Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0364

 

“МЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                      

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шийдвэртэй, “МЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсэгт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шийдвэрээр: Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “МЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсэгт холбогдох “Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “МЭЭ” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: “ ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2020/0204 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2 дугаар зүйлд заасан шийдвэр нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “хавтаст хэрэгт авагдаагүй буюу “шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй” баримтыг үнэлсэн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх заалтыг зөрчсөн.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гол үндэслэл нь хариуцагч Эрчим хүчний яамны Цахилгаан, дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн үйл ажиллагаандаа баримталж байсан Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг хүчин төгөлдөр бус болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх  тогтоосон гэх үйл баримт юм.

Тодруулбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэгт: “МЭЭ” ХХК-аас Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ” гэжээ.

Гэтэл дээрх шийдвэр шүүх хуралдаан болох өдөр бичгийн хэлбэрээр гараагүй, шийдвэрийн дугаар ч тодорхойгүй байсан. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэр хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй.

Хэрвээ шүүгч өөрөө нотлох баримтын эх сурвалж болох буюу өөрт байгаа мэдээллээрээ хэргийг шийдвэрлээд байвал юу болох вэ?

Шүүгч шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т “шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болно” гэж заасан боловч тус хуулийн 34.4 дүгээр зүйлд зааснаар “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110.1, 110.1.1 дүгээр зүйлд заасны дагуу “хуулийн хүчин төгөлдөр болоогүй” байсан шийдвэрийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон буюу өөр бусад баримтаар нотлохгүйгээр шууд нотлох баримтаар үнэлсэн нь хууль бус гэж үзэж байна.

Хэдийгээр Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон ч тухайн журам хүчин төгөлдөр бус болсноор Эрчим хүчний яамны цахилгааны, дулаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсэг татан буугдаагүй.

Татан буугдсан тухай баримт хавтаст хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх зөвхөн дээр дурдсан Давж заалдах шатны шүүхээс журмыг хүчин төгөлдөр бусад тооцсон байна лээ гэдэг үйл баримтад үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг зөрчсөн.

2. Нэхэмжлэгч нь нотлох баримтаар Засгийн газрын 2011 оны 263 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийг гарган өгч, уг дүрмийг 2020 оны 3 дугаар сард Засгийн газраас шинэчлэн баталж, Эрчим хүчний яам буюу түүнээс томилогдсон комисс нь 1МВт-аас дээш хүчин чадал бүхий цахилгаан байгууламжийг нэгдсэн сүлжээнд холбох цахилгааны техникийн нөхцөлийг олгох тухай өөрчлөлт орсон байна. Гэвч одоогоор legalinfo.mn сайтад тавигдаагүй бичгээр мөн гараагүй учраас өөрөө олж авах боломжгүй байгаагаа илэрхийлсэн. Гэвч шүүх үүнийг харгалзан үзээгүй.

Гэтэл 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын Дүрэм шинэчлэн батлах тухай 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Цахилгааны хэрэглэгчийн дүрмийг шинэчлэн баталж, улмаар уг дүрмийн 1.4-т “Иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл хүссэн хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд 1 мегавольт-ампер (цаашид “MBA” гэх) болон түүнээс дээш цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн хүсэлтийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 1 МВА-аас бага цахилгаан ачаалалтай тохиолдолд техникийн нөхцөлийн хүсэлтийг түгээгч, хангагч эсхүл дамжуулагч тус тус шийдвэрлэнэ”, уг дүрмийн 2.5-т “Ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр, түгээгч, хангагч, дамжуулагчид гүйцэтгэх удирдлагын шийдвэрээр тус тус байгуулж, ажиллах журмыг батална” гэж заажээ.

Эндээс дүгнэхэд, анхан шатны шүүх хуралдаан болсон 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Засгийн газрын тогтоолоор Эрчим хүчний яамны Ажлын хэсэг цахилгааны техникийн нөхцөлийг олгохыг зохицуулсан буюу энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Гэтэл Эрчим хүчний яамны Ажлын хэсэгт нь техникийн нөхцөл олгох эрх хэмжээгүй болсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул дээр дурдсан Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоол нь хэрэгт чухал ач холбогдолтой баримт байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.3, 121.3.4, 121.3.5 дугаар зүйлүүдэд заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байх боловч хууль хэрэглээний болон бичиглэлийн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “МЭЭ” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах” гэж тодруулсан байх бөгөөд уг шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл олгох, түүний нөхцөл, шаардлагыг тогтоох тухай” 113 дугаар тогтоол[1]-оор “МЭЭ ” ХХК-д 50 МВт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцыг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагад заасан үе шаттайгаар барьж байгуулах Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай олгож, нэхэмжлэгчийн Төв аймгийн Сэргэлэн суманд барих нарны цахилгаан станцыг Төвийн эрчим хүчний системд холбох 104/2016 дугаар техникийн нөхцөлийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 2 жилийн хугацаатайгаар олгожээ.

Нэхэмжлэгч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 дугаар техникийн нөхцөлийг сунгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18/07 дугаар албан бичиг[2]-ээр Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хандсан байх бөгөөд хариуцагч 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 дугаар техникийн нөхцөлийн сунгалт[3]-аар Эрчим хүчний яамны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн в/116 дугаар албан бичиг[4], “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/975 дугаар албан бичиг[5], 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн тэмдэглэл[6] зэргийг үндэслэн “МЭЭ” ХХК-ийн нарны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн сунгалтыг хийхдээ 15 МВт хүчин чадалтай байхаар заажээ.

Нэхэмжлэгч уг сунгалтыг эс зөвшөөрч “... 15МВт техникийн нөхцөл сунгалт нь “МЭЭ” ХХК-ийн 50 МВт-ын техникийн .. өмнөх нөхцөлөөр сунгахаас татгалзсан шийдвэр ... “МЭЭ” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж байгаа ч нөгөө талаасаа 50 МВт олгохыг татгалзсан шийдвэр ... техникийн нөхцөл олгох комиссоос тодорхой үндэслэлгүй 15 МВт болгосон ... 50 МВт техникийн нөхцөл олгооч гэсэн хүсэлт тавиагүй өмнөх техникийн нөхцөл сунгуулах хүсэлт тавьсан ... өмнө оруулсан техникийн нөхцөлд өөрчлөлт оруулж багасгана, сунгахаас татгалзах талаар хууль тогтоомжоор олгосон боломж захиргааны байгууллагад байхгүй байхад шалтгаангүйгээр 15 МВт болгох замаар 50 МВт олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь хууль бус ... Эрчим хүчний техникийн нөхцөл олгох комисс энэ асуудлыг шийдэх эрхгүй хэр нь 15 МВт олгосон нь ... даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх үүсэж байгаа ... ” гэж маргасан байх бөгөөд хариуцагч “... аливаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн техникийн нөхцөлийн асуудлыг “Диспетчерийн үндэсний төв” ХХК-аар горим ажиллагааны тооцоо хийлгэж, системд үзүүлэх нөлөөлөл, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсны дараа Техникийн нөхцөл олгох Ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлсэн шийдвэрлэсэн ... нарны цахилгаан станцын 50 МВт чадал нь системийн тогтвортой байдал, горимын зохицуулалтад сөрөг нөлөөлөл үзүүлж болох хэмжээ төдийгүй шинэ нисэх буудлыг байгалиас хамааралтай сэргээгдэх эрчим хүчээр хангах асуудал нь ... эрсдэлтэй ... мэргэжлийн байгууллагын  гаргасан дүгнэлтийн дагуу олгосон техникийн нөхцөл олгох Ажлын хэсгийн хурлын шийдвэр хуульд нийцсэн ... ” гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн “... танай станц нь нэгдүгээр зэргийн онцгой хэрэглэгч буюу олон улсын нисэх онгоцны буудлыг цахилгаан эрчим хүчээр хангаж буй 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын 110 кВ-ын шинд холбогдох тул нарны цахилгаан станцын үйлдвэрлэх чадлын хэмжээнээс хамаарч 110 кВ-ын шинийн хүчдэлийн хэлбэлзэл зөвшөөрөгдөх хэмжээнээс давахаар байна ... хүчдэлийн хэлбэлзлийг тохируулах компенсацлах төхөөрөмж одоогийн байдлаар Хөшигт дэд станцад байхгүй. Энэ тохиолдолд системд нэг фазын богино залгаа эсвэл бусад төрлийн хүчдэлийн хэвийн бус горим үүсэхэд 110/10 кВ-ын Хөшигт дэд станцын хүчдэлийн хэлбэлзэл нэмэгдсэнээр олон улсын нисэх онгоцны буудлын цахилгаан хангамжид сөргөөр нөлөөлж доголдуулах эрсдэлтэй байна ... тооцооны үр дүнг нэгтгэн харахад “МЭЭ” компанийн НЦС 15 МВт-аар нэгдсэн сүлжээтэй зэрэгцээ ажиллагаанд ороход одоогийн 110 кВ-ын ЦДАШ-ууд нэвтрүүлэх чадварт сөрөг нөлөө үзүүлэхгүй болно ... ” гэх 02/795 дугаар албан бичиг[7], Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “ ... Олон улсын иргэний нисэхийн байгууллага, АНУ-ын Холбооны нисэхийн удирдах байгууллагаас сэргээгдэх эрчим хүчний ашиглалттай холбоотой гарсан баримт бичгүүдийг үндэслэн нарны зайн цахилгаан эрчим хүчийг Улаанбаатар хотын олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд ашиглахдаа зөвхөн төвийн эрчим хүчний нэгдсэн системтэй холбож, “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн зохицуулалттайгаар ашиглахаас өөр зохицуулалтаар ашиглах боломжгүй ... ” гэх агуулга бүхий “Тайлбар мэдээлэл хүргүүлэх тухай” 01/104[8] дүгээр албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “ ... нислэгийн аюулгүй байдал нь цахилгаан тэжээлийн үндсэн үүсвэрүүдийн хүчдэлийн чанар мөн сэлгэлтийн хугацаанаас шалтгаална ... Олон улсын нисэх буудлын цахилгаан хангамж нь эрчим хүчний системийн горим ажиллагааны нөлөөллөөр эрчим хүчний системийн хүчдэл хэлбэлзэл, тасалдал нь дээрх шаардлагад нийцэхгүй бөгөөд Иргэний нисэхийн аэронавигацийн үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүд, Дулаан үйлдвэрлэл, Шатахуун хангамж, Ус хангамж, ариутгах татуургын системийн үйлдвэрлэлийн технологийн процесс доголдоход хүрэх нөхцөл үүсэх юм ...” гэх агуулга бүхий “Санал өгөх тухай” 01/3864 дүгээр албан бичиг[9] зэрэг баримтууд авагджээ.

Эрчим хүчний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Цахилгаан импортлох, экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан импортлох, экспортлох хугацаа, техникийн нөхцөлийг диспетчерийн зохицуулалт хийх тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцоно” гэж зааснаас үзвэл цахилгаан импортлох болон экспортлох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цахилгаан импортлох, экспортлох хугацаа, техникийн нөхцөлийн талаар диспетчерийн зохицуулалт хийх тусгай  зөвшөөрөл эзэмшигчтэй зайлшгүй тохиролцсон байх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаас үзвэл хариуцагч мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “МЭЭ” ХХК-ийн нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 15 МВт-аар сунгасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч зайлшгүй 50 МВт-аар техникийн нөхцөлийн сунгалт хийлгэх шаардлагатай гэх хууль зүйн үндэслэл, баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 дугаар техникийн нөхцөлийн сунгалт[10]-ын үндэслэл болсон Эрчим хүчний яамны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн в/116 дугаар албан бичиг[11], диспетчерийн зохицуулалт хийх этгээд болох “Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02/975 дугаар албан бичиг[12], 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хурлын шийдвэрийн тэмдэглэл[13]-ийг үгүйсгэж няцаах баримт нотолгоог шүүхэд ирүүлээгүй байх тул Эрчим хүчний яамны бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан “МЭЭ” ХХК-ийн 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийн сунгалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүхийн “... нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх учиртай ... хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий захиргааны актыг /хэм хэмжээний/ хүчин төгөлдөр бусад тооцож, үйлчлэл нь дуусгавар болсон байх тул уг журмыг хэрэгжүүлж үйл ажиллагаа явуулахыг хариуцагчид даалгах боломжгүй ... нэхэмжлэлийн шаардлага ... хүчин төгөлдөр хууль, түүнд нийцсэн захиргааны актын /хэм хэмжээний/ актын хүрээнд хамгаалагдах учиртай ...” гэж дүгнэн “МЭЭ” нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Цахилгаан эрчих хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журам батлагдсан байх бөгөөд уг журмын 2 дугаар зүйлийн 2.3-д “... эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын бүрэлдэхүүнийг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар томилно” гэж заасны дагуу Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 87 дугаар тушаалаар “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталжээ.

Харин нэхэмжлэгч “МЭЭ” ХХК иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламжийг хот, суурин газрын цахилгааны шугам сүлжээ, эх үүсвэрийн техникийн боломж, ерөнхий төлөвлөлт, техник-технологийн шинэчлэлтийн үйл ажиллагаатай уялдуулан төлөвлөлт, цахилгаан хангамжийн системд холбоход техникийн нөхцөл олгох зорилго бүхий эрчим хүчний техникийн нөхцөл олгох үндэслэл, комиссын бүрэлдэхүүн зэргийг зохицуулсан Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох” журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 221/ШШ2020/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, уг журмыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн, тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Иймээс хариуцагч Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комиссын үйл ажиллагаанд баримтлагдах Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам” шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүчин төгөлдөр бус захиргааны акт болох нь тогтоогдсон энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн “50 МВт-ын нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50МВт-аар сунгах” шаардлагыг хангаж, хариуцагчид нэхэмжлэгч компанийн нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50МВт-аар сунгахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь  давж заалдах шатны шүүхэд “ ... Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлд эрчим хүчний талаарх төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг нарийвчлан зааж өгсөн бөгөөд уг хуулийн зүйл болон бусад зүйл, хэсэгт, Эрчим хүчний яам, сайдад цахилгаан эрчим хүчний холболтын техникийн нөхцөл олгох, уг харилцааг зохицуулах журмыг боловсруулан батлах бүрэн эрх олгогдоогүй ... ” гэсэн үндэслэлээр журам хүчин төгөлдөр бус гэж маргасан атлаа тус журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комисст цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50МВт-аар сунгахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан зөрчилтэй,үндэслэлгүй  байгааг дурдах нь зүйтэй байна.

Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Засгийн газрын Дүрэм шинэчлэн батлах тухай 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар цахилгаан хэрэглэгчийн дүрмийг шинэчлэн баталсан, уг дүрмийн 1.4-т “... иргэн, хуулийн этгээд нь техникийн нөхцөл  хүссэн хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд 1 мегавольт ампер болон түүнээс дээш цахилгаан ачаалалтай эсхүл цахилгаан эрчим хүчний эх үүсвэр шинээр барьж, эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийн хүсэлтийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... шийдвэрлэнэ”, 2.5-д “ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр ... батална” гэж заасан ... анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болсон 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс өмнө Засгийн газрын тогтоолоор Эрчим хүчний яамны Ажлын хэсэг цахилгаан техникийн нөхцөлийг олгохоор зохицуулсан ...” гэж хэргийг шүүх хянан шийдвэрлэх үед эрчим хүчний техникийн нөхцөл олгох хүсэлт гаргах, уг асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдийг байгуулах талаар өөр журам тогтоогдсон талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хэрэг хянагдаж байх явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж мэдүүлсэн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн үед уг асуудлыг шийдвэрлэж байсан Эрчим хүчний яамны техникийн нөхцөл олгох комисст нэхэмжлэгчийн  2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50МВт-аар сунгахыг даалгах боломжгүй гэж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 9.1.13-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч цахилгаан, дулаан нийлүүлэх, авах зорилгоор цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээнд холбогдоход шаардагдах санхүү, техник, цаашид бусад хэрэглэгчийн холболтын журам батлах” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн уг заалтын дагуу эрчим хүчний техникийн нөхцөл олгох журам батлагдаагүй гэж маргасан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  “... захиргааны хэм хэмжээний актын хувьд тодорхой актыг батлан гаргах эрх хэмжээг хуулиар тусгайлан зааж тухайн захиргааны байгууллагад эрх олгосон байхыг шаарддаг ... гэтэл Эрчим хүчний сайдын 2013 оны 03 дугаар тушаалаар баталсан Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгохтой холбоотой харилцааг зохицуулах эрх хэмжээг хуулиар тусгайлан хариуцагчид олгоогүй байна ... хуулиар тусгайлан эрх олгогдоогүй захиргааны байгууллагын баталсан хэм хэмжээний актыг үндэслэн тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхэд шаардлага тавьж буй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээр байна ... хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй ...  ” гэсэн үндэслэлээр Эрчим хүчний сайдын 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам”-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.

Цаашид нэхэмжлэгч нь маргаж буй асуудлаар эрх бүхий этгээдийн гаргасан холбогдох журам шинэчлэгдэн гарсны дараа эрх бүхий этгээдэд 50МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөл олгуулах асуудлаар хандах, улмаар уг асуудалтай холбогдуулан тухайн үед нь эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол нэхэмжлэл гаргах боломжтойг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 -д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 204 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.13, 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МЭЭ” ХХК-ийн “Цахилгаан дулаан, эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох комиссын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 104с/2019/87 тоот техникийн нөхцөлийн сунгалтыг хууль бус болохыг тогтоож, “МЭЭ” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 104/2016 тоот 50 МВт нарны цахилгаан станцыг эрчим хүчинд холбох техникийн нөхцөлийг 50 МВт-аар сунгахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                              

                        ШҮҮГЧ                                                                   Б.ТУНГАЛАГСАЙХАН

                  

                 ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ  

 


[1] 1-р хавтаст хэргийн 241 дэх тал

[2] 1-р хавтаст хэргийн 16 дахь тал

[3] 1-р хавтаст хэргийн 80-84 дэх тал

[4] 1-р хавтаст хэргийн 79 дэх тал

[5] 2-р хавтаст хэргийн 43-44 дэх тал

[6] 2-р хавтаст хэргийн 11-39 дэх тал

[7] 2-р хавтаст хэргийн 43-44 дэх тал

[8] 2-р хавтаст хэргийн 41 дэх тал

[9] 2-р хавтаст хэргийн 08 дахь тал

[10] 1-р хавтаст хэргийн 80-84 дэх тал

[11] 1-р хавтаст хэргийн 79 дэх тал

[12] 2-р хавтаст хэргийн 43-44 дэх тал

[13] 2-р хавтаст хэргийн 11-39 дэх тал