Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 1109

 

Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01979 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлтэй

Гэм хорын хохиролд 206 500 000 төгрөг /сэтгэл санааны хохирол  50 000 000 төгрөг, олох ёстой байсан орлого 124 500 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд  32 000 000 төгрөг/ гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Япон улсын Оффес-Ито компаний төлөөлөгч хохирогч гэх Н.Уранчимэг нь 2008 оны 12 дугаар сард Цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэдалайд холбогдуулан Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаартай цагаатгах тогтоолоор түүнийг гэм буруугүй болохыг тогтоосон. Тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэрэгт холбогдон шалгагдсан 3 жилийн хугацаанд эрүүл мэнд, сэтгэл санааны болон эд хөрөнгийн маш их хохирол амссан. Иймд хэрэгт холбогдон шалгагдах хугацаанд өмгөөлөгчийн зардалд 32 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, олох ёстой байсан орлого 24 500 000 төгрөг, нийт 206 500 000 төгрөгийг Хууль зүйн сайдын төсвийн багцаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтууд хэрэгт авагдаагүй. Б.Эрдэнэдалай нь өмгөөлөгчийн төлбөрт 32 000 000 төгрөг төлсөн гэх баримтууд хууль ёсны дагуу бүрдээгүй. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд 124 500 000 төгрөгийн орлого олох ёстой байсныг нотлох баримтууд байхгүй байна. Б.Эрдэнэдалай нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж цагаатгагдсан тул тодорхой хэмжээгээр сэтгэл санааны дарамтад байсан нь ойлгомжтой. Иймд сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлээс тодорхой хувийг төрөөс гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг, олох байсан орлого 124 500 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 32 000 000 төгрөг, нийт 206 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Эрдэнэдалайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болормаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй, албан үүргийг нь түдгэлзүүлээгүй, түүнийг эмнэлэгт байлгаагүй, албадан эмчлээгүй, хууль бусаар ял шийтгээгүй тул төрөөс хохирлыг хариуцан арилгах үндэслэлгүй гэж үзсэн нь буруу. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргасан байхад буруу дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой  гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь хууль бусаар яллагдагчаар татагдаж, улмаар цагаатгагдсан тул хэрэгт шалгагдах хугацаанд өмгөөлөгчийн зардалд төлсөн 32 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 50 000 000 төгрөг, олох ёстой байсан орлого 24 500 000 төгрөг, нийт 206 500 000 төгрөгийг төрөөс гаргуулахаар шаарджээ.

Б.Эрдэнэдалайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллагдагчаар татаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн бөгөөд Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 238 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нь тогтоогджээ. /х.х-ийн 6-8 дугаар хуудас/

Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт зохицуулсан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлд онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд шүүх мэдэгдсэний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх, онцгой ажиллагааны журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад бусад иргэн, хуулийн этгээдийн эрх хөндөгдсөн тохиолдолд гуравдагч этгээдээр оролцуулж болох талаар заажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдэлж оролцохоор байна.

 Гэтэл хэргийн 15 дугаар хуудаснаас прокурор Д.Туяа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн баримт авагдсан байх бөгөөд хэний хүсэлтээр, ямар байр суурьнаас, хэргийн ямар оролцогчийн хувиар оролцож байгаа нь тодорхойгүй, түүнд Б.Эрдэнэдалайн хүсэлтийн хувийг гардуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болоод хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчжээ.

Хэргийн 19-20 дугаар талд нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дэлгэрцэцэг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтуудыг шүүхийн журмаар гаргуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасныг шүүх 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн захирамжаар “…уг хэргийг оны сарын өдрийн дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь тогтоогдож байх тул …” гэсэн ойлгомжгүй шалтгаанаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, шийдвэрлэхгүй орхигдуулсан зөрчилд хамаарч байна.

Хэргийн 23 дугаар талд хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнээр Д.Байгалмаа, Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарыг томилсон байхад 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Ж.Сэлэнгэ, шүүгч Д.Баясгалан нарын бүрэлдхүүнтэй хуралдаж шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцуулах асуудлыг шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг төрөөс буюу Засгийн газрын нөөцийн сангаас /сүүлд шүүх хуралдаан дээр Хууль зүйн сайдын төсвийн багцаас гаргуулахаар /шаардсан, төрийн эрх ашиг, сонирхол  хөндөгдөж байгаа нөхцөлд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2 дахь хэсэгт зааснаар холбогдох этгээдэд мэдэгдэх, тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэх нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй, мөн хуулийн 134.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдээр оролцох эсэх боломжийг олгоогүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэхгүй болно.  

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2, 118.3 дахь хэсэгт заагдсан шийдвэрт тавигдах шаардлагын дагуу удиртгал хэсэгт хэргийн оролцогчийг нэрлэн заах ёстой байтал ямар оролцогчоор оролцож байгаа нь тодорхойгүй прокурор Д.Туяа гэж, мөн оролцсон прокурор Д.Туяа гэсэн байдлаар тайлбарын агуулгыг тусгасан нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх, залруулах боломжгүй, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01979 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэгч Д.Эрдэнэдалай нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт  зааснаар магадлалыг  танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                   Ш.ОЮУНХАНД