмаас учраад байгаа хохирол биш гэж гуравдагч этгээдийн хувьд тайлбарлаж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс тавиад байгаа замын зардлыг хараад үзэхээр 2013-2018 он хүртэл эмчилгээ хийлгэсэн баримт байдаг. Гэтэл 2025 он хүртэл гадагшаа зорчсон асуудлаар замын зардлаа нэхэмжилдэг. Өөр улс руу зорчсон бол түүнийгээ бас нэхэмжилдэг. 2013-2018 оны тухай үеийн ханшаар шилжүүлэхэд 57,000,000 төгрөг гардаг. Гэтэл 148,000,000 төгрөг нэхэмжлээд байдаг. Баримтаар нэхэмжлээд байгаа зүйл нь тогтоогддоггүй. Гуравдагч этгээдийн зүгээс хамгийн гол тайлбарлаад байгаа зүйл маань энэ эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас энэ хүнд хохирол учраагүй. Нэхэмжлэлийн шаардлагын юу нь үндэслэлтэй вэ гэвэл уг хэрэгт шалгагдаад анхан шатны шүүхийн шийдвэр гарж, 54 хоног цагдан хоригдсон байна. Анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхдээ өмгөөлөгч авсан юм байна. 54 хоног цагдан хоригдсон асуудал дээр мөнгөн төлбөрийг гаргахад гуравдагч этгээдийн зүгээс маргаагүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Ш.Б******* ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Нэхэмжлэгч Ш.Б******* нь гэмт хэрэгт холбогдон шалгасны улмаас учирсан хохирол,эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санааны хохиролд 4,436,629,109 төгрөгийн Монгол улсын төрөөс гаргуулах шаардлага гаргажээ.
3. Хэргийг судлан үзвэл нэхэмжлэгч Ш.Б******* ыг гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан бөгөөд түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2013 оны 03 сарын 05-ны өдрөөс авахаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж улмаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдах хорих *** дүгээр ангид шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч Ш.Б*******т Цагдах хорих *** дүгээр ангийн дотоод журмыг зөрчсөн үндэслэлээр түүнд тусгай хэрэгсэл хэрэглэж, гав,дөнгө зүүж ***** тоот тусгаарлах өрөө рүү шилжүүлсэн байх ба гарынх нь цус боогоод гар нь мэдээгүй оргиод байгаа талаараа харуулын албаны ажилтанд хэлсэн боловч гавыг суллаагүй тул Ш.Б******* нь өөрт байсан асаагуурыг ашиглан дөнгөний гадуур ороосон даавууг шатааснаар өрөөнд байсан эд зүйлд гал авалцан түймэр гарсан байна.
Өрөөнд гал гаргаснаар Ш.Б******* ын биед III А зэргийн түлэгдэлт бүхий биеийн нийт гадаргуугийн 20 хувиас дээш талбайг хамарсан III зэргийн түлэгдэлт бүхий эрүүл мэндэд гэмтлийн хүнд зэргийн хохирол учирчээ.
Дүүргийн 2 дугаар ******* газраас Ш.Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 -т заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэрэг үйлдсэнээр, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдах хорих *** дүгээр ангийн ээлжийн дарга Х.Ж*******, хянагч ажилтай Д.Б*******, ээлжийн бага дарга Б.Ц******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүүгийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг 2014 оны 08 сарын 27-ны өдөр хэлэлцээд 1067 дугаартай Шийтгэх тогтоолоор Ш.Б******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.2 -т заасан бусдын эд хөрөнгийг санаатай устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцон 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдах хорих 461 дүгээр ангийн ээлжийн дарга Х.Ж*******, хянагч ажилтай Д.Б*******, ээлжийн бага дарга Б.Ц******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дэх хэсэгт заасан албан үүрэгтээ хайга хандах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцон тус тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Х.Ж*******, Д.Б*******, Б.Ц******* нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар, Ш.Б******* т авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тухайн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Дээрхи шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Ш.Б******* нь давж заалдах гомдол гаргаснаар Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх хэргийг хэлэлцээд 2014 оны 10 сарын 21-ны өдрийн 898 дугаартай Магадлалаар Ш.Б******* ыг бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр хохирол учруулсан гэж түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Ш.Б******* ыг цагаатгасан байх ба тухайн хэрэгт үндэслэлгүйгээр Ш.Б******* 55 хоног цагдан хоригджээ.
Харин Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдах хорих 461 дүгээр ангийн ээлжийн дарга Х.Ж*******, хянагч ажилтай Д.Б*******, ээлжийн бага дарга Б.Ц******* нарыг албан үүрэгтээ хайнга хандсан гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй гэж шийдвэрлэжээ.
4. Дээрхи баримтуудаар Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдах хорих 461 дүгээр ангийн ээлжийн дарга Х.Ж*******, хянагч ажилтай Д.Б*******, ээлжийн бага дарга Б.Ц******* нар нь үүргээ гүйцэтгэж байхдаа Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурорын баталсан "Баривчлах, цагдан хорих өрөөнөөс гаргах, оруулах үед түүний бие болон хувцас, эд зүйлд үзлэг хийх ", 4.4.3-т заасан "хорих байрны харуул хамгаалалтын ажилтан нь хорих өрөөнд үзлэгийг өдөр тутам хийж, хориотой эд зүйлсийг тэмдэглэл хөтлөн хураан авна", Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын даргын 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр баталсан "Харуулын бага даргын ажлын байрны тодорхойлолт"-ын Б-3-1-4-т заасан "Хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, сэжигтэн яллагдагч, шүүгдэгч болон ялтан нартай хууль журмын хүрээнд харьцаж, тэдэнд хууль тогтоомжийг мөрдүүлэх, дэг журмыг сахиулах, орголт, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх болон харуул хамгаалалтанд холбогдох бусад арга хэмжээ авах", тус тодорхойлолтын Б-3-3-1-д заасан "сэжигтэн, яллагдагч, ялтны дунд үзлэг нэгжлэгийг тогтмол явуулж, асуудлыг шуурхай шийдвэрлэж байх" гэх заалтуудыг тус тус зөрчсөний болох нь тогтоогджээ.
Дээрхи үүрэг бүхий этгээдүүд нь Ш.Б******* ыг тусгаарлах өрөө рүү шилжүүлэхдээ Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурорын баталсан "Баривчлах, цагдан хорих өрөөнөөс гаргах, оруулах үед түүний бие болон хувцас, эд зүйлд үзлэг хийх " журмыг мөрдөөгүйн улмаас Ш.Б******* нь болгоомжгүйгээр гал алдсанаас түүний биед хүнд хохирол учирсан байх ба энэхүү хохирол учрахад Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдах хорих 461 дүгээр ангийн ээлжийн дарга Х.Ж*******, хянагч ажилтай Д.Б*******, ээлжийн бага дарга Б.Ц******* нарын үүрэгт ажилдаа хайнга хандсан үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
498 дугаар зүйлийн 498.1.Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.
498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.
498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т ...тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-д мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Ш.Б******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.4-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй.
6.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ш.Б******* ын нэхэмжлэлийн шаардлагаас түүний цагдан хоригдон хугацааны нөхөн олговор олгож, түүний эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаараа дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт хийж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь Ш.Б******* ыг цагдан хорих байрны тусгаарлах өрөөнд асаагуур ашиглан гал гаргасан нь буруу боловч тухайн өдөр ээлжинд гарч байсан Цагдан хорих 461 дүгээр ангийн ээлжийн дарга Х.Ж*******, ээлжийн бага дарга Б.Ц*******, хянагч ажилтай Д.Б******* нар нь Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурорын баталсан "Баривчлах, цагдан хорих өрөөнөөс гаргах, оруулах үед түүний бие болон хувцас, эд зүйлд үзлэг хийх " журам, хууль зүйн сайдын 202 оны 04 сарын 30-ны өдөр батлагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан тусгай хэрэгсэл хэрэглэх, галт зэвсэг хэрэглэх журмын 2 дугаар зүйлийн 2.5-д заасан тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан албан хаагч өөрөө шийдвэрийг гаргаж үр дагаврыг хариуцан, мөн урмын 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан гав хэрэглэсэн тохиолдолд 10 минут тутам чангарсан эсэхийг шалгаж үзэх гэсэн журмын заалтуудыг зөрчин Ш.Б*******т тусгай хэрэгсэл гав дөнгө зүүх шийдвэрийг гаргасан атлаа гав чангарсан эсэхийг нь шалгаагүй, мөн биед нь зохих журмын дагуу үзлэг хийгээгүй улмаас Ш.Б******* нь чангарсан гаваа суллахын тулд өөрт байсан гал асаагуурыг ашиглаж гал гаргасан байдал нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.
Энэхүү үйлдэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын үүрэгт ажилдаа хайнга хандсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой тул Ш.Б******* ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана. зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар түүний эрүүл мэндэд учирсантай холбоотой гарсан эмчилгээ сувилгаатай холбоотой зардлыг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хэдийгээр нэхэмжлэгч нь өөрөө гал гаргасан боловч өөрт учирсан хүнд гэмтлийн улмаас бие махбод нь шаналан зовсон зэрэг шалтгааныг нь харгалзан түүний сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 200.000 төгрөг гаргах шаардлагыг багасгаж гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
7. Хохирлын хэмжээг хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн дараах байдлаар тодорхойлж тооцов.
Үүнд: 1. 2023 оны 03 сарын 28-ны өдрөөс Гэмтэл согог сэргээн засварлах төв 45 хоног хэвтэж эмчлүүлсний зардал 2.533.100 төгрөг, /хх-ийн 167-178/
2. 2013 оны 06 сараас 2018 оны 2 сар хүртэл хугацаанд БНСУ-ын Ханган эмнэлэгт хийгдсэн эмчилгээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний зардал 47.992.248 төгрөг / хх-ийн 44-168/
3. 2013 оны 06 сараас 2018 оны 2 сар хүртэл хугацаанд БНСУ-руу зорчсон тийзний зардал 11.250.637 төгрөг /хх-ийн 7-8/
4. БНСУ-ын зочид будалд байрласан зардал 489.600 төгрөг / хх-ийн 157-158/ нийт
5. Сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг нийт 162.265.585 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Дүүргийн Эрүүгийн анхан шатны 2 дугаар шүүх хэргийг 2014 оны 08 сарын 27-ны өдөр хэлэлцээд 1067 дугаартай Шийтгэх тогтоолоор цагдан хоригдсон 55 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон /192,000₮:21,3=9014₮ . 9014х55 хоног = 495.770₮/ 495.770 төгрөг, Ш.Б******* ын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.2-т заасан гэмт хэрэгт хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн зардал 6.000.000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримт хуулбарлан авсан Эрүүгийн төв архивын лавлагааны үйлчилгээний хураамж 122.000 төгрөг нийт 6.617.770 төгрөг зэргийг гаргуулж нийт нэхэмжлэлийн шаардлагаас /162.265.585₮+6.617.770₮=168.883.355₮/ 168.883.355 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
8.Харин тухайн хохирол учирсан нэхэмжлэгчийн өөрийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн, түүний сэтгэцийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 2.500.000.000 төгрөг, 10 жилийн хугацаанд ажилгүй байсан хугацааны олох байсан орлого 1.000.000.000 төгрөг, нэр төр алдар хүндэд учирсан хохирол 500.000.000 төгрөг тус тус гаргуулах тухай шаардлагууд нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 148/ШШ2024/01059 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2, 498.4, 505 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 168.883.355 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш Б******* т /РД:*********/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.267.745.754 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form