Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ХШТ/97

 

М.С нарын 10 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай, шүүгдэгч Д.Эн, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал, шүүгдэгч М.С, Д.Г, тэдний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Цагаандарь, шүүгдэгч Б.О, Б.От, тэдний өмгөөлөгч Э.Гомбо, шүүгдэгч Д.Э, Д.Б, тэдний өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Г.Орхон, шүүгдэгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дүгээр цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар магадлалтай, М.С, Б.О, Б.От, Б.З, Т.Б, Т.У, Д.Б, Д.Г, Д.Э, Д.Эн нарт холбогдох 2202000000452 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б, Д.Э нарын өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч М.С-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Г.Орхон, шүүгдэгч Б.О, Б.От нарын өмгөөлөгч Э.Гомбо, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн ..... оны ..... дугаар сарын .....-ны өдрийн .... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, М.С,

2. Монгол Улсын иргэн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Б,

3.Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.У,

4.Монгол Улсын иргэн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Г,

5.Монгол Улсын иргэн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т.Б,

6.Монгол Улсын иргэн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Э,

7.Монгол Улсын иргэн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.З,

8.Монгол Улсын иргэн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.О,

9.Монгол Улсын иргэн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.От,

10.Монгол Улсын иргэн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Эн,

Шүүгдэгч М.С нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт .... УЧ улсын дугаартай чиргүүл чирсэн Mercedes Benz Actros 963-4-A загварын тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явах үедээ түр саатуулсан Замын зохицуулагч цагдаа Ц.Б-д өөрийн үйлдлийг шалгуулахаас зайлсхийх зорилгоор бэлэн мөнгө санал болгож хахууль өгөхийг завдсан,

Шүүгдэгч Д.Б-н хатгаснаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.У, мөн аймгийн цагдаагийн газрын дарга Д.Г, дэд дарга Т.Б, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.З, экологийн мөрдөгч Б.О, байцаагч Б.От нар үйлдлээр нэгдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж М.С-н гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан дээрх үйлдлийг хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулан шалгалгүй явуулж хууль бус давуу байдал бий болгосон,

Мөн шүүгдэгч Д.Г, Д.Э, Д.Эн нар 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд согтуугаар .... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөнд оролцсон Г.Э-д хариуцлага тооцохгүйгээр явуулж хууль бус давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд М.С, Б.О, Б.От, Б.З, Т.Б, Т.У, Д.Б, Д.Г, Д.Э, Д.Эн нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатган, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эн, Д.Г нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж заасныг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О, Б.От, Б.З, Т.Б, Т.У, Д.Б, Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б, Д.Э нарын өмгөөлөгч Г.Буянбадрал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасныг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна. Магадлалаар миний үйлчлүүлэгч Д.Б, Д.Э нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, давж заалдах шатны шүүх хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж, нэг магадлалаар өөр өөр зөрүүтэй тайлбар дүгнэлтийг хийж, зарим цагаатгагдсан этгээд буюу миний үйлчлүүлэгч Д.Б-д холбогдсон үйлдэл холбогдлын талаар нэг ч дүгнэлт хийгээгүй атлаа түүнд холбогдох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

1.Анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээд Д.Б-н тухайд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “бусдад давуу байдал бий болгосон” гэх шинж тогтоогдохгүй талаар:

1.1.Шүүгдэгч М.С-н үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй байхад гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй этгээдийг шалгалгүй явуулсан гэх үйлдэл нь түүнд давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй. Харин ч хийх ёстой үйлдлээ хийсэн буюу гэмт хэрэг, зөрчил гаргаагүй этгээдийг цагдаагийн албан хаагчийн хувьд хүндрэл чирэгдэл, хүнд суртал үзүүлэлгүйгээр явуулсан нь харин ч ажлаа мэддэг этгээдийн хийж буй үйлдэл гэж үзэхээр байхад давж заалдах шатны шүүхээс “бусдад давуу байдал бий болгосон” шинжгүй гэсэн хууль зүйн дүгнэлтэд няцаалт хийгээгүй, хууль хэрэглээний хувьд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар дүгнэлтийг магадлалд тусгаагүй байна. ... Харин ч уг хэргийн улмаас М.С нь өөрийн болон бусдын өмчлөлийн эд хөрөнгийг удаан хугацаанд битүүмжлүүлж, өөрийн ахуйн хэрэглээндээ зарцуулах гэж байсан хуучин, хуурай мод нь удаан хугацаанд нар салхи, цас бороонд ил орхигдож, ажил хийх боломжгүй түлш болж хувирсан нөхцөл байдал тогтоогддог.

Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Д.Б болон бусад этгээдэд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгохдоо анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа үйл баримт нь хэрхэн няцаагдаж байгаа, өөр бусад ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар нэг ч дүгнэлт хийгээгүй нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, түүний үндэслэлийг тусгана гэж хуульд заасныг ноцтой зөрчсөн, хуулийг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

1.2.Миний үйлчлүүлэгч Д.Б нь өөрийн танил М.С-н хэлсний дагуу “... цагдаагийн байгууллагын албан хаагчдын иргэдийг чирэгдүүлж, хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхгүй удаан хугацаанд үндэслэлгүйгээр саатуулж байгаа асуудлыг шалгуулахаар, шүгэл үлээх зорилгоор өөрийн танил Т.У-т хандаж, “танай цагдаагийн байгууллагын албан хаагчид хууль зөрчиж, хүнийг үндэслэлгүйгээр саатуулаад байгаа юм биш үү, би энэ талаар өөрөө сайн мэдэхгүй байна, чи тодруулаад өгөөч” гэж хэлснээрээ өнөөдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгч гэж цоллуулж, гэмт хэрэгт хамтран оролцсон, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд хатгасан хатгагч гэж яллагдаж байна.

Миний үйлчлүүлэгч Д.Б-г өөрийн танил Т.У-тай 22 секундийн хугацаанд утсаар ярихдаа яг юу гэж хэлсэн, гуйсан, ятгасан, хатгасан гэж үзэж буруутгаад байгаа нь огт тодорхойгүй, яллах дүгнэлтэд энэ талаар тусгаагүй. Зөвхөн утсаар ярьсан байна гээд буруутгаад байдаг.

Д.Б нь Т.У-ыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн гэж үзвэл яг ямар байдлаар өөр сонголтгүй, гэмт хэрэг үйлдэх гарцаагүй нөхцөл байдалд оруулсан бэ гэдгийг тогтоох ёстой. Гэтэл ийм үйл баримт тогтоогдоогүй бөгөөд миний үйлчлүүлэгч Д.Б нь Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорт тус аймгийн цагдаагийн байгууллагын албан хаагчийн хууль зөрчсөн, бусдад хүндрэл чирэгдэл учруулж буй үйлдлийг мэдээлснээр цаашаа ямар үр дагавар гарах, Т.У нь хэнд хэрхэн, ямар байдлаар хандах талаар мэдэх боломжгүй этгээд юм.

1.3.Давж заалдах шатны шүүхээс хийсэн зарим дүгнэлтийн талаар: ...Д.Б хэн нэгэнд хууль бус зүйл тулган шаардсан, хууль бус үүрэг чиглэл өгсөн талаарх нэг мэдүүлэг, нэг ч баримт хэрэгт авагдаагүй. ... Давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчийн үйлдэл холбогдлын талаар дүгнэлт хийж, нэг цагаатгагдсан этгээдэд холбогдох хэргийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ, бусад этгээдийн буюу миний үйлчлүүлэгч Д.Б, Т.У нарын үйлдэл тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2.Анхан шатны шүүхээс цагаатгагдсан этгээд Д.Э-д холбогдох хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн үйл баримтыг нотлон тогтоогоогүй, Д.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй талаар:

2.1.Миний үйлчлүүлэгч Д.Э нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын аварга шалгаруулах “Дуатлон”-ы тэмцээнд Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрт оролцож байсан болох нь баримтаар тогтоогддог. Гэтэл мөрдөгч, прокурор дээр хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хэрэгт ач холбогдолтой мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгээгүй, гэрчүүдээс хэрэгт хамааралтай үйл баримтыг дутуу тодруулсан, тус хэрэгт холбогдон шалгагдсан этгээдийг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт байсан эсэх үйл баримтыг тодруулаагүй орхигдуулсан нь тогтоогдсон.

Улсын яллагч нар нь шүүх хуралдаанд яллах дүгнэлтээ уншиж сонсгож, холбогдогч нараас тайлбар авч, гэрчийг асууж, нотлох баримтыг шинжлэн судалсны дараа, шүүхийн хэлэлцүүлэг явагдаж дууссаны дараа дүгнэлт гаргахдаа шүүгдэгч Д.Г, Д.Э, Д.Эн нар нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр биш, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байна гэх хууль зөрчсөн дүгнэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авах хууль зүйн боломжгүй талаар дурдаж хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх дээрх үйл баримтад дүгнэлт хийлгүйгээр тус хэрэгт холбогдсон 3 холбогдогчоос 2-ыг цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, Д.Э-д буюу гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд гэмт хэрэг гарсан газар байх боломжгүй болох нь тогтоогдсон этгээдийн үйлдлийг дахин шийдвэрлүүлэхээр буцаан шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй.

2.2.Шүүгдэгч Д.Эн-гийн гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж, бусад шүүгдэгчийг буюу Д.Э-гийн үйлдлийг нотлох боломжгүй талаар: Давж заалдах шатны шүүхээс цагаатгагдсан этгээд /шүүгдэгч/ Д.Эн-гийн тус хэрэгт яллагдагчаар татагдахаас өмнө өгсөн мэдүүлгүүдийг 100 хувь үнэн зөв гэж үзэн, Д.Эн-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, харин миний үйлчлүүлэгч Д.Э-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Давж заалдах шатны шүүх шийдвэртээ ... нэг шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар дурдсан атлаа, нэг шүүгдэгч этгээдийн тус хэрэгт гэрчээр шалгагдаж байх цаг хугацаандаа өгсөн мэдүүлгийг өөр бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй байхад Д.Эн-гийн ял шийтгэл хүлээхээс эмээж худал мэдүүлэг өгсөн эсэх, бусдын нөлөөгөөр мэдүүлэг өгч байж болзошгүй, хэргийн талаар өөрт ашигтайгаар шийдвэрлүүлэх зорилгоор мэдүүлэг өгч байж болзошгүй гэх хүчин зүйлсийг болон анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судалсан Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар нь мэдүүлэг авахаас өмнө гэрч нарыг дарамталж, “... ер нь бол дарга нарынхаа талаар л ярьж хэлэхгүй бол өөрсдөө л хохирно шүү дээ” гэж тулгасан талаар мэдүүлэг авах ажиллагааны бичлэг, Д.Эн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд “Авлигатай тэмцэх газрын мөрдөгч нь мэдүүлэг авахдаа дарамталсан, шахсан тулгасан зүйл ер нь бол байсан” гэх мэдүүлэг зэргийг үл харгалзан шүүгдэгч Д.Эн-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг 100 хувь үнэн, Д.Э нь албан тушаалын байдлаараа Д.Эн-г дарамталж, эрхшээлдээ байлгадаг байсан гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Д.Эн-д холбогдох хэргийг бусдын эрхшээлд орсон гэх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлт нь шүүгдэгч Д.Эн-гийн мэдүүлгээс өөр нэг ч нотлох баримтаар нотлогдон тогтоогдоогүй, харин ч түүний мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй болох нь баримтаар тогтоогдсон. Тухайлбал, Д.Э-ы өдөр тутмын үйл ажиллагаандаа байнга ашигладаг /ажлын дугаар/ жи мобайлын ... дугаарын орсон гарсан ярианы жагсаалт хэрэг гарсан гэх цаг хугацааг бүрэн хамарсан байдлаар хэрэгт авагдсан боловч тухайн баримтад 2022.06.21-ний өдөр Д.Г болон Д.Эн-тай яриагүй болох нь хөдөлбөргүйгээр нотлогдсон. Д.Эн-гийн гэрчээр өгсөн “Г.Э-ыг Д.Г-той ярьсныг дугаарыг нь харж мэдсэн, Г.Э нь утсаа чанга яригч дээр тавиад ярьж байсан” гэх мэдүүлгүүд нь үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны шатанд сидиг нотлох баримтаар шинжлэн судлахад гэрч Г.Э нь хэн нэгэнтэй ярьсан гэх болон утсаа чанга яригч дээр тавьсан гэх үйл баримтууд тогтоогдохгүй, Г.Э нь хэн нэгэнтэй холбогдсон, өөр хүн утсанд хариу өгсөн гэх үйл баримтгүй, гар утаснаас залгаж байгаа гэх дугаарыг харах боломжгүй болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон байдаг.

Мэдүүлэг нь хэргийн талаар мэдэж буй хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагчаас болсон үйл баримтын талаар тодруулж, тэмдэглэх байдлаар тухайн хувь хүний мэдүүлсэн үйл баримтыг тусгасан баримт болохын хувьд шууд нотлох баримтаар үнэлэх боломжгүй бөгөөд мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Түүнчлэн хэрэгт холбогдон шалгагдаж, яллагдагчаар татагдан, шүүх хуралдаанд шүүгдэгчээр оролцож буй этгээдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр бусад этгээдийн буюу бусад яллагдагчийн гэм бурууг нотолж байгаа мэтээр дүгнэлт хийж байгаа нь хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Түүнчлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь одоогоор төслийн шатанд, ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа бөгөөд хүчин төгөлдөр болж батлагдаагүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль зөрчсөн, батлагдаагүй хуулийн төслийн зохицуулалтыг ашиглан миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бус, шударга бус, шийдвэрийг гаргаж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

2.3.Гэрч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй талаар: Уг хэрэгт гэрчээр оролцсон Г.Э-ыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үйл баримтын талаар зөвхөн гэрч Б.Т-ийн мэдүүлэг байдаг бөгөөд өөр баримтгүй. Гэрч Д.Эн мэдүүлэхдээ Б.Т-ийн дуудсанаар очиход Г.Э нь замын хөдөлгөөнд оролцоогүй байсан, түүнийг очсоноос хойш ч замын хөдөлгөөнд оролцоогүй байсан талаар тодорхой мэдүүлсэн байдаг.

Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх цаг хугацаанд түүнийг согтуурал шалгах тандагч багажаар шалгаагүй, түүний цуснаас дээж авч шинжлүүлээгүй нь гэрч Г.Э-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг нотлон тогтоогоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүйгээс гадна түүнийг замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нэг ч баримтаар тогтоогдоогүй. Түүний хувьд тээврийн хэрэгслийн гадна зогсож байсан дүрс бичлэг байгаагаас бус машин жолоодсон, жолоодох үйлдэл хийсэн, замын хөдөлгөөнд оролцсон гэж үзэх нэг ч баримтгүй бөгөөд энэ талаар ч цагаатгагдсан этгээд Д.Эн гэрч, яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгт “... намайг очиход тухайн хүн бол машиныхаа гадна зогсож байсан” гэж тодорхой мэдүүлсэн байдаг. Дээрх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Э.Н-ээс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Г.Э-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй болох нь гэрч, холбогдогч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож, Г.Э-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, зөрчлийн шинжгүй байх тул зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв” хэмээн, гомдол гаргагч АТГ-ын комиссар Ж.Б-д мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх ба гомдол гаргагчийн зүгээс эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн зөвшөөрч прокурорт гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд миний үйлчлүүлэгч Д.Б, Д.Э нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалаас Д.Б, Д.Э нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч М.С, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Нийслэлийн прокурорын газраас миний үйлчлүүлэгч М.С-г Замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Б-д ахыгаа явуулчих, ах нь 500,000 төгрөг өгье, 1,000,000 төгрөг өгье гэж хэлсэн гэх үйлдлээр Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан. Гэтэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд гэрч Ц.Б-ын гэрчээр өгсөн мэдүүлгээс өөр нэг ч нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд яллах дүгнэлтэд тусгагдаагүй.

Гэрч Ц.Б-ын мэдүүлэг нь өөр бусад эх сурвалжаар нотлогдон тогтоогдоогүй ба харин ч үгүйсгэгддэг. Тухайлбал, гэрч Ц.Б нь болсон гэх үйл баримтын талаар 102 дугаарт холбогдож, мэдээлэл гаргахдаа хуучин мод тээвэрлэсэн тээврийн хэрэгсэлтэй холбоотой асуудлыг шалгуулах шаардлагатай байгаа талаар мэдээлснээс бус, өөрт нь мөнгө өгөхийг санал болгосон гэх үйл баримтыг огт дурдаагүй байдаг. Гэрчийн мэдүүлэг нь өөр эх сурвалжаар нотлогдон тогтоогдоогүй бөгөөд М.С-н мэдүүлэгтэй илтэд зөрүүтэй байхад ямар ч эх сурвалжгүй, нэг гэрчийн мэдүүлэгт үндэслэн бусдыг Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Хэрэв М.С нь Ц.Б-д мөнгө өгсөн, санал болгосон үйлдэл хийсэн бол цагдаагийн албан хаагч энэ талаар цааш мэдээлэл өгч, энэхүү үйлдлийг шалгах ажиллагаа явагдах ёстой. Гэтэл ийм үйл баримт болоогүй, гэрч Ц.Б-ын мэдүүлэг нь бодитой биш гэдэг нь тогтоогдож байна. Тийм ч учраас анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч М.С-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд прокуророос миний үйлчлүүлэгчийн хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг нөхцөл байдлыг үндэслэн “М.С бизнес эрхэлдэг хүн учраас мөнгөтэй, мөнгө санал болгосон нь бодитой” гэх дүгнэлтийг хийж, төсөөллөөр буюу субъектив байдлаар дүгнэж байгаа нь илт үндэслэлгүй байна.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс М.С-д холбогдох хэргийн талаар нэг ч дүгнэлт хийгээгүй, энэ талаар магадлалд тусгаагүй атлаа М.С-г цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

Магадлалд М.С-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээс цагаатгасан асуудлаар нэг ч дүгнэлт хийгээгүй атлаа М.С-г цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хууль бус үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын миний үйлчлүүлэгч М.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Д.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Д.Г-т холбогдох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд давуу байдал бий болгосон хэргийн тухайд Д.Г-той утсаар ярьсан эсэх нь баримтаар тогтоогдоогүй. Мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буюу хэрэгт холбогдсон этгээдүүд тухайн үед хаана, юу хийж байсан нөхцөл байдалд дүгнэлт хийж чадаагүй. Тухайн үед Д.Э Улаанбаатар хотод байсан нь тогтоогдсон учир үүрэг даалгавар өгсөн байх боломжгүй.

Д.Г нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.У-тай утсаар холбогдсон ба цагдаагийн албан хаагч зөрчилгүй тээврийн хэрэгслийг хууль бусаар саатуулсан байж болзошгүй мэдээллийг хүлээн авч Т.Б-д үүрэг өгсөн. Хэрэв зөрчилтэй машиныг хууль бусаар явуулах үүрэг өгсөн байсан бол асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдэгдэх ёстой. Гэтэл ямар нэгэн байдлаар мэдэгдсэн зүйлгүй. Т.У-ыг залгахад хүртэл “шалгах юмаа шалгана шүү дээ” гэж хэлсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн Д.Г-т холбогдох хэсгийг дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Т.У-ын өмгөөлөгч Г.Орхон хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолын Т.Ут холбогдох хэсгийг хүчингүй болгосныг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Давж заалдах шатны шүүх Т.У-т холбогдох хэргийн үйл баримтыг нотлогдон тогтоогдож байна хэмээн дүгнэхдээ чухам хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар, хэрхэн нотлогдож байгааг дүгнээгүй орхисноос гадна давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтаар огт нотлогдоогүй нөхцөл байдлыг өөрөө хийсвэрлэн дүгнэж байгаа нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

2.Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болох “давуу байдал” гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т зааснаар албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд бий болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор хуульчилсан байдаг. Гэтэл М.С мод тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэрэг болон зөрчлийн шинжгүй гэдэг нь хэрэгт авагдсан прокурорын тогтоол болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хөдөлбөргүй нотлогдсон. Нэгэнт М.С-н мод тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэрэг ч биш, зөрчил ч биш тохиолдолд тухайн хүнийг саатуулах буюу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгалгүйгээр явуулсан нь хэн нэгэнд эдийн болон эдийн бус давуу байдал олгохгүй гэдэг нь илэрхий байхад давж заалдах шатны шүүхээс цагдаагийн байгууллагын ажилтнууд чухам хэнд, ямар хууль бус давуу байдал үүсгэж, улмаар Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн тухайн зүйл, заалтын агуулгыг хэт ерөнхий болгож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.Давж заалдах шатны шүүхийн “... шүүгдэгч Д.Г-ийг шүүгдэгч Т.Б яллагдагчаар татагдсан үедээ өгсөн мэдүүлгээр буруутгаж байгаа ба өөр бусад баримтуудаар нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй байгаа нь тогтоогдлоо, ...түүнчлэн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болох хэдий ч уг мэдүүлэг дангаараа бусдыг яллах үндэслэл болохгүй ...” гэсэн дүгнэлттэй өмгөөлөгчийн зүгээс 100 хувь санал нийлж байгаа ба үнэхээр тухайн хэрэгт шүүгдэгч Д.Г-ийн гэм бурууг нотолсон баримт байдаггүй тул түүнийг цагаатгасан шийдвэр хуульд нийцсэн талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон.

Т.У нь тухайн үед хэрэгт холбогдсон бусад цагдаагийн ажилтнуудтай огт холбогдоогүй болох нь цагдаагийн албан хаагчдын мэдүүлэг болон утасны ярианы жагсаалт зэрэг олон нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогддог. Д.Гийн гэм буруугүй нь хангалттай нотлогдсон болохыг давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн тул Т.У нь Д.Г-оор дамжуулан цагдаагийн ажилтнуудад нөлөөлсөн гэх нөхцөл байдал шууд үгүйсгэгдэж байгааг давж заалдах шатны шүүхээс дүгнэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэхээс аргагүй байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын Т.У-т холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.О, Б.От нарын өмгөөлөгч Э.Гомбо хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч, хууль сахиулагч дээд шатны албан тушаалтны бичгээр, амаар өгсөн заавал биелүүлэх тушаал даалгаврыг хууль бус болохыг мэдэх боломжгүй, мэдэлгүйгээр биелүүлж энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж хуульчилсан байх бөгөөд миний үйлчлүүлэгч Б.О, Б.От нар нь Цагдаагийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Түр саатуулах арга хэмжээг авч цагдаагийн газар руу явж байх үед шууд удирдах албан тушаалтан буюу экологи хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.З нь залгаж “тухайн тээврийн хэрэгсэлд ачсан мод нь хуучин, гарал үүслийн гэрчилгээтэй юм байна, энэ талаар дарга, прокуроруудад танилцуулсан, бичиг баримтаа үзүүлнэ гэж байна” гэж мэдэгдсэний дагуу М.С-г бичиг баримтаа шалгуулаад цааш явахыг анхааруулж, дээд шатны албан тушаалтны амаар өгсөн тушаал, даалгавар нь хууль ёсны мөн эсэхийг мэдэх зорилгоор цагдаагийн газар руу явсан байдаг.

Б.О, Б.От нарын тухайд албаны эрх ашгийн эсрэг үйл ажиллагаа явуулаагүй, мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн үйлдэлгүй, тухайн мод тээвэрлэн явсан жолооч М.С-г танихгүй, түүнд амлаж давуу байдал бий болгож бусдын эрхийг хязгаарлаагүй, мөн албан үүргээ зориуд хэрэгжүүлээгүй зүйл огт байхгүй бөгөөд өөрт нь хяналт тавих эрх бүхий прокурор, шууд удирдах албан тушаалтнуудын өгсөн шийдвэр, тушаалыг биелүүлсэн ба тухайн тушаал нь хууль ёсны мөн эсэхийг тодруулахаар цагдаагийн газар руу явсан. Учир нь Цагдаагийн албаны тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан алба хаагчийн хориглох зүйл буюу 69.1.9-д удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзахыг хориглосон байдаг. Б.О, Б.От нарын хувьд тухайн шийдвэр нь хууль ёсны мөн болохыг шалгах боломжгүй байсан.

Мөрдөгч, прокурор нь гэмт хэргийн үйлдлийн учир шалтгаан, үйлдэгч этгээдийн санаа зорилгыг үл хайхран хууль тогтоомж зөрчсөн гэдэг ганцхан үндэслэлээр нийтийн албан тушаалтныг чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэрэгт буруутган ял шийтгэл оногдуулахаар зөвхөн яллах талыг баримталж байна.

М.С-н гаргасан үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй үйлдлийг бүртгэх, тоо бүртгэлд оруулах ажиллагааг хуулиар бус Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам код 202-оор зохицуулдаг бөгөөд олон нийтэд илэрхий баримт болох Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /ЦБҮАЖ/-ыг зөрчсөн албан хаагчид Цагдаагийн албаны тухай хууль болон Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэмд зааснаар сахилгын зөрчил гаргасанд тооцон сахилгын шийтгэл оногдуулахаар зохицуулсан байна. Б.О, Б.От нарын хувьд хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл байхгүй бөгөөд М.С-н үйлдлийг тоо бүртгэлд хугацаа алдаж оруулсан үйлдэл нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг зөрчиж, сахилгын зөрчил гаргасан үйлдэл юм.

Иймд магадлалыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Т.У хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Миний бие бусдад ямар нэгэн давуу байдал олгох хууль бус үүрэг чиглэлийг доод шатны прокурор болон цагдаагийн эрх бүхий албан хаагч нарт өгсөн үйлдэл огт гаргаагүй. Харин танил Б-гаас “манай дүүгийн унаж яваа тээврийн хэрэгслийг замын цагдаа саатуулаад явуулахгүй удаагаад байгаа нь ямар шалтгаантайг тодруулаад өгөөч” гэж утсаар ярьсны дагуу цагдаагийн алба хаагчийн зүгээс гадаад дугаартай тээврийн хэрэгслийг ямар шалтгаанаар саатуулаад байгааг тодруулж, хууль журмын дагуу шалгаж шийдвэрлүүлэхийг өөрийн орлогч прокуророор ажиллаж байсан Д.Ба-д утсаар ярьж хэлсэн.

Дээрх асуудлаар 2023 оны 12 дугаар сарын 13-наас 18-ны хооронд УЕПГ-аас дотоод хяналт шалгалт хийж, орлогч прокурор Д.Ба бид хоёрыг прокурорын ёс зүйн дүрэм зөрчиж, нөлөөллийн мэдүүлэг гаргаагүй гэж үзээд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр УЕПГ-ын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаас орлогч прокурор Д.Ба-д албан тушаал бууруулах, надад өөр төрлийн сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл Нийслэлийн прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр намайг яллагдагчаар татаж, гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх танилцуулгыг үндэслэн УЕП-оос 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр прокурорын бүрэн эрхийг минь түдгэлзүүлснээр би эрүүгийн хэргийн яллагдагч, ёс зүйн зөрчил гаргагч болж эрх зүйн байдал маань дордсон.

2.Авлигатай тэмцэх газар нь бусдаас өгсөн мэдээллийн дагуу энэхүү асуудлыг шалгахдаа анхнаасаа зохион байгуулалттай, хэт нэг талыг барьж мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. М.С-н тээвэрлэн явсан мод нь хуулийн дагуу, зохих зөвшөөрөлтэй, бэлдсэн модон материал болох нь тогтоогдож, М.С нь гэмт хэрэг, зөрчил үйлдээгүй болох нь тогтоогдсон.

Миний бие мод тээвэрлэсэн машиныг шалгалгүй шууд явуулах үүргийг хэн нэгэн албан тушаалтанд өгөөгүй. Миний орлогч прокуророор ажиллаж байсан Д.Ба-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн зөрүүтэй мэдүүлгээр намайг болон бусад холбогдогч нарыг яллагдагчаар татан шалгасан, мөн яллагдагч нарын нэгнийх нь мэдүүлгээр нөгөөг нь яллан буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Д.Б-н зүгээс надтай ярихдаа яг ямар асуудлын талаар ярьсныг нотлон тогтоосон баримт байхгүй, Д.Б бид хоёрын зүгээс хоорондоо юу гэж ярилцсан талаарх үнэн зөв өгсөн мэдүүлгийг няцаалгүйгээр өөрсдийн хийсвэр таамаглалд үндэслэн яллаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ бүрэн биелүүлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй.

3.Хэргийн нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар, үйл баримтыг сэргээн дүрслэн дүгнэлт хийхэд М.С-д, эсхүл өөр хэн нэгэн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болоогүй байна. Харин ч М.С-н ачиж явсан мод нь удаан хугацаанд нар салхи, цас бороонд ил орхигдож, ажил хийх боломжгүй түлш болж хувирсан. Давж заалдах шатны шүүх надад болон бусад этгээдэд холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгохдоо анхан шатны шүүхийн хууль хэрэглээ, гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа үйл баримт нь хэрхэн няцаагдаж байгаа, өөр бусад ямар баримтаар үгүйсгэгдэж байгаа талаар нэг ч дүгнэлт хийгээгүй нь хууль бус шийдвэр гарсан гэж үзэхээр байна.

4.Миний хувьд өөрийн танил Д.Б-тай 22 секундийн хугацаанд утсаар ярихдаа яг юу гэж ярьсан, цагдаагийн албан хаагч нарт хэрхэн нөлөөлж үүрэг өгсөн, М.С, Д.Б нарт урьдчилан юу гэж амлаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаад байгаа нь огт тодорхойгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, яллах дүгнэлтэд тусгаагүй, зөвхөн утсаар ярьсан болохоор буруутгадаг. Гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэж үзэж, гэмт хэргийн объектив талын шинж болох үйлдлийг таамаглан яллаж байгаа нь илт хууль зөрчсөн, хууль бус үйлдэл гэж үзэж байна.

5.Давж заалдах шатны шүүхээс зарим цагаатгагдсан этгээдэд холбогдох хэсгийг хэвээр үлдээсэн. Миний хувьд дээрх цагаатгагдсан этгээдтэй адил буюу хэн нэгэнд хууль бус зүйл тулган шаардсан, хууль бус үүрэг чиглэл өгсөн талаарх нэг мэдүүлэг, нэг бичиг баримт хэрэгт авагдаагүй. Гэтэл хэргийн оролцогчийн үйлдэл холбогдлын талаар дүгнэлт хийж, нэг цагаатгагдсан этгээдэд холбогдох хэргийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ бусад этгээдийн үйлдэл тогтоогдож байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр буцаасанд гомдолтой байна.

6.Энэхүү хэргийг Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас улс төрийн зорилгоор анхнаасаа хэт нэг талыг барьж намайг болон бусад этгээдүүдийг яллаж буруутгахаар мөрдөн шалгах ажиллагаа хууль бусаар явуулсан. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгийг тулгаж, эрүүдэн шүүх байдлаар авсан. Хэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагааг бүрэн гүйцэд хийж гүйцэтгээгүй, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг зориуд гаргаагүй, прокурор хууль зүйн үндэслэл бүхий цагаатгах тогтоолд хууль зүйн үндэслэлгүйгээр эсэргүүцэл бичсэн. Улс төрийн зорилгоор зориуд зохион байгуулалттай нэг талыг барьж шалгаж, Д.Б, Д.Г, Т.У нарыг гэм буруутайд тооцуулан, төрийн албан тушаалаас зайлуулах зорилго агуулсан болох нь олон нийтийн цахим сүлжээ болох тас.мн, mass.mn гэх цахим хаягуудаар шүүхийн гэмт этгээдүүдийг хаацайлж байна гэх илтэд үндэслэлгүй гүтгэлгийн чанартай мэдээлэл, шүүхийн шийдвэрлэсэн шийдвэрийг бидний дүрэмт хувцастай зургийн хамтаар олон нийтэд түгээж, шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх оролдлогуудыг удаа дараа давтан гаргасан нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.

Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалаас надад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Б хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Миний бие 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн онцгой комиссын хуралд сууж байсан. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Г нь “Аймгийн прокурор Т.У над руу яриад танай цагдаагийнхан бичиг баримттай, зөрчилгүй машин зогсоосон байна гээд яриад байна, чи холбогдож тодруулаад зогсоосон бол явуул” гэж хэлсэн. Энэ талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэн зөвөөр, тодорхой мэдүүлсэн. Мөн Дархан-Уул аймгийн орлогч прокурор Д.Ба холбогдож “Аймгийн прокурорын дарга танай даргатай ярьсан юм байна, яагаад зөвшөөрөлтэй машин зогсоосон юм бол түүнийг тодруулаач” гэж утсаар ярьж хэлсэн. Дээрх удирдах албан тушаалтнууд нь надад зөвшөөрөлтэй машиныг цагдаа нар зогсоосон тухай удаа дараа хэлж, ярьж байсан. Миний бие аймгийн прокурор Т.У-тай холбогдоогүй, харин Цагдаагийн газрын дарга Д.Г холбогдсон байгааг шүүх анхаарч үзэлгүй, дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

2.Миний бие уг асуудлыг тодруулж, экологийн асуудал хариуцсан, эрүүгийн ахлах мөрдөгч Б.З-тай холбогдож машин зогсоосон талаар лавлаж, “Зөвшөөрөлтэй, бичиг баримттай машин гэж аймгийн прокурор, орлогч прокурор, газрын дарга нар хэлж яриад байна, бичиг баримттай нь үнэн юм бол бичиг баримтад нь явуулахгүй юу” гэж дамжуулсан. Үүний дараа жолооч бичиг баримтаа авчирч өгсөн эсэхийг Б.З-аас асуухад Б.З нь “бичиг баримт авчирч өгөх хүн ирээгүй алга болсон” гэхээр нь тээвэрлэсэн гэх модонд үзлэг хийхийг жижүүрийн бүрэлдэхүүнд хэлсэн, хэргийн газрын үзлэгийг хийлгэсэн, шалгалтын ажиллагааг эхлүүлж шалгах цохолтыг миний бие хийсэн. Яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахад Б.З нь “...Б дарга өргөдөл гомдолд оруулалгүй шалгахгүй явуул гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байсан. Б.З нь өөр байдлаар ярьж мэдүүлсэн болох нь гэрч Д.Ба-ийн дахин өгсөн мэдүүлэг /3хх-70/-ээр нотлогддог. Тухайн этгээд яагаад үндэслэлгүй гүтгэж мэдүүлсэн байгааг шалгаж, тогтоолгох хүсэлтэй байгаагаа хуулийн байгууллагад илэрхийлж хүсэлт, гомдол гаргаж байсан.

3.Миний бие хэн нэгэн доод албан тушаалтанд хууль бус үүрэг өгсөн зүйл байхгүй бөгөөд дээд албан тушаалтны шаардлагын дагуу хэлж, үйл явдлыг тодруулж байсан. Мод тээвэрлэж байсан этгээдтэй ямар нэгэн байдлаар хувийн харилцаа холбоо үүсгээгүй, шан харамж аваагүй, түүнд давуу байдал үүсгээгүй. “Бичиг баримттай нь үнэн юм бол бичиг баримтанд нь явуулахгүй юу” гэж удирдлагадаа байх албан тушаалтанд дамжуулсан, тухайн хууль бусаар тээвэрлэгдэж явсан мод Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс цааш нэвтрээгүй, холбогдогч бичиг баримт, зөвшөөрлийн бичгэндээ яваад сураггүй болсныг шаардаж байж олж ирүүлсэн, холбогдогчийг олоод ирэхээр нь тээвэрлэсэн гэх модонд үзлэг хийхийг жижүүрийн бүрэлдэхүүнд хэлж хэргийн газрын үзлэгийг хийлгэсэн.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий зөв дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Т.Б-ын өмгөөлөгч Г.Ганбадрах хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болсон үйл явдлын талаар анхнаасаа үнэн зөвөөр, тогтвортой мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн өдөр миний үйлчлүүлэгч аймгийн прокурор Т.У-тай холбогдоогүй. Харин Цагдаагийн газрын дарга Д.Г түүнд хандан “... мод ачсан машин зогсоосон асуудал байгаа юм байна, тэр машин нь бичиг баримттай юм байна, асуугаад тодруул, аймгийн прокурор яриад байна” гэсэн байдаг. Мөн аймгийн орлогч прокурор холбогдож тодруулсан. Түүнчлэн шүүгдэгч Т.У нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр нотлогддог. Дээрх үйл баримтын талаар хавтаст хэрэгт тодорхой авагдсан байхад шүүх анхаарч үзэж дүгнээгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь М.С-н мод тээвэрлэсэн гэх үйлдэл нь гэмт хэргийн болон зөрчлийн шинжгүй болох нь Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдож байгаа ба уг баримт хавтаст хэрэгт авагдсан. Нийтийн албан тушаалтнуудын М.С-н үйлдлийг газар дээр нь шалгах, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх зэрэг хойшлуулшгүй ажиллагааг явуулаагүй нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй харин ажлын хариуцлагатай холбоотой сахилгын шийтгэл хүлээх асуудал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.З хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бусдад давуу байдал бий болгосон этгээдэд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байх. Миний хувьд давуу байдал үүсээгүй. Бид зөвхөн дээд шатны албан тушаалтнаас өгсөн үүргийг биелүүлсэн. Тухайн үед шалгалтын ажиллагаа явуулахад бичиг баримттай гэж байсан тул шалгалтын ажиллагааг түр хойшлуулсан юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Эн-гийн өмгөөлөгч С.Тэгшжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатын шүүх Д.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн болон процессын дүгнэлтийг хангалттай хийсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгасан үндэслэлд нэмж дүгнэлт хийхдээ эргэлзээгүй, нотлох баримт хүрэлцээтэй болохыг дүгнэсэн учир Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 381 дүгээр цагаатгах тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар магадлалын Д.Эн-д холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.Г-ийн өмгөөлөгч Д.Цагаандарь хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын гаргасан эсэргүүцлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Г-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хууль бусаар мод тээвэрлэсэнтэй холбоотой хэргийн хувьд Д.Г ганцхан дуудлага авснаар яллагдагч болсон. Өөрөөр хэлбэл, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн прокурор “цагдаагийнхан транзит машиныг саатуулсан байна, шалгадаг болчихоо юу” гэж утсаар ярьсан. Улмаар Д.Г дэд дарга Т.Б-д “саатуулагдсан машиныг шалгаж тодруул” гэж хэлсэн үйл баримт болсон. Тэгэхээр саатуулагдсан машины талаар утсаар болон биечлэн хүнтэй яриагүй болох нь утасны ярианы лавлагаа, гэрч Т.У, Т.Б нарын мэдүүлгээр тогтоогддог. Үүнээс харахад Д.Г ямар нэгэн ашиг сонирхлын үүднээс хүсэж үйлдсэн, эрх мэдлээ ашиглах сэдэлт, субъектив санаа зорилгогүй, шалгахгүй явуулах идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь харагддаг. Энэ талаар Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд болон байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах санаа сэдэл агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг тодорхойлсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилгыг заавал нотолсон байхыг шаарддаг. Гэтэл Д.Г-т гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа, зорилго байсан эсэхийг тогтоохгүйгээр зөвхөн утасны дуудлагыг авсан байдлаар ялласан нь Авлигын эсрэг НҮБ-ын конвенц болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Аливаа гэмт үйлдэл нь хүний идэвхтэй үйл ажиллагаа төдийгүй, түүндээ сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан, ямар хүсэл зорилго сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг. Гэтэл прокурор энэ бүхэнд үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр зөвхөн утсанд ирсэн дуудлагыг авсан нь гэм буруутай байж болох таамаглалд үндэслэн яллаж буй нь хууль зүйн үндэслэлгүй.

Прокурорын эсэргүүцлээс үзэхэд Д.Г нь энэ гэмт хэрэгт холбогдолгүй болох нь харагддаг. Учир нь хүнийг яллахдаа хэн гэдэг алба хаагчид, ямар хууль бус үүрэг даалгавар өгсөн гэдгийг тодорхой дурдаж нотлох ёстой гэж үзэж байна. Гэтэл Д.Г-ийн “шалгаж тодруул” гэж хэлсэн ганц өгүүлбэр нь ямар нэг хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэхээргүй байна. Ер нь бол мод тээвэрлэж буй машин бүрээс гарал үүслийн гэрчилгээ шаарддаг бөгөөд гэрчилгээгүй бол зөрчил гэж үзэх буруу хандлагаас салах хэрэгтэй. Алба хаагчид гарал үүслийн гэрчилгээг хэрхэн, яаж, хэдий хугацаагаар олгодог, хугацаа дууссан бол дахин олгох боломжтой эсэхийг судалсан бол энэ асуудал үүсэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, зохих журмын дагуу өөрийн эзэмшил, өмчлөлд мод, модон материалыг захиран зарцуулах зорилгоор нэг газраас нөгөө рүү тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ авч явах шаардлагагүй бөгөөд үүнийг зөрчлөөр шалгах үүрэг үүсэхгүй юм. Экологийн цагдаагийн албан хаагч хуурай мод ачиж явсныг мэдүүлсэн ба шалгах шаардлагагүй байсан зүйлийг шалгах ёстой мэтээр, шалгах үүргээ биелүүлэхгүйгээр давуу байдал олгосон гэж буруутгах үндэслэлгүй. М.С-н тээвэрлэж явсан мод гэмт хэргийн болон зөрчлийн хэргийн шинжгүй болохыг нотолсон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол хэрэгт авагдсан. Эдгээр нөхцөл байдал нь М.С-д давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг харуулж байна.

Түүнчлэн Д.Эн, Б.Т нарын “Г.Э гэх хүн утсаараа хурандаа хурандаа гэж яриад байсан болохоор манай газрын дарга Д.Г руу ярьж байна гэж бодсон” гэх мэдүүлгийг нотлох баримт болгон Д.Гийг ялласан. Гэтэл хэрэгт Г.Э, Д.Г нарын утасны лавлагаа, Д.Э, Д.Эн, Б.Т, Г.Э-ын нарын бүртгэлтэй дугааруудад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Г.Э, Д.Г руу яриагүй болох нь тогтоогддог. Мөн Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э Д.Г-оос ямар нэгэн үүрэг, даалгавар аваагүй гэдгээ мэдүүлсэн. Дээр дурдсан зөрүүтэй нотлох баримтууд байсаар байтал Д.Эн, Б.Т нарын таамагласан мэдүүлгүүдээр Д.Г-ийг яллаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нар хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасныг үндэслэн эсэргүүцэл бичиж байна.

1.Давж заалдах шатны шүүхийн магадлал ойлгомжгүй төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

1.1.Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт ойлгомжгүй, анхан шатны шүүх хэргийг бүхэлд нь цагаатгасан байхад цагаатгах тогтоод өөрчлөлт оруулсан гэж ойлгогдохоор, гэтэл зарим шүүгдэгчийг цагаатгасныг хүчингүй болгосон атлаа дахин хэлэлцэх эсэх нь тодорхойгүй, цагаатгах тогтоол хүчинтэй мэтээр ойлгомжгүйгээр бичигдсэн байна. Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр зөрчилтэй бол хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах ёстой. Гэтэл магадлалд аль алиныг нь хэрэглэсэн нь буруу бөгөөд энэхүү шийдвэрийг зөвтгүүлэх нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөөгүй /Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдээгүй/ байхад хуулийн төслийг удирдлага болгон дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд илтэд зөрчилтэй, хариуцлагагүй үйлдэл болжээ.

1.2.Магадлалд “... Т.У нь Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байхдаа бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслийг саатуулан зогсоож хуульд заасан үйл ажиллагаа явуулж байсан Цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудад “... Аймгийн прокурор шаардаж байна” гэсэн агуулга бүхий өнгө аясаар хөндлөнгөөс нөлөөлж, хэргийг шударгаар шийдвэрлэхэд саад болж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна” гэж дүгнэсэн атлаа мөн “... шүүгдэгч Д.Г-ийг шүүгдэгч Т.Б-ын яллагдагчаар татагдсан үедээ өгсөн мэдүүлгээр буруутгаж байгаа ба өөр бусад баримтуудаар нотолсон нэг ч баримт хэрэгт байхгүй байгаа нь тогтоогдлоо” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, харилцан нэгнээ үгүйсгэсэн дүгнэлтийг хийжээ.

Хавтаст хэрэгт Т.У нь Д.Г руу тээврийн хэрэгсэл саатуулан зогсоосон байгаа талаар ярьсан, уг асуудлыг Д.Г нь албан хаагчид хэлсэн нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, ингэснээр М.С-д давуу байдал бий болгох нөхцөл боломж бий болгосон гэмт хэргийн шалтгаант холбоо байсаар байтал Д.Г-ийн үйлдлийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Д.Г-ийн Дархан-Уул аймгийн “Д” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Г.Э-ын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 13 цагийн үед Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт албаны тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Б.Т, зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Д.Эн нар нь илрүүлэн шалгаж байх явцад нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж зөрчил гаргагч Г.Э-ын утсаар ярьсны дагуу албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчдад хууль бус үүргийг Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Э-гаар дамжуулан өгч, зөрчил гаргагч Г.Э-ыг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгуулж, хариуцлага тооцуулахгүйгээр явуулж түүнд давуу байдал бий болгосон гэх үйлдэлд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т заасан ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлд хамаарч байна.

2.Цагаатгах тогтоолыг давж заалдах шатны шүүх бүхэлд нь хүчингүй болгоогүй тул цагаатгах тогтоолд хийсэн хууль зүйн үндэслэлийг мөн зөвшөөрөхгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хэргийн үйл баримтын тухайд М.С-н талаар эрх бүхий албан тушаалтнууд нь хоорондоо ярилцаагүй байсан бол бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл гаргасан иргэдийн адил тухайн цаг хугацаандаа зохих бүртгэлд бүртгүүлэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгуулах ёстой байхад өөрийн танил, бусдын албан тушаалын байдлыг ашиглан тухайн цаг хугацаандаа шалгуулахгүйгээр явж өөртөө давуу байдал олж авсан, харин Т.У, Д.Г, Т.Б, Б.З, Б.О, Б.От, Д.Б нар нь шалгуулахгүй явуулах үүрэг өгснөөрөө бусдад давуу байдал олгосон гэж үзнэ.

Авлигын гэмт хэргийн шинж нь гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдаг онцлогтой бөгөөд албан тушаалтнууд нь алагчлал, ялгаварлал гаргаж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ижил тэгш, шударгаар шалгуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эсхүл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдах процессыг алдагдуулж, М.С-г явуулсан нь давуу байдал бий болгох гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхад шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад эд зүйл, мөнгө, хөрөнгө санал болгож хэлснээр хангагдах юм.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн байгууллагын албан хаагч Ц.Б нь өөрт нь хахууль өгөхөөр санал болгосон талаар шууд мэдүүлдэг бөгөөд гэрч Ц.Б, шүүгдэгч М.С нарын дунд урьдын өс хонзон, өр авлагын асуудал байхгүй, гэрч Ц.Б нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж худал, мэдүүлэх, гүтгэх талаар санаа зорилго агуулаагүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогддог бөгөөд шүүх үүнийг үгүйсгээгүй. Шүүхээс шүүгдэгч М.С-д тухайн санал болгосон мөнгө нь байсан эсэхийг тогтоогоогүй байна гэж дүгнэсэн. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар буюу М.С-н харилцах банкны дансны хуулгаар, шүүгдэгч нь тус санал болгосон мөнгийг өгөх боломжтой, санхүүгийн чадвартай болох нь тогтоогдсоныг шүүх үнэлээгүй зөвхөн тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн биед болон тээврийн хэрэгсэлд мөнгө нь бэлнээр байх ёстой, түүнийг мөрдөн шалгах ажиллагаагаар бэхжүүлэн нотлох зайлшгүй шаардлагатай гэсэн өрөөсгөл дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх “... үйлдэл нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч Д.Э нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт байгаагүй, гэрчийн мэдүүлэг өгсөн Ю.Б нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын даргын баталсан “Алба хаагчдын үүрэг гүйцэтгэх хуваарь” зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдаагүй бичгийн нотлох баримтуудыг гарган, шинжлэн судалсан бөгөөд тухайн баримтуудаар Г.Э-д 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байдаг. Улсын яллагчийн зүгээс гэрчүүдийн мэдүүлснээр 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэсэн ч шүүх хуралдаанаар 06 дугаар сарын 23-ны өдөр тухайн үйл явдал болсныг хүлээн зөвшөөрч ялласан, гэмт хэрэг гарсан, үйл баримт нотлох баримтаар тогтоогдсон байхад шүүх тухайн өдөр болоогүй гэж дүгнэсэн нь өрөөсгөл юм.

Нөгөөтээгүүр гэмт хэрэг нотлогдсон байхад цагаатгах тогтоолд гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд ийнхүү нотлогдсон хэргийг цагаатгасан шүүхийн шийдвэр хүчинтэй болсноор хууль хэрэглээний буруу практик жишиг тогтох нөхцөл байдал үүсэх боломжтой тул шийдвэрийг хүчингүй болгуулах нь хууль хэрэглээний зөв жишиг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилгүй байна.

Шүүх хуралдаанд оролцож буй прокурорын хувьд Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүх илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосон хэдий ч Д.Г, Д.Эн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүгдэгч нарын үйлдэл яагаад гэмт хэрэг болж байгаа талаар товч дүгнэхэд, М.С-д давуу байдал бий болсон. Энэ давуу байдал нь М.С нь Д.Б-г таньдаг, Д.Б нь аймгийн ерөнхий прокурор Т.У-ыг таньдаг, хамт ажиллаж байсан, Т.У нь албан тушаалын хувьд аймгийн Цагдаагийн газраас явуулж байгаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьдаг эрх, нөлөөгөө ашиглаж цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудад нөлөөлсөн. Үүний улмаас М.С зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн мод тээвэрлэсэн эсэхийг шалгуулахгүй явж давуу байдал олж авсан. Дээрх үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, төрийн албаны хууль дээдлэх зарчим зөрчигдсөн. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээ зөрчигдөж, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгах эрх, үүрэг бүхий цагдаагийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан зэрэг нь авлигын гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Өөрөөр хэлбэл, иргэн танил талаа ашиглаж хууль бус үйлдлээ цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй байх хүсэл зоригоо илэрхийлсэн, үүний дагуу прокурор, цагдаагийн байгууллагын удирдлагууд гүйцэтгэх албан тушаалтанд шууд нөлөөлж иргэний хүсэл зоригийг гүйцэлдүүлсэн. Уг нөхцөл байдалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон.

Харин шүүгдэгч Д.Г, Д.Эн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй болсон. Шүүгдэгч Д.Эн-гийн хувьд удирдлагаас өгсөн хууль бус шийдвэрийг биелүүлэхгүй байх, энэ талаар эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. Гэтэл уг эрх, үүргээ хэрэгжүүлээгүй. Энэ ч утгаараа албадлага эрхшээлд автсан гэж үзэх үндэслэлгүй. Хурал зөвлөгөөн дээр удирдлагын зүгээс дарамталсан шинжтэй зүйл ярьдаг, үүрэг даалгавар биелүүлэхгүй бол гадуурхдаг гэж мэдүүлснийг нь шүүх албадлага, эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүгдэгч Д.Г-ийг зөвхөн шүүгдэгч Т.Б-ын мэдүүлгээр буруутгасан ба шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж дүгнэж цагаатгасан. Гэвч гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд аймгийн ерөнхий прокурор Т.У, аймгийн Цагдаагийн газрын дарга Д.Г нар холбогдсон, уг асуудлаар ярилцсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Ба, шүүгдэгч Д.З нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, мөн Д.Г, Т.У нарын гар утасны ярианы түүхчилсэн лавлагаагаар нотлогдсон. Мөн давж заалдах шатны шүүх Д.Г-ийн Г.Э-д давуу байдал бий болгосон үйлдэлд огт дүгнэлт хийлгүйгээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болоогүй.

Дараагийн зүйл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал тээвэрлэсэн үйлдлийн улмаас эрх зүйн ямар үр дагавар үүсэх талаар товч дурдъя.

Мод, модон материал тээвэрлэж байгаа этгээд нь тухайн модыг зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн болохыг нотлох үүрэгтэй. Үүнийг нотлох баримт нь гарал үүслийн гэрчилгээ юм. Зохих зөвшөөрлийн дагуу бэлтгэсэн модыг гарал үүслийн гэрчилгээгүй тээвэрлэсэн бол Зөрчлийн тухай хуульд заасан “Ойн тухай хууль тогтоомж зөрчих” зөрчил болно. Зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модыг тээвэрлэсэн бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болно. М.С-н гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материал тээвэрлэсэн үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн аль нь болохыг эрх бүхий этгээд шалгах эрхтэй, мөн үүрэгтэй.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн А-153 дугаар тушаалаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, 6 дугаар зүйлийн 6.4, 6.6 дахь заалтуудаас авч үзвэл, мод, модон материал тээвэрлэж байгаа этгээд гарал үүслийн гэрчилгээг биедээ заавал авч явах үүрэгтэй байна. Энэ үүргээ биелүүлээгүй М.С-н үйлдэл зөрчлийн шинжтэй болох нь тодорхой харагддаг.

Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д зааснаар Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянадаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаар магадлал нь Улсын дээд шүүхээр хянагдаагүй, мөн эрх бүхий албан тушаалтан болон Захиргааны хэргийн анхан шатны шүүх М.С-н үйлдлийг зөрчил гэж дүгнэснийг анхаарах нь зүйтэй.

Прокуророос М.С-н үйлдлийг хахууль өгөх гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч хахууль өгөх гэмт хэрэг өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл амласан, санал болгосноор төгсдөг. М.С-н үйлдэл төгссөн гэмт хэрэг бөгөөд түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөх шаардлага үүсэж байгаа. Гэтэл анхан шатны шүүх “хахуульд санал болгосон 500,000, 1,000,000 төгрөг бодитой байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй” гэсэн үндэслэлээр түүнд холбогдох хэргийг цагаатгасан нь илтэд үндэслэлгүй дүгнэлт болсон. Энэ шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүх огт дүгнэлт хийгээгүй байна.

Мөн эсэргүүцэлд дурдагдсан нэг зүйл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх эрхтэй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсон бол шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлдэг хууль хэрэглээ тогтсон. Уг хэргийн хувьд давж заалдах шатны шүүх 10 шүүгдэгчтэй хэргийн 8 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж, 2 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн. Уг шийдвэрийн улмаас анхан шатны шүүх дээр хэрэг хянан хэлэлцэхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Хэргийг тусгаарлаагүй тул анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд 2 хүнд холбогдох хэргийг огт хянан хэлэлцэхгүй орхих нөхцөл байдал үүсэж байна. Хууль хэрэглээний хувьд эргэлзээтэй энэ нөхцөл байдалд Улсын дээд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхгүй бол цаашид энэ буруу жишиг тогтохоор байгааг анхаарч үзнэ үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзориг, Б.Энх-Эрдэнэ нарын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Б, Д.Э нарын өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч М.С-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Г.Орхон, шүүгдэгч Б.О, Б.От нарын өмгөөлөгч Э.Гомбо, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн М.С нарын 10 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.Прокуророос шүүгдэгч М.С-г “... гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэн явсан үйлдлээ хуулийн дагуу шалгуулахаас зайлсхийх зорилгоор тээврийн хэрэгслийг түр саатуулсан цагдаагийн алба хаагчид бэлэн мөнгө санал болгож хахууль өгөхийг завдсан” хэмээн Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Б болон Дархан-Уул аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.У, мөн аймгийн цагдаагийн газрын дарга Д.Г, дэд дарга Т.Б, экологийн асуудал хариуцсан эрүүгийн ахлах мөрдөгч Б.З, экологийн асуудал хариуцсан мөрдөгч Б.О, экологийн асуудал хариуцсан байцаагч Б.От нарыг үйлдлээр нэгдэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан М.С-н дээрх үйлдлийг хэрэг, зөрчлийн бүртгэлд оруулан шалгалгүй хууль бус давуу байдал бий болгосон”,

шүүгдэгч Д.Г, Д.Э, Д.Эн нарыг бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн орчимд согтуугаар ..... ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Г.Э-д хариуцлага тооцохгүйгээр явуулж хууль бус давуу байдал бий болгосон” хэмээн Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

3.Анхан шатны шүүх нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг бодит байдлаар нь бүрэн гүйцэд үнэлээгүй, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээлэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй нөхцөл байдал нь бусдад давуу байдал бий болгосон үйлдэл мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхийн оронд уг хэрэг явдлыг хожим шалгаж, шийдвэрлэсэн прокурорын тогтоол, шүүхийн шийдвэрийг үндэслэн “хууль бус давуу байдал бий болгоогүй” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг зөрчсөн байна.

4.Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хууль ёсны шаардлага хангаагүй гэж үндэслэл бүхий дүгнэлт хийж, 8 шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хүчингүй болгосон нь зөв болжээ.

5.Харин шүүгдэгч Д.Г, Д.Эн нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэв.

Тодруулбал, Д.Г нь гарал үүслийн гэрчилгээгүй модон материал тээвэрлэж явсан үйлдэлд зохих шалгалт явуулахгүй байх хууль бус үүрэг чиглэл өгсөн талаар Т.Б-ын мэдүүлгээс өөр нотлох баримтгүй гэж үзэхдээ прокурорын яллаж буй бусад нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүйн гадна согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон Г.Э-д шийтгэл оногдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлж, хууль бус давуу байдал эдлүүлсэн хэргийн талаар огт дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг нь прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсанаар цагдаагийн дээд шатны албан тушаалтны тушаал, даалгаврыг биелүүлсэн шинжтэй, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо хоорондоо харилцан хамаарал бүхий үйлдэл байхад зарим шүүгдэгчийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, бусдыг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй.

Мөн давж заалдах шатны шүүхээс Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэн батлаагүй Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг баримтлан шүүгдэгч Д.Эн-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасныг зөрчсөн ноцтой зөрчлийг гаргажээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон өөрчлөлтийг магадлалд оруулж, цагаатгах тогтоолыг хэвээр үлдээхийг хүссэн шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 381 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай” гэж өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгох талаар шүүгдэгч Д.Б, Д.Э нарын өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүгдэгч М.С-н өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Т.У, түүний өмгөөлөгч Г.Орхон, шүүгдэгч Б.О, Б.От нарын өмгөөлөгч Э.Гомбо, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                    М.ПҮРЭВСҮРЭН

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Ч.ХОСБАЯР

Б.ЦОГТ