Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

 

О.Ууганхүүд холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Н.Доржсүрэн, шүүгдэгч О.Ууганхүү түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг, Ж.Энхжаргал, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой О.Ууганхүүд холбогдох эрүүгийн 201721000005 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1988 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй Их монгол овогт Очирхүүгийн Ууганхүү нь  2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах явцдаа иргэн Л.Батболдын нуруун тус газар нь хутгалж, бие махбодид нь хөнгөн  зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх “ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Ууганхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Их монгол овогт Очирхүүгийн Ууганхүүг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганхүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 144000 /нэг сая дөрвөн зуун дөчин мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганхүү нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, шүүгдэгч О.Ууганхүү нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж” шийдвэрлэжээ.

            Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүгдэгч О.Ууганхүү нь 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах явцдаа иргэн Л.Батболдын нуруун тус газар нь хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь гэрчүүдийн мэдүүлгүүд болон хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 30 дугаар шийтгэх тогтоолыг судалж үзэхэд шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна, 284.3 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ гэсэн заалт, мөн хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл, шалтгааныг тодорхойлно гэсэн заалтуудыг ноцтой зөрчиж шүүгдэгч О.Ууганхүү нь танхайн гэмт хэрэг үйлдээгүй болох нь ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгаа болохыг тайлбарлан дүгнээгүй байж үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулсан. Мөн шийтгэх тогтоолын 2 дугаар хуудсанд шүүгдэгч О.Ууганхүүгийн шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн тал хэсэг нь байхгүй, 3 дугаар хуудасны эхлэл хэсэгт хэний мэдүүлэг болох нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй шийтгэх тогтоолыг гардуулсан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд биеийн байдал сайжирсан.

Хохирогчийн зүгээс шүүгдэгчийг хорих ялаар шийтгүүлэх хүсэлгүй  байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль хууль зүйн үндэслэлтэй гарсан тул шүүх эрх хэмжээний хүрээнд шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Прокурор нь гэрч нарын мэдүүлгээс өөрт ашигтай хэсгийг түүж, шүүгдэгчийг яллаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны өгөөд үндэслэл бүхий гарсан бах тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Оюунчимэг: Уг гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлйин 181.1-т заасан гэмт хэргийн обьект нь үгүйсгэгдэж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуулийн шаардлага хангахгүй байх тул танхайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

             Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь :

            Прокуророос О.Ууганхүүг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрах явцдаа иргэн Л.Батболдын нуруун тус газар нь хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэлд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх хүлээн авч шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2-т  заасан “ Шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх бөгөөд удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ “ гэсэн заалтыг зөрчсөн ноцтой алдааг гаргасан байх  бөгөөд энэ нь эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн 322 дугаар зүйлийн 322.1-д заасан зөрчил гэж үзэх үндэслэл болж байна.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг нь  байхгүй байгааг дурдах нь зүйтэй байна./ 2-р хх-н 86-98 /

            Мөн прокурорын О.Ууганхүүгийн ялыг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн гэж бичсэн эсэргүүцэлд  хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир дүгнэлт өгөөгүй болно.

            Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг өөр шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон давж заалдах шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

            1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг өөр шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг шүүхэд очтол О.Ууганхүүг  урьд батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээнд нь хэвээр байлгасугай.

            3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт зааснаар энэ магадлал нь нэн даруй заавал биелэгдэх бөгөөд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ

                        

                                                                                               Б.ДАМБА